Дэлхийн аваргын медалийн жагсаалтыг Япон улс тэргүүллээ

 

Азербайжаны нийслэл Баку хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж, Монголын шигшээ баг нэг хүрэл, дөрвөн шагналт байртайгаар 93 орноос 16 дугаар байрт шалгарлаа. Энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон 93 орны жүдочоос 18 улс нь ямар нэгэн байдлаар медальтай буцсаны долоо нь алт авчээ. Харин манай улсын нүүрийг эмэгтэйчүүдийн 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн тахаллаа. Тэрээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурав дахь медалиа хүртсэн бол 48 кг-д Б.Баасанхүү, 52 кг-д Б.Уранзаяа, 66 кг-д Ё.Басхүү нар V, 63 кг-д Б.Ганхайч VII байр эзлэв.

Япон улс долоон алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальтай багийн дүнгээр тэргүүлсэн бол Гүрж, Азербайжан, Испани, АНЭУ, ОХУ, БНСУ эхний байруудад жагслаа. Мөн  эрэгтэйчүүдийн 60 кг-д Азербайжаны Ахмад Юсифов, 73 кг-д Японы Рюго Танака, -100 кг-д Гүржийн Илиа Суламазидзе, эмэгтэйчүүдийн 48 кг-д Японы Кога Вакана, 57 кг-д Акари Омори, 70 кг-д Испанийн Ай Цунода Роустант, -78 кг-д Элизавета Лютвенинко, +78 кг-д БНСУ-ын Ий Хёонжи гэсэн найман шинэ аварга төржээ.

Түүнчлэн ес дэх удаагийн холимог багийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ шагналт V байрт шалгарлаа. Тэд “В” хэсгийг тэргүүлэн барилдахдаа эхний тойрогт Киргизийг 4:0-ээр ялсан ч хэсгийн аваргын төлөө Японд 1:4-ээр ялагдав. Улмаар дагах барилдаанд Туркийн хүчтэй багийг 4:3-аар хожиж, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Гэвч шийдвэрлэх барилдаанд Узбекистаны багт 2:4-өөр ялагдлаа. Ийнхүү Монголын жүдочид 2019 оны үзүүлэлтээ долоон жилийн дараа дахин давтлаа. Харин ахиулж чадсангүй. Тэгвэл Монголын шигшээ багийн энэ удаагийн амжилт жүдо бөх сонирхогчдын урмыг нэлээдгүй хугалсан бололтой.

 

Жүдо бөхийн дэлхийн аваргын сүүлийн арван жилийн амжилтын анализ

 

Цахим орчинд 2024 оны олимпын наадмын мөнгөн медальт, дэлийн аварга Б.Баасанхүү формдоо хурдан орох болтугай гэж залбирч, өсвөрөөсөө гялалзсан Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ, Т.Ариунзаяа нарыг “Гурван болжмор хүлээлтэд хүрсэнгүй. Нялх минь, эвий минь, жаахан юм гээд нялуураад яах вэ. Эртхэн амжилтад хүрвэл өөрсдөд нь л хэрэгтэй. Мөн Ё.Басхүү "ясны бөх" гэдгээ нотлон харуулж 33 насандаа дэлхийн аваргын медалийн төлөө дөрөв дэх удаагаа шалгарлаа. Хүрлийн төлөө дэлхийн аварга Такеши Такеокатай дөрөв дэхээ хүч сориод залуу аваргад аргагүй дийлдэв” гэж тэднээс ямар их хүлээлттэй байдгаа илэрхийлжээ. Түүнчлэн “Үзэгч, дэмжигчид ялахад магтаад ялагдахад муулаад өнгөрнө. Гэхдээ цаг хугацаа та нарыг хүлээхгүй. Залуу үедээ М.Уранцэцэгийн хэвтээ барилдаан, Д.Сумъяагийн хоёр талын үүрээ, Г.Отгонцэцэгийн тэвэрч шиддэг мэхийг сайн сургамаар байна” гэдгээс нэгийг бодууштай.

Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн дэлхий аварга шалгаруулах тэмцээнд зодоглосон сүүлийн 10 жилийг анализ хийхэд 2017 оны Будапештын дэлхийн аваргаар хамгийн өндөр, харин 2019 оны Токиогийн дэлхийн аваргаар хамгийн муу үзүүлэлттэй байв. Тодруулбал, 2017 онд эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа алт, 48 кг-д М.Уранцэцэг мөнгө, 63 кг-д Б.Мөнгөнчимэг хүрэл, эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар хүрэл, 73 кг-д Г.Одбаяр хүрэл, 100 кг-д Н.Түвшинбаяр хүрэл медаль хүртэж, медалийн хүснэгтийн гуравдугаарт эрэмбэлэгджээ. 2016 онд олимп, 2020 онд ковидын цар тахлаас үүдэн дэлхийн аварга зохион байгуулагдаагүй бөгөөд 2022 оныг хүртэл шигшээ багийн алтан медалийн буухиа тасарсан юм. 2018 онд гурван хүрэл, 2019 онд нэг хүрэл, 2021 онд хоёр хүрэл медаль хүртсэний ард 2022 онд Ташкентын дэлхийн аваргаар эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар алт, 60 кг-д Э.Ариунболд мөнгө, эмэгтэйчүүдийн 57 кг-д Л.Энхрийлэн хүрэл медаль хүртэж медалийн хүснэгтийн дөрөвдүгээр байрт орж байв. Түүний дараагаар 2023 онд хоёр хүрэл, 2024 онд эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү алт, эрэгтэйчүүдийн 73 кг-д Л.Анхзаяа хүрэл, 2025 онд эрэгтэйчүүдийн 60 кг-д К.Ёлк хүрэл, эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч хүрэл медаль хүртсэнээр 2026 онтой золгосон юм.

 

Олимпын цикл талдаа орлоо

 

Олон улсын тавцанд Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлж, алтан соёмбот далбааг хамгийн олон удаа мандуулсан спортын төрөл гэвэл жүдо, чөлөөт бөх, бокс зэрэг яах аргагүй мөн. Тиймээс монголчуудын жүдо бөхийн тамирчдадаа илүүтэй хүлээлт үүсгэж, итгэдэг. Гэвч дээрх статистикаас үзэхэд Монголын жүдо бөхийн дэлхийн тавцанд эзлэх байр суурь, амжилтын хүснэгт буурсаар байна уу. Бид юун дээрээ анхаарах хэрэгтэй вэ.

Түүнчлэн 2018 оноос хойш тасраад буй хүнд жингийн медалийн буухиа хэзээ эргэн сэргэх вэ. Энэ удаагийн дэлхийн аваргад эмэгтэйчүүдийн +78 кг-д А.Адьяасүрэн, Д.Номинзул, эрэгтэйчүүдийн +100 кг-д Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл нар зодоглосон юм. Эдний дундаас 2023 оны Азийн наадмын мөнгө, 2025 оны Улаанбаатар, Абу-Дабигийн их дуулгын алт, дэлхийн аваргын долоодугаар байр, 2026 оны Азийн наадмын хүрэл медальт, үндэсний бөхийн энэ жилийн залуу начин Б.Гончигсүрэн жүдо бөхийн бэлтгэлдээ илүү анхаарвал дэлхийн аваргын дэвжээнээс тун удахгүй медаль зүүх болов уу гэж жүдо бөх сонирхож хүлээдэг. 

Ийнхүү биднийг хүлээсээр байтал 2028 оны долоодугаар сард болох Лос-Анжелесын зуны олимп болоход хоёр жил хүрэхгүй хугацаа үлдэж, олимпын дөрвөн жилийн цикл талдаа оржээ. Иймд олимпын эрхийн онооны төлөөх хамгийн чухал тэм­цээний нэг 2027 оны дэлхийн аварга байх нь лавтай. Харин бид энэ удаа­гийн амжилтаа хэрхэн ахиулах вэ.

Монголын жүдо бөхийн зорилго зөвхөн медаль хүртэхэд бус, дэлхийн түвшинд тогтвортой өрсөлдөх чадвартай багийг хадгалж, дараагийн үеэ бэлтгэхэд оршино. Бакугийн үр дүн энэ зорилгодоо хүрэхийн тулд хийж буй ажлаа эргэн харах чухал хөшүүрэг боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 193 (7935)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn