“Контрабасс бол энгийн хэмнэл баригч биш, харин найрал хөгжмийн гүнээс оргилон гарах галт уул юм. Түүний хүчирхэг дуугаралт нь сонсогчийн зүрх сэтгэлийг хамгийн гүнээс хөдөлгөж, аялгууг амьд болгодог” гэж алдарт хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховен тодорхойлсон байдаг. Тэгвэл энэ сонгодог хөгжмийн урлагийг Монголд хөгжүүлэх, мэргэжлийн контрбасс хөгжимчид бэлтгэх их үйлсэд бие сэтгэлээ зориулахаар 1976 онд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийг зорьсон эрхэм бол “Зууны мэдээ” сонины энэ удаагийн “Амьдралын тойрог” булангийн зочин Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Баасанхүү юм. Цаашлаад их хуур хөгжмийн мэргэжлийн сургалтын суурийг тавьсан эрхэм.
Тонхилоос Москва хүртэл
“Намайг гурван настай байхад манайх нэгдэлд орж аав минь үхэрчин, ээж саальчин байлаа. Ижий аав минь зулай зулайгаа гишгэж төрсөн 10 хүүхэдтэй. Би ес дэх нь” хэмээх тэрээр 1955 онд Говь-Алтай аймгийн Тонхил суманд Лхасран, Нанжид нарын хүү болж мэндэлжээ.
“Эхлүүлсэн ажлаа хамгийн төгс сайнаар нямбай хий. Хөдөлмөртөө үнэнч бай” гэх ижий аавын сургаалаар хүмүүжсэн тэрээр 1964 онд аймгийнхаа Хоёрдугаар арван жилийн сургуульд элсэн оров. Гэтэл 1968 оны тэр нэгэн өдөр Хөгжим бүжгийн дунд сургуульд хүүхдүүд шалгаруулж авахаар орос, монгол хоёр багш ирэхэд Л.Баасанхүү тэнцэж, баярт мэдээгээ аавдаа дуулгажээ. “Аав минь тэр хүмүүстэй уулзаад “Хүүгээ явуулахыг бодъё” гэж хэлсэн. Яг баттай хариу өгөөгүй. Би сэтгэл хөдлөл өндөртэйг хэлэх үү, дотроо намар болохыг тэсэн ядан хүлээсэн” гэх түүнээс хичээлийнх нь эхний өдрүүд хэрхэн өнгөрч байсан тухай асуухад “Хөгжмийн тухай нарийн сайн мэддэггүй байлаа. Хажуугаар нь орос багшийнхаа хэлийг ойлгохгүй зэрэг бэрхшээл байна. Оролдлого ихт оройд нь гэгчээр өөрөө хичээнгүйлэн хөгжмөө давтана. Удахгүй дурлаж тоглодог болсон” гэх тэр үеэс амьдралынхаа 60-аад жилийг тухайн үеийн Хөгжим бүжгийн дунд сургууль, одоогийн Монгол Улсын Консерватортой холбожээ.
Ийнхүү 1975-1976 онд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллаж байгаад Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийг зорив. “Манай курст 17 улсын хүүхэд байлаа. Орос төмсөө шарж идээд хичээл сургуульдаа хамт явсаар он жилүүдийг элээсэн. Би хоол хийх сонирхолтой. Тэр дундаа орос үндэстний шөлөнд их дуртай байсан” гэж дурсан ярих эрхэм гавьяатад маань мэргэжлээ солих уу гэх ээдрээтэй үе бас тохиолджээ. Дөрөвдүгээр курст ордог жил нь гар нь өвдөж контрбасс хөгжмөөр үргэлжлүүлэн хичээллэхэд хүндрэлтэй хэмээх мэдээг дуулав. Иймд Монгол Улс руу харьяалагдах яамнаас нь зөвшөөрөл авахаар хэл дуулгахад “Монголд контрбасс хөгжмийг Зөвлөлтийн багш нар зааж байгаа тулд бидэнд монгол багш хэрэгтэй. Тиймээс заавал төгсөх хэрэгтэй” гэх үүрэг өгчээ. “Хэтэрхий их давтахаар гарын булчинд өөрчлөлт орж өвдсөн юм билээ. Монголд ирж зүү тавиулж, уламжлалт аргаад эмчлүүлсэн” гэх тэрээр өдгөө олон сайхан шавиа амьдралын их далайд сэлүүрдэн залж байна. Хөгжмийн хичээл бүр ганцаарчлан ордог тул контрбасс хөгжмийн 70-аад шавь төгсгөжээ. Энэ тухайгаа тэрээр “Аравдугаар ангид байхад Зөвлөлтөөс ирэх мэргэжилтэн маань эхний хагас жил ирээгүй. Тиймээс багш маань “Чи том хүүхдүүдээ хариуцаад хичээлээ зааж бай” гэх үүрэг надад өгнө. Тухайн үед миний хичээл заана гэж юу байх вэ. Тэр үед багш маань “Чи багш болж чадах юм байна” гэж зөвлөсөн. Энэ үе намайг багш болоход их нөлөөлсөн болов уу” гэнэ.
“Шавь нартаа хөгжмөөс гадна сайн хүн байх тухай захидаг. Өнөөдөр 14 настай хүүхэд байж болох ч ирээдүйд айл гэрийн ноён нуруу, эцэг хүн болно. Үүний тулд худлаа ярьж, хулгай ярьдаггүй, үнэнч шударга, хичээнгүй байх хэрэгтэй” гэх сургаалаар нь хүмүүжсэн шавь нар нь эхнээсээ хамт ажиллаж байна. Л.Баасанхүүгийн багшлах туршлага, хамт олныг манлайлах ур чадвар нь түүнийг тус сургуулийн ҮЭХ-ны даргын хариуцлагатай албан тушаалд ажиллах, улмаар багш нарын нийгмийн асуудалд анхаарлаа хандуулж тус албан тушаалыг мэргэжлийн багшлах арга зүйтэй хавсран олон жил ажилласан тул шавь нарынхаа сэтгэл зүйг танихаас гадна тэдний авъяас билгийг нь хөгжүүлэхэд дөхөмтэй болжээ.
Их хуурын мэргэжлийн сургалтыг үндэслэв

1987 оны есдүгээр сард Соёлын яамны сайд Б. Сумъяагийн тушаалаар их хуур хөгжмийг тэнхимийн сургалтаар хөгжүүлж БНМАУ-ын соёл урлагийн мэргэжлийн байгууллагуудын шаардлагад нийцсэн их хуурчдыг мэргэшүүлэх түүхэн үйл хэрэг эхлэв. Ийнхүү Хөгжим бүжгийн дунд сургуулийн захирал М.Цэрэндоржоос үүрэг хүлээсэн Л.Баасанхүү багш тухайн хөгжмийн хэлбэр хийцийн онцлогт тохирсон арга барил, хөг хөглөгөөний судалгааг контрбасс хөгжмийн сургалтын үндсэн арга зүйд тулгуурлан хийсэн. Учир нь их хуур Монголын үндэсний хөгжмийн их найралд контрбассын адил суурь болдог байна.
“Контрбасс хөгжмийнхөө хичээлийг дуусгачхаад шөнийн дөрвөн цаг хүртэл их хуурынхаа сургалтад бэлдэнэ. Ийнхүү гарын авлага, сурах бичиг анхлан бичиж 300 гаруй дасгал зохиосон. Мөн “Дэлхийн сонгодог болон Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийн эмхэтгэлийг их хуурт зориулан хөрвүүлж, зургаан цуврал гаргасан. Удахгүй долоо нь хэвлэгдэнэ” гэсэн юм. Хөгжмөөр дуу, бүтээл тоглох ёстой. Гэтэл их хуур хөгжимд зориулагдсан хөгжмийн бүтээл тухайн үед байхгүй байв. Иймд “Их хуур хөгжимд зориулсан бүтээлийн уралдаан”-ыг хөгжмийн зохиолчдын дунд зохион байгуулж, 10 гаруй бүтээлтэй болжээ. Үүнийгээ олон улсад түгээн дэлгэрүүлэхийн тулд 2019 онд “Их хуур хөгжимчдийн нээлттэй уралдаан”-ыг зохион байгуулжээ. Тэгвэл 2027 оны зургаадугаар сард гурав дахь удаагаа буюу “Их хуур, контрбассчидын олон улсын уралдаан”-ыг зохион байгуулахаар бэлдэж байна. Үүний тулд энэ сарын 13-нд “Багшдаа” хөгжмийн концертоо зохион байгуулах гэж байна. Тэрээр энэхүү тоглолтынхоо тухай “2005 оны үед эхнэртэйгээ “Их Монгол сургуулийн харьяа “Опера” дууны дуулаачийн тэнхимийг байгуулж, арваад жил ажиллуулж, 70-аад оюутан төгсгөсөн юм. Тэд маань УДБЭТ болон аймгуудад ажиллаж байна. Тиймээс надтай холбоотой үе үеийн шавь нарын маань төлөөлөл энэхүү концертод оролцоно” гэсэн юм.
“Би шагналын төлөө тус Монгол туургатны хөгжмийн урлагийг хөгжүүлж, хөгжимчин бэлтгэхийг зорьж ажилласан. Энэ хугацаанд ӨМӨЗО-оос 30-аад хүүхэд ирж төгссөн. Тэд маань “Улаан мөчир” үндэсний урлагийн театртаа ажиллаж байна. Мөн Буриад, Америк, Герман, Японоос хүүхдүүд ирж сурсан. Гэхдээ тэдний дундаас ӨМӨЗО-ны шавь нар маань нутаг орондоо их хуурын өв соёлыг хамгийн ихээр түгээн дэлгэрүүлж байна. Шавь нар маань уран бүтээлээ гаргаж, мөр зэрэгцэн хичээнгүйлэн ажиллаж байгааг харах л багш хүний бахархал юм даа” хэмээсэн юм. Харин өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар их хуур хөгжмийг шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн түвшинд хөгжүүлсэн хөдөлмөр зүтгэлийг үнэлж Урлагийн гавьяат зүтгэлтэн гэх эрхэм хүндтэй цол хүртсэн юм.
Мэргэжилдээ дурлаж хөдөлмөрлө
Сонгодог хөгжмийн урлагаар хүмүүжсэн түүний гэргий мөн дуурийн дуучин. Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат дуурийн дуучин, ардын жүжигчин Б.Жавзандулам бол түүний энэ насны хань. Тэрээр 1979 онд ЗХУ-ын Свердловск хотын Хөгжмийн дунд сургууль, 1986 онд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургууль, 1993 онд Италийн Триест хотод мэргэжил дээшлүүлжээ. Ийнхүү 1986-2011 он хүртэл УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж, 1990 оноос дуурийн театрын тайзнаа тоглогдсон бүх сонгодог дуурийн сопрано хоолойт дүрийг бүтээсэн юм. Түүнчлэн 1990 онд "Учиртай гурван толгой" дуурийн анхны шилдэг дүрийн уралдаанд Нансалмаагийн дүрээр тэргүүн байр, 1996 онд Ц.Пүрэвдоржийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын анхдугаар уралдаанд мөн тэргүүлж байсан юм. Төрийн шагналт, ардын жүжигчин Х.Уртнасан нэгэнтээ "Би өөрөөсөө хойших үеийнхэн дундаас Жавзандулам шиг сэтгэл хангалуун байсан өөр хүн байгаагүй. Жавзандуламыг би тэгж их хайрлаж, хүндэлсэн учраас өөрийнхөө нэр төрийн бүтээл болох “Чио Чио Сан” дуурийг дуулахаа больж, шинээр найруулан тавьж дүрээ өгсөн нь бишрэл хүндэтгэлийн илэрхийлэл байсан” гэжээ.
Тэгвэл Л.Баасанхүү гэргийнхээ тухай “Урдах амьдрал, өдрийн хоолоо яая гэж байсан хүмүүс хувьсгалын тэр үед театрт дуурь үзээд сууна гэдэг нүдний гэм. Үзэгчдийн суудалд нэг эсвэл хоёр хүн байсан ч хамаагүй Дуурийн театр тоглодог байсан. Тэр хэцүү үед дуурийн сопрано хоолойг нэр төртэйгөөр үүрч, дараа үедээ залгамжлуулж өгсөн ханиараа би бахархдаг” гэсэн юм.
“Бидний хувьд урлагийн замнал, хувийн амьдрал хоёроо хослуулахаас өөр арга байгаагүй. Бор зүрхээрээ л зүтгэсээр өдий хүрлээ. Нийгэм солигдох үед амьдралаа авч явахын тулд гахай үүрч ганзагын наймаанд хүртэл явж үзлээ. Эхнэр бид хоёр хоёул урлагийн хүн болохоор нэгнийгээ их ойлгоно. Бие биеэ ойлгож, түшиж тулж амьдарвал болдог юм болов уу. Хүн бүрийн гэр бүлийн харилцаа өөр. Гэхдээ бригадаар явахаас эхлээд хэцүү үе бий. Тэр бүхэнд настай ээж минь бидний хүүхдийг харж, өсгөж буян болж байлаа. Би ээжийгээ баярлуулчихлаа гэж бодож үзээгүй. Ингэх минь яалаа гэж бодож гэмших зүйл их байдаг. Магадгүй хүүгээ сайхан сургууль төгсөж ирээд мэргэжлээ ажиллаж байгааг хараад баярласан байх. Дээр үеийн хүмүүс амаараа бие биедээ баярлалаа гэж хэлэхээс илүү сэтгэлээрээ мэдэрч ойлгож амьдралыг туулдаг байлаа” хэмээн дурсан ярина.
Л.Баасанхүү, Б.Жавзандулам нар хоёр хүүхэдтэй. Тэдний том хүү Хөгжим бүжгийн коллежид наймдугаар анги хүртлээ суралцаж, МУИС-ийн сэтгэл судлалын ангийг дүүргэжээ. Харин бага хүүхэд нь аялал жуулчлалын мэргэжилтэй. Тэд хоёулаа хувиараа бизнес эрхэлдэг. Харин бага хүүхдийн охин Консерваторт төгөлдөр хуурын ангид сурч байна. Түүнийг л урлагийн хүн болгох санаатай гэнэ. Энэ тухай тэрээр “Урлаг, спортынхон ганц авьяасаар амжилтад хүрэхгүй. Өгөгдлөө өнгөлж, хөдөлмөрлөхгүй бол зэврээд алга болох аюултай. Би оюутан байхдаа хичээлээс гадуур долоогоос найман цаг бие дааж давтдаг байлаа. Мэргэжилдээ дурлаж хөдөлмөрлөх хэрэгтэй. Дэлхийн алдартай хөгжмийн зохиолч, дуучин, хөгжимчдийн хувийн амьдрал ээдрээтэй байх нь бий” хэмээн салбарынхаа хатуу хийгээд үнэн түүхийг өгүүлсэн юм.
Үнэнч зангийн илэрхийлэл
“Ээж аавын минь заяасан урлагийн багахан авьяас надад байж. Хэдийгээр би өөрөө сонгоогүй ч хувь заяагаар энэ мэргэжилтэй холбогдож, хоолоо олж идээд өдий хүртэл амжилттай явж байгаа болохоор харамсах зүйл байхгүй. Олон сайхан шавьтай болж, олон орны тайзан дээр гарлаа. Энэ хувь заяа олон хүнд тохиодоггүй байх” хэмээн урлагт хөл тавьсан 60-аад жилийнхээ амьдралыг эргэцүүлэх түүнийг хөгжимчин болоогүй бол аав ээж нь лам болгох байсан гэнэ. “Багаасаа л энэ хөгжмийг мөрөөдөл зорилгоо болгосоор өдий хүрсэн болохоор бусад хүүхдийн адил ийм тийм мэргэжилтэй болно гэж сонирхож явсангүй” хэмээнэ. Ингээд харахаар түүний амьдрал өөрийнх нь баримталдаг үнэнч зангийн илэрхийлэл ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 192 (7934)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn