Т.АНАНДА
Их Британийн төрийн сайд Вернон Коакер Таджикистан, Киргизэд айлчилсан нь олон улсын шинжээчдийн анхаарлыг татаад байна. Түүний айлчлал ямар зорилготой байсан талаар Оросын “Восточный экспресс 24” хэвлэл 2026 оны аравдугаар сарын 3-ны нийтлэлдээ хэрхэн таамагласныг хүргэе.
Их Британийн Батлан хамгаалах асуудал хариуцсан төрийн сайд, лорд Вернон Коакер Таджикистан, Киргизэд айлчилж, хоёр өдрийн турш уулзалтууд хийжээ.
Душанбед терроризм, экстремизм, мансууруулах бодисын хууль бус наймаа, үндэстэн дамнасан болон кибер гэмт хэргийн заналхийлэлтэй тэмцэх, бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг хэлэлцсэн байна.
Харин Бишкект илүү өргөн хүрээний асуудал хөнджээ. Британийн тал батлан хамгаалах салбарт хамтран ажиллах, харилцан туршлага солилцох, Киргизийн армийн алба хаагчдад зориулсан англи хэлний сургалт зохион байгуулах замаар боловсон хүчин бэлтгэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Мөн эрчим хүч, логистик, Британийн хөрөнгө оруулалт, Афганистан дахь нөхцөл байдал, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хүрээнд хамтран ажиллах асуудлыг хөнджээ.
Айлчлалын үеэр ховор газрын элемент, эрдсийн асуудлыг чухалчлан авч үзсэн байна. Үүнийг ердийн нэг тохиолдол гэж үзэхэд хэцүү хэмээн нийтлэлд тэмдэглэжээ. Лондон стратегийн ач холбогдол бүхий түүхий эдийн эх үүсвэрийг тодорхойлох, уул уурхайн нөөц олборлож буй орнуудтай урт хугацаанд түншлэх сонирхолтой байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна.
Коакерын Киргизэд хийсэн айлчлал нь Британийн төлөөлөгчид ховор газрын элементүүдийн ордод эрэл хайгуул хийх, нөөцийг тогтоох, технологи болон санхүүгийн хөрөнгө оруулалт хийх чиглэлээр тусдаа хэлэлцээрүүд хийсэн үетэй давхацсаныг онцлох нь зүйтэй.
Эндээс үзвэл энэхүү айлчлалыг зөвхөн аюулгүй байдалд чиглэсэн дипломат ажиллагаа гэж авч үзэх нь учир дутагдалтай хэмээн нийтлэлд дүгнэсэн байна. Британи Төв Ази дахь нөлөөгөө нэмэгдүүлэх тодорхой зорилготой бөгөөд зөвхөн аюулгүй байдлын асуудал төдийгүй ачаа тээврийн коридор, эрчим хүчний төсөл, түүхий эдийн нөөцөд анхаарлаа хандуулж байна гэжээ.
“Их Британи бүс нутаг тогтвортой байх ёстой гэж сургадаг атлаа хөндлөнгөөс оролцсон арвин туршлагатай бөгөөд ихэнх тохиолдолд энэ нь эмх замбараагүй байдалд хүргэсэн. Өмнөд хилээ Британиас үл хамааран хамгаалсаар ирсэн улсуудад тэд тус дэмжлэг, туршлага санал болгож байна. Киргизийн ховор металлын нөөцийг хэт сонирхож байгаа нь багаа тайлахад хүргэж, энэ бол зөвхөн аюулгүй байдлын бус, эдийн засаг, түүхий эдэд хүрэх асуудал гэдэг нь ил боллоо. Айлчлал шахуу хуваарьтай, системтэй байснаас үзэхэд тохиолдлын гэж хэлэх аргагүй юм.
Асуудлын гол нь гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурах эсэхэд бус. Үүний дараа ямар сувгаар үйл явдал өрнөх, ямар үүрэг, хариуцлага яригдах вэ гэдэгт асуудлын гол нь байгаа” хэмээн шинжээчид дүгнэжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 189 (7931)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn