“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Төрийн хишигтэн” буландаа Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын Ерөнхий удирдаач Урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Мөнхбаярыг урьж, ярилцлаа.
-Төр түмний цэнгэл үндэсний их баяр наадмын босгон дээр Үндэсний урлагийн их театрын Ерөнхий удирдаач Э.Мөнхбаяр Урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо гэх баярт мэдээг монгол түмэн дуулсан. Тухайн үеийн мэдрэмж шинэхэн байгаа болов уу?
-Урлагийн гавьяат зүтгэлтэн гэх эрхэм хүндтэй цолыг хүртээд урлагийн онгод, авшиг шингэсэн энэ сайхан өрөөнөөс уншигч олонтойгоо дахин мэндчилж буйдаа туйлын таатай байна.
Төрж өссөн нутаг усныхан, төрүүлж өсгөсөн ижий аав, ажлын хамт олон, элгэн садан, ачтан багш нар маань надаас илүү баярласан. Энэ шагналыг урлагийнхан дотроо залуудаа хүртэж байгаа боловч нөгөөтэйгөөр ид хийж бүтээж буй насанд нь өгсөн гараа болов уу гэж бодож баярлаж сууна.
Төрийн дээд шагналыг спортынхон харьцангуй залуудаа хүртдэг. Харин манай салбарынхан “урлагт 30 жил зүтгэлээ” гэхчлэн ярьдаг шүү дээ. Гэтэл би энэ жил 31 нас хүрлээ. Анх шагналын мэдээ зэрвэсхэн дуулдаад өнгөрөхөд айсан. Бас эмээсэн. Харин гавьяатын тэмдэг энгэрт минь гялалзсан тэр мөчөөс залуу нас гэдэг миний амьдралын гэнэн цайлган үе бус үндэсний урлаг, үндэстний дархлааг дэлхий дахинд сурталчлан таниулах их үйлсэд гар бие оролцож, түүчээлэх ёстой гэх урам зориг, тэмүүллийг илүүтэй мэдэрч, ойлгосон.
Миний багш Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатар гэж сайхан хүн бий. Ерөнхийлөгчийн Тамгын газраас албан мэдээ дуулгахад хамгийн түрүүнд багш руу ярилаа. Багш маань их шооч хүн л дээ. “Хавар мэдээ авсан гавьяатууд дөрөвдүгээр сарын 1-нд өртчих гээд байдаг юм гэсэн шүү” гэж инээгээд “Өгье гэж байгаа юмыг авч л орхино шүү дээ, миний хүү. Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулагч “Төр засаг энэ төмрөө надаас буцааж ав” гэж байсан юм. Энгэрт чинь зүүж өгсөн л бол буцааж авдаггүй юм даа” гэж хэлээд эмээж буй шавийгаа ойлгож, тайвшруулж буй багшийн минь сэтгэл надад их хань болсон. Олон хүн баяр хүргэж, “Хөдөлмөр зүтгэл чинь чамайг энд хүргэлээ” гэх үгс сайхан байсан ч Буяа багшийн минь шооч үгс намайг хүнд бодолд автахаас сэргийлж өгсөн.
Дараа нь аав ээж хоёртойгоо ярьтал “Өө заа ...” гэж ярьж байгаад хэсэг чимээ аниргүй боллоо. Нүдэндээ нулимс мэлтэлзүүлж, хоолой нь зангирч байсан тэр үе өчигдөрхөн мэт санагдаж байна даа.

-Таны урлагийн замнал хуур хөгжмөөс эхтэй. Харин хуурын авьяас өвөө, ааваас тань удам дамжиж өвлөгдсөн юм билээ?
-Хүн төрөх нь үнэн. Үхэх нь үнэн гэдэг шүү дээ. Энэ богинохон цаг хугацаанд юу хийж, санаж сэтгэж явах нь хүн төрөлхтний жам, зам, хувь тавилан юм.
Миний өвөө Пунцагийн Гомбодорж Богдын хүрээнд гурвантаа залагдаж байсан Боржигины нэрт морин хуурч хүн байсан. Өвөөг минь удам залгаж миний аав Г.Эрдэнэбаатар 11 настайгаасаа хуурын эрдмийг сурсан гэдэг. Энэ гал морин жил манай удам сударт олон сайхан тохиол бүрдэж, дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногт Монгол Улсын төрийн тэргүүн Төв аймагт айлчлах завшаан тохиож аав минь Соёлын гавьяат зүтгэлтэн гэх алдраар энгэрээ мялаагаад удаагүй хүү нь мөн гавьяат болсон юм.
Хуурч удмаа хөөвөл өвөөгөөс минь дээш хоёр, гурван үе бий. Өвөөг өөд болсны дараа эмээгийн минь гэр бадамласан зулд шатаж, 1800-аад оны үед хамаарах өвөөгийн өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн морин хуур үгүй болсон юм билээ. Харин одоо аавын гэрт 1947 онд бурханч лам Дэндэвпүрэв гэх хүний урласан өвөөгийн минь боржигин хуур хадгалагдаж байна. Нэг хэсэг хятад, япончууд говийн болон төвийн аймгуудаар уурхайн цооног гаргахаас гадна монголчуудын соёлын эртний өвүүдийг их хэмжээгээр худалдаж аван хилээр гаргаж байсан гашуун бөгөөд үнэн түүх бий. Манайх Төв аймгийн Баянжаргалан сум. Зүүн урд талын боржигин сумдын нэг. Багадаа аавыг дагаад найзуудынхаар нь явахад хойморт нь өвөөгийнхтэй адилхан хуур байдаг байлаа. Харин одоо тун ховордсон доо. Цаашлаад, мөнгөн эмээл, хазаар гээд монголчуудын хосгүй үнэт өвүүд алга болсон.
Хэдийгээр эмээгийн минь гэр шатсан нь харамсалтай боловч эрдэнэт хүний амь эрсдээгүй. Өвөг дээдсийн тэр хуур үр хүүхдийнхээ амийг дааж гарсан юм болов уу. Аав минь тэр үед өвөөгийн хуурыг аваад Төв аймгийн “Улаан гэр” буюу одоогийн “Монгол туургатан театр” луу явж таарсан юм билээ.
Удам угсаагаа нарийвчлан хөөвөл аавын минь дээд өвөг үзэмчин хүмүүс. Богдын зарлиг, санамж бичигт дурдсан Дорнод, Сүхбаатарын урдуур нутагтай ардаа Хэрлэнгийн баруун хаяанд нутаглах хүсэлтийн дагуу зарим отог нүүдэллэн ирж, одоогийн Баянжаргалан суманд буусан түүхтэй. Харин ээж минь халх боржигин буюу Төв аймгийн уугуул хүн.

-Хүн бүрийн хувь тавилан, төөрөг зам өөр. Гэхдээ удмын энэ хэлхээ таныг өөрийн эрхгүй урлагийн зам руу хөтөлжээ. Цаашлаад удирдаач хүртэл?
-Ам нээвэл уушги нээ гэж. Ээжийнхээ мөөмнөөс гараад л өвөө, эмээгийн гар дээр өссөн. Ааруул цагаан идээ, цэвэр агаар, хурга ишигтэй бага насаа өнгөрөөсөндөө өнөөдөр миний нэг шүд хорхой идээгүй байна. Нүүдэлчин ахуй соёлын уламжлалд эрүүл амьдралын их философи бий.
Би багадаа хичээл хийж үзээгүй. Бүрэг ичимхий. Аав ээжийн чихнээс хонх уяна. Нутаг усанд гэр бүлийн нэр төр гэж бий. Ингээд аав багшид “Наадах чинь урлагийн хүн болох юм” гээд хэлчихсэн. Гэхдээ дотроо “Миний хүүд урлагийн хүний эмх цэгц, төлөвшил алгадаа” гэж сэтгэлээ чилээдэг байсан гэдэг. Би аавыгаа дагаад их багаасаа морин хуур тоглосон. Нэгдүгээр ангийн үсэглэлийн баяраараа тайзан дээр гарч байлаа.
Ийнхүү зургаадугаар ангидаа Хөгжим бүжгийн коллеж буюу одоогийн Монгол Улсын Консерваторт орлоо. 2008 он. Энэ үед л би “Шинэ Мөнхбаяр” болж хувирсан. Гэхдээ энэ гүүрийг Н.Буянбаатар багш тавьж өгсөн.
Манай ангийнхан “А, Б, В” гэдэг шиг эхнээс нь сурч байхад би “Үүлэн бор”, “Жалам хар”-ыг чөлөөтэй тоглодог байлаа. Энэ үед багш маань хуурын тавил, суурийг минь эхнээс нь засаж, төлөвшүүлсэн. Ингээд онол, арга зүйг нарийвчлан сураад ах, эгч нарынхаа дээр нь гараад ирлээ. Цаашлаад, наймдугаар ангиасаа Япон, Солонгос, Хятад, Орос улсын тайзнаа тоглоод эндээ үзэгдэх нь ховордсон. Он жилүүд хөвөрсөөр бакалавраа морин хуурчаар дүүргэлээ.
Цаашлаад багшийнхаа юу хийдгийг сонирхоно. Зав чөлөөтэй үеэр нь Үндэсний урлагийн их театр дээр ирнэ. Энэ үед багш шигээ сайхан удирдаач болбол гоё санагдаад толинд өөрийгөө харахаар адилхан ч юм шиг. Ингээд удирдаачийн анхны суурь Буяа багш дээр минь тавигдаж, мэргэжлийн түвшинд Ардын жүжигчин Жамъянгийн Чулууны хүү Чинбат багшийнхаа удирдлагад магистрын зэрэг хамгаалсан.
Одоогоос арваад жилийн өмнө дэлхийн алдарт хошин дуурь “Севилийн үсчин”-ий ерөнхий удирдаачаар ажиллаж байхад ерөнхий найруулагчаар Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан гуай ажиллаж байлаа. Энэ тэргүүтэй олон сайхан түүхийг бүтээж яваадаа талархдаг.
Өдгөө Монгол Улсын Консерватор, СУИС-д үндэстний дархлаа болсон үндэсний урлагийн суурийг бэлдэж, тордож явдаг. Би Монгол Улсын Консерваторын ансамбльд багш, СУИС-ийн магистрын оюутнуудад зөвлөгөө өгөх албыг давхар хашиж байна.

-Удирдаач бүр өөрийн онцлогтой. Өөр харизмтай. Үүнтэй адил салбар салбарынхаа түүчээлэгч таны үеийнхний сэтгэлгээ, хүсэл тэмүүлэл арай өөрийг эрэлхийлэх юм?
-Оросын хөгжмийн суутнууд хичээл дээр Лениний үгнээс багш маань иш татлаа. Нэг сэтгүүлч Ленинээс “Улс орныг ямар хүн удирдах ёстой вэ” гэхэд “Маш сайн зохион байгуулалттай симфони оркестрын удирдаач шиг хүн” гэж хэлсэн байдаг.
Дэлхийн нийтэд хэдэн удирдаач байгааг би мэдэхгүй. Гэхдээ удирдаач бүр өөр өөрийн замнал, характер, боловсрол, соёлоороо манлайлаад явж байгаа. Харин миний ажигласнаар хувь удирдаачийн характер, мэдрэмжээр бүтээл амилж байсан юм.
Хэдэн жилийн өмнө “Мөнхбаяраа чи Хятад эсвэл Москва гээд яагаад гадагшаа сургуульд яваагүй юм бэ” гэж хүмүүс их асуудаг байлаа. Би 25 настай аав болсон. Гэргий минь хийлч мэргэжилтэй бүсгүй бий. Урлаг соёл гэлтгүй төрийн үйлчилгээний салбарын цалин бага гэдгийг бид мэднэ. Тиймээс хань минь өөрийн хүсэл мөрөөдлөө хойш тавьж, нягтлангаар сурч, өдгөө барилгын салбарт амжилттай ажиллаж байна. Миний найдвартай ар тал байдаг ханьдаа үргэлж талархаж явдгаа хэлье.
Миний үеийн салбартаа манлайлж буй залуусын дотор өнөө маргаашийн хоол, материаллаг зүйл чухал биш. Гэтэл нийгэм нь үүнийг шаарддаг. Эдэлж хэрэглэж буй гадаад үзэмжээр дүгнэдэг. Угтаа 10 жилийн дараах салбар минь ямар байх вэ. Үүнд хэрхэн хөрөнгө оруулах гэдэгт тэмүүлж явна. Тиймээс давс хужрыг нь тааруулж, зорилгынхоо төлөө шантралгүйгээр сөрөх хэрэгтэй.
-Монголын үндэсний урлагийн нүүр царай болсон театр маань өдгөө бие даасан барилга байгууламжгүй үйл ажиллагаа эрхэлсээр байна. Хэдийгээр театрын уран бүтээлийн цар хүрээ, хөгжлийг барилга байгууламжаар хэмжихгүй боловч Ерөнхий удирдаачийн хувьд ямар бодолтой явдагаа хуваалцаж болох уу?
-Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Засгийн газар хэд хэдэн зорилт тавин ажилласны цөөнгүй нь гүйцэтгэл өндөртэй хэрэгжсэн байна. Гэвч 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 165 дугаар тогтоолоор батлагдсан Үндэсний урлагийн их театр шинэ барилга олон хүчин зүйлийн нөлөөгөөр хойшлогдсоор өдий хүрснийг та бүхэн сошиалоос харж байгаа байх.
Монгол Улсад бие даасан барилгатай ганц театр УДБЭТ боловч энэ оны хоёрдугаар улирлаас их засварын ажилд орсон. Баянмонгол чуулга, Морин хуурын чуулга Соёлын төв өргөөний харьяа нэг барилгад байна. УДЭТ, Хүүхэлдэйн театр, ҮУИТ гээд гурван байгууллага нэг дор байрладаг. Ерөнхий удирдаач миний хувьд үүнийг шүүмжлээд суух цаг нар хомс байдаг. Уучлаарай. Гэхдээ эдгээр төрийн том байгууллагуудыг аль болох өөр өөрсдийн цаг хугацаандаа чөлөөтэй уран бүтээл хийх боломжоор хангаасай гэж хүсдэг.
Манай театр зуны гурван сар 100 өдөр тасралтгүй тоглоод байгаагийн цаад учир нь тайзны хүрэлцээ боломжит хуваарьт оршиж байна. Хэдийгээр нөхцөл байдал ийм байгаа ч 2018 оны сүүлээс эхлээд уран бүтээлч, ажилтан албан хаагчдадаа жилийнхээ орлогоос квотоор давхар урамшуулах болсон. Өөрсдийнхөө орлогоо байгууллагадаа захиран зарцуулах эрхийг төр олгосноороо уран бүтээлчдийн амьдрал ахуйд жилдээ нэг удаа ч болов дорвитой дэмжлэг үзүүлж эхэлсэн. Хэрэв зөвхөн төсвийн цалингаар амьдарна гэвэл эдгээр уран бүтээлчид хэдий нь гадагшаа гарцан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бидэнд үндэсний урлаг, алтан тайз, өв соёлоо гэсэн итгэл сэтгэл үргэлж оргилж байдаг.

-Тэгвэл хувь уран бүтээлчийнхээ тухай яриа руу эргээд оръё. Удирдаачийн шандас сорьсон хамгийн том тайз гэвэл та алийг нь нэрлэх вэ?
-Амьдралынхаа 20-оод жилийг уран бүтээлч, урлагийн хүний замналаар өнгөрүүлэхэд ОХУ-ын тайзан дээр хамгийн олон гарсан болов уу. Тухайлбал, нэг жилд найман удаа ОХУ-ыг зорьсон тохиолдол ч бий. Сард хоёр удаа явах байсан бол хугацааг нь уртасгах жишээтэй. Ингэхээр Оросын хөгжмийн соёлоос багагүй суралцсан. Цаашлаад Хятад улсын Бээжин хот дахь Сувдан театрт морин хуурын гоцлол тоглож байсан. Хэдхэн хоногийн өмнө Солонгосын Үндэсний театр, Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, “Монголын сайхан орон” тоглолтоо хоёр удаа бүрэн эхээр нь толилуулаад ирлээ. Түүнчлэн Франц улсад ЮНЕСКО-гийн концертын танхимд морин хуурчаараа тоглож байлаа.
2022 онд Казахстан улсын нийслэл Астана хотын Дуурийн театрын ерөнхий удирдаачийн урилгаар гурван сарын хугацаанд мастер курст нь суралцсан. Харин дахин Астанаг зорихдоо хоёр жилд нэг удаа болдог “The Vienna classics festival”-ыг 2023 онд монгол хүн цаашлаад анхны ази хүн нээсэн нь мөхөс миний бие байсан. Үүний дараа хэд хэдэн удаа урилгаар үндэсний найрал болон симфони оркестртой нь ажилласан.
Дуурь эсвэл балетынханд Италийн Ла Скала алдарын оргил бол хөгжмийн салбарынханд Венийн Алтан тайз, Берлиний филармони, Америкийн Карнеги-холл шилдэг юм. Гэтэл 2024 онд Берлиний филармонид Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох завшаан тохиосон. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, эв нэгдэл, аюулгүй байдал, стратегийн баталгаа болж, дан хөгжмийн концертоор Европыг байлдан дагуулсан гэж болно. Бид ирсэн дараагаа Европын сонин сэтгүүлээр гарсан нийтлэлүүдийг уншиж байтал нэг шүүмж их анхаарал татсан. Тодруулбал, Венийн алдартай сэтгүүлийн сэтгүүлч бүсгүй “Тоглолтын эхний хэсэг их сүрлэг байлаа. Яагаад ч европ хүмүүсийн зүрхэнд айдас төрүүлэм мэдрэмж төрүүллээ” гэсэн нь тэднийг дэлхийн түүхээ мэддэггийг илтгэнэ. XIII, XIV зууны үеийн Монголын эзэнт гүрний байлдан дагуулал, морин төвөргөөн XXI зуунд дахин хөгжмийн урсгалаар дахин тэр мэдрэмжийг авч, тухгүй байлаа гэх шүүмж их таалагдсан.
Бид Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров гуайн “Хүслийн төвөргөөн” аялгуугаар тоглолтоо эхлүүлсэн. Энэ сүрлэг аянд европ хүмүүсийн зүрх тэсээгүй юм билээ. Өмнө нь 1983 онд Орост болох Монголын соёлын өдрүүдээр Большой театрт Улсын ардын дуу бүжгийн чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож байсан түүхтэй. Түүнээс хойш Европын холбооны энэ том филармонийн тайзан дээр их найрал бүрэн бүрэлдэхүүнээрээ гарсан нь том мессеж өгсөн.
Европчууд Монголын язгуур урлагийг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн биелгээ, хөөмий, морин хуур, уран нугаралт, “The Hu”, “Эгшиглэн”, “Хөх Монгол” зэрэг хамтлагаар мэддэг байсан бол өөсрдийнх нь олон зуун жилийн түүхт симфони оркестр шиг болоод ирэхээр үсрэнгүй хөгжлийг гайхаж байгаа юм.

-Ид өрнөл дээрээ яваа таны уран бүтээлийн замналд улам сайхан түүхүүд бичигдэх байх. Харин дээр дурдсан 20-оод жилийн урлагийн замналаа аль нэг симфонитой зүйрлээч гэвэл?
-Аав ээж хоёр намайг ямар газар аваад ирэв ээ. Гадаа гараад ганцхан цаг тоглож болохгүй юм уу гээд уйлаад хөгжмөө давтаж суусан өдөр хоногууд олон. Өдий хүртэлх зам мөр дардан байсан гэж би хэлэхгүй. Гэхдээ шантраад цугтмаар тэр мэдрэмж, дурсамжийг нэг л тоглолтын дараах үзэгчдийн халуун алга ташилт алга болгодог нь сайхан.
Хөгжим бүжгийн коллеж руу хуураа үүрээд орж байсан хүүгээс Үндэсний урлагийн их театрын Ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Мөнхбаяр гэдэг хүртэлх амьдралаа Людвиг ван Бетховены Есдүгээр симфонитой зүйрлэнэ.
Залуу байхад хүн урагшаа л тэмүүлж, урдах замаа л хардаг юм байна. Буурлууд “Гишгэсэн мөрөө эргээд нэг хараарай” гэдэг дээ. Магадгүй энэ симфонийг сонсоод өнөөдрийг хүртэлх өөрийнхөө амьдралыг ч эргэцүүлж нэг бодоод өнгөрсөнд үлдээсэн толбоо залуу байгаа дээрээ анагааж, цайруулах хэрэгтэй юм шиг санагддаг.
-Хийж бүтээх урам зориг, хүсэл тэмүүлэл, ур чадвар дүүрэн уран бүтээлийн замналд нь амжилт хүсээд ярилцлагынхаа төгсгөлийг нээлттэй үлдээе.
-Та бүхэнд маш их баярлалаа. Ижий аавдаа маш их хайртай. Та хоёртоо үргэлж баярлаж талархдаг. Хүүгийн дайтай хүү байх гээд хичээж л явна. Би айлын ганц хүү. Дээрээ ганц эгчтэй. Эгч маань Ховд аймгийн бэр, таван сайхан хүүхэд төрүүлсэн өнөр өтгөн айлын эзэгтэй. Хүргэн ах маань бас морин хуурч.
Бас ханьдаа, хөөрхөн хүүдээ хайртай. Эрдэмтэн мэргэд багш нар, ажлын хамт олон, найз нөхөд, Төв нутгийн зон олондоо баярлалаа. Мөн алган дээрээ бөмбөрүүлж өсгөсөн өвөө эмээ нарыгаа бурхан шиг дээдэлж, сэтгэлдээ баринтаглаж явна аа.
Үндэсний урлаг үндэстний оршин тогтнох дархлаа юм. Тиймээс үндэсний дээл, соёл урлаг, өв соёлоо дээдэлж, үүх түүхээ мэдэж явах нь таны цаашдын амьдралд том үүрэг, гүүр болно шүү. Нэртэй, нутагтай байгаад монгол хүн болчихгүй. Монгол танаас өөрөөс тань эхэлнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 180 (7922)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn