Ч.БЯМБАХАЖИД
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид,шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц,боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Эрүүл мэндийн яамны Уламжлалтын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн Б.Ганчулууныг урьж ярилцлаа.
“Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн нэг жилийн хэрэгжилтийг 2027 онд дүгнэнэ”
БЛИЦ:
Боловсрол:
2016-2018 онд Удирдлагын академийг Төрийн удирдлага мэргэжлээр төгссөн.
2016-2018 онд Оточ Манрамба их сургууль Хүний их эмч магистр
2005-2010 онд Оточ Манрамба их сургууль Хүний их эмч
-2025 оноос Эрүүл мэндийн яамны дэргэдэх Уламжлалт анагаах ухааны салбар зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Уламжлалт анагаах ухааны салбар зөвлөл 15 гишүүнтэй. Эрүүл мэндийн яамнаас журам, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, хуульд өөрчлөлт оруулах зэрэгт салбар зөвлөлийн хурлыг зарладаг. Тухайлбал, хуульд өөрчлөлт оруулахад гишүүд тухайн асуудалтай урьдчилан танилцаж, зүйл, заалтыг хэрхэн тусгах, ямар зохицуулалт шаардлагатай талаар мэргэжлийн санал өгч, хэлэлцэн шийдвэрлэдэг.
-Ерөнхийлөгч 2026 оны нэгдүгээр сарын 16-нд уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргасан. Ерөнхийлөгч ийм зарлиг гаргасан нь маш том алхам. Зарлигийг хэрэгжүүлэх үүргийг Засгийн газар, холбогдох яамд хүлээнэ. Зарлиг зургаан үндсэн зорилттой бөгөөд тэдгээрийг хэрэгжүүлэх 36 үйл ажиллагааны төлөвлөгөө гарсан. Хариуцах байгууллага, эзэн нь тодорхой болсон. Тиймээс 2027 оны нэгдүгээр сарын 16-нд нэг жилийн хэрэгжилтийг эргэн дүгнэж, амжилттай хэрэгжсэн ажил болон хэрэгжээгүй ажлууд, яагаад удааширсан гэдгийг харах боломжтой. Зарлигт эрх зүйн зохицуулалт, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, тусламж үйлчилгээний нийцлийг тогтоох, хүний нөөц, сургалт, эрдэм шинжилгээ, инновацыг хөгжүүлэх, эмийн үйлдвэрлэл болон эмийн ургамлыг тарималжуулах, иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг нэмэгдүүлэх, хэрэгжилтийн хяналтыг сайжруулах зэрэг асуудлыг тусгасан. Үүнээс өмнө 1999 онд уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх бодлого гарч байсан. Харин 1990-ээд оноос Эрүүл мэндийн яаманд уламжлалт анагаах ухааны асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллаж, бодлого боловсруулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх ажил эхэлсэн байдаг. Үүнээс ч өмнө буюу 1970-аад оны үед Ардын эмнэлгийн хүрээлэн байгуулагдаж, уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ, эмийн ургамлын судалгааны ажлууд хийгдэж эхэлсэн. Түүхэн талаас нь авч үзвэл Монголын уламжлалт анагаах ухаан Чингис хааны үеэс ч өмнө үүссэн байдаг. Бүр 5000 жилийн түүхтэй гэж үздэг. Уламжлалт анагаах ухаан зөвхөн Монголд байдаг зүйл биш. Энэтхэг болон Азийн олон оронд өөр өөрийн уламжлалт анагаах ухаан бий. Ургамал, хүний бие махбодын онцлогийг олон мянган жилийн турш судалж, ямар ургамал хортой, ямар өвчний үед хэрхэн хэрэглэхийг танин мэдэж ирсэн ухаан юм. ДЭМБ-аас ч уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх 2025–2033 оны стратегийг баталсан. Уламжлалт анагаах ухааны тогтолцоотой 100 орчим улс байдгаас тодорхой бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөтэй цөөн орны нэг нь Монгол Улс. Харин Хятад улс гэхэд уламжлалт анагаах ухааны бие даасан хуультай. Манай улсын хувьд ч Ерөнхийлөгчийн зарлигт уламжлалт анагаах ухааны эрх зүйн орчныг боловсронгуй болгож, бие даасан хуультай болох зорилтыг дэвшүүлсэн.
“Эрүүл мэндийн даатгалын санхүүжилттэй холбоотойгоор улсын эмнэлгүүд уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг хумих тохиолдол гарч байна”

-1999 оноос уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар бодлого баталсан ч түүнийг дагаж хэрэгжих төлөвлөгөө, хөтөлбөр, санхүүжилт ямар байсан бэ гэдгийг эргээд харах шаардлагатай. 1999–2025 оны хооронд хэрэгжүүлсэн ажлуудыг харвал зарим үед төлөвлөгөө баталсан ч тайлан байхгүй. Зарим төлөвлөгөөнд санхүүжилт тусгаагүй байна. Санхүүжилт шаардлагатай ажилд төсөв тавихгүй бол хэрэгжих боломжгүй. Мөн тайлангуудыг харахад хэмжиж болохуйц үзүүлэлт, шалгуур, үр дүнгийн тооцоо хангалтгүй байна. Зарим тохиолдолд өөр тусламж, үйлчилгээний хүрээнд хийсэн ажлыг уламжлалт анагаах ухааны ажлын тайлан болгон оруулсан асуудал ч бий. Гэхдээ энэ хугацаанд хийсэн бодит ажил олон. Өнөөдөр Монголд уламжлалт эмийн тав, зургаан үйлдвэр байна. Уламжлалт анагаах ухааны эмчээр боловсон хүчин хангалттай бэлтгэгдэж байна. Улсын болон хувийн эмнэлгүүд уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Харин тулгамдаж байгаа нэг асуудал нь санхүүжилт. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн өөрчлөлттэй холбоотойгоор улсын эмнэлгүүд уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг хумих тохиолдол гарч байна. Өмнө нь 10, 20 ортой тасгаар үйлчилгээ үзүүлдэг байсан бол санхүүжилт бага учраас эмнэлэг өндөр санхүүжилттэй тусламж, үйлчилгээний ороо нэмэгдүүлж, уламжлалтын орыг цөөлөх нөхцөл үүсдэг. Өмнө нь тасагт хэд хэдэн эмч, сувилагч багаар ажилладаг байсан бол амбулаторийн түвшинд шилжихэд нэг эмч, нэг сувилагч үлдэх жишээтэй.Тиймээс Ерөнхийлөгчийн зарлигт бүтэц, орон тоо, эрх зүйн орчныг зохистой болгох асуудлыг онцолсон.
Мөн уламжлалт анагаах ухааны салбарт нэг том асуудал бий. Монгол Улсын хэмжээнд уламжлалт анагаах ухааны эмнэлгүүд яг ямар өвчнийг, хэр хэмжээнд эмчилж байгаа талаарх нэгдсэн тоо, мэдээлэл хангалтгүй байна. Салбар зөвлөлийн хамгийн түрүүнд анхаарсан асуудлын нэг нь оношийн код юм. Оношийн код өмнө нь байсан ч хэрэглэхэд ойлгомжгүй зүйл эмч нарт тулгардаг байсан. Тиймээс илүү ойлгомжтой болгох ажил хийсэн. Өвчнийг зөв оношилсны дараа эмчилгээ эхлэх ёстой. Тиймээс зөв онош тавих тогтолцоог тодорхой болгох нь эхний алхам. Дараагийнх нь эрүүл мэндийн салбарын анхан шатны бүртгэл, маягтын асуудал. Анхан шатны маягтуудаар улсын хэмжээнд мэдээлэл нэгтгэгдэж, тайлан гардаг. Тиймээс эдгээр маягтад шаардлагатай өөрчлөлт оруулах саналыг өгч, батлуулсан. Эмч нар анхан шатны маягтаа зөв хөтөлж, оношийн кодоо зөв тавьдаг бол тайлан зөв гарна. Тайлан зөв гарвал улсын хэмжээнд боловсруулах бодлого ч бодит мэдээлэлд тулгуурлана. Бүртгэл сайн байж хяналт сайжирна. Үүнтэй зэрэгцээд эмч бэлтгэж буй сургуулиудын сургалтын чанар, төгсөгчдийн оношлох, эмчлэх ур чадварын асуудал ч яригдана.
“Уламжлалтын тусламж, үйлчилгээний талаар дата мэдээллийг нэгтгэхэд хүндрэлтэй хэвээр байна”
-ДЭМБ-ын үнэлгээгээр Монгол Улсад уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний хэрэгцээ байгааг харуулсан. Иргэд ч энэ төрлийн үйлчилгээг авах сонирхолтой. Энэ нь монголчуудын өв соёл, уламжлалтай холбоотой. Түүнчлэн уламжлалт анагаах ухааны хэрэгцээ шаардлага бодит амьдрал дээр ч харагдсан. Ковид, түүнээс өмнөх гахайн томуу, SARS зэрэг халдварт өвчний үед уламжлалт арга, эмчилгээ, эм, засал, зүү зэрэг аргыг хэрэглэж ирсэн.
ДЭМБ-аас сүүлийн үед “Хүн төвтэй тусламж, үйлчилгээ” гэдэг ойлголтыг их ярьж байна. Энэ нь тухайн өвчтөнийг зөвхөн шинжилгээний хариугаар харах бус сэтгэл зүйн байдал, амьдралын хэв маяг, дадал зуршил, бие махбодын онцлогтой нь хамтатган үнэлэх тухай ойлголт. Уламжлалт анагаах ухаан энэ зарчимтай ихээхэн нийцдэг. Тухайн хүний бие махбодыг үзэж, тэмтэрч, амьдралын хэв маягтай нь уялдуулан үнэлдэг. Өнөөдөр технологийн хөгжилтэй холбоотойгоор эмнэлгийн тусламж, үйлчилгээ шинжилгээний хариуд ихээхэн түшиглэх болсон. Гэтэл шинжилгээнд өөрчлөлт гараагүй ч тухайн хүнд зовуурь байж болно.
-1990 оноос хойших салбарын хөгжлийг харвал бид хамгийн түрүүнд хүний нөөцөө бэлтгэж чадсан. Уламжлалт анагаах ухааны эмч нарыг олноор бэлтгэсэн. Судалгаа, шинжилгээний ажил ч сайн хийгдэж байна. Уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажилладаг эрдэмтэн, доктор, профессор олон. Олон улсын өндөр үзүүлэлттэй эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлж байгаа судлаачид ч бий. Судалгаа, хүний нөөц, эм үйлдвэрлэл, эмнэлгийн тусламж, үйлчилгээ гээд суурь бүтэц бий болсон. Иргэдэд ч уламжлалт анагаах ухааны үйлчилгээ таалагддаг. Гэхдээ бид энэ үйлчилгээг улсын хэмжээнд тоон мэдээллээр нотолж чадахгүй байна. Зарим эмнэлэг тодорхой өвчний эмчилгээний үр дүнгээ нотолгоожуулж, баримтжуулж байгаа. Харин улсын хэмжээнд бодлого боловсруулах хэмжээний дата мэдээллийг нэгтгэхэд хүндрэлтэй хэвээр байна.
Монголд уламжлалт анагаах ухаан анхнаасаа байсан учраас бид төдийлөн тоохгүй байх талтай. Харин Европын орнуудад уламжлалт анагаах ухааныг шинэ, сонирхолтой зүйл мэт хүлээн авч, судалж, хөгжүүлэх сонирхол нэмэгдэж байна. Манай бодлого боловсруулагчдын хувьд ч Европын анагаах ухааныг илүү сонирхож, тэр чиглэлд анхаарах хандлага байсан. Харин ДЭМБ болон Ерөнхийлөгчийн зарлигт уламжлалт анагаах ухааныг орчин үеийн шинжлэх ухаанд суурилсан анагаах ухаантай нийцүүлэх асуудлыг онцолж байна. Өөрөөр хэлбэл, уламжлалт анагаах ухааны онош, эмчилгээ орчин үеийн анагаах ухааны ямар онош, өвчинтэй дүйж байна вэ, ямар өвчнийг уламжлалт аргаар эмчилж болох вэ гэдгийг нотолгоонд тулгуурлан тогтоох хэрэгтэй.
“Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээнд зарцуулсан мөнгөний тодорхой хэсэг дотооддоо үлдэх боломжтой”
-Хүмүүсийн хувьд нэг хэсэг нь уламжлалт анагаах ухааныг өв соёл гэдэг утгаар нь хадгалах ёстой гэж үздэг. Жишээлбэл, уламжлалт эмийн савлагаа, танг найруулах арга хүртэл өв соёлын нэг хэсэг. Нөгөө талаас технологижуулах шаардлага бий. Жишээ нь эм, танг капсул хэлбэрт оруулах нь авч явах, хэрэглэхэд хялбар болно. Дотоодод хэрэглээг нэмэгдүүлж, цаашдаа экспортлохын тулд технологийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай. Экспортод гаргана гэдэг нь тухайн эм ямар өвчинд үр дүнтэйг нотолж, олон улсын шаардлага хангах тухай асуудал. Үүний зэрэгцээ дотоодын үйлдвэрлэлээ хэрхэн дэмжих тухай асуудал гарч ирнэ. Өмнөх хөтөлбөрүүдэд уламжлалт анагаах ухааны экспортыг дэмжинэ гэж тусгасан ч яг ямар хэлбэрээр дэмжсэн, үр дүнг нь хэрхэн хэмжих нь тодорхой бус байсан. Тиймээс бодлого, хөтөлбөрөө хэмжиж болохуйц үзүүлэлттэй болгох шаардлагатай.
Орчин үеийн анагаах ухааны тусламж, үйлчилгээний хувьд тариур, эмнэлгийн хэрэгсэл, эмийн тодорхой хэсэг импортоор орж ирдэг учраас өртөг өндөр гарах тохиолдол бий. Харин уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээнд зарцуулсан мөнгөний тодорхой хэсэг дотооддоо үлдэх боломжтой. Эмч нь монгол хүн, эмийн ургамал, шар тос, сүү зэрэг бүтээгдэхүүний тодорхой хэсэг дотоодоос хангагдана. Тиймээс урт хугацаандаа аль тусламж, үйлчилгээг ямар хэмжээнд санхүүжүүлж, дэмжихийг бодлогоор харах шаардлагатай.
“Салангид зохицуулагдаж байгаа асуудлыг нэг хуульд зангидах үзэл санаа яригдаж байгаа”
-Өмнөх судалгаагаар уламжлалт эмэнд ашигладаг ургамлын 30 орчим хувь нь Монголд ургадаг, 70 орчим хувийг импортоор авдаг гэж байсан. Хэрэв Монголын уламжлалт эмийн үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ экспортолж эхэлбэл GMP зэрэг олон улсын шаардлагыг хангах хэрэгтэй. Үйлдвэр GMP шаардлага хангана гэдэг нь бүтээгдэхүүнээ тасралтгүй үйлдвэрлэх нөхцөл бүрдүүлэх ёстой гэсэн үг. Тэгэхээр түүхий эдийн нөөц хангалттай байх шаардлага гарна. Эмийн ургамлыг замбараагүй түүх нь байгалийн нөөцийг багасгана. Ургамлыг түүх цаг хугацаа, аргачлал гэж бий. Нөөц багасвал үйлдвэрлэл тогтвортой үргэлжлэх боломжгүй. Тиймээс тарималжуулах асуудал зайлшгүй хөндөгдөж байна. Өнөөдөр уламжлалт анагаах ухаан Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиудаар зохицуулагддаг. Гэхдээ эдгээр хуульд уламжлалт анагаах ухааны талаарх заалтууд харьцангуй цөөн орсон байдаг. Харин Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд арай дэлгэрэнгүй туссан. Тиймээс олон хуулиар салангид зохицуулагдаж байгаа асуудлыг нэг хуульд зангидах үзэл санаа яригдаж байгаа. Хятад улс энэ чиглэлээр бие даасан хуультай.
“Алтан тун арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулна”
Би "Тэжээхүйн ухаан” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Манай ТББ анх Оточ Манрамба их сургуулийн төгсөгчдөд чиглэсэн үйл ажиллагаа явуулах зорилготойгоор байгуулагдаж байсан. Үйл ажиллагаа нь өргөжихийн хэрээр улсын хэмжээнд уламжлалт анагаах ухааны эмч нарыг чадавхжуулах, бусад сургууль төгссөн эмч нарт сургалт зохион байгуулах болсон. Иймд манай байгууллага иргэдэд уламжлалт анагаах ухааны талаар танилцуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх, мөн эмч мэргэжилтнүүдэд туршлагаа хуваалцах боломж олгох зорилгоор “Алтан тун” гэх арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Энэ жил гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. “Алтан тун” арга хэмжээг аравдугаар сарын 10-нд Яармаг дахь Нараба институтэд зохион байгуулна. Өглөө 08:30 цагаас бүртгэл эхэлж, 09:30 цагаас илтгэлүүд эхэлнэ. Үзлэг, танилцуулга зэрэг үйл ажиллагаа өдрийн турш зэрэгцэн үргэлжилнэ. Өглөөний хэсэгт эмч нарт зориулсан илтгэлүүд явах бөгөөд иргэд ч сонсох боломжтой. Мөн энэ үеэр эмчийн үзлэг хийгдэнэ. Иргэдэд зориулсан лекцүүд үдээс хойш 15:00 цагаас эхэлнэ. Тус арга хэмжээгээр иргэдэд уламжлалт анагаах ухааны талаар зөвөөр таниулах, уламжлалтын эмнэлгүүдийг олон нийтэд танилцуулах зэрэг олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Эхний жил арав орчим эмнэлэг оролцож байсан бол дараагийн жилүүдэд оролцогчдын тоо нэмэгдсэн. Эмнэлгүүд ч бие биеэсээ суралцаж, дараа жил нь шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээтэй болж оролцох зэргээр хөгжиж байна.
Арга хэмжээгээр иргэдэд идээ, ундаа, явдал мөр буюу амьдралын зөв дадал хэвшлийн талаар мэргэжлийн мэдээлэл зөвлөгөө өгнө. Өнөөдөр цахим орчинд орчинд уламжлалт анагаах ухааны мэргэжлийн эмч биш хэрнээ ургамал, эмчилгээний талаар зөвлөгөө өгдөг хүн олон болсон. Өөрсдийгөө коүч гэж нэрлэх, удам дамжсан мэдлэгтэй гэж тайлбарлах тохиолдол бий. Бид тэднийг үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ иргэдэд ямар мэдээлэл өгөх, юуг зөвлөж болохгүй вэ гэдэг маш чухал. Монгол орон маань жилийн дөрвөн улиралтай учраас хүний бие махбодын байдал улирлаас шалтгаалан өөрчлөгддөг. Тодорхой улиралд хэрэглэх зүйлийг байнга хэрэглэхийг зөвлөх нь зохимжгүй байж болно. Тиймээс иргэдийн ойлголтын зөрүүг багасгаж, зөв мэдээллийг мэргэжлийн хүмүүсээр хүргэхийг зорьдог. Өмнө нь лекцүүд голчлон манай байгууллагын хүрээнд явагддаг байсан бол энэ удаа АШУҮИС болон бусад сургуулийн багш нарыг урьж оролцуулна. Өмнөх жилүүдэд Улаанбаатарт зохион байгуулаад дараа нь Эрдэнэт, Дархан зэрэг орон нутагт ажилласан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 187 (7929)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn