Ч.Бямбаа

“Залуус тогтдоггүй юу, байгууллага тогтоож чаддаггүй юу” сэдэвт хэвлэлийн бага хурал боллоо. 

Энэ үеэр Монголын хүний нөөцийн ажилтны өдөр буюу аравдугаар сарын 15-нд зохион байгуулах “HR day-2026” арга хэмжээний талаар мэдээлэл өгч, зарим судалгааг танилцуулав. 

Хүний нөөцийн судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэсэн “Ажилтан байгууллагаас юу хүсдэг вэ” судалгааны үр дүнг Монголын хүний хөгжлийн консорциумын Удирдах зөвлөлийн дарга Г.Тэгшбүрэн дараах байдлаар товч танилцуулсан юм. 

Монгол залуус ажил олгогчдоос юу хүсдэг вэ гэдгийг эрэмбээр нь ангилахад нэгдүгээрт цалин урамшуулал орж байна. 

Хоёрдугаарт ур чадварыг нь үнэлэх
Гуравдугаарт тогтвортой үйл ажиллагаатай хэвийн тайван нөхцөлтэй ажлын байр
Дөрөвдүгээрт удирдах эв дүй
Тавдугаарт нийгмийн баталгааг хүсдэг.
Эдгээр таван хүчин зүйл чухлын эрэмбээрээ монгол хүний хэрэгцээ гэж хэлж болно гэдгийг хэлэв. 

Монголын хүний нөөцийн ажилтны өдрөөр байгууллагууд шилдэг арга туршлагаа солилцож, олон улсын загваруудыг хэлэлцэж, ирэх жилийн чиг хандлагыг тодорхойлдог индэртэй болжээ. 

Энэ жилийн HR day арга хэмжээнд бизнесийн байгууллагыг гурван түвшинд ангилж оролцуулж байгаа бөгөөд Корпорейт Конвеншн Центрийн хоёр танхим болон Худалдаа аж үйлдвэрийн их танхимд хуралдааныг энэ сарын 15-нд зэрэг зохион байгуулах аж. 

TsoilogsoZ-ын Хамтран үүсгэн байгуулагч Б.Батзориг “Энэ жилийн хүний нөөцийн өдрөөр бид хоёр асуудалд төвлөрнө. Тодруулбал бизнесийн өсөлтийг хүний хөгжилтэй хэрхэн уялдуулах вэ гэсэн агуулгыг хөндөж байгаа.

Дэлхийн эдийн засгийн форумын судалгаагаар 2030 он гэхэд дэлхий даяар нийт 170 сая ажлын байр шинээр бий болж, 93 сая ажлын байр хасагдаж шахагдах төлөвтэй байгаа.

Мөн одоо ажиллаж буй ажиллах хүчний эзэмшсэн ур чадварын 39 хувь нь өөрчлөгдөх эсвэл хуучрах судалгааны үр дүн бий. Тэгвэл энэ цаг үед Монголд хүнээ хэрхэн хөгжүүлэх вэ, байгууллагын өсөлтийг хэрхэн уялдуулах вэ гэсэн агуулгын хүрээнд ярьж байгаа.

Гадаадын сайн туршлага, судалгаа номоос илүү Монгол Улсын хувийн хэвшлийн компаниудад бизнесийн загварууд аль хэдийн хөгжиж бойжсон. 

Энэ жилийн HR day арга хэмжээний үеэр компаниуд сайн туршлагаа хуваалцана. Мөн оролцогч байгууллагууд шийдлийг илүү ярьж, 2027 оны төлөвлөгөөнд хэрэгжүүлэх алхам, загварыг тодорхойлж, шинэ хамтын ажиллагааг үүсгэж гараасай гэж хүсэж байгаа.

Мөн боловсролын байгууллагуудаас мэдлэгтэй судлаачдыг урьж оролцуулах юм. Хамтдаа нэг өдөр хэлэлцээд зогсохгүй, цаашлаад аравдугаар сарын 23-нд HR day-ийнхээ бодлогын зөвлөмжийг Төрийн ордонд танилцуулах төлөвлөгөөтэй байгаа.

Сорилттой энэ цаг үед бие биеэсээ суралцаж, хамтран ажиллаж илүү бүтээмжтэйгээр даван туулах шаардлага үүсээд байна” гэлээ.