Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ
“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор Монгол Улсын Филармонийн 55 дахь удаагийн нээлтийн тоглолтын зочин удирдаач О.Нямсайханыг урьж, ярилцлаа. Тэрээр Италийн Дуино дахь “Дэлхийн нэгдсэн коллеж” болон АНУ-ын “Methodist University”, “East Carolina University”-д суралцан хөгжмийн магистрын зэрэг хамгаалжээ. Харин өдгөө “University of South Carolina”-д хөгжмийн урлагийн докторын зэрэгт суралцахын сацуу Хойд болон Өмнөд Каролайна, Жиоржиа мужийн оркестрын удирдаачаар ажиллаж байна.
-Улсын Филармонийн 55 дахь удаагийн нээлтийн тоглолтын зочин удирдаачаар ажиллаж байна. Энэ удаагийн тоглолтын онцлогоор яриагаа эхэлье?
-Арваад жилийн дараа Филармонийнхоо симфони оркестртой нэг тайзан дээр гарах гэж байна. Хамтрахад урамтай сайхан, гар нийлж ажиллаа. Оркестрын бүрэлдэхүүнд залуугаасаа танилцсан урлагийн нөхөд маань олон байгаа болохоор гэртээ байгаа мэт дотно уур амьсгалыг бүрдүүлж чадсан.
Мөн энэ удаагийн тоглолтод АНУ-ын алдартай морин хийлч Амит Пелед зочин хөгжимчнөөр ажиллаж байна. Тэрээр 1876-1973 оны үед амьдарч байсан морин хийлийн домог болсон Пабло Касалсын тоглож байсан хөгжмөөр 2012-2018 оны үед тоглож байсан гэдгээрээ алдартай.
Тэрхүү хөгжмийг Венецийн дархан Маттео Гоффриллерийн 1733 онд урласан бөгөөд Пабло Касалс 1908 онд авч олон арван жилийн турш морин хийлийн ертөнцөд ноёлсон юм. Харин өдгөө “Queen Elisabeth” тэмцээний ялагчид үе дамжин тоглодог.
Амит Пеледийг тэрхүү алдарт хөгжмөөр тоглож байхад 2015 оны үед би хийлчээр нэг тайзан дээр хамт тоглож байлаа. Гэтэл тэрээр энэ онд Азиар зочилж Бээжин, Токиод Дворжакийн IX симфонийг тоглохыг сонсоод манай Монголд мөн ирж тоглохыг хүссэн.
Америк улс Европ шиг сонгодог хөгжмийн түүхгүй. Тиймээс америкчууд XIX зууны сүүл үед Чехийн хөгжмийн зохиолч Антонин Дворжакийг урьж, өөрсдийн сонгодог хөгжмийн өнгө төрхийг бүтээхийг хүссэн. Ийнхүү Антонин Дворжакийн “New World” буюу IX симфони бүтсэн түүхтэй.
Ийнхүү Амит Пелед Балтимороос, би Атлантагаас ирж байгаа тул Америк программ боловсруулж, энэ удаагийн тоглолтоор Америкийн хөгжмийн түүхтэй холбоотой бүтээлүүдийг монголчууддаа хүргэж байна.
-Та АНУ-д ажиллаж, амьдрахын сацуу докторын зэрэг горилж байгаа юм билээ. Яагаад Европыг биш Америкийг зорих болов?
-Европын сонгодог урлагийн түүх баялаг. Гэхдээ салбар бүрд эдийн засаг хүчтэй нөлөөтэй. Тиймээс ХХ зуунд Европын сонгодог урлагийн шилдгүүд Америкийг зорьж, XXI зууны хамгийн шилдэг сонгодог хөгжимчид The Juilliard School, Curtis Institute of Music-д бэлтгэгдэж байна. Мэдээж энд Берлин, Лондоныг дурдахгүй өнгөрч болохгүй. Харин АНУ чөлөөт зах зээл, хүчтэй эдийн засаг, олон оркестроор шилдгүүдээ хадгалж чаддаг. Тодруулбал, хоёрдугаар хийлийн хойно суудаг хамгийн бага цалинтай хөгжимчин жилд 250-300 мянган ам.долларын цалин авдаг тул дэлхийн олон орны уран бүтээлчдийг татдаг. Би хэдийгээр топ нэг, хоёрт жагсах сургуульд нь суралцаагүй ч аав, ээжээсээ нэг ч төгрөг авалгүйгээр дэлхийн хөгжмийн боловсролыг суралцаад явж буйдаа баярладаг. Тэтгэлэг аваад эсвэл хийлээ тоглоод цалингаараа төлбөрөө төлөх боломжтой болохоор АНУ-ыг сонгосон. АНУ-д суралцахад ахлах сургуулийн 12 жилийг шаарддаг тул Хөгжим бүжгийн коллежийг төгсөөд Италийн “Дэлхийн нэгдсэн коллеж”-д хийлийн ангид суралцсан. International Baccalaureate Diploma-тай төгсөгчид АНУ-д бүрэн тэтгэлгээр суралцах боломж үүсдэг журмаар надад аз таарсан. Ерөнхий эрдмээр гийгүүлээгүй ч хөгжмийн буянаар олон сайхан үр өгөөжийг хүртэж байна.
-“Харанга” хамтлагийн хэмнэлт гитарчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Я.Одсүрэн бол таны аав. Гитарчин аавын хийлч хүүгийн удам дамжсан урлагийн амьдрал хэрхэн эхэлж байв?
-Монгол Улсын Төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангал ахын хүү Х.Булган ах аавын минь сайн найз. Тэдний нөхөрлөл их сайхан. Би дөрөв, таван настай үеийнхээ дурсамжийг их тод санадаг юм. Саяхан аав минь бас дурсан ярилаа.
Х.Булган ах, аав хоёр дээр З.Хангал ах орж ирээд “Хөгжим бүжгийн коллеж элсэлтээ авч байна. Хүүхэд аваачиж шалгуул” гэсэн юм билээ. Ийнхүү би одоогийн Монгол Улсын Консерваторийн үүдээр алхаж байсан түүхтэй. Хөгжимчний замналд минь З.Хангал ахын буян их шүү.
Америкт монгол хөгжимчдийн бүтээлийг төдийлөн тоглоод байдаггүй. Тиймээс З.Хангал тэргүүтэй хөгжмийн зохиолчдын сонгодог хөгжмийг дэлхийн олон орны хүмүүст хүргэх зорилго, мөрөөдөлтэй явдаг.
-Цаг хугацаа хугацаа урсан одохын хэрээр аавтайгаа хүүрнэлдэх ярианы агуулга, бодол зорилго хэр өөрчлөгдөж байна вэ?
-Аав минь мөнх биш. Нас нь явж байна. Ингэхээр ойр ойрхон аав ээж дээрээ ирж, дурсамж бүтээж, рок хамт тоглохыг хүсдэг. Наад зах нь Харангын дуунуудыг гитар дээр яаж тоглохыг ааваараа заалгаж, цаг хугацааг хамтдаа өнгөрөөмөөр байна. Би “Харанга” хамтлагаас хоёр ах. Ингэхээр миний хүүхэд насны дурсамж, нандин мөчүүдтэй энэ хамтлагтай салшгүй холбоотой.
Түүнчлэн хийл хөгжмийг аавын зохиосон дуунууд дээр хэрхэн тоглож болох талаар судалж, сонирхож байна. Х.Лхагвасүрэн ах үгийг нь бичиж, аав аяыг нь зохиосон "Оддын тоогоор наслаасай" дууг оргиналаар нь бүтэн оркестртой тоглох дуу шиг санагддаг. Удирдаач болоод найрал хөгжмийн нарийн нандин зүйлсийг ойлгоод эхлэхээр энэ мэт зүйлсийг анзаарч, аавтайгаа ярилцахад урамтай байдаг.
2000 оны эхээр “Харанга” хамтлагийн “Бөхийн өргөө”-нд хийсэн тоглолтод зориулж Б.Шарав гуай хөгжмийн найруулга хийж, металл рок оркестр хэлбэрээр тоглосон нь надад их таалагддаг. Х.Булган ах төгөлдөр хуурч хүн байсан болохоор Х.Лхагвасүрэн ахын “Бодлын тэнгис” дууны найруулгыг симфониор төсөөлж хийсэн байгаа юм. Сонгодог хөгжмийг роктой холиод ийм гоё дуугаргаж болдгийг мэдсэнээс хойш өөрийнхөө төсөөлж энэ хослолыг дахин хийхийг хүсэж байна.
Аавын зохиосон “Өнгөрсөн үе” дуугаар жишээ татвал “Цөөхүүл хөгжим шиг сонгодог руу ингэж хувирч болох юм” гэхэд аав минь зөвөөр хүлээж аваад хүү маань өөр өнцгөөс ингэж харсан байна гээд хүндэтгэлтэй хандахаар урамтай сайхан байдаг.
-Хөгжимчин хүн мэргэшсэн хөгжмийнхөө онцлогоос хамаараад зан төлөвийн хувьд өөр байх боломжтой юу?
-Ортой байх. Би Монголын хамтлаг бүрийн сургуулилалтад ороогүй болохоор хоорондоо яаж харилцаж байсныг мэдэхгүй. Гэхдээ “Харанга”, “Шөнийн галт тэрэг” гээд бодохоор хоорондоо шулуун шударга сайхан харилцаатай байсан. Мөн мэргэжлийн хэллэгүүд сонгодог хөгжимчдөөс өөр.
“Харанга”-ынхан мэргэжлийн хөгжмийн боловсрол эзэмшээгүй хөгжимчид. Гэхдээ тэдний бие биедээ тавьж буй шаардлага мэргэжлийн хөгжимчдөөс ялгаагүй байдаг. Зөвөөр нэгнийгээ хурцалдаг болохоор бүгдээрээ монголчуудын сэтгэлд хоногшсон сайхан уран бүтээл хийж чадсан. 1997 онд хамгийн анх гаргасан CD дэх дуунуудын жагсаалтыг харахад зөвхөн Манлай ах эсвэл Чука ахын дуу биш бүгдийнх нь дуу тэнцвэртэй орсон байдаг. Би “Харанга” хамтлагийн хоёр дахь CD-г Монголын “Рок поп”-ын түүхэнд үлдэх хамгийн шилдэг альбом гэж боддог.
-Та “Харанга” хамтлагийн бүх уран бүтээлд хайртай байх. Гэхдээ энэ удаа “Харанга” хамтлагийн болон аавынхаа зохиосон дуунуудаас хамгийн дуртай нэг уран бүтээлийг тус бүр дурдвал?
-Хөөх. Гоё асуулт. “Харанга” гэвэл Ц.Энхманлай ахын “Амьдрал” дуу. Мөн Х.Булган ахын “Гэгээ”. Энэ дуу хамгийн симфоник буюу сэтгэл хөдлөлийн хамгийн гүнзгий түвшинд хүрсэн санагддаг. О.Дашбалбар гуайн “Амьдадаа бие биеэ хайрла” шүлэг дээр хийсэн Ц.Чулуунбат ахын дууг бас дурдмаар байна.
Харин миний аавын уран бүтээл гэвэл “Хүсэхгүй байна” дууг би хэлнэ. Магадгүй олон хүн мэдэхгүй байх. Би хичээлээ тарж ирээд И.С.Бахын бүтээлийг тоглодог байсан юм. Түүний хийлийн хэсгийг аав маань энэ дуундаа оруулсан байдаг. “Хүсэхгүй байна” ер нь хүнд рок талдаа, аливааг өөр өнцгөөс харсан дуу. Сонсогчдоос нь энэ асуултыг асуусан бол “Энэ бол дурлал биш”-ийг нэрлэх байх.
-Энэ сайхан уран бүтээлүүд төрөх агшныг дэргэдээс нь харж өссөн хүний хувьд манай уншигчдад дэлгэж болох түүх байвал хуваалцаж болох уу?
-Тийм ээ. “Он жилүүд” дууг эмээд минь зориулж хийсэн гэдэг. Шүлгийг нь манай аавын гэр бүлийг сайн мэддэг байсан хүн бичиж, аав аяыг нь зохиосон. Эмээ минь залуудаа ганцаараа таван хүүхэд өсгөж, хатуу хөтүү амьдралыг туулсан юм билээ.
“Алдаж явсан ч чиний аав хүн шиг хүн байсан гэж
Та минь дандаа дурсан ярьдаг юм ...
Эцгийн асаасан голомтыг хөргөхгүй л гэсэн дээ
Дэлхий дээр амьдралыг ганцаараа туулж дээ ..” гэж мөртүүд бий л дээ. Энэ бол эмээгийн минь амьдралын бодит түүхээс сэдэвлэсэн уран бүтээл. Энэ дууг зохиох үед юмны учрыг олох насан дээрээ ирчихсэн байсан болохоор сайн санаж байна.
-Та өөрөө хөгжимчин хүн. Аялгуу зохиож байв уу?
-Хийл хөгжмөөр ая зохиох гэж оролдсон удаа бий. Гэхдээ аавыгаа хэзээ ч гүйцэхгүй.
-Хийлчээс эхэлсэн урлагийн замнал хэрхэн удирдаач руу хөтлөгдөв?
-Дал гаруй хүний бүрэлдэхүүнтэй оркестрын удирдаач гэх мэргэжил үүсэхээс өмнө найрал хөгжмийг хийлч нь удирддаг байсан. Гэтэл цохиур, гууль, төгөлдөр хуур зэрэг хөгжим нэмэгдээд ирэхээр хийлч нь өөрөө хөгжмөө тоглохын хажуугаар удирдах боломжгүй болоод ирсэн гэдэг. Хөгжим бүжгийн дунд ангид байхад “Итгэл” оркестр байгуулагдаж, нарийн учрыг нь мэдэхгүй хүүхэд удирдаач хийдэг байсан. Түүнээс их урам авч, сүүлд магистрын зэрэгт суралцахдаа үүнийгээ илүү хөгжүүлэхийг зорьсон. Хийлийн нум, удирдаачийн дохиур хоёрын хөдөлгөөн ойролцоо. Тиймээс чавхдаст хөгжим тоглодог хүмүүс удирдаач болоход давуу талтай.
-Тэгвэл энэ хугацаанд удирдаач болон хийлчийн хувьд хамгийн их ур чадвар шаардсан уран бүтээл гэвэл та алийг нэрлэх вэ?
-Улсын Филармонийн 55 дахь улирлын нээлт дээр тоглож буй Америкийн алдарт хөгжмийн зохиолч Аарон Коплендын “Appalachian Spring Suite for Orchestra (1945)” бүхий л удирдаачийн ур чадвар, шандас сорьсон сор бүтээл.
Харин хийлчийн хувьд Зөвлөлтийн нэрт хөгжмийн зохиолч Дмитрий Шостаковичийн бүтээлүүдэд үнэхээр дуртай. Тиймдээ ч магистрын зэрэг хамгаалахдаа түүний хийлийн концертыг бүрэн эхээр нь тоглож байсан. Энэ бүтээлийн илэрхийлж буй цаад утга санаа нь их гүн гүнзгий болохоор миний ур чадварыг хамгийн их сорьсон бүтээл гэж боддог.
Түүхээс нь хуваалцвал, Иосиф Сталины үед урлаг, соёл, үзэл суртлын бодлогыг хариуцдаг Андрей Жданов гэж хүн байсан. Нэгэн дуурийн үеэр Дмитрий Шостакович тайзан дээр нүцгэн хүн гаргахад “Дахиж ингэвэл Кулакуудын цөллөг рүү илгээнэ шүү” гэв. Үүнээс айж сүрдсэн Дмитрий Шостакович Хийлийн концерт, “VIII утсан хөгжмийн дөрвөл”, “X симфони” зэрэг Сталины эсрэг бичсэн бүтээлүүдээ туурвиж, гэртээ хав дарж, нас барсных нь дараа нийтэд ил болгож байсан гэдэг.

-В.И.Ленин “Маш сайн зохион байгуулалттай симфони оркестрын удирдаач шиг хүн улс орныг удирдах хэрэгтэй” гэж хэлж байсан юм билээ. Таны бодлоор ямар хүнийг сайн удирдаач гэх вэ?
-Үлгэр жишээгээр гийгүүлсэн хүн. Хүнд тавьдаг бүх шаардлагаа өөрөө биеэрээ үлгэрлэдэг. Хөгжмөө ойлгох авьяас, мэдлэг, ур чадвар сонсгол сайтай. Тухайн уран бүтээлд өөрийн мэдрэмж, бодол оюуныг шингээсэн илэрхийлэмжтэй. Мөн харилцаа хандлагын урлаг энэ бүгдийг тэнцвэртэйгээр уялдуулж чадсан хүнийг сайн удирдаач гэх байх.
“Би та нарын нэг хэсэг. Бид хамтдаа энэ хөгжмийг бүтээж байна” гэж эерэг уур амьсгал бүрдүүлж чадвал сайн уран бүтээл төрдөг. Өөрийгөө дөвийлгөж дарангуйлсан оркестроос сайн хөгжим гарахгүй. Тиймээс би, чи бид робот биш хүн. Алдаа гаргаж болно. Харин түүнийгээ хүлээн зөвшөөрч, шударга байх хэрэгтэй.
-Та өөрийн дотоод сэтгэл, энэ хүртэлх амьдралын замналаа нэг симфонитой зүйрлэвэл?
-Хөөх. Магадгүй Людвиг ван Бетховены IV симфони. Бүхий л цаг мөчид аз жаргалтай байхгүй байгаа боловч зовж, ажиллаж хөдөлмөрлөж буй бүхэн нь нартай, гэгээлэг газар луу тэмүүлдэг. Хэнд ч өөрийгөө баталж, би ийм гэж харуулахгүйгээр урдах замаа үнэнч шударгаар туулбал алдар гавьяа нь чимээгүйхэн ирдэг. Хөгжимдөө хайртай, түүндээ өөрийгөө зориулж чадвал бусад зүйл өөрөө бүтнэ. Бетховены амьдралын философи ч ийм санагддаг.
-Та амьдрал дээр ааваасаа их үлгэр дуурайлал авдаг байх. Аавынх нь амьдралын жанжин шугам юу вэ?
-Худлаа ярихгүй, хүн хуурахгүй, оргилд хүрэхийн тулд бусад дээр гишгэх бус хамтдаа урагшилдаг зан нь таалагддаг. “Юу тарина түүнийгээ хураана” гэдэг шиг хүнд муу зүйл хийхгүй бол ертөнц чамд муухай хандахгүй гэж их захидаг. Бусад хүн чамаас илүү байж болно. Бүү атаарх. Өөрийнхөө хийх ёстой зүйлийг шударгаар хийгээд явж байхад болно гэдэг дээ.
-“Сайн хүний үр, сүүт гүүний унага” гэж монголчууд ярьдаг. Аавынхаа залгамж болж урлагт хөл тавьсан таны бага нас хүн бүрийн нүдэнд онцгой тусдаг байсан болов уу. Цаашлаад уран бүтээлчийнхээ хувьд аавдаа хүлээн зөвшөөрөгдөх эрмэлзэл байв уу?
-Бага байхад “Би Я.Одсүрэнгийн хүү. Хийлээ сайн тоглох ёстой” гэж өөртөө дарамт, ачаалалт өгөх үе байсан байх. Магадгүй би үргэлжлүүлэн Монголд сурч, ажиллаж амьдарсан бол зарим онгойдоггүй хаалгыг аав минь онгойлгож өгөх байсныг үгүйсгэхгүй. Харин өөрийнхөө ур чадвараар тэтгэлэг аваад цаашлаад цалин мөнгөөрөө Америкт суралцсан минь бие даасан эр хүн болох зөв алхам байсан. Би Монголд аав ээжтэйгээ байгаа хүмүүсийг шүүмжилж байгаа юм биш. Гэхдээ аавынхаа үргэлжлэл болж, адилхан урлагийн салбарт хөл тавьж байгаа болохоор “Я.Одсүрэнгийн хүү” гэх тодотгол үргэлж намайг дагах байсан байж магадгүй. Харин Америкт олон оркестр удирдаж, олон улсын тайзан дээр хийлээ тоглож, үзэгчдээс халуун алга ташилт авахаар бие хүн О.Нямсайхан гэдгээр өөрийн түүхийг бүтээж байгаа.
Аав маань би хөгжимчин болохоор мэдэж байна гэж өөрийн бодлыг тулгаж үзээгүй. Багшийнхаа үгийг сонс гэж захидаг байсанд нь баярладаг. Заавал хийлч, заавал хөгжимчин бол гэж тулгаагүй. Энэ бүхэн миний л сонголт.
-Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг гэдэг. Энэ хугацаанд та олон сонголттой нүүр тулж байсан байх. Хамгийн зөв зам дээрээ явж байна гэх бодол хэзээ төрж байв?
-Хамгийн анх Итали явахад. 80 гаруй орны хүүхдүүдтэй мөр зэрэгцэн суралцаж, нөхөрлөж, үзэж буй хичээл нь таалагдаж, хүнд онгироод байх хэмжээний биш боловч үргэлжлүүлэн суралцах тэтгэлэг авахдаа сэтгэл дүүрэн байсан.
Нэг оркестрт дунджаар 20 гаруй хийлч байдаг болохоор хийлчээр ажиллахад харьцангуй өрсөлдөөн бага. Харин удирдаачийн замнал тийм биш. Улс төр, арын хаалга гээд боломж хомс. Сүүлийн жилүүдэд удирдаачаар ажиллах боломж олдоод тэмцээн уралдааны финалд өрсөлдөөд ирэхээр “Би муу биш юм байна. Улам илүү хичээвэл хүмүүс намайг үнэлж байна” гэж мэдрэх болсон. Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сард Лос-Анжелесын удирдаачдын тэмцээнд оролцож, финалын шатанд шилдэг зургаан удирдаачийн нэгээр тодорсон. Тэмцээн эхлэхэд бүх л удирдаач сайн санагдаж, хэн финалд үлдэхийг мэдэхийг аргагүй байлаа. Гэвч эцсийн мөчид хүмүүс намайг үнэлж байгааг харах сайхан мэдрэмж байсан.
-Таны бодлоор Монголын сонгодог урлагийн салбарт юу дутагдаж байна вэ?
-Манай улсын урлагийн сургалт сайн. Дэлхийд ноёлж буй дуурийн дуучдаас харж болно. Авьяаслаг хөгжимчдийг төрүүлж чадаж байна.
Монголын төр засаг урлагтаа илүүчлэх эдийн засаггүй байгааг ойлгож байна. Харин бизнес хийдэг санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүмүүс урлагаа дэмжвэл зохилтой юм. Америкийн олон оркестр төрийнх бус хувийн хэвшлийнх байдаг. Түүхэндээ тэдгээр алдартай оркестрыг баян гүн, хунтайж нар тэтгэдэг байсан.
Монголд үйл ажиллагаа явуулдаг хэдхэн урлагийн сургуулийн нэгт орж, насаараа хөгжим тоглоогүй л бол сонгодог хөгжим, симфони оркестр гэх зүйлийг тусдаа ертөнц мэтээр хөшиг татчихдаг. Үүнийг тэлж, энгийн ахлах сургуулийн сурагч, эгэл жирийн ажилтан гээд хүн бүр энэ тухай ойлголттой, зорьж үздэг жимтэй байх нь Монголын сонгодог урлаг цааш хөгжих гүүр болно. Хөгжмөө тогломоор байгаа ч цалин маань эхнэр хүүхдээ тэжээхэд хүрэлцэхгүй юм гэх залуус байна. Тиймээс эх орондоо дуртай зүйлээ тултал хийгээд сэтгэл ханамжтай амьдрах эдийн засгийн эрх чөлөөт нийгэм бүрдээсэй гэж хүн бүр бодож байгаа байх.
-Уулын оргилыг таны зорилго гэвэл та аль хэр бэлд нь явна вэ?
-Хэлж мэдэхгүй юм. Би үргэлж ёроолоос нь мацсан хэвээр баймаар байна. Өөртөө ханахыг хүсдэггүй. Одоогийн байдлаар Монгол Улсын Филармонийн нээлтийн тоглолт л надад хамгийн чухал. Үүнээс цаадхыг харахыг хүсэхгүй байна. Нэн түрүүний урдах энэ ажлаа сайн хийсэн байхад дараа нь ямар сайхан боломж биднийг тосохыг таашгүй шүү дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 189 (7931)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn