“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид,шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц,боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа УСУГ-ын газрын Инженерийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Төлөвлөлтийн эдийн засагч Х.Отгонбаярыг урьж ярилцлаа.

 

“Орон сууцны нэг литр цэвэр усны үйлчилгээний дундаж тариф нэг төгрөг 39 мөнгө, гэр хорооллынх хоёр төгрөг” 


Блиц: 

♦ 2002-2006 онд Монголын Хөдөлмөрийн их сургуулийг Хөдөлмөрийн эдийн засагч- Санхүүч мэргэжлээр Бакалавр
♦ 2010-2012 онд Монголын Хөдөлмөрийн их сургуулийг Эдийн засгийн ухаанаар Магистр 
♦ 2020-2024 онд СЭЗИС-ийг Нягтлан бодогч мэргэжлээр Бакалавр
♦ 2016 онд Мэргэшсэн эдийн засагч

Мэргэжил дээшлүүлсэн байдал

♦ 2006 онд банкны Теллер бэлтгэх сургалт
♦ 2009 онд Нидерланд улсын Усны салбарын төсөл-Санхүүгийн удирдлага, KPI чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
♦ 2013 онд БНХАУ "Усны салбарын тулгамдаж буй асуудал, усны эрүүл ахуй"
♦ 2013 онд "JICA" төслийн хүрээнд "Усны үнэ тариф-
♦ 2016 онд БНСУ "K Water Academy-д "Усны үйлчилгээний үнэ тариф, санхүүгийн удирдлага" 

♦ 2017, 2020 онд Удирдлагын академи "Урт болон богино хугацааны төлөвлөлт"

♦ 2019 онд Сингапур улс "Усны бодлого төлөвлөлт" 


 -УСУГ-ын газрын Инженерийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Төлөвлөлтийн эдийн засагчаар 19 дэх жилдээ ажиллаж байна. Төлөвлөлтийн эдийн засагч нь байгууллагын урт хугацааны буюу тогтвортой хөгжлийн стратеги, дунд хугацааны хөтөлбөрүүд, богино хугацааны буюу жилийн бизнес төлөвлөгөөг нэгтгэж, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг. Мөн санхүүгийн шинжилгээ, эдийн засгийн зорилтот түвшин, хэрэгжилтийг хариуцдаг.

УСУГ нь Улаанбаатар хотын иргэдийг цэвэр усаар тасралтгүй хангах, гарсан бохир усыг цэвэршүүлж байгальд нийлүүлэх үүрэгтэй байгууллага. Манай байгууллага “Ухаалаг ус” нэгдсэн системийг нэвтрүүлж, менежментэд суурилсан удирдлагын мэдээллийн системийг хөгжүүлэн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, санхүүгийн чадавхыг дээшлүүлэх хэтийн зорилготой. Мөн Ундны усны аюулгүй байдлыг хангаж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, ногоон хөгжлийг дэмжих. Ус хангах, ариутгах татуургын системийн тоног төхөөрөмжийн найдвартай байдлыг хангаж, нэг цэгээс цахимаар хянаж удирдах хэтийн зорилгоо биелүүлэхээр ажиллаж байна.

УСУГ эдийн засгийн хувьд нэлээд хүндрэлтэй байдаг. Тухайлбал, нэг литр усыг гэр хорооллын хэрэглэгчдэд хоёр төгрөгөөр нийлүүлэхийн тулд 70 төгрөгийн зардал гаргадаг буюу литр тутмаасаа 68 төгрөгийн алдагдал хүлээдэг. Нийт төвлөрсөн системээр авч үзвэл нэг төгрөгийн орлого олохын тулд нэг төгрөг 36 мөнгөний зардал гаргаж, 36 мөнгөний алдагдал хүлээдэг. 

Манай байгууллага хоногт 200 м.куб усыг хэрэглэгчдэд олборлон түгээдэг. Үүнийг нийт төвлөрсөн системээр нь авч үзвэл гүнээс ус олборлоод шугамаар дамжуулж цэвэршүүлээд хэрэглэгчид крантаа нээх хүртэл дунджаар литр тутмаас 36-40 мөнгөний алдагдал хүлээдэг гэсэн үг. Нэг литр усны үнэ тариф дунджаар нэг төгрөг 67 мөнгө байна. Харин зардал нь хоёр төгрөг гурван мөнгө. Литр тутмаасаа 82 мөнгөний алдагдал хүлээдэг гэсэн үг.

Ус бол үнэгүй байгалийн баялаг. Харин усны үйлчилгээний үнэ тариф одоогийн байдлаар орон сууцны нэг литр цэвэр усны үйлчилгээний дундаж тариф нэг төгрөг 39 мөнгө, нэг литр цэвэр усны үйлчилгээний дундаж өртөг нэг төгрөг 91 мөнгө, гэр хорооллын нэг литр усны үйлчилгээний үнэ тариф хоёр төгрөг, өртөг нь 74 төгрөг 94 мөнгө байна. 

 

“2040 он хүртэл үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг гаргасан”

 

-2020 оноос эхлэн АНУ-ын засгийн газартай Монгол Улсын Засгийн газар “Монгол Улсын нийт усны салбарын санхүүгийн тогтвортой байдлыг хангах” тухай компакт гэрээг байгуулсан. Уг төсөл хэрэгжээд энэ жил дуусаж байгаа. Нийтийн аж ахуйн салбар тэр дундаа усны салбар дандаа алдагдалтай буюу өртгөө нөхөхгүй үнэ тарифаар үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс энэ нь алдагдлаа нөхөхийн тулд өртгөө нөхөх үнэ тарифыг шат дараалалтайгаар хэрэгжүүлэх төсөл юм. Мөн УСУГ-ын инженер техникийн ажилчдыг чадавхжуулах том төсөл үүнтэй зэрэгцээд 2021-2025 оныг хүртэл тасралтгүй хэрэгжсэн.

Миний хувьд усны тогтвортой байдлыг хангах, өртгөө нөхөхгүй үнэ тарифаас гарах арга замд голлон чиглэх санхүүгийн тогтвортой байдал гэх төслийг хариуцаж ажилласан. Уг төслөөр бид байгууллагынхаа 2040 он хүртэлх урт хугацааны санхүүгийн тооцооллыг гаргаж олон улсын загварчлал боловсруулсан. Эдийн засгийн 2040 он хүртэлх бодлого чиглэлд олон улсын сайн туршлага, өртгийн удирдлага, хөрөнгийн менежмент, өртгөө нөхөхүйц үйлчилгээний тарифын бодлого, санхүүгийн эрсдэлийн удирдлага, бүтээмжийн удирдлага, гүйцэтгэлийн удирдлага зэрэг багтсан.

Уг загварчлал нь Улаанбаатар хотын зургаан дүүргийн хэрэглэгчдээс эхлээд ус гүнээс гаран крант хүртэлх бүх шат дарааллын зардлуудыг 2040 он хүртэл таамаглаж тохирох үнэ тарифыг загварчлалаар гаргасан. Үүнтэйгээ холбогдуулан жил бүр үйлчилгээний үнэ тарифыг инфляцтай уялдуулах ч юм уу ямар нэг байдлаар цаг үетэйгээ нийцүүлэн нэмэгдүүлээд явбал усны салбарын үйл ажиллагаа цаашдаа тогтвортой явах юм.

Мөн нэгж бүтээгдэхүүнд ногдох өртөг зардал нь хаанаа алдагдалтай байгааг олж түүнд тохирсон тарифуудыг бүсчлэлээр тогтоож, ирээдүйд олон улсын жишгээр хэн хамгийн бохирдолтой ус нийлүүлж байна тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн усны тариф шатлалтайгаар өндөр байхаар өртгийн оновчлол, түүнд тохирсон тарифын загварчлалуудыг гаргасан. Түүнчлэн алсын хараа-2050, хотын ерөнхий төлөвлөгөө-2040 зэрэгтэй уялдуулан байгууллагынхаа стратеги төлөвлөгөөг 10, 15, 20 жилээр хийсэн байгаа.  

 

“Үргүй зардлаа бууруулахын тулд цаасан суурьтай тайлан мэдээнүүдийг онлайнаар шийдвэрлэж, усны төлбөр үйлчилгээг e.us.mn зэргээр явуулж байна” 

-Манай байгууллага 1959 онд байгуулагдсан. Тиймээс шугам сүлжээнүүд нэлээд хуучирч муудсан байдалтай байгаа. Тиймээс нэн түрүүнд техник технологийн шинэчлэлт, шугам хоолойн засвар зэргийг хийх шаардлагатай байгаа. Мөн  Улаанбаатар хотын дэд бүтэцтэй уялддаг учраас хотын дэд бүтцийг сайжруулж төлөвлөлтөөрөө явбал ирээдүйд бид дээрх загварчлалаа биелүүлж чадна. Түүнчлэн усны үнэ тарифаа нэмэгдүүлээд явбал бид өртгийн балансаа тэнцүүлэх боломжтой гэж харж байна. Өртгөө нөхөхгүй үнэ тарифтай байгаа учраа усны салбар алдагдалтай ажиллаж байна. Одоо нэг төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүн гэж байхгүй шүү дээ.  

Усны үйлчилгээнээс гадна бусад орлогоо нэмэгдүүлж, үргүй зардлаа бууруулах талаар бид жил бүр төлөвлөгөө гаргадаг. Үргүй зардлаа бууруулахын тулд цаасан суурьтай тайлан мэдээнүүдийг багасгах, онлайнаар шийдвэрлэх, усны төлбөр үйлчилгээг e.us.mn зэргээр явуулж, холбоо сургалт зэрэг холбоотой үйл ажиллагаануудыг онлайнаар авч байгаа. 

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан хоёрдугаар компакт гэрээ буюу “Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлэх” хөтөлбөр энэ онд хэрэгжээд дууссан. Тогтвортой байдлыг хангах төсөлд зардал нөхөхөд чиглэсэн дэд үйл ажиллагаа, гэр хорооллын усан хангамжийн үйлчилгээний зардлыг бууруулах дэд үйл ажиллагаа, ус ашиглалтын байгууллагын үйл ажиллагааг дэмжих дэд хөтөлбөр, үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлээд бохирдлыг хянах дэд үйл ажиллагаа, олон нийтийн дадал хэвшлийг өөрчлөх гэсэн дэд төсөл хөтөлбөрүүд дагалдаж хэрэгжсэн юм.

 

“Гэр хорооллын ус түгээлтийн өртгийн алдагдлыг бууруулахын тулд ухаалаг ус түгээгүүр рүү шилжүүлж байгаа”

 

-Өртгөө нөхөхгүй үнэ тариф байгаа ч гэсэн байгууллагынхаа аль үйл ажиллагаанд  алдагдал байгаа эсэхийг гаргаж, түүнийг шийдвэрлэх өртгийн удирдлагыг сайжруулж, хөрөнгийн менежментийг удирдах хоёр том хөтөлбөрийг ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Одоогоор хамгийн их өртөг зарцуулж байгаа үйл ажиллагаа бол гэр хорооллын хэрэглэгчдэд ус хүргэх үйлчилгээний зардал байна. Гэр хорооллын хэрэглэгчдэд хоёр төрлөөр ус түгээдэг. Нэгдүгээрт, төвлөрсөн системээр ус түгээх. Хоёрдугаарт, усны машинаар буюу зөөврөөр түгээх юм. Энэ дотроо зөөврийн үйлчилгээ нь хамгийн их өртөг зарцуулдаг гэсэн үг. Жишээлбэл, өмнө нь Сонгинохайрхан дүүргийн зөөврийн худгуудад ус түгээхийн тулд Шар хадны орчмоос усаа ачаад явдаг байсан. Харин одоо дүүргийнх нь ойролцоо ачдаг ус түгээгүүрийн үйлчилгээг нээсэн. Ингэснээр шатахуун зарцуулалт багасаж байгаа юм. Иймд гэр хорооллын ус түгээлтийн өртгийн алдагдлыг бууруулахын тулд ухаалаг ус түгээгүүр рүү шилжүүлж байгаа. Ухаалаг ус түгээгүүрт шилжүүлснээр 24 цагийн үйлчилгээтэй, ус түгээгчийн шаардлагагүйгээр картаа дараад л аль ч худгаас усаа авах боломжтой болж байгаа юм. Ингэхээр өртөг бага гарч, гэр хорооллын иргэдийн усан хангамж нэмэгдэнэ. Жишээлбэл, орон сууцанд амьдардаг нэг хүн хоногт 120 литр ус хэрэглэдэг. Харин гэр хороололд амьдардаг нэг хүн хоногт найман литр ус хэрэглэж байгаа юм. Ер нь усны салбарын тогтвортой байдлыг хангахын тулд тарифыг өртгөө нөхөхүйцээр тогтоож өгөх. Эсвэл инфляцид уялдуулан үнийг нь итгэлцүүрээр нэмэгдүүлэх, татаасаар алдагдлын зөрүүг өгөх зэрэг арга хэмжээг авах боломжтой.  

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 182 (7924)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn