Энэ бол нэг талаасаа дэлхийн кино урлагийн домог Жуди Гарландын охин гэдгээрээ биш, өөрийн авьяас, хөдөлмөрөөрөө нэрээ бүтээсэн эмэгтэйн 80 жилийн түүх. Нөгөө талаасаа Лайза Миннеллигийн хувьд манлайлал гэдэг бусдыг удирдах тухай биш, харин хэрхэн өөрийн амьдралын гол дүр хэвээр үлдэх тухай гэж хэлж болно.

Холливудын түүхэнд алдартай эцэг, эхийн хүүхэд болж төрөх нь нэг талаар асар том боломж. Нөгөө талаар өөрийн нэрийг бүтээхэд хамгийн том сорилт болдог. Учир нь хүн өөрийн амжилтаар биш, хэний хүүхэд вэ гэдгээрээ эхлээд танигддаг.

Лайза Миннелли энэ сорилтыг багаасаа туулжээ. Тэр бол дэлхийд алдартай жүжигчин, дуучин Жуди Гарланд болон нэрт найруулагч Винсент Миннелли нарын охин. Гэвч өнөөдөр түүний нэрийг зөвхөн “Жуди Гарландын охин” хэмээн тодорхойлох боломжгүй. Лайза Миннелли өөрийн гэсэн тайз, өөрийн гэсэн дүр, өөрийн гэсэн үзэгчтэй болж чадсан уран бүтээлч юм.

2026 оны гуравдугаар сарын 12-нд тэрээр 80 нас хүрсэн. Энэ үеэр Миннелли амьдралынхаа тухай дурсамж номоо уншигчдад хүргэсэн нь түүний замналыг дахин сөхөх шалтгаан болжээ.

“Алдартай хүний хүүхэд” байхаас татгалзсан нь

Лайза Миннелли 1946 онд Лос-Анжелест төрсөн. Тэр бага наснаасаа л тайз, киноны ертөнцөд ойр өссөн. Гурван настайдаа ээжийнхээ хамт дэлгэцнээ гарч ирсэн гэдэг. Гэхдээ Лайза ээжийнхээ нэрийн дор насан турш амьдрахыг хүсээгүй.

1960-аад оны эхээр тэр Нью-Йоркийг зорьж, бие даасан уран бүтээлийн замналаа эхлүүлжээ. Бродвейн тайзнаа гарч, 1965 онд “Flora the Red Menace” мюзиклийн дүрээрээ “Тони” шагнал хүртсэн байна. Энэ нь түүнийг зөвхөн алдартай гэр бүлийн охин биш, өөрийн авьяастай уран бүтээлч болохыг харуулсан эхний томоохон амжилтуудын нэг байв. Тэр үед Лайза дөнгөж 19 настай байлаа.

Нэг дүр бүхнийг өөрчилсөн нь

1983 он

1972 он Лайза Миннеллигийн карьерын эргэлтийн цэг болсон байна. Боб Фоссегийн найруулсан “Cabaret” кинонд Салли Боулзын дүрийг бүтээв. Берлиний шөнийн клубын тайзнаа тоглож, амьдралаа авч явдаг дуучин бүсгүйн дүр Миннеллигийн нэртэй үүрд холбогджээ.

“Cabaret” түүнд “Оскар”-ын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг авчирсан төдийгүй дэлхийн кино урлагийн томоохон оддын нэг болгосон юм. Тэр жил мөн “Liza with a Z” телевизийн тусгай нэвтрүүлэгт оролцож, “Эмми” хүртсэн байна. Түүний тайзны эрч хүч, дуулах арга барил, бүжиглэх хөдөлгөөн, хувцаслалт зэрэг нь өөрийн гэсэн танигдах хэв маягийг бий болгожээ.

Ингэж Жуди Гарландын охин Лайза Миннелли биш, Лайза Миннелли өөрөө дэлхийн үзэгчдийн өмнө гарч ирсэн юм.

Түүний жинхэнэ орон зай бол тайз

Нью-Йорк, Нью-Йорк киноны кадр.

Миннеллигийн уран бүтээлийн зам зөвхөн киногоор хязгаарлагдахгүй. Тэр театр, кино, телевиз, хөгжмийн тайзыг зэрэг эзэмшсэн ховор уран бүтээлчдийн нэг. Түүний тоглолтуудын гол онцлог нь үзэгчтэй шууд харилцах чадвар байлаа.

Тэр зөвхөн дуу дуулж, дүр бүтээдэггүй. Тайзан дээр бүх биеэрээ тоглодог уран бүтээлч байв. Тиймээс түүний карьерын нэг онцлог нь кинонд тоглосон дүрүүдээсээ илүү амьд тоглолтуудтай нь холбоотой байдаг. Францын продюсер Бруно Кокатрикс түүний тоглолтыг “Жижиг зовлонг том, жижиг баяр баяслыг асар их зүйл болгон хувиргадаг” хэмээн дүрсэлсэн байдаг.

Алдар нэрийн цаана байсан тэмцэл

Лайза Миннеллигийн амьдрал зөвхөн амжилтаар дүүрэн байсангүй. Түүний хүүхэд нас, гэр бүлийн орчин, ээжтэйгээ харилцах харилцаа, хожмын хувийн амьдралд нь олон хүнд сорилт тохиосон. Тэр өөрийн дурсамж номдоо эдгээрийн талаар анх удаа нээлттэй ярьжээ.

Алдартай байх нь амьдралын бүх асуудлыг шийддэггүй. Энэ бол түүний амьдралын нэг чухал сургамж гэж хэвлэлүүд бичсэн нь бий.

Миннеллигийн онцлог нь бэрхшээл бүрийн дараа тайз руу эргэн ирж чаддаг байсан явдал. Тэрээр карьерынхаа хүнд үеүдийн дараа дахин тоглолтоо хийж, үзэгчдийн өмнө гарсаар ирсэн. 1987 онд Карнеги-Холлд хийсэн тоглолт нь түүнийг хэрхэн эргэж ирж чадсан бэ гэдгийг харуулсан гэж шүүмжлэгчид, томоохон хэвлэлүүд бичиж байжээ.

Өөрийн түүхийг өөрөө өгүүлэхүй

2026 онд хэвлэгдсэн Kids, Wait Till You Hear This! ном нь Миннеллигийн амьдралын бас нэгэн чухал алхам болсон байна. Тэр олон арван жилийн турш өөрийнх нь тухай бусдын бичсэн, ярьсан түүхийг сонсож ирсэн. Харин 80 насандаа өөрийн амьдралын тухай өөрөө өгүүлэхээр шийджээ. “Бусад хүмүүс миний амьдралыг ярьж, өөр өөрөөр тайлбарлаж ирсэн. Харин одоо би өөрийн түүхийг өөрөө ярих ёстой” гэдэг түүний намтар ном хэрхэн бичигдсэнийг товч өгүүлэх тодорхойлолт гэсэн үг.  Гэхдээ энэ бол зөвхөн намтар ном бичсэн тухай асуудал биш. Өөрийнхөө тухай ярих эрхээ өөртөө буцаан авч байгаа хэрэг аж.

Ээжийнхээ нэрийг давсан уу?

Лайза Миннелли Жуди Гарландын охин гэдэг тодорхойлолтоос насан турш бүрэн салсангүй. Харин тэр энэ нэрийг өөрийн амжилтад дарамт биш, өв болгон авч явж чадсан уран бүтээлч.

Ээж нь “The Wizard of Oz”-оороо кино урлагийн түүхэнд үлдсэн бол Лайза “Cabaret”-аар өөрийн хуудсыг бичжээ. Ээж нь гайхалтай дуу хоолойгоороо алдартай байсан бол охин нь дуу, жүжиг, бүжиг, тайзны эрч хүчийг нэгтгэсэн өөрийн гэсэн хэв маягийг бий болгосон байна.

Ингээд харахад Лайза Миннеллигийн түүхийг зөвхөн Холливудын одны намтар гэж харах нь дутуу аж.  Энэ бол бусдын тогтоосон нэр, хүлээлт, төсөөллөөс өөрийн гэсэн замыг салгаж авч чадсан эмэгтэйн түүх гэсэн үг.

80 насандаа ч тайз түүнтэй хамт

1972 он.

Лайза Миннелли “Оскар”, “Эмми”, “Тони”, “Грэмми”-гийн олон шагналт уран бүтээлч. Түүний амжилтыг зөвхөн шагналын тоогоор хэмжихэд ч дэлхийн энтертайнментын түүхэнд ямар том байр суурь эзэлдэг нь харагдана.

Гэхдээ түүний амьдралын хамгийн сонирхолтой хэсэг нь шагналууд биш. Гэр бүлийнхээ нэр алдрын сүүдрээс өөрийн нэрийг салгаж чадсан нь, алдар нэрийн цаадах хүнд үеүдээ давсан нь, тайзнаас буух шалтгаан олон байсан ч үзэгчдийнхээ өмнө дахин гарч ирсэн нь, эцэст нь амьдралынхаа түүхийг өөрийн дуу хоолойгоор өгүүлэхээр шийдсэн нь түүний хувьд гол шагнал гэж хэлж болмоор.

Эх сурвалж: zms.mn