Солонгосын хэвлэлд гарсан их сургуулийн захирал эмэгтэйн тухай нийтлэлийг уншаад ёстой гайхалтай гэхээс өөр үг олдсонгүй. Учир нь уг нийтлэлийн баатар өдгөө 94 настай эмэгтэй. Ийм насанд их сургуулийн захирлаар ажиллаж, ирээдүйг төлөвлөнө гэдэг бол жинхэнээсээ эрүүл, чанартай урт наслалтын жишээ. Бас олон ном зохиол, зөвлөгөөнд гардаг зорилго байвал сэтгэл өтөлдөггүй гэдэг гэдгийг бодитоор харуулах мэт.

94 нас гэдэг олон хүний хувьд туулж өнгөрүүлсэн амьдралдаа хийж бүтээснээ эргэн харж, тайван амрах нас байж болох. Харин Өмнөд Солонгосын Гачон их сургууль /Gachon University/ ийн ерөнхийлөгч Ли Гил-яа /Lee Gil-ya/ гийн хувьд энэ насанд ч ирээдүйг төлөвлөж, дараагийн өөрчлөлтийг угтах цаг хэвээр байна.

Тэрээр БНСУ-ын хамгийн удаан хугацаанд их сургуулийн ерөнхийлөгчөөр ажиллаж буй удирдагчдын нэг аж. Бараг 30 шахам жилийн өмнө буюу 1998 онд Кёнвон их сургуулийн удирдлагыг хариуцах болсноос хойш боловсрол, эрүүл мэндийн салбарт байгууллага хөгжүүлэх ажлыг олон арван жил удирджээ. 2012 онд дөрвөн байгууллагыг нэгтгэснээр өнөөгийн Гачон их сургууль байгуулагдахад Ли Гил-яа захирлаар ажиллаж эхэлжээ.

Ли Гил-яа-гийн түүх бол өөрчлөлтийг бусдаас түрүүлж анзаарах, эрсдэлээс айхгүй эхлэх, бүтэлгүйтлээс суралцах, ирээдүйд хөрөнгө оруулах тухай түүх гэж he Korea Times-ийн нийтлэлд бичжээ.

Өөрчлөлтийг хүлээх биш, түрүүлж алхах

Өнөөдөр хиймэл оюун ухаан дэлхийн бүх салбарт өөрчлөлт авчирч байна. Харин Ли Гил-яа энэ өөрчлөлтийг сүүлийн хэдэн жилд биш, хэдэн арван жилийн өмнөөс анзаарч эхэлжээ.

1980-аад оны эхээр тэрээр Гил эмнэлгийн үйл ажиллагааг компьютержүүлэх боломжийг судалж эхэлсэн байна. Тухайн үед Өмнөд Солонгосын эмнэлгүүдэд ийм систем нэвтрүүлэх нь түгээмэл байгаагүй. Тэр эмч, сувилагч болон бусад ажилтнуудаас бүрдсэн баг байгуулж, гадаад улс орнуудад илгээж, шинэ технологийг судлуулжээ. Ингэснээр 1987 он гэхэд тус эмнэлгийн үйл ажиллагаа компьютержиж, өвчтөний тусламж үйлчилгээний өөр өөр үе шатуудыг мэдээллийн системээр холбох боломж бүрдсэн байна.

Энэ туршлага түүнд нэг зүйлийг эрт ойлгуулсан байна. Технологийн өөрчлөлтийг дагаж явах биш, өөрчлөлт эхлэхээс өмнө бэлтгэх хэрэгтэй гэдгийг. Энэ зарчим нь хожим түүний их сургуулийг удирдах удирдлагын гол философийн нэг болсон байна.

2002 онд Гачон их сургууль программ хангамжийн коллеж байгуулж, 2020 онд хиймэл оюун ухааны бакалаврын хөтөлбөр нээжээ. Харин өнөөдөр тус сургууль хиймэл оюун ухааны боловсролыг зөвхөн технологийн мэргэжлээр хязгаарлахгүй, 60 гаруй мэргэжилд нэвтрүүлэх “AX-Gachon” стратеги хэрэгжүүлж байна. Мөн хиймэл оюун ухааны цамхаг, генератив AI-д суурилсан номын сан, өндөр хүчин чадлын тооцооллын дэд бүтэц бий болгохоор төлөвлөжээ.

Ли Гил-яа өөрийн зарчмыг энгийнээр тайлбарладаг байна. “Бид түрүүлж хөдөлдөг.” Түүний хувьд манлайлал гэдэг бусад хүн юу хийхийг хүлээх бус, өөрийн харж буй боломжийг түрүүлж эхлүүлэх явдал аж.

“Бэрхшээл өөрөө амжилтын нэг хэсэг”

Ли Гил-яагийн амьдралд амжилттай төслүүдээс гадна олон бэрхшээл, бүтэлгүйтэл байсан. Гачон их сургуулийн хөгжлийн эхэн үед санхүүгийн хүндрэл, нэр хүндийн асуудал зэрэг олон сорилт тулгарч байжээ. Гэвч тэр байгууллагын боломжийг өөр өнцгөөс харсан байна. Сайн багш нар, анагаахын сургууль, хөгжих боломжтой байршил зэрэг давуу тал байсан учраас илүү өндөр зорилго тавьжээ. Эхэндээ зарим хүнд бодит бус мэт санагдаж байсан зорилтуудаа дахин дахин ярьж, хамт олноо түүндээ чиглүүлсэн байна.

Түүний хэлсэн нэг өгүүлбэр манлайллын тухай олон номоос илүү товч бөгөөд хүчтэй сонсогдоно. “Бэрхшээл өөрөө амжилт. Энэ нь амжилтын суурь болдог.”

Тэр бүтэлгүйтлийг төгсгөл гэж хардаггүй. Харин дараагийн алхам хийхэд шаардлагатай туршлага гэж үздэг. Тиймээс залуу үед хандаж амжилт гаргахыг бус, сорилтод орохыг зөвлөдөг.  “Маш олон зүйл хийж, маш олон удаа бүтэлгүйт” гэсэн түүний санаа үүнд оршино.

Мөрөөдөл эхлээд, хүмүүс дараа нь дагадаг

Удирдагч хүн ганцаараа байгууллага өөрчилж чаддаггүй. Ли Гил-яа үүнийг ч сайн ойлгодог. Их сургуулийн шинэ хөтөлбөр бий болгох, багш ажиллуулах, шинэ салбарт орох зэрэг нь зөвхөн ерөнхийлөгчийн шийдвэрээр хэрэгжих боломжгүй. Үүний ард хамт олон, багш, ажилтнуудын дэмжлэг, итгэл хэрэгтэй.

Тэрээр “Би юу хийх ёстойг бодож болно. Гэхдээ эргэн тойрныхоо хүмүүсийн дэмжлэггүйгээр үүнийг хэрэгжүүлж чадахгүй” хэмээн ярьжээ. Эндээс түүний манлайллын өөр нэг чанар харагдана. Сайн удирдагч хүн өөрөө бүхнийг хийдэггүй. Харин бусдыг хамтдаа хийж чаддаг болгодог.

Эхэндээ бодит бус мэт санагдсан санаа нь үр дүнгээ өгч эхлэхэд хүмүүсийн итгэл нэмэгддэг. Итгэл нэмэгдэхийн хэрээр дараагийн өөрчлөлтийг хийх боломж бий болдог.

Ирээдүйн оюутан цээжлэхээс илүү ашиглаж сурах ёстой

Ли Гил-яа хиймэл оюун ухаан боловсролын тогтолцоог өөрчлөхөөс өөр аргагүй гэж үзэж байна. Түүний төсөөлж буйгаар таван жилийн дараа оюутнууд шалгалтын танхимд зөөврийн компьютертэй орж, ном цээжилсэн эсэхээс илүүтэй мэдээлэл болон хиймэл оюун ухааныг хэрхэн зөв ашиглаж чадаж байгаагаар мэдлэг, чадвараа харуулах нөхцөл бий болно. Энэ нь зөвхөн технологийн тухай асуудал биш. Энэ бол удирдагч хүн өнөөдрийн асуудлаас илүү маргааш ямар асуудал гарч ирэхийг урьдчилан харж чаддаг байх тухай юм.

94 настай Ли Гил-ягийн хувьд нас бол ирээдүйгээс ухрах шалтгаан биш байна. Харин ч олон арван жилийн турш хуримтлуулсан мэдлэг, туршлагаа дараагийн үед өгөх үүрэг гэж тэр хардаг.

“Мөрөөд. Сорь. Бүтэлгүйт”

Ли Гил-яагийн залууст өгдөг зөвлөгөө нь технологийн эрин үеийн тухай ярьж буй удирдагчаас хүлээж болохооргүй энгийн. “Чин сэтгэлээсээ мөрөөд.
Өөрийгөө сорь. Бүтэлгүйтэхээс бүү ай”.

Түүний хувьд амьдралын үнэ цэн зөвхөн амжилтаар хэмжигдэхгүй. Хүнд хэцүү үе, алдаа, бүтэлгүйтэл бүр хүн өөрийгөө хөгжүүлэхэд ашиглаж болох туршлага болдог. Тиймээс 94 насандаа тэр өнгөрснийг тоолж суухын оронд ирээдүйг төлөвлөсөөр байна.

Энэ бол эмэгтэй хүний манлайллын тухай нэгэн чухал санааг сануулна.

Манлайлагч байх гэдэг бусдаас түрүүлж зогсохын нэр биш. Өөрчлөлтийг түрүүлж олж хараад, бусдыг түүн рүү хамтдаа алхуулахын нэр юм.

Эх сурвалж: The Korea Times