К.АНУ

"Гал сөнөөгчид Тувагийн Устуу-Хүрээ бурханы шашны хийдийн цогцолборт гарсан галыг унтрааж байна. ОХУ-ын Онцгой байдлын яамны Тува улсын төв газрын харьяа Төв гал унтраах анги Чадан хотоос таван километрийн зайд орших Ортаа-Алак тосгонд гал гарсан тухай мэдээлэл хүлээн авсан" гэж албаны мэдээлэлд дурдсаныг ТАСС агентлаг иш татжээ.

ОХУ-ын Онцгой байдлын яамны мэдээлснээр, ослын газарт 12 хүн, 4 техник хэрэгсэл ажиллаж, галыг унтраасан байна. Мөн галын улмаар хүний амь нас хохирч, бэртэж гэмтсэн зүйл байхгүй гэж албаны мэдээлэлд тэмдэглэжээ.

"Гал түймрийн шалтгааныг тогтоохоор Улсын гал түймрийн хяналтын албаны мөрдөн байцаагчид газар дээр нь ажиллаж байна" гэж мэдэгдэлд дурджээ. 

Тувагийн прокурорын газраас энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа гэж мэдээллснийг хэвлэлд тэмдэглэжээ.

Устуу-Хүрээ бол Сибирийн бүс нутаг дахь хамгийн эртний Буддын шашны цогцолборуудын нэг. Дэлхийн өнцөг булан бүрээс Буддын шашинт мөргөлчид ирдэг газар. Анхны сүмийг Тувад 1900-аад оны эхээр барьсан бөгөөд дараа нь 1930-аад онд бараг бүрэн нураасан байжээ. Харин 2012 онд шинэ сүмийг шинэчлэн барьж нээжээ.

Эх сурвалж: zms.mn