“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, үндэсний дээд лигийн “Pirates” багийн тамирчин Т.Үлэмжийг урьж, ярилцлаа.

 

-"Айчи Нагояа-2026" Азийн XX наадамд амжилттай оролцож, дэлхийн шилдэг багуудтай өрсөлдлөө. Тэр дундаа Хятадын шигшээ багтай хийсэн тоглолт,  2 м 26 см өндөр тамирчны эсрэг хаалтыг онцолж асуумаар байна?

-Энэ удаагийн Азийн наадам Япон улсын Нагояа хотод зохион байгуулагдлаа. Наадмын сонин содон зүйл гэвэл, 2 м 26 см өндөр тамирчинтай Хятадын эмэгтэй шигшээ багийн эсрэг бид тоглосон. Талбай дээр гарахад манай багийн өндөр тамирчид бүгд намхан харагдаад үнэхээр солиотой мэдрэмж байсан.

Бид 2022 онд Хятад улсын Ханжоу хотод болсон Азийн наадмаар шилдэг наймдаа үлдэж чадалгүй харамсалтайгаар буцаж байсан. Харин энэ удаа шилдэг наймдаа багтаж, Азийн чансаагаар долоод эрэмбэлэгдэж амжилтаа ахиуллаа.

Хятад улсын шигшээ баг Азидаа нэгт, дэлхийд долоод эрэмбэлэгддэг. Магадгүй хэдэн жилийн дараа бид хожих тухай ярих байх. Энэ удаа аз жаргалтайгаар буюу ямар нэгэн дарамтгүйгээр сагсан бөмбөгөө тоглохыг хүссэн. Миний хувьд тэр хаалт их азтай тохиол болсон. 2 м 26 см өндөр тамирчны хараагүй бүсээс нь үсрээд бөмбөг тасалсан. Сүүлд тоглолтоо үзэхэд хаалт гэж үзсэн байсан.

2022 оноос Монголын сагсан бөмбөг шинэ системээр хөгжиж, 2026 он гэхэд багийн спорт өөр түвшинд хүрч чадсан. Цаашид мөн зөв системээр илүү хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

-Монголд багийн спорт хүчтэй хөгжиж байгаагийн тод жишээг үндэсний дээд лигүүдээс харах боломжтой байна. Түүнчлэн энэ улирал дүрэм шинэчлэгдсэн. Таны хувьд ямар хүлээлттэй байна вэ?

-Үндэсний дээд лигийн эрэгтэй багуудын хөгжөөн дэмжигчид, заалны уур амьсгал үнэхээр галзуу болж байгаа. Харин эмэгтэй багууд онцгой тоглолтууд дээр түүнийг мэдэрдэг байсан бол энэ жилээс арай өөр байх болов уу. Учир нь Монголын Сагсан бөмбөгийн холбооны дүрэм өөрчлөгдөөд хоёр легионер тамирчин гэдэг байсан бол нэмээд нэг ази тамирчин хязгааргүй талбайд гарахыг зөвшөөрсөн. Ингэхээр бүх багууд үнэхээр чадварлаг импортууд авчирч, эмэгтэй лигийн чансаа, өрсөлдөөн түүнийгээ дагаад нэмэгдэнэ.

Би сайн легионер бүрийн ур чадвараас суралцаж өөрийгөө хөгжүүлэхийг зорьдог. Бэлтгэл, тоглолт бүрээс туршлагажиж байна. Энэ жил нэг баг гурван легионертой тоглоно гэхээр лигийн тамирчдын 60 хувь нь гадаад тамирчин болно. Ингэхээр гараанд гарах монгол тамирчдын өрсөлдөөн нэмэгдэхээс гадна талбайд гараад тэдгээр легионоруудаас илүү их суралцах болов уу гэсэн хүлээлттэй байна. Багууд ихэвчлэн хүчний довтлогч эсвэл төвийн тоглогч авчирдаг тул хамгаалан тоглогчийн хувьд улирал эхлэхийг сэтгэл догдлон хүлээж байна. Энэ зун анх удаа ямар ч амралтгүйгээр бэлтгэл, тоглолтуудтай байлаа.

-Энэ зун Австрали улсын лигт легионер тамирчнаар очиж тоглосныг нь дурдахгүй өнгөрч болохгүй болов уу. Тэнд өнгөрүүлсэн дурсамж, лигийнх нь онцлогоос бидэнтэй хуваалцаач?

-Миний амьдралд тохиолдох том боломжуудын нэг гэж харж байгаа. Өнгөрсөн хоёрдугаар сард солонгос агенттай уулзаад Австралийн “NBL1 West woman” лигийн “Goldfields Giants” багт тоглосон. Өөрөө импортоор очих мэдрэмж их шинэлэг өөр байсан. Зарим үед бүх зүйл тэгээс эхлээд ч байгаа юм шиг санагдаж өөрийгөө ямар түвшинд байгааг мэдэрсэн. Надаас гадна хоёр ази, хоёр америк импорт буюу нэг багт таван легионер байх нь өрсөлдөөнийг улам нэмэгдүүлж байгаа юм. Би Монголдоо хүчний довтлогч, төвийн тоглогч байсан бол тэнд 1 м 96 см-тай хүн хамгаалж байгаа юм. Хэдий хугацаа нь богино байсан ч нэг сар гаруйн хугацаанд их зүйл сурч мэдсэн. Манай багийнхан ч найрсаг хүлээж авсан. Легионер тамирчны гараа маань үнэхээр гоё эхэлсэн.

Австралийн багууд гүйцэтгэл сайтай, тамирчид өөртөө итгэлтэй санагдсан. Аялан тоглолт их хийдэг болохоор галзуу гэмээр тоглолтын уур амьсгал гоё дурсамжуудыг бүтээж чадсан. Цаашид импортоор тоглоход гадаад хэлээ улам сайжруулах хэрэгтэй санагдсан. Мөн бэртэл гэмтлээс өөрийгөө урьдчилан сэргийлэх нь чухал.

Энэ жил импортуудтайгаа ам хуурай байхгүй ярилцаж, багийн ойлголцолд илүү анхаарна. Хэдийгээр олон улсад очиж тоглох нь импортуудын ажил боловч гэрээ дууссан дараа Монголын үндэсний дээд лиг гэж яригдах тул улирлын турш таатай уур амьсгал бүрдүүлэхийг зорино.

-Тоглолтыг ойлгож, мэдэрч үзэхэд тайлбарч их чухал. Харин тэрхүү тайлбар тамирчдад хэр нөлөөлдөг вэ?

-Тоглогчийг өөр өнцгөөс харсан тайлбар, эерэг шүүмжүүд алдаагаа харж, ур чадвараа сайжруулахад нөлөөлөх нь бий. Тухайлбал, ОУХМ Б.Алтанзаяа эгчийн тайлбар надад их туссан юм. Хэдэн он гэдгийг би санахгүй байна. “Хоёр дахь боломжоор өөрөө хичээж авсан бөмбөгөө алдсан ч хамаагүй оноо болгохоор эрэлхийлэх хэрэгтэй. Задлаад байна” гэж хэлснээс хойш шидэх орон зай байвал зоригтой алхам хийдэг болсон.

-Мэргэжлийн тамирчны хувьд шигшээ багийн өмсгөлтэй талбайд гарна гэдэг сайхан. Сагсан бөмбөгийн спортод хөл тавьсан түүх хийгээд шигшээ багийн замналаар нь яриагаа үргэлжлүүлье?

-Би өмнө нь волейболын тамирчин байсан. Их сургуульд ороод сагс, волейбол, хичээл гурвыг төгс хослуулж чадаагүй. Сүүлд хичээллэснээр нь сагсан бөмбөгөө илүү сонирхож хичээллэж байтал ковидын цар тахал болж, тоглохоо больсон. Хичээлдээ илүү анхаарч, сургуулиа амжилттай төгсөөд мөрөөдлийн ажлаа хийж байлаа. Би гааль татварын эдийн засагч мэргэжлээр төгсөж, татварын улсын байцаагчаар ажиллаж байсан юм. Гэтэл Гавьяат дасгалжуулагч О.Баярцогт багш маань холбогдоод эмэгтэй дээд лигт тоглох сонирхол байна уу. Холбоо нэгдээд нэг дүрэм журамтай болсон гэх мэдээг дуулгасан.

Би сагсан бөмбөгийн спортоор багаасаа бэлтгэгдээгүй болохоор мэргэжлийн түвшний анхны бэлтгэл үнэхээр шандас сорьсон. Булганд гарсан 12 хоногийн хээрийн бэлтгэлээс их зүйл сурсан. Бие сэтгэл зүйн хувьд мэргэжлийн тамирчин ямар байх ёстойг ойлгож, өөрийгөө ямар муу юм бэ гэдгээ өдөр бүр мэдэрсэн. Тэр үед буруу хор шараар бус эерэг хандлагаар өөрийгөө хурцалсандаа баярладаг.

Лиг дууссаны дараа зун Тайландын Бангкок руу “Б дивизион”-д тоглохоор шигшээ баг өргөтгөсөн бүрэлдэхүүн зарлахад сонгон шалгаруулалтад орж, азаар 12 тамирчны нэг болж сонгогдсон. Удаагаар нь Ханжоугийн Азийн наадамд оролцох шигшээ багт мөн азаар дуудагдсан. Би дандаа “аз”-аар л гэж ярина. Тэр үед надад хүсэл эрмэлзэл байснаас ур чадвар байгаагүй. Бөмбөг бүрийн араас гүйдэг өлсгөлөн зан чанар байсан болохоор шигшээ багтаа дуудагдаж чадсан болов уу.

-Жил бүр шигшээ багийн бүрэлдэхүүн шинэчлэгддэг. Үүний сацуу таны ур чадвар ч нэмэгдэж байна. “Азаар сонгогдлоо” гэх бодол хэзээ арилсан бэ?

-Би одоо хүртэл өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй. Мэдээж анхны жилтэй харьцуулахад шигшээ багт үзүүлэх миний үүрэг хариуцлага томорсон боловч “Би шигшээ багт байх ёстой” гэж бодож байгаагүй.

Өдөр бүр өчигдрийнхөөсөө илүү байхыг хичээдэг. Хүн өөртөө ханаад тухтай бүсдээ орчихоор түүнээсээ гарахад хэцүү байдаг. Спорт бол өрсөлдөөн. Тиймээс үргэлж өлсгөлөн хөдөлмөрлөж, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.  Магадгүй насаараа тоглох боломжтой байсан бол амсхийж болох юм. Гэтэл энэ спорт залуу насных болохоор энэ цаг мөчдөө хамгийн сайнаараа хичээх хэрэгтэй. Нөгөөтэйгөөр хүч түрэн орж ирж буй дүү нар, шигшээ багийн бүрэлдэхүүнд Монгол Улсынхаа нэрийн өмнөөс талбайд гарах хүсэл зорилготой олон зуун залуусын мөрөөдлийг биелүүлээд талбайд зогсож байгаа тул зогсох эрх байхгүй.

Харамсал гэдэг ямар хэцүү гэдгийг мэдэх болохоор тэр мэдрэмжийг дахиж мэдрэхгүйн тулд хичээдэг.

-Дээд лигийн эмэгтэй багуудын тоглолт удахгүй эхэлж, шинэ түүх бичигдэх гэж байна. Аваргын цомыг өргөж үзсэн тамирчнаас ялалтын амт ямар байдгийг асуумаар байна?

-Үндэсний дээд лигийн сүүлийн таван жилийн дөрөвт нь финалд тоглосон байна. Ингэхдээ Гавьяат дасгалжуулагч О.Баярцогт багшийнхаа удирдлага доор “М Гарьд”-аас “Хасын Хүлэгүүд” хүртэл тоглосон. Финалын тоглолтын уур амьсгал улирлын тоглолтоос тэс өөр буюу зүрхний цохилтыг дээд хэмжээнд нь тулгаж чаддаг.

2023-2024 оны улиралд “Улаанбаатар Амазонс” багтай финалд таарч, 4:1 харьцаатайгаар аваргын цомоо өргөж байлаа. Энэ үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж. Аварга болсны уужим амьсгаа аваад хөдөө гадаа явмаар сэтгэл тайвширсан. Шинэ жил, цагаан сараар үргэлж тоглолттой байдаг болохоор улирал дууссаны дараа аав ээж дээрээ очиж золгодог байсан. Аварга болсон тэр мэдрэмжийг дахиад авахыг хүсэж байна.

-Энэ сайхан түүхийг хамтдаа бүтээсэн багаа солих шийдвэр хүндхэн байсан болов уу? 

-Өнгөрсөн улирлын өмнө “Pirates” клубээс надад санал тавиад хоёр талаас мэдээллээ солилцсон. Энэ мэдээг хамгийн түрүүнд О.Баярцогт багшдаа дуулгасан. Намайг юу ч чаддаггүй байхаас сагсан бөмбөгийн спортоор хоолоо олж идэх хүртэл замыг заасан хүн учир бүхий л чухал шийдвэрүүдээ багштайгаа зөвлөдөг. Багш маань “Чиний амьдралд хэрэгтэй том боломж байна. Миний охин явах нь зөв” гэсэн. 2022 оноос бүх зүйлийг хамтдаа туулсан багийнхандаа дуулгах, шийдвэр гаргахад хэцүү байсан.

-Сагсан бөмбөгийн эмэгтэй тамирчдад клубийн цалингаараа амьдрах боломж бүрдсэн үү?

-Эмэгтэй тамирчдын хувьд дан клубийнхээ цалинг аваад амьдрах боломжгүй. Ихэнх тамирчид сагс тоглохын хажуугаар өөрсдийнхөө үндсэн ажлаа хийх нь амьдралд хүртээмжтэй хийгээд цаана нь хуримтлал үүсэх боломж бүрддэг. Харин чансаа өндөр эрэгтэй тамирчид ажил хийхгүйгээр сагсаа тоглох боломжтой болж байна. Тухайлбал, өнгөрсөн жил 3х3-ын ах нар нэг улирлын 500 саяын гэрээг тус бүр хийх жишээний. Түүнчлэн энэ улиралд нэг багт гурван легионер тамирчин гэхээр клуб импорт тоглогчдодоо мөнгөө илүү зориулах нөхцөл цаанаасаа бүрдээд байгаа юм. Энэ нь цаашлаад монгол тамирчдын үнийн хөөргөдлийг бууруулах зорилготой.

-Тэгвэл спортоор хоолоо олж иднэ гээд зорилго тавьсан хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ?

-Спортоор хичээллэх боломж нээлттэй, хүртээмж их болсон байна. Нас насны улсын аварга, оюутны лиг гээд тэмцээнүүд их зохиогдож, хичээллэх хүүхдүүд их байна. Гэхдээ мэргэжил, эрдэм мэдлэгийг хэзээ орхигдуулж болохгүй. Би хичээл номоо үргэлж нэгт тавьсаар ирсэн. Хажуугаар нь хоббигоо хөгжүүлж, бүх зүйлд хамгийн сайнаараа хичээх хэрэгтэй.

Тамирчдын цалин сайжирч, бөмбөгөөр хоолоо олж идэх боломжтой болсон гэж хэлэхээс урьдаад хэлээ сайжруулж, эрдэм мэдлэг эзэмш гэж хэлнэ. Спортод зөвхөн ур чадвар хангалтгүй. Харилцаа хандлага, сэтгэлгээ түүнээс дутахгүй чухал. Багийн спорт учир “би би бид” гэх сэтгэлтэй, тууштай хөдөлмөрлөдөг, харилцаа хандлага сайтай хүн амжилтад хүрнэ гэж боддог.

-Ярилцлагынхаа төгсгөлд ирээдүйн зорилго, аав ээжийнхээ эрхэм сургаалаас бидэнтэй хуваалцаж болох уу.

-Бэртэл гэмтэлгүй байвал төлөвлөсөн хугацаагаараа сагсан бөмбөгөө тоглоно. Харин дараа нь нутагтаа очиж амьдрах бодолтой. Миний аав ээж Дорноговь аймагтаа үе дамжин таван хошуу малаа маллаж, ханат цагаан гэртээ аж төрөн амьдарч буй малчин хүмүүс. Би гэр бүлийнхээ анхны боловсон хүчин болж мэргэжил эзэмшсэн. “Тэр сайхан мэргэжлийг бөмбөгөөр солилоо” гэж ээжээрээ зэмлүүлж байсан удаа ч бий. Магадгүй ирээдүйд хувийн жижиг бизнес эрхлээд амар тайван амьдарч байх болов уу.

Ямар ч тэмцээн уралдаанд ороход аав ээж минь үгүй гэж хэлж үзээгүй. Зардал мөнгийг минь эрвийх дэрвийхээрээ бүтээгээд өгдөг. Энэ хугацаанд аав минь надад гар хүрэх нь бүү хэл хатуу үг хэлж үзээгүй хайраар өсгөсөн. Эгэл жирийн малчин айлын монгол ахуй, уламжлалт соёлоор хүмүүжсэн. Аав ээжийн минь “Хүнд битгий гай болж байгаарай” гэх үг цаг баримтлахаас эхлээд хэлсэн үгэнд хүрэх гээд олон зүйлийн зарчим болдог.

Нийгэм стресстэй байгаа энэ үед өөртөө цаг гаргаад хоббигоо хөгжүүлж, ууланд алхаж, музей үзэж бүтээлч байгаасай гэж хүсдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 188 (7930)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn