“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин У.Анужиныг урьж ярилцлаа.

 

-Анхныхаа Азийн наадмаас ганзага дүүрэн ирлээ. Ямар тактикаар барилдав?

-“Зууны мэдээ” сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Азийн ХХ наадмаас мартагдахгүй сайхан дурсамжтай, хүрэл медальтай ирсэндээ баяртай байна.

Азийн олимп хэмээгддэг том наадам болохоор хүлээлт өндөр тэмцээнийг зорьсон. Сугалаагаа хараад хоосон буцахгүй юм байна гэж бодоод финалд шалгарах итгэл маань улам нэмэгдсэн. Намайг шигшээ багийн дасгалжуулагч Н.Дагвасүрэн багш маань авч гарсан. Бид эхний нэг минут энгэрийн барьцаа авч хөлөө ажиллуулаад өрсөлдөгчийнхөө юу хийхийг хүлээх тактик баримталсан. Бүх тамирчинтай анх удаа барилдаж байгаа болохоор хоёр дахь минутаас өрсөлдөгчийнхөө мэхэнд хариу мэх хийж барилдсан маань зөв болсон.

Бүгд 2028 оны Лос Анжелесийн олимпын эрхийн төлөө оноо цуглуулахаар зүтгэж байгаа болохоор өрсөлдөөн ширүүн байна.

-Энэ удаагийн Азийн наадам залуу тамирчинд их урам зориг өгсөн болов уу. Дараагийн олон улсын тэмцээний тов гарсан уу?

-Тийм ээ. Азийн наадам орох тамирчдын жагсаалтад багтсанаа мэдээд шигшээ багийн бүрэлдэхүүнд орж байснаасаа ч их баярласан. Том боломж, үүд хаалга нээгдэж байгаа юм шиг санагдсан. Алтан медалийн төлөө зорьж яваад хүрэл авсандаа сэтгэл дундуур байсан. Гэхдээ илүү их хөдөлмөрлөвөл тив, дэлхий, олимпын дэвжээнээс медаль авч чадах юм байна гэх итгэл төрсөн.

Энэ онд Токиогийн их дуулгат орох санаа байгаа. 

-Бөхийн удам бий юу. Энэ спортыг сонгож хичээллэсэн түүхээсээ хуваалцвал?

-Монгол Улсын заан Б.Батмөнх миний нагац ах. Багаасаа хөдөлгөөнтэй хүүхэд байсан болохоор эрэгтэй хүүхдүүдтэй тоглож өссөн. Ээжээсээ барилдмаар байна, дугуйланд явуулаад өг гэж их гуйдаг байлаа. Анхандаа зөвшөөрдөггүй байсан боловч энэ спортоор тууштай хичээллээд амжилт гаргаад ирэхээр миний бат ар тал болсон. Одоо шантрах үе тохиолдоход “Буцах зам байхгүй. Миний охин чадна” гээд намайг зоригжуулдаг. Мөн ямар ч хүнтэй нэг зангаараа, эелдэг харьцаж байгаарай гэж захидаг.

Анх Ш.Цэвэлмаа багшийнхаа шавь болж, Спортын төв ордны үүдээр алхаж орсон. Хүүхдүүд барилдаж байхад би ханан дээр бэлтгэл хийнэ. Уналтаас эхлээд бүх суурь техникээ сураад хурдан л барилдмаар санагддаг байж билээ. Ийнхүү 2019 оноос насны ангилалттай тэмцээнүүд зохион байгуулагддаг болж анхны медалиа хүртсэн. Түүнээсээ их урамшиж тууштай бэлтгэлээ хийх болсон. Энэ хугацаанд багш нар маань бидний техник, ур чадварыг хөгжүүлэхээс гадна бусдыг хүндлэхээс эхлээд хүн байх төлөвшлийг хамгийн түрүүнд заадаг.

-Тамирчны амжилтын үндэс суурийг юу гэж хардаг вэ. Зөвхөн бэлтгэлээ сайн хийх амжилтын түлхүүр мөн үү?

-Би үүнийг Азийн наадмаас ирээд бас бодсон. Хэчнээн сайн бэлтгэл сургуулилалтаа хийдэг байсан ч түүнээс илүү нь сахилга бат юм байна. Чанартай нойр, эрүүл хоол хүнс, амьдралын зөв хэвшил бүхэн бэлтгэлийн үр өгөөжид нөлөөлж байдаг. Зааланд өнгөрүүлэх хэдхэн цагийг бус хоногийн 24 цагийг бэлтгэл мэтээр зөв зохион байгуулалтад оруулах нь чухал гэдгийг ойлгосон. Энэ тухай бодож байсан өмнөх бодол маань улам бат болсон.

Би “Их засаг” их сургуулийн эрх зүйн гуравдугаар курсийн оюутан. Сургууль маань тамирчны замналыг маань ойлгож, дэмждэгт баярладаг.

Үе үеийн жүдо бөхийн эгч нарынхаа түүхийг сонсож, их үлгэр дуурайлал авч байна. Мөн өөрт хэрэгтэй гэсэн подкастууд их сонсдог.

-Тэгвэл энэ хүрээд ярилцлагынхаа төгсгөлийг танд нээлттэй үлдээе?

-Миний амьдралын бүхий л цаг мөчид нэг зангаараа дэргэд минь байсан хүн бүхэнд баярлалаа. Мөн өмнөх ярилцлагууддаа өвөө эмээгээ ерөөсөө дурдаж чадаагүй. Намайг өдий зэрэгтэй зөв хүн болгож өсгөж хүмүүжүүлсэнд баярлалаа. Цаашид улам их баярлуулна аа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 191 (7933)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn