Б.НЯМСҮРЭН
2026 оны Нобелийн шагналтнуудыг зарлах долоо хоног аравдугаар сарын 5-нд физиологи, анагаах ухааны салбарын шагналаар эхэллээ. Энэ жилийн анхны шагналыг АНУ-ын эрдэмтэн Карл Дайссерот, Германы эрдэмтэд Петер Хегеманн, Георг Нагель нарт гэрлээр мэдрэлийн эсийн үйл ажиллагааг удирдах боломж бүрдүүлсэн нээлтийнх нь төлөө олгохоор болжээ. Тэдний хөгжүүлсэн оптогенетик арга нь тархи, ой санамж, сэтгэл хөдлөл, зан үйлийг судлахад шинэ боломж нээсэн байна.
Шагналтнуудыг зарлах ажиллагаа аравдугаар сарын 12 хүртэл үргэлжилнэ. Химийн салбарын шагналтныг 7-нд, утга зохиолынхыг 8-нд, энх тайвны шагналтныг 9-нд тодруулах бол Альфред Нобелийн дурсгалд зориулсан эдийн засгийн шинжлэх ухааны шагналын эзнийг 12-нд зарлана.
Энэ жилийн Нобелийн Энх тайвны шагналыг хэн хүртэх тухай хэлэлцүүлэгт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын нэр дахин орж байна.
Камбож, Израил, Пакистаны удирдагчид Трампыг нэр дэвшүүлсэн гэж мэдэгдсэн байна. Гэвч Нобелийн хороо нэр дэвшигчдийн мэдээллийг нууцалдаг тул эдгээр мэдэгдлийг тус хорооны албан баталгаатай адилтгаж болохгүй. Тэрбээр уг шагналыг хүртэх сонирхлоо илэрхийлсээр ирсэн төдийгүй өнгөрсөн жилийн Энхтайвны шагналтан Мария Корина Мачадо 2026 оны нэгдүгээр сарын 15-нд өөрийн шагналын медалийг Д.Трампад гардуулсан.
Reuters-ийн мэдээлснээр Ромын пап Лео, Олон улсын эрүүгийн шүүх, Олон улсын шүүх, Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрийн асуудлаарх НҮБ-ын тусгай илтгэгч Франческа Албанезе нарыг боломжит шагналтнуудын дунд дурджээ. Мөн Суданы иргэний дайны үед орон нутгийн иргэдэд тусламж хүргэдэг “Emergency Response Rooms” сүлжээ, мөргөлдөөнд өртсөн хүүхдүүдийг хамгаалах чиглэлээр ажилладаг “Save the Children” байгууллага шагнал хүртэж болзошгүй гэж үзэж байна.
Өөр нэг сонирхолтой таамаг нь Олон улсын сансрын станц юм. АНУ, Орос, Европын орнууд улс төрийн зөрчилтэй байсан ч сансрын судалгаанд хамтран ажиллаж чаддагийг харуулсан жишээ хэмээн шинжээчид онцолжээ. Эдгээр нэр нь Нобелийн хорооны зарласан богино жагсаалт бус, шинжээчид болон хэвлэлийн дэвшүүлж буй таамаг юм.
Норвегийн Нобелийн хорооны албан мэдээллээр, энэ жилийн энх тайвны шагналд 208 хүн, 79 байгууллага буюу нийт 287 нэр дэвшигч бүртгэгджээ. Нэр дэвшүүлсэн санал, үнэлгээ болон хэлэлцүүлгийн мэдээллийг 50 жилийн турш нууцалдаг. Иймээс олон нийтэд яригдаж буй нэрсээр шагналын эзнийг урьдчилан тогтоох боломжгүй бөгөөд нэр дэвшсэн нь өөрөө Нобелийн хорооны дэмжлэг, үнэлгээ гэсэн үг биш юм.
Нобелийн шагналыг Шведийн зохион бүтээгч, үйлдвэрийн эзэн Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу хүн төрөлхтний төлөө онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст анх 1901 онд олгож эхэлсэн. Түүний гэрээслэлд физик, хими, физиологи буюу анагаах ухаан, утга зохиол, энх тайван гэсэн таван салбарыг тусгажээ. Харин эдийн засгийн шинжлэх ухааны шагнал нь хожим нэмэгдсэн бөгөөд анх 1969 онд олгогдсон байна.
Энэ жилийн нэг онцлог нь шагналын мөнгөн дүн нэмэгдсэн явдал юм. Нобелийн сан салбар тус бүрийн шагналыг өмнөхөөс нэг сая швед кроноор өсгөж, 12 сая крон болгожээ. Нэг салбарын шагналыг хэд хэдэн хүн хамт хүртсэн тохиолдолд уг мөнгийг хуваан авдаг.
Шагнал гардуулах ёслол Альфред Нобелийн нас барсан өдөр болох арванхоёрдугаар сарын 10-нд болно. Энх тайвны шагналыг Норвегийн Осло хотод, бусад салбарын шагналыг Шведийн Стокхольм хотод гардуулдаг уламжлалтай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 189 (7931)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn