Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй “Төв Азийн хэвлэл мэдээллийн бага хурал 2026” (Central Asia Media Conference – CAMC 2026) аравдугаар сарын 9–10-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо болж байна.

 

Энэ удаагийн бага хурал “Хамтын бодит ойлголтыг бүрдүүлэх нь: Дижитал эрин үеийн мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдал, хэвлэл мэдээллийн ёс зүй ба итгэлцэл” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, Төв Азийн бүс нутгийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүд, судлаачид, иргэний нийгмийн байгууллага болон бодлого боловсруулагчдын төлөөллийг нэгтгэж байна.

Бага хурлын үеэр хэвлэл мэдээллийн эрх чөлөө, мэдээллийн үнэн зөв, найдвартай байдал, сэтгүүл зүйн ёс зүй, редакцын үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг ашиглахтай холбоотой сорилт, дижитал орчны аюулгүй байдал болон сэтгүүл зүйн мэргэжлийн стандарт зэрэг тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна.

Тус бага хуралд Монгол Улсаас Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хороод болон Удирдах зөвлөлийн гишүүд, мөн “Өөрчлөлтийн дуу хоолой” төслийн зохицуулагч Ц.Сувданцэцэг нар оролцож байна.

Энэхүү бага хурал нь бүс нутгийн хэвлэл мэдээллийн салбарын туршлага, сайн жишгийг харилцан солилцох, сэтгүүл зүйн ёс зүй, мэргэжлийн хариуцлагыг бэхжүүлэх, дижитал эрин үед олон нийтийн хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Хэвлэл мэдээллийн зөвлөл