“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид,шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц,боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа “Оптимал Эн Макс” ХХК-ийн Сэтгэлзүйн үйлчилгээ, судалгааны хэлтсийн захирал Ундрахжаргалыг урьж, Монгол хүний сайн сайхан байдлын цогц судалгаа болон үр дүнд тулгуурлан боловсруулж буй шийдэл санааны талаар ярилцлаа.
“Судалгаанд 18-аас дээш насны 5000 гаруй иргэнийг хамруулсан”
-“Оптимал Эн Макс” ХХК инновациар дамжуулан сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх зорилготойгоор 2018 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Бид сэтгэл зүйд суурилсан зургаан төрлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Өмнө нь 2022 онд “Өсвөр үеийнхний сэтгэл зүйн байдал, зан үйлийн судалгаа”, 2025 онд “Монгол ажилтнуудын сэтгэл зүйн сайн сайхан байдлын судалгаа”-г хийсэн. Харин энэ удаагийн “Монгол хүний сайн сайхан байдлын цогц судалгаа”-г 2025 оноос эхлүүлж, хүний сайн сайхан байдлыг найман хүчин зүйлийн хүрээнд тодорхойлохыг зорьсон.
Хүний сайн сайхан байдлыг зөвхөн орлого, эд хөрөнгө, эрүүл мэндээр хэмжих боломжгүй. Сэтгэл зүй, нийгмийн харилцаа, санхүү, бие махбод, ажил хөдөлмөр, цахим хэрэглээ, хүрээлэн буй орчин гээд амьдралын олон хүчин зүйл хоорондоо уялдаж байдаг. Тиймээс эдгээрийг цогцоор нь судалж, монгол хүний сайн сайхан байдал ямар түвшинд байгааг тодорхойлох, анхаарал хандуулах шаардлагатай асуудлуудыг илрүүлэх хэрэгцээ байсан.
Судалгаанд Улаанбаатар хот, Баруун, Зүүн, Хангайн, Төвийн бүс болон гадаадад амьдарч буй 18-аас дээш насны 5000 гаруй иргэнийг хамруулсан. Түүврийн бүтцийг хүн амын нас, хүйс, бүс нутгийн бүтцэд нийцүүлэн тооцож, мэдээллээ цахим болон цаасан хэлбэрээр цуглуулсан. Ингээд асуулгыг салбар бүрийн эрдэмтэн, мэргэжилтнүүдээр хянуулан, МУИС-ийн Судалгааны ажлын ёс зүйн хороогоор баталгаажуулсан.
“Сайн сайхан байдалд эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал чухал нөлөөг үзүүлж байна”

-Судалгааны үр дүнгээр сайн сайхан байдлын найман хүчин зүйлийг нэгтгэн үзэхэд оролцогчдын 30.6 хувь нь сайн, 45.7 хувь нь дунд, 23.6 хувь нь сул түвшинд үнэлэгдсэн. Өөрөөр хэлбэл, оролцогчдын бараг тал нь дунд түвшинд байгаа бол дөрөвний нэг орчим нь сайн сайхан байдал сул гэж үнэлжээ. Энэ нь монголчуудын амьдралын чанарыг сайжруулахад анхаарах шаардлагатай олон асуудал байгааг харуулж байна.
Найман хүчин зүйлээс ажил хөдөлмөрийн сайн сайхан байдал харьцангуй өндөр үзүүлэлттэй гарсан. Хөдөлмөр эрхэлж буй арван хүн тутмын зургаа буюу 59.9 хувь нь ажил хөдөлмөрийн сайн сайхан байдлаа сайн түвшинд гэж үнэлсэн. Харин санхүүгийн сайн сайхан байдал хамгийн их анхаарал татахуйц үзүүлэлтүүдийн нэг байлаа. Оролцогчдын ердөө 13.5 хувь нь санхүүгийн сайн сайхан байдал сайн түвшинд байгаа гэж хариулсан. Санхүүгийн нөхцөл байдал нь хүний амьдралын бусад талд ч нөлөөлдөг. Амьдралын наад захын хэрэгцээгээ хангах, хүрэлцээтэй орлоготой байх, хуримтлал үүсгэх, өр зээлийн дарамтгүй амьдрах боломж хязгаарлагдмал байгааг судалгаанд оролцогчид онцолсон. Мөн хөдөлмөр эрхлэлт, орлого, хадгаламж, өр зээл зэрэг санхүүгийн үзүүлэлтүүд хүний сэтгэл зүй, бие махбод болон бусад сайн сайхан байдлын хүчин зүйлтэй чухал хамааралтай байгааг тогтоосон. Ерөнхийдөө сайн сайхан байдлын найман хүчин зүйл бүгд хоорондоо эерэг хамааралтай гарсан нь нэг чиглэлийн нөхцөл сайжрахад бусад талд ч эерэг өөрчлөлт гарах боломжтойг харуулж байгаа юм.
Монголчуудын сайн сайхан байдлын түвшинд нөлөөлж буй хамгийн чухал хүчин зүйлийг тодруулахад эдийн засаг 37.9 хувь болон улс төр 26.1 хувь давамгайлж байна. Эдийн засгийн хувьд иргэд амьдралын наад захын хэрэгцээгээ хангах, хүрэлцээтэй орлоготой байх, эдийн засгийн дарамтгүй амьдрах боломж нөхцөл хязгаарлагдмал байгааг илэрхийлсэн. Харин улс төрийн хүрээнд төрийн бодлого, хууль хэрэгжилт, авлига, шударга бус байдал, улс төрийн тогтворгүй байдлыг сайн сайхан байдалд нөлөөлж буй чухал хүчин зүйл гэж үзсэн.
Эндээс хүний сайн сайхан байдал зөвхөн хувь хүний хичээл зүтгэл, сонголтоос хамаардаггүй нь харагдаж байна. Иргэн өөрийн амьдралыг сайжруулахын тулд хичээж болох ч эдийн засгийн нөхцөл байдал, нийгмийн орчин, төрийн бодлого зэрэг хүчин зүйл түүний боломжид нөлөөлдөг. Тиймээс сайн сайхан байдлыг нэмэгдүүлэхийн тулд хувь хүнээс гадна байгууллага, нийгэм, төрийн түвшинд анхаарах шаардлагатай.
Хүрээлэн буй орчны сайн сайхан байдал ч мөн анхаарал татсан. Судалгаанд оролцогчдын 44.8 хувь нь амьдарч буй орчин нөхцөл эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг гэж үзсэн бол арван хүн тутмын зургаа нь байгаль орчны асуудалд ихээхэн санаа зовдог байна. Гэхдээ арван хүн тутмын ес нь орчноо сайжруулахад өөрөө хувь нэмэр оруулж чадна гэдэгтээ итгэлтэй байжээ. Энэ нь иргэдэд байгаль орчны асуудалд санаа зовнихын зэрэгцээ өөрчлөлтөд оролцох итгэл байгааг харуулж байна.
“Бодлого боловсруулагчид, хувь хүн ба гэр бүл, байгууллагын ажилтнуудад чиглэсэн зөвлөмж боловсруулсан”
-Цахим хэрэглээний тухайд нийт хэдэн цагийг цахим орчинд өнгөрүүлж байгаагаас гадна ямар зорилгоор, хэрхэн ашиглаж байгаа нь чухал байна. Тухайлбал, сошиал медиа гүйлгэх, бичлэг үзэх зэрэг хувийн хэрэглээнд зарцуулсан цаг нэмэгдэх тусам сайн сайхан байдал буурах хандлага ажиглагдсан. Иймээс цахим хэрэглээг зөвхөн хугацаагаар хэмжих бус, хэрэглээний зорилго, дадал, хүний өдөр тутмын амьдралд үзүүлж буй нөлөөг хамтад нь авч үзэх шаардлагатай.
Судалгаанд оролцогчид өөрийн амьдралыг дунд болон сайн түвшинд үнэлэх хандлагатай байсан ч Монгол Улсын хэмжээнд сайн сайхан байдлыг сул гэж тодорхойлох хандлага ажиглагдсан. Нийгмийн сайн сайхан байдлын хүрээнд нийгмийн нэг хэсэг гэдгээ мэдрэх үзүүлэлт харьцангуй өндөр байсан бол нийгмийн хөгжилд итгэх итгэл хамгийн сул байна. Энэ нь хувь хүний амьдралын үнэлэмж болон нийгмийн ерөнхий нөхцөл байдалд өгч буй үнэлгээ хоорондоо ялгаатай байж болохыг харуулж байна.
Бид судалгааны үр дүнд тулгуурлан бодлого боловсруулагчид, хувь хүн ба гэр бүл, байгууллагын ажилтнуудад чиглэсэн гурван төрлийн зөвлөмж боловсруулсан. Бодлого боловсруулагчдын түвшинд сайн сайхан байдлыг дэмжсэн үндэсний хэмжээний бодлоготой болох, салбар бүрд сайн сайхан байдлыг тогтмол хэмжиж, өөрчлөлтийг үнэлдэг тогтолцоо бүрдүүлэх, үндэсний хэмжээний сайн сайхан байдлын индекс бий болгохыг зөвлөж байгаа.
Хувь хүн, гэр бүлийн түвшинд санхүүгийн мэдлэгээ нэмэгдүүлэх, орлогоо зөв зохистой зарцуулах, зарлагаа бүртгэх, хуримтлал үүсгэх дадлыг төлөвшүүлэх нь чухал. Харин байгууллагын хувьд ажилтнуудын сайн сайхан байдлыг зөвхөн ажлын бүтээмжээр хэмжихгүй, сэтгэл зүй, санхүүгийн тогтвортой байдал, ажлын орчин, нийгмийн харилцаа зэрэг хүчин зүйлийг харгалзан үзэх шаардлагатай. Ажилтны сайн сайхан байдал нь тухайн хүний амьдралын чанараас гадна байгууллагын тогтвортой хөгжилтэй холбоотой.
“Well-Being Mongolia Forum 2026”-аар монгол хүний сайн сайхан байдлын өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал, шийдлүүдийг хэлэлцэнэ”
-Энэ судалгааны хамгийн чухал ач холбогдол нь монгол хүний сайн сайхан байдлыг хэмжих суурь мэдээлэл бүрдүүлсэн явдал юм. Цаашид сайн сайхан байдлыг тогтмол хэмжиж, судалгааны үр дүнг харьцуулснаар иргэдийн амьдралын чанарт ямар ахиц, өөрчлөлт гарч байгааг тодорхойлох боломжтой. Мөн бодлого боловсруулагчид, байгууллага, хувь хүн судалгааны үр дүнг ашиглан өөр өөрийн түвшинд хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдлээ тодорхойлох боломж бүрдэнэ.
Энэ удаагийн судалгааг манай байгууллага өөрийн хөрөнгө оруулалтаар 100 хувь санхүүжүүлэн хийсэн нь онцлог. Бид судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулахаас гадна бодлого боловсруулагчид болон холбогдох байгууллагуудад хүргэж, нотолгоонд суурилсан шийдэл боловсруулахад ашиглуулахыг зорьж байна. Энэ хүрээнд “Well-Being Mongolia Forum 2026”-ыг аравдугаар сарын 13-нд зохион байгуулж, Монгол хүний сайн сайхан байдлын өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлж болох шийдлүүдийг хэлэлцэнэ.
Монгол хүний сайн сайхан байдлыг нэмэгдүүлэхийн тулд эхлээд нөхцөл байдлаа бодитоор хэмжиж, асуудлаа тодорхойлох шаардлагатай. Үүний дараа судалгаанд суурилсан шийдэл гаргаж, хэрэгжилтийг тогтмол үнэлдэг байх нь чухал. Судалгаа, инноваци, салбар хоорондын хамтын ажиллагаагаар дамжуулан монгол хүний сайн сайхан байдлыг дэмжих бодит шийдлүүдийг хөгжүүлж, амьдралын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулахыг зорьж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 192 (7934)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn