Ц.МЯГМАРБАЯР

 

Монгол Улсын программ хангамж, вэб хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Идеа Дэвэлопмент” ХХК-ийн үүсгэн байгуулагч, төслийн менежер, системийн шинжээч Н.Батцэрэнг “Зууны мэдээ” сонины “Бизнес, хөгжил” буланд урьж, компанийн үйл ажиллагаа, хэрэгжүүлсэн төсөл, мэдээллийн технологийн салбарын хөгжлийн талаар ярилцав.

 

- Танай багийн хөгжүүлдэг программ хангамж, аппликэйшнүүдийн онцлог юу вэ?

- 2012 онд хэсэг найзууд хамтран энэ компаниа байгуулсан.Өдгөө бид программ хангамж, вэб хөгжүүлэлтийн чиглэлээр 14 жилийн туршлагатай болжээ. Энэ хугацаанд дотоодын болон гадаадын олон томоохон төсөлд оролцож, вэб систем, мобайл аппликэйшн, байгууллагын нөөц төлөвлөлтийн (ERP) систем хөгжүүлэн ажилласан.

Ерөнхийдөө манай компани үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээрт, төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, вэб систем хөгжүүлэх чиглэлээр олон жил ажиллаж байна.

Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын цахим парламент буюу хууль боловсруулах систем, мөн УИХ-ын шинэчилсэн вэб системийг хөгжүүлэх ажилд оролцсон. Хоёрдугаарт, олон улсын байгууллагуудад мэдээллийн технологийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Энэ хүрээнд НҮБ, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Германы JSI, Швейцарын хөгжлийн агентлаг зэрэг байгууллагын Монгол Улсад хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллаж, шаардлагатай вэб системийг хөгжүүлэх, мэдээллийн технологийн шийдэл боловсруулах чиглэлээр үйлчилгээ үзүүлсэн.

-Хөгжүүлсэн аппликэйшнүүдээсээ  онцлог нэгийг нь  танилцуулаач?

-Манай компанийн хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг нь Монгол Улсын 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргийн нутгийн өөрөө удирдах байгууллагуудын нэгдсэн цахим хуудсыг хөгжүүлсэн төсөл юм.Энэ нь khural.mn вэб сайт бөгөөд Монголд олон дэд вэб сайтыг нэг системд нэгтгэсэн анхны шийдлүүдийн нэг гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, нийт 361 нэгжийн цахим хуудсыг нэг системд зангидаж хөгжүүлсэн гэсэн үг. Тус системд аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны мэдээлэл, хэрэгжүүлж буй ажил, сайн туршлага, сургалт болон бусад мэдээллийг байршуулдаг.

Жишээлбэл, khural.mn сайтад хандаж  ИТХ-ын үйл ажиллагааг таниулсан аймаг, сумын тусгайлсан цахим хуудсаар дамжуулан орон нутгийн түвшинд хэрэгжүүлж буй ажил, үйл ажиллагааны мэдээллийг авах боломж бүрдсэн.Ингэснээр байгууллага бүр тусдаа систем шинээр бий болгох шаардлагагүй болж, нэг нэгдсэн системийн хүрээнд өөрийн цахим хуудсаа ажиллуулах боломжтой болсон юм.

-Аймаг бүр жил бүр вэб сайт хийхээр төсөвтөө хөрөнгө тусгуулдаг. Гэвч тухайн сайтад зөвхөн зорьж очиж мэдээлэл авахгүй бол олон нийт төдийлөн мэддэггүй. Танай компани энэ асуудлыг шийдэж, аймаг, сумдын ИТХ-ын  цахим хуудсыг нэгтгэсэн гэсэн үг үү?

-Бид энэ туршлагыг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Бидний хөгжүүлсэн систем нь байгууллага бүр тусдаа вэб сайт шинээр хийлгэж, түүнийгээ ажиллуулахад хөрөнгө зарцуулах шаардлагагүйгээр нэгдсэн систем ашиглах боломж бүрдүүлсэн. Засгийн газар ч энэ жилээс нэгдсэн цахим хуудасны ач холбогдлыг харж, ажил хэрэг болгож эхэллээ. Үүнтэй нийцлээд ашиглаад явбал давуу талтай гэж ойлголж болно.

-Тэгэхээр Засгийн газар танай компанийн өмнө нь хэрэгжүүлсэн туршлагыг ашиглах боломжтой гэсэн үг үү?

Засгийн газрын зүгээс яг манай туршлагыг ашиглах боломжтой гэж ойлгож болно. УИХ хууль тогтоох, Засгийн газар гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг бол нутгийн өөрөө удирдах байгууллага нь орон нутгийн иргэдийг төлөөлөх, өөрөө удирдах чиг үүрэгтэй. Тиймээс эдгээр байгууллагын үйл ажиллагаа, эрх хэмжээ өөр учраас системийг шууд нэгтгэх боломжгүй юм.

-Мэдээллийн технологийн салбарын хөгжил, зах зээлийг та өнөөдөр ямар түвшинд байна гэж дүгнэх вэ?

-Мэдээллийн технологийн салбар, тэр дундаа программ хангамжийн хөгжүүлэлт, программ хангамжид суурилсан цогц шийдлүүд улам боловсронгуй болж байна. Ялангуяа хиймэл оюун ухааны хөгжил маш хурдацтай өрнөж байгаа бөгөөд үүнийг ашиглахгүй салбар, байгууллага бараг үлдэхгүй болж байна.

Энэ нь нэг талаас сайшаалтай. Нөгөө талаас мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэсэн чухал асуудлыг бий болгож байна. Хувь хүн, байгууллагын мэдээллийг хэрхэн хамгаалах вэ гэдэг хамгийн гол асуудал юм.

Тиймээс мэдээллийн технологийн аудитын тогтолцоог боловсронгуй болгож, энэ чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх шаардлага нэмэгдэж байна. Үүнд мэдээллийн системийн архитектурч, системийн шинжээч зэрэг мэргэжилтэн чухал үүрэгтэй. Ялангуяа залуучууд энэ чиглэлээр суралцаж, мэргэших нь ирээдүйд эрэлттэй мэргэжил эзэмших боломж болно.

Цаашид байгууллага бүр хиймэл оюун ухаанд суурилсан систем ашиглаж, түүндээ тохирсон тоног төхөөрөмж, платформ нэвтрүүлэх нь тодорхой. Хувь хүн ч өөрийн хэрэгцээнд нийцсэн платформ ашигладаг болно. Гэтэл энэ тохиолдолд мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ. Ашиглаж буй систем үнэн зөв, найдвартай гэдгийг хэн баталгаажуулах юм. Системээр дамжуулж буй мэдээлэл алдагдаагүй, зөвшөөрөлгүй этгээдэд дамжуулагдаагүй гэдгийг хэн хянах юм гэх мэт эдгээр нь шийдвэрлэх шаардлагатай суурь асуудлууд юм.

Ийм асуудлыг шийдэхийн тулд тухайн чиглэлээр мэргэшсэн, мэдлэг, ур чадвартай боловсон хүчин зайлшгүй хэрэгтэй.

Өмнө нь программ бичдэг мэргэжилтэн хамгийн чухалд тооцогддог байсан бол өнөөдөр системийг бүхэлд нь харж, мэдээлэл хэрхэн дамжиж байгааг шинжилж, аюулгүй байдлыг ямар стандарт, технологиор хангаж байгааг үнэлдэг мэргэжилтний хэрэгцээ нэмэгдэж байна.

 -Танай компани хүний нөөцөө хэрхэн бэлтгэж, мэргэшүүлдэг вэ. Одоогоор хэдэн ажилтантай ажиллаж байна. Мөн компанийнхаа үйл ажиллагааг хэрхэн өргөжүүлж байна?

-Манай компанийг анх долоон хүн хамтран байгуулж байсан. Өнөөдрийг хүртэл үндсэн ажилтнуудаа тогтвортой ажиллуулж, туршлагажуулан, мэргэшүүлэхийн зэрэгцээ шинэ залуу боловсон хүчнийг сургаж, бэлтгэхэд анхаарч ирсэн.Түүнчлэн мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтнүүдийг сургах, ур чадварыг нь баталгаажуулах олон улсын сертификат авах чиглэлээр сүүлийн зургаан жил ажиллаж байна. Тухайлбал, мэдээллийн аюулгүй байдлын төрөл бүрийн шийдэл санал болгодог олон улсын байгууллагуудын сертификатыг эзэмшиж эхэлсэн. Манай компанид Азидаа хамгийн олон сертификаттай мэргэшсэн мэргэжилтэн бий. Бид хүний нөөцийн бодлогодоо эдгээр суурь асуудлыг чухалчилж ирсэн бөгөөд энэ нь үр дүнтэй, оновчтой бодлого байсныг өнөөгийн үйл ажиллагаа харуулж байна.

Сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд мэдээллийн аюулгүй байдлын суурь шийдлүүдийг бусад компаниудад нийлүүлэх, санал болгох чиглэлээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, гадаадын мэдээллийн аюулгүй байдлын систем, программ хангамж нийлүүлдэг байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг бид Монголын харилцагчдадаа хүргэж, суурилуулалт, үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдүүлж байгаа юм. Ингэснээр гадаадын технологийн компаниудын шийдлийг дотоодын байгууллагуудад нэвтрүүлэх, цаашлаад борлуулалтын дараах үйлчилгээг хүргэх чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.

-Сүүлийн үед хиймэл оюуныг аюулгүй ашиглах асуудал ч их яригдах боллоо. Энэ чиглэлд ямар боломж, шийдэл байна вэ?

- Дэлхийн томоохон компаниуд хиймэл оюунд суурилсан олон төрлийн шийдлийг хөгжүүлж, хэрэглэгчдэд санал болгож байна. Бид ч эдгээр технологийг үйл ажиллагаандаа ашиглаж байгаа.  Монгол Улс өөрийн гэсэн хиймэл оюуны системийг хөгжүүлэх боломжтой. Гэхдээ үүний тулд их хэмжээний хөрөнгө оруулалт, цаг хугацаа, мэргэшсэн боловсон хүчин шаардлагатай. Тиймээс дэлхийн томоохон технологийн компаниудтай хамтран ажиллаж, тэдний хөгжүүлсэн шийдлийг өөрийн орны онцлогт нийцүүлэн ашиглах нь илүү үр дүнтэй байж болно.

Тухайлбал, Монгол хэлний боловсруулалт, хэлний технологийн чиглэлээр ажилладаг “Болорсофт” зэрэг үндэсний компаниуд олон улсын технологийн байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой. Ингэснээр монгол хэлний өгөгдөл, хэлний технологийн шийдлийг хөгжүүлэх, улмаар дотоодын компаниудын бүтээсэн мэдлэг, технологийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, бид дэлхийн технологийн хөгжлөөс хоцрохгүй байх, үндэсний онцлогтоо тохирсон шийдлүүдийг бий болгохын тулд хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай.

- Танай компанийн цаашдын зорилго, алсын хараа юу вэ?

- Цаашид боловсролын салбарт чиглэсэн суурь платформуудыг хөгжүүлэх, салбар бүрийн нэгдсэн цахим системийг бий болгох зорилготой ажиллаж байна. Манай компани үндэсний хэмжээнд ашиглагддаг хэд хэдэн томоохон цахим систем, платформыг хөгжүүлсэн туршлагатай. Тухайлбал, Биеийн тамир, спортын улсын хорооны нэгдсэн портал болох Sport.gov.mn системийг хөгжүүлсэн. Энэ платформоор дамжуулан Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагддаг уралдаан, тэмцээний мэдээлэл, тамирчдын бүртгэл, оролцоо болон амжилтын мэдээллийг цахимаар бүртгэж, олон нийтэд хүргэх боломжтой.

Мөн хувийн хэвшилд барилгын салбарын нэгдсэн портал систем Barilga.MN, гадаадад ажиллах хүч гаргах аж ахуйн нэгжүүдэд зориулсан цахим системийг хөгжүүлсэн. Ерөнхийдөө бид байгууллага бүрд тус тусдаа систем бий болгохоос илүүтэйгээр тухайн салбарын үйл ажиллагаа, мэдээлэл, үйлчилгээг нэгт­гэсэн нэгдсэн платформ хөгжүүлэхийг зорь­дог. Ингэснээр мэдээллийн дав­хардлыг бууруулж, хэрэглэгчдэд хүр­тээмж­тэй үйлчилгээ үзүүлэх, байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах боломжтой.

Өнөөдрийн байдлаар манай компани мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээ, системийн шинжилгээ, дизайн, программ хангамжийн хөгжүүлэлтийн чиглэлээр ажиллаж, олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхээр зорьж байна. Цаашид энэ чиглэлээ улам өргөжүүлж, үндэсний хэмжээний цахим шийдлүүдийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах алсын хараатай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 193 (7935)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn