“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа таеквондогийн  өсвөр үеийн дэлхийн аварга Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нарыг онцолж байна. Тэд энэ сарын 16-20-ны өдөр Солонгос улсад зохион байгуулагдсан олимпын таеквондогийн хосын пүмсэ төрөлд алтан медаль хүртсэн юм. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн аваргад 83 орны 2800 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Монгол Улсын шигшээ баг 10 тамирчинтай оролцсон юм. Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар хэсгийн шатандаа Их Британи, Герман, хүрэл медалийн төлөө Канад, мөнгөн медалийн төлөө АНУ, финалын шатанд Тайландын тамирчдыг ялснаар дэлхийн аварга болж, Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлсэн юм. Мөн Ц.Шинэ-Эрдэнэ эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртсэн билээ. Монголын шигшээ багийг энэ удаа Солонгосын тамирчин И Жай Вон дасгалжуулсан юм.

 

-Монгол Улс олимпын таеквондогийн хосын пүмсэ төрлөөр дэлхийн аваргуудтай боллоо. Баяр хүргэе. Тугаа бариад гүйх та хоёроор монголчууд их бахархсан?

-Ц.Шинэ-Эрдэнэ: Баярлалаа. Тайланд зэрэг олон орны шилдэг тамирчидтай өрсөлдөөд дэлхийн аварга болсондоо үнэхээр их баяртай байна. Монгол Улсынхаа төрийн далбааг бариад дэвжээгээ тойроод гүйх мэдрэмж зүүд шиг санагдсан.

Бид хамтдаа хэзээ нэг өдөр дэлхийн аварга болно гэдгээ мэдэж байсан. Гэхдээ зорилго маань энэ жил биелчихлээ. Анх дэлхийн аваргыг зорихдоо илүү их туршлага хуримтлуулаад ирье гэж бодсон. Харин ялах тусам зориг орж, финалын шатанд хожно гэсэн сэтгэл зүйтэй гарсан.

-О.Энх-Эрдэнэ: Оноогоо хараад ялснаа мэдээд ёслоход уйлаад эхэлсэн. Итгэж өгөхгүй. Багш нарынхаа “Миний хүүхдүүд мундаг шүү” гэх үгийг сонсоод их урам баярласан. Биднийг энэ хүртэл хөгжүүлж, үргэлж тусалж дэмждэг таеквондогийн спортын суурийг тавьсан багш нар, шигшээ багийн дасгалжуулагч, зааж зөвлөдөг ах эгч нартаа баярлалаа. 

Тэр өдөр дөрвөн удаа дараалаад Солонгосын төрийн дуулал эгшиглэсэн болохоор Монголынхоо төрийн дууллыг заавал сонсохыг хүссэн. Мөрөөдөл биелэх сайхан юм билээ.

-Энэ хугацаанд хамтдаа олон дурсамжийг бүтээж, нэгнээ сайн мэддэг болсон байх. Бие биеийнхээ давуу талыг дурдвал?

-Ц.Шинэ-Эрдэнэ: Бэлтгэлийн зааланд ороход хаашаа л харна улс улсын шилдэг тамирчдын ур чадвар сүрдмээр байсан. Тиймээс адилхан сүр хүч, айдас мэдрүүлэхийн тулд хөдөлгөөн бүрээ нягт чамбай хийсэн.

Би багийнхаа амжилтыг доош нь татчих вий гэж эмээгээд бэлтгэлээ улам сайн хийхийг хичээдэг. Манай О.Энх-Эрдэнэ хэзээ ч бууж өгдөггүй, хөдөлмөрч хичээнгүй зантай. Бүх зүйлийг тултал нь хийдэг болохоор намайг хурцалж, хамтдаа хөгждөг.

Бид нэг нь алдаа гаргаад хожигдвол бие биедээ уурлахгүй шүү гэж амлаад явсан. Тиймээс сандрахгүйгээр гүйцэтгэлээ сайн хийж чадсан. Таеквондогийн багш нар болон шигшээ багийн солонгос дасгалжуулагч маань нэг жилийн хугацаанд энэ том амжилтыг үзүүлэхэд хамгийн ихээр тусалж, гүүрийг минь тавьж өгсөнд баярлаж байна. Багш маань “Чи аваргын харцтай. Олимпын аварга болж чадна” гэж урамшуулдаг. Шигшээ багийнхаа бүх ах, эгч нараас үлгэр дуурайлал авдаг.

-О.Энх-Эрдэнэ: Бид бэлтгэл дээрээ хурдан муудалцдаг ч түүн шигээ хурдан эвлэрдэг. Ц.Шинэ-Эрдэнэ “Хоёулаа чадна. Амархан юм байна” гэж үргэлж сэтгэлээр дэмжиж, урам зориг өгдөг. Энэ зан нь их таалагддаг.

Мексикийн тамирчид “MGL” гээд басаад байхаар нь өөрсдийнхөө юу чаддагийг харуулаад ялчихсан.

-Энэ амжилт ирээдүйн том зорилгынх нь эхлэл байх болтугай. Амжилт хүсье.

-Ц.Шинэ-Эрдэнэ: Би энэ спортоор таван настайгаасаа хичээллэж байна. Энэ бүх хугацаанд намайг үргэлж дэмжиж, бэлтгэлд минь уйгагүй хүргэж өгдөг байсан эмээдээ баярлалаа. Хайртай шүү.

Бидэнд тоолж баршгүй олон мөрөөдөл бий. Зорьсон тэмцээн бүрийнхээ аварга болмоор байна. Үүний тулд өдөр бүр хичээж, бэлтгэлээ сайн хийнэ. Ирээдүйд таеквондогийнхоо спортоор амжилттай сайхан амьдармаар байна.

-О.Энх-Эрдэнэ: Таеквондо нь тулааны болон пүмсэ гэсэн хоёр төрөлтэй. Пүмсэ нь тоот дасгалаар үзүүлбэр үзүүлдэг онцлогтой. Спорт гэдэг хэдэн сар хичээллээд амжилт гаргадаг зүйл биш. Бид багаасаа энэ спортоор тууштай хичээллэж байна. Биднийг үргэлж дэмждэг аав ээж, гэр бүлийнхэндээ баярлалаа.

Энэ удаагийн дэлхийн аварга бидний эхлэл. Цаашид төлөв даруу, улам хичээнгүйгээр бэлтгэлээ хийж олимпын аварга болно. Бид чадна аа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 181 (7923)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn