“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, шийдлийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад Их Британид программ хангамжийн инженерээр ажиллахын сацуу гадаадад амьдарч буй монгол хүүхдүүдэд эх хэл, соёлоо сурах, хадгалах боломжийг хүртээмжтэй, сонирхолтой байдлаар хүргэх үүднээс “Tomko” хэмээх хиймэл оюун ухаанд суурилсан боловсролын платформыг хөгжүүлж буй Н.Мөнхбаярыг урьж, ярилцлаа.
Монгол хүүхэд залуустаа зориулж боловсролын контент хүргэхээр “Томко” төсөл ажиллаж байна
Блиц
♦ 2013 онд Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийг Компьютерын ухаан, Программ хангамжийн инженерийн бакалавраар төгссөн (Монгол Улс).
♦ 2017 онд Манчестерийн Их Сургуульд Мэдээллийн технологийн менежментийн магистрын зэрэг хамгаалсан (Манчестер, Их Британи).
♦ 2013–2016 онд Монгол Улсад банк болон байгууллагын программ хангамжийн шийдлүүдийг хөгжүүлэн ажлын гараагаа эхлүүлсэн (Монгол Улс).
♦ 2017-2025 онд "Professionals UK", "KEIA", “BOOKING.COM” платформуудад программ хангамжийн инженер, ахлах инженерүүдээр ажилласан (Их Британи). Энэ хугацаанд нийт 1 тэрбум орчим хэрэглэгчтэй системийн архитектур дээр ажиллаж, өөрчлөлт шинэчлэлтүүдийг хийж гүйцэтгэсэн.
♦ 2024 оноос: "Томко" төслийг санаачлан хэрэгжүүлж, "Томко" хиймэл оюунд суурилсан боловсролын контент бүтээх, түгээх платформыг нэвтрүүлээд байна.
-Намайг Нэргүйн Мөнхбаяр гэдэг. Программ хөгжүүлэгч мэргэжилтэй. 2013 оноос эхлэн Монгол болон Их Британийн компаниудад программ хөгжүүлж, мэдээллийн технологийн төслүүдийг хариуцан ажиллаж байна. Тэр дундаа дийлэнх хугацааг нь Их Британийн компаниудад ажилласан байна.
Анх 2016 онд Английн Манчестер хотод Манчестрын их сургуульд магистрын хөтөлбөрт сурахаар ирж байлаа. Сурч байх үеэсээ эхлээд Манчестер хот дахь технологийн компанид олон нийтийн сүлжээ хөгжүүлж ажиллаж эхэлсэн. Тухайн үед буюу 10 жилийн өмнө ашиглаж байгаа технологи хүмүүсийн ур чадвар зэрэг нь Монголоос илүү өндөр түвшинд байсан. Тиймээс цаг алдалгүй өөрийгөө хөгжүүлэх нь суралцахын хажуугаарх чухал шаардлагатай юм байна гэдгийг ойлгосон. Ашиглаж байгаа технологи арга барилын хувьд магистрын хөтөлбөрт хэрэглэж сурч байгаа нь нэг өөр. Ажил дээр хэрэглэж байгаа нь бас өөр гэсэн үг. Ерөнхийдөө ойролцоо боловч ижил төрлийн асуудлыг өөр арга замаар шийдвэрлэдэг гэсэн үг. Мэдээж бодит ажлын байран дээр илүү том төвөгтэй асуудлууд гарч ирдэг учраас энэ нь өөрөө суралцах хөгжих том боломж бас хариуцлага, ачаалалтай үе байсан.
Сонирхолтой нь Манчестер хотод ирсэн эхний өдрөө Booking.com компанийн оффисыг гаднаас нь хараад удахгүй сургуулиа төгсөөд энд урилгаар ажиллана даа гэж бодсон юм. Гэтэл хэдэн жилийн дараа би тус компанидаа ахлах инженерээр эхнэр маань инженерийн багт ажилладаг болсон.
Гадаадад олон жил гэр бүлээрээ амьдрахад хүүхдүүд маань монгол хэл, соёлоо хэрхэн сурах вэ гэх асуудал тулгарсан. Энэ үед дэлхийн бусад улсаас ирсэн гэр бүлүүдийн хүүхдүүд өөрийнхөө төрөлх хэл болон англи хэлээр чөлөөтэй ярьдаг хос хэлтэй болж өсөж байгааг анзаарсан. Харин бидний хувьд хэчнээн эцэг эх нь гэртээ монгол хэлээр ярьдаг боловч хүүхдүүд алгуурхнаар монгол хэлээ мартах, ярьдаг байснаа болих асуудал түгээмэл. Иймд “Duolingo” зэрэг дэлхийн томоохон системүүдийг монгол хэл заах чадвартай болохыг хүлээсэн боловч бүтээгүй. Тиймээс өөрийн мэргэжлийнхээ дагуу монгол хэлийг хүүхдүүдэд сонирхолтой хялбар аргаар заах гар утасны аппликэйшн болон хиймэл оюунд суурилсан систем бүтээж эхэлсэн. Тэрхүү аппликэйшн маань “Томко” юм.
“Томко”-г зөвхөн монгол хэл сурдаг биш нэг хэлээс нөгөө хэлийг сурах загварчлалтайгаар бүтээсэн учраас монгол хэлтэй хүүхдүүд дэлхийн бусад хэлүүдийг сурах боломжтой. Одоогоор найман хэлний 30 курс байршсан байна. Цаашдаа математик ерөнхий мэдлэг гэх мэт олон курс хичээл тогтмол нэмэгдэх болно.
Энд ажиллаж, амьдрах хугацаанд дэлхий нийтийн хурдтай хөгжил технологийн хувьд илүүтэй мэдрэгддэг. Түүнчлэн залуучуудын хувь хүний хөгжил ямар мундаг байгаа нь ч анзаарагддаг. Гадаадын залуус хоёроос дээш хэлээр чөлөөтэй ярьж, дэлхийн аль ч улс оронд ажиллах чадвартай байна. Хувь хүнийхээ хувьд хариуцлага хүлээх, багаар ажиллах, бусдыг сонсох, тулгарч буй асуудлуудыг хэрхэн нэгнийгээ буруутгахгүйгээр шийдвэрлэдэг гэх мэт олон сайн чанарууд харагддаг. Эдгээр хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэх арга зам нь мэдээж гадаад хэлний мэдлэг болон хувь хүний хөгжил билээ. Тиймээс монгол хүүхэд залуустаа зориулж эдгээр чиглэлээр боловсролын контентыг хүргэхээр “Томко” төсөл ажиллаж байна.
Интерактив хичээлээр дамжуулан монгол, англи гэх мэт хэлнүүдийг заах сонирхолтой бол “Томко” сургалтын системээр контент болгон хүргэхэд нээлттэй
-Мэдээллийн технологи талаасаа “Томко”-г дэлхийн том системүүдийн аргачлалуудаар бүтээсэн. Харин энэ аппликэйшнаар сурч байгаа хүндээ яаж хэрэг болох вэ, яаж үр дүн гаргах вэ гэдэг нь өөрөө нарийн асуудал байсан. Ямар насны хүн ямар хугацаанд анхаарал төвлөрдөг вэ. Одоо цаг үед ямар төрлийн контент медиа сонирхож байна. Ямар үг хэллэг ашигладаг вэ гэх мэт судалгааны үр дүн дээр тулгуурлаж “Томко”-гийн хичээлийн агуулгыг гаргадаг. Хичээлийн агуулгыг интерактив буюу сурч буй хүн маань өөрөө оролцдог байдлаар гаргадаг. Тийм учраас тоглоом тоглох, рийл үзэх, ном унших, өөрөө ярих, сонсох гэх мэт арга барилаар дамжуулан шууд бус суралцах арга барилыг сонгож авсан.
Мөн энэ системийн нэг онцлог нь зөвхөн “Томко” төслийн багаас хичээлийн контент курсүүдийг гаргах бус монгол болон гадаад хэлийг заах чадвартай багш нар өөрийн курс хичээлийг оруулах боломжтойгоор бүтээсэнд оршино. Хэрвээ интерактив хичээлээр дамжуулан монгол, англи гэх мэт хэлнүүдийг заах сонирхолтой бол та манай төслийн багтай холбогдоод “Томко” сургалтын системээр дамжуулаад өөрийн сургалтын контентыг хүүхдүүдэд хүргэх боломжтой. Цаашлаад бид ирэх нэг жилийн хугацаанд дэлхийн олон хэл дээр боловсролын контентоо хүргэх зорилготой ажиллаж байна.
Технологи талаасаа чанартай код бичих, дизайн гаргах гэх мэт даалгавруудыг хиймэл оюун ухааны агентууд маань 100 хувь гүйцэтгэж байна. Гэхдээ бүх нарийн хөгжүүлэлт зааварчилгааг манай мэргэжилтнүүд өөрсдөө өгч чанарын өндөр түвшинд шалгаж хариуцаж авдаг. Энэ маань дэлхий даяараа л технологийн бүтээгдэхүүн хөгжүүлэх үндсэн арга барил болчихлоо. Харин “Томко” сургалтын платформын хувьд сургалтын интерактив контент агуулга бүтээх процессын 80 хувийг хиймэл оюун ухааны агентуудаар автоматжуулсан. Энэ маань зардал болон цаг хугацааг тэр хэмжээгээрээ хэмнэдэг. Технологийн шийдэл маань тогтмол шинэчлэгдэж байгаа учраас энэхүү процесс маань улам сайжрах төлөвтэй байна. Процесс сайжруулахын хажуугаар бид хэрэглэгчдийн ялгаатай зан төлөвт тохирсон, хувь хүн өөртөө тааруулан суралцах, хөгжих төлөвлөгөөгөө гаргах бүтээгдэхүүний шинэчлэл дээр ажиллаж байна.
Дэлхийн аль ч улс, хөдөө орон нутгаас чанартай боловсролын хөтөлбөрийг англи, монгол гэсэн хос хэлээр давхар суралцах боломжтой болно
Хиймэл оюуныг бид өөрийн туслах болгож, Монгол Улсад тулгамдаж буй шийдэхийг зорих нь инженер, судлаачдын зорилго болоод байна. Үүний нэг хэсгийг халимаг, тува, буриад зэрэг Монгол угсаатнуудад монгол хэл сурах хөтөлбөрийг хөгжүүлж буй санаачилга юм. Томко платформ нь нэг хэлнээс нөгөө хэлийг сурах боломжийг бий болгосон учраас Буриад, Тува, Халимаг зэрэг монгол үндэстнүүд маань халх аялгаар монгол хэлийг сурах боломжтой болж байна. Мөн өөрсдийн эх хэлээрээ англи, солонгос, франц зэрэг дэлхийн томоохон хэлнүүдийг сурч гадаадад суралцахад шаардлагатай IELTS, TOPIK гэх мэт шалгалтад “Томко” аппликэйшнаар дамжуулан бэлдэх боломжтой болж байна.
Миний хувьд “Томко” төслийг гадаадад байгаа хүүхдүүд монгол хэл сурахаас гадна нийт монгол үндэстнүүд маань нэг хэлээр ойлголцох боломж бүрдээсэй гэж хүсдэг байсан. Одоо бид буриад, халимаг ахан дүүстэйгээ гадаадад тааралдахаараа англи, оросоор ярьж ойлголцдог байдалтай байна. Яг энэ асуудал дээр бид шийдлээ гаргаад, бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн байна. Тиймээс цаашдаа улам хөгжөөд явах болно.
Цаашлаад баяд, дөрвөд зэрэг аялгыг халх аялгатай хүмүүс сурч болно. Одоогоор тус хичээлүүд хиймэл оюун ухаанаар автоматжуулсан процессоор бүтээгдэх боломжгүй байгаа ч манай төслийн баг өөрсдөө системдээ оруулах боломж бүрэн байна. Магадгүй энэ чиглэлээр бидэнтэй хамтарч ажиллаад контентыг бүтээх сонирхолтой багш, хувь хүмүүс байвал “Томко” төслийн баг нээлттэй гэдгийг дуулгая.
Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хувьд, гадаадад байгаа хүүхдүүд монгол хэлээ суралцах, монгол хэлээр дэлхийн томоохон хэлнүүдийг суралцах, гадаадад суралцах шалгалтуудад бэлтгэх, бусад монгол үндэстнүүд маань монгол хэл болон дэлхийн том хэлнүүдийг суралцах гэсэн үндсэн гурван бүлэгт анхаарч байна. Үүнээс гадна гадаадад байгаа хүүхдүүд маань математикийг бэлтгэл ангиас тавдугаар анги хүртэл суралцах боломжтойгоор бүтээж байна. Мөн монгол хүүхдүүд маань математик болон ерөнхий мэдлэгийг монгол болон англи хэлээр суралцах хөтөлбөр, агуулга дээр ажиллаж байна. Тиймээс тун удахгүй дэлхийн аль ч улсаас мөн хөдөө орон нутгаас гээд чанартай боловсролын хөтөлбөрийг англи, монгол гэсэн хос хэлээр давхар суралцах боломжтой болно гэсэн үг.
Иймд технологийн үсрэнгүй хөгжил болон хувь багшийн ур чадварыг хурдацтайгаар хослуулах нь орчин үеийн шийдэл болоод байна. Хариуцлагын хувьд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, технологи, хөгжүүлэлт, чанарын шалгалт гэх мэт бүх процессуудаа бид хиймэл оюун ухааныхаа хөгжилтэй нийлүүлэн шинэчлэхийн хажуугаар энэ процессын зохих цэгүүдэд заавал хүний оролцоотой байхаар бүтээж байна.
Монголд жижиг хэмжээний старт-апын нэг жилийн санхүүжилт өндөр хөгжилтэй оронд нэг инженерийн санхүүжилттэй тэнцэх хэмжээний байна
-Монголд технологийн бүтээгдэхүүн хөгжүүлэхэд хамгийн том бэрхшээлийг анх Их Британид ажиллаж эхэлсэн үеэсээ анзаарсан. Дурдвал олон төрлийн асуудал байна. Нэгдүгээрт боловсон хүчний ур чадвар, хариуцлага, ёс зүйн асуудал байдаг. Дотоодын зах зээл маань бага хэмжээтэй. Гэхдээ Монголд байгаа компаниуд дэлхийн түвшинд ажиллах бүх үүд хаалга нээлттэй байна. Тийм учраас зах зээлийг асуудал гэж харахгүй байна. Хөрөнгө оруулалт санхүүгийн дэмжлэгийн хувьд ч бид олон улсаас хөрөнгө оруулалт авах санхүүгийн дэмжлэг босгох боломжтой. Тэгэхээр үндсэн асуудал ерөөсөө хувь хүмүүсийн ур чадвар, ёс зүй, багаар ажиллах чадвар, хариуцлага хүлээх чадвар болдог.
Манай улсын хувьд болон бусад хөгжиж буй улсуудын хувьд боловсон хүчин гадагшаа нүүдэллэх процесс улам тэлж байна. Монгол Улс олон сайн боловсон хүчин, инженер, эрдэмтэд төрүүлж чадсан. Гэвч эдгээр өндөр түвшний мэргэжилтнүүд, эрдэмтэд маань эх орондоо энэ мэдлэг ур чадвараа оюутан залуустаа хүргэх боломж тун хомс байна. Дэлхийн том сургуулиудад багшилдаг, олон тэрбум хүнд зориулсан томоохон төслүүдэд үр өгөөжөө өгдөг монгол мэргэжилтнүүд байгаа боловч өнөөдөр Монголын их дээд сургуулиудын хэд нь энэ хүмүүстэй хамтарч ажиллаж, хөтөлбөр агуулгаа шинэчилж, олон улсад бодитой хамтын ажиллагаатай байна вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрвээ бид энэ асуудалд анхаарч чадвал, монгол оюутан залуус Монголдоо суралцаад дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх, дэлхийн хэмжээнд үнэлэгдэх зам хурдсах болно. Улам олон залуус дэлхийн хэмжээнд гарснаар энэ нь цаашдаа манай улсын баялгийн бүтээмж, өрх айлуудыг орлого өсөхөд нөлөөлнө. Гол нь эх орондоо эрүүл дээд боловсролын экосистем бүтээснээр эдгээр залуус маань гадагшаа гараад тэр чигтээ явчихгүй харин эргэж ирдэг, Монголдоо буцаад суурьшдаг болно гэсэн үг. Түүнчлэн дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлсэн энэхүү дээд боловсролын экосистем бүрдсэнээр түрүүн дурдсан хүний нөөц, ур чадварын дутагдал дотооддоо шийдэгдэж эхлэх юм.
Монголд технологийн бизнес эрхлэх өндөр хөгжилтэй орнуудад технологийн бизнес эрхлэх маш их ялгаатай. Эдгээр орнуудад хувь хүмүүсийн ур чадвар, хандлага, багаар ажиллах чадвар өндөр түвшинд хөгжсөн байна. Зөв баг бүрэлдэхүүн бүрдээд зөв бүтээгдэхүүнээ хөгжүүлж эхэлбэл үүнийг дэмжих эко систем байна. Тун энгийнээр ойлгоход одоо санхүүгийн тоонууд нь өндөр хөгжилтэй орнуудад Монголоос хэдэн 100 дахин өндөр дүнтэй яригдаж байна. Монголд жижиг хэмжээний стартапын нэг жилийн санхүүжилт нь өндөр хөгжилтэй оронд нэг инженерийн санхүүжилттэй адилхан байх жишээтэй. Гэхдээ нэг сонирхолтой жишээ нь, гадаадад бизнес эрхлэх зардал нь өндөр ч, үр бүтээмж нь түүнийгээ дагаад өндөр байна. Үйл ажиллагаа нь тогтворжчихсон томоохон байгууллагуудад бүтээгдэхүүн хөгжих, хөгжүүлэх процесс нь өөрөө нарийн хөгжсөн байдаг. Олон улс орнуудад үйл ажиллагаа явуулдаг учраас олон улсын хууль эрх зүй дээр ажилладаг. Бүтээгдэхүүн хөгжүүлэх сайжруулах процесс нь өөрөө тогтвортой бөгөөд цаашдаа тасралтгүй сайжруулахаар төлөвлөгдсөн байна. Түүнчлэн салбар бүрдээ мэргэшсэн, хариуцлагатай, ёс зүйтэй баг бүрэлдсэн байдаг. Нэг хүнээс үл хамаарах буюу хэн ч орж гарч байсан, тасралтгүй ажилладаг баг бүрэлдсэн байдагт оршино.
Стартапын хувьд тогтвортой үйл ажиллагаанд хүрэхийн тулд маш олон асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байдаг. Эдгээр асуудлуудыг яаж эрэмбэлэх вэ. Хаанаас нь эхлэх вэ. Хэзээ нь хэрэглэгчдэдээ хүрч туршиж эхлэх вэ. Хэзээ нь олон нийтэд хүрэх вэ. Энэхүү хугацаанд технологийн хувьд ямар ямар үе шатуудыг даван туулах вэ. Ямар хэмжээний багаар ажиллах вэ. Ямар төсөв санхүүжилт гаргаж ирэх вэ. Зах зээлд нэвтрэхийн тулд ямар стратегиар ажиллах вэ гэх мэтчилэн чиглэлүүдээр ажилладаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 177 (7919)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn