М.ХУЛАН

Монголын говийн бүсийн уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийн нөлөөллийн бүсэд амьдарч буй малчид болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран “Тогтвортой бэлчээрийн эрхийн төлөөх Нүүдэлчдийн Улаан шугам” санаачилгыг өчигдөр буюу наймдугаар сарын 13-нд “Үндэсний мэдээллийн төв”-д танилцууллаа.

Тус санаачилга нь UNCCD COP17-ын үйл явцад хувь нэмэр оруулахын зэрэгцээ бэлчээрийн экосистем, усны эх үүсвэр, нүүдлийн зам, малчдын амьжиргаа, уламжлалт мэдлэг, нүүдлийн соёлыг хамгаалах бодлогын хүрээг бий болгох зорилготой аж.

Энэ талаар Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малчин Ж.Амгалан “Малчид бид газар нутаг, түүх соёлоо хамгаалж ирсэн. Гэтэл уурхайн нөлөөллөөс шалтгаалан эзэмшлийн газарт уул уурхайн лиценз давхар олгогдож, газар нутгаа алдаж байна. Үүнд хариуцлага хүлээх эзэн байдаггүй” хэмээв.

Харин Дорноговь аймгийн Айраг сумын малчин М.Бямбаахүү “Залуу малчдын ирээдүй бүрхэг байна. Уурхайн нөлөөллөөр газар нутаг усгүй, бэлчээргүй болж, тоосонд дарагдсан. Үүнээс үүдэн малын өвчлөл нэмэгдэж, хүнсний аюулгүй байдал алдагдаж байна” хэмээн тодотгов.

Дорноговь аймгийн Даланзадгад сумын малчин Н.Болдбаатар хэлэхдээ “Эрх баригчид нүүдэлчин ахуй соёлоосоо холдсон байна. Жишээлбэл, авто тээврийн зам дээр малаа шөнө дайруулбал хохирлыг нь малчин төлдөг. Гэтэл адуу, үхэр бол шөнө бэлчээрлэдэг, шөнийн идэштэй амьтад. Үүнийг өөрчилж өдөр нь бэлчээж, шөнө нь хаших боломжгүй. Малчид хайрлан өсгөсөн малаа дайруулчихаад дээрээс нь машины хохирлыг төлөх нь санхүүгийн хувьд маш их хүндрэл учруулдаг. Өөр нэгэн хүндрэлтэй зүйл бол бензинийг саванд өгдөггүй явдал. Бид ус татдаг помп насосоо бензинээр ажлуулдаг. Үүнд ашиглах бензинийг саванд авахаас өөр арга байхгүй” гэлээ.

Санаачлагчид бэлчээрийг зөвхөн эдийн засгийн нөөц бус экологийн, нийгмийн болон соёлын үнэт зүйл гэж үзэж, газар ашиглалтын шийдвэрт малчдын оролцоог бодитоор хангахыг шаардаж байна. Түүнчлэн урьдчилан мэдээлэлд үндэслэн зөвшөөрөл авах FPIC зарчмыг бодлого, хууль тогтоомжид баталгаажуулахыг уриалжээ.

Мөн малчдыг газрын доройтол, цөлжилтийг бууруулах, экосистемийг нөхөн сэргээх ажлын “нөлөөлөлд өртөгч” бус, шийдлийн нэг хэсэг гэж үзэж, уламжлалт мэдлэгт тулгуурласан нөхөн сэргээлт болон орон нутагт хүрэх санхүүжилтийг дэмжихийг шаардаж байна.

Тус санаачилгаар бэлчээр, ус, нүүдлийн зам, малчдын уламжлалт ахуй, соёлын өвийг хамгаалах шаардлагатайг онцоллоо. Мөн эдгээрт ноцтой хохирол учруулах газар ашиглалт, бүтээн байгуулалтад хамгаалалтын механизм хэрэгжүүлж, “Нүүдэлчдийн Улаан шугам”-ын зарчмыг бодлого, хууль тогтоомжид тусгахыг уриаллаа.

Эх сурвалж: zms.mn