Ч.БЯМБА
2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Оюутолгойн гэрээ, хэлэлцээрийн хоорондын хамаарал зэрэг цаг үеийн асуудлаар Арбитрч, Эрсдэлийн удирдлагын мастер Г.Хонгор мэдээлэл хийлээ. Засгийн газар Оюутолгойтой хийж буй хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээр, үр дүнгийн хувьд баялгийн эзэд болсон Монгол Улсын иргэдийн сэтгэлд огт хүрэхгүй байна. 17 жил үргэлжилсэн хэлэлцээрийн үр шим, амлалт айл гэрийн хаалгаар орж ирэхгүй байгаад олон нийт шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Энэ талаар Арбитрч, Эрсдэлийн удирдлагын мастер Г.Хонгор “2009 оны Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээр “хана мөргөөд”, Засгийн газар мухардалд орсон нөхцөл байдалд орсон харагдаж байгаа. 2009 оны Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээр бол 1992 оны Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль, УИХ-ын 40, 57 дугаар тогтоол, Засгийн газрын 61 дүгээр хууль тогтоомжид нийцэж боловсруулж, баталсан байна. Гэтэл өнөөдөр тус хууль хүчин төгөлдөр хэвээр үү. 2020 оны тавдугаар сараас хойш Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр бус болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, манай Засгийн газар хүчин төгөлдөр бус гэрээн дээр Рио Тинтотой гэрээ хэлэлцээр хийж, хүнд нөхцөл байдалд орчхоод байна. Монголчууд баялагтаа эзэн байхын тулд энэ алдааг засах хэрэгтэй. Ингэхийн тулд 2009 оны Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрийг нэн яаралтай горимоор авч хэлэлцэн, УИХ-аас тогтоол гаргаж, Монгол Улсын 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн батлах шаардлагатай гэх саналыг гаргаж байна” гэлээ.
Эх сурвалж: zms.mn