Бөх хүний ээжийн сүү нь хүртэл бяртай

Бөх хүний ээжийн бүүвэй нь хүртэл уртай

Бөх хүний ээжийн үг нь хүртэл учиртай

Бөх хүний ээжийн үйл нь хүртэл өлзийтэй” хэмээн Алтай нутгийн яруу найрагч М.Билэгсайхан шүлэглэсэн байдаг. Ерөөс хүний авьяас билэг, хувь заяаг аав ээж, нутгийн уул ус нь түшиж, ивээлдээ багтааж явдаг гэдэг. Хүүгийнхээ барилдаан бүрийг сэтгэл зүрхээрээ хамт мэдэрч, баяр догдлол бүхнийг нь хуваалцдаг сүүн ерөөлтэй хүмүүс бол бөхийн ээжүүд. Зүүний үзүүрт будаа тогтохын дайтай хүмүүний их заяаг хайрласан ижий бурхад үр хүүхдүүдээ эрүүл саруул, сайн сайхан яваасай гэж ерөөж, үргэлж мөнхийн цагаан замын сүүн цацлаа өргөдөг билээ.

Энэ жилийн төрийн их баяр наадамд хүү нь урамтай сайхан барилдаж, түрүү бөхөөр тодрон түмэн олноо цэнгэлийн манлайд хөтөлж, төв цэнгэлдэх дүүрэн төрийн зарлиг уншиж сонордуулан, айл бүрийн хойморт “Өргөн Сэлэнгэ” эгшиглэхэд даян аварга Б.Орхонбаярын ээж аяга дүүрэн сүүгээ мэлтэлзүүлэн хүлээн зогсоо харагдсан.

Их энэрэл хайраар өсгөсөн алдрай бяцхан үр нь монгол түмнийхээ их өв соёлыг тээж, зүлэг ногоон дэвжээнээ олон аавын хүүхдүүдтэй эр бяр, уран мэхээ уралдуулан барилдаж, зүүн, баруун талын засуулуудаа ханаруулан цэнгэлийн манлайд зогсохыг харах нь ээж хүний сэтгэлд багтамгүй их баяр, бахдал авчирсан нь лавтай.

Ийнхүү “Зууны мэдээ”-гийн зочноор Монгол Улсын даян аварга Б.Орхонбаярын ээж А.Батцэцэгийг урьж, ярилцлаа.

-Энэ жилийн төрийн их баяр наадамд хүү нь урамтай сайхан барилдаж, 28 насандаа даян аварга цол хүртэн, аав ээж, нутаг ус, түмэн олноо баярлууллаа. Хүүгийнхээ барилдаан бүрийг дэргэдээс нь харж, даваа бүрийн ард догдолж суусан ээж хүний хувьд тэр өдрийн баяр, хүлээлт, сэтгэл догдлол ямар байв. Ялангуяа үзүүр, түрүүнд барилдаж, даян аваргын цолны зарлиг дуудах тэр мөчид юу бодогдов?

-Энэ жилийн баяр наадам сэтгэлд тод үлдэх сайхан мөчүүдээр дүүрэн байлаа. Хүүгийнхээ барилдаан бүрийг нь догдолж, хүлээж, суудал дээрээ тогтож сууж чадахгүй өндөлзөж үзсэн дээ.

Сүүлийн хоёр даваанд бүр сууж чадаагүй зогсож үзсэн. Үзүүр түрүүнд барилдахад нь харж чаддаггүй юм билээ. Тэгээд түр гарчхаад ирье гэсэн үзүүр түрүүний барилдаан эхэлсэн учраас гадна байгаа хүмүүс  төв цэнгэлдэх рүү орох гээд зогсчихсон болохоор цагдаа нар ч гаргаагүй. Тэгээд л хүүгээ түрүүлэхэд нь “Энэ чинь миний хүүхэд  шүү дээ” гээд бодсон. “Үнэн юм уу” гэж бодон өөртөө итгэдэггүй юм билээ.

Сүүнийхээ дээжийг зүлэг ногоон дэвжээндээ өргөж, хүүгээ цолоо хүртээд буугаад ирэхэд сүү амсуулъя гэж бодоод хүлээсэн.

Төрийн зарлиг уншихад нь баруун гараа алдлаад нь  уул ус, торгон ногоон дэвжээ есөн хөлт цагаан туг бүгдэд нь залбирсан даа. Их гоё мэдрэмж байсан. Хүүгээ улсын их баяр наадамдаа түрүүлж, түмэн олноо баясгаж, даян аваргын болзол хангаж төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг үнэхээр ховорхон тохиолдол, тэр бүр хүн бүхэнд заяадаггүй аз хийморь болов уу.

Наадмын хэдэн өдөр хүмүүс баяр хүргэж бид хоёрын утас байнга л дуугарсан даа.  Ийм сайхан хүү заяаж, төрүүлж өсгөн, түмнийхээ их хайр хүндэтгэлийг хүлээж явна гэдэг их сайхан  хувь тохиол юм гэж бэлгэшээж явдаг.

-Наадам бүрийг алгасахгүй үздэг байх аа?

-2019 оноос хойш улсынхаа их наадмыг алгасахгүй үзэж байна. Долоодугаар сарын 9 гээд л хот руу хүрээд ирдэг юм. Хүүгээ унасан ч үзнэ, давсан ч үзнэ.

Хүүгээ барилдахаар өглөө гэрээс гарахад нь амжилт хүсээд үнсээд явуулдаг. “Аав ээж та хоёр араас хүрээд ирээрэй. Бөхөө үзээрэй” гээд  тасалбар авчихсан байдаг. Би сумандаа малын эмчээр ажилладаг болохоор  наадмын үеэр хурдан морины наадмын комисст ажилладаг юм. 2019 оноос хойш манайхан "Хүүгээ дэмжээд цол ахиулаад ирээрэй” гээд надад чөлөө өгдөг болсон.Төв цэнгэлдэхэд нэг секторт суусан үзэгчид маань “Орхонбаярынхаа аав ээжтэй суусан ямар азтай юм бэ” гэдэг. Танил болоод тэр жилийнхээ наадмыг үздэг дээ.

Хүү минь ээжийгээ бөхөд дуртай болгосон. Өмнө нь бөх нэг их үздэггүй байсан хүн одоо улсын цолтой бүх бөхчүүд, аймгийн арслангуудын нэр, цолыг нь мэддэг болсон байна.

-Анхны цолоо хүртэхэд  залуу бөхөд  хамгийн сайхан мөч байдаг. Хүүгээ цол хүртэхэд нь ч их догдлол дүүрэн байсан байх?

-Тэгэлгүй яах вэ. Сумын заан болоход нь их баярлаж байсан. Харин хамгийн гоё дурсамжтай барилдаан нь аймгийн арслан болсон үе. Маш их баярласан. Дараа нь улсын цолонд хүрч, начин цолны болзол хангахад ч их сайхан байсан.

Монгол бөхийн босоо цагаан хийморь ивээж, хүүгийн минь хүсэл мөрөөдөл  биелэх байх гэж боддог байлаа. Хүүгийн минь бэлтгэл сургуулилтыг сайхан хангаж, даян аварга болтол нь аав ээжээс нь илүү тусалж, дэмжиж ирсэн Т.Өсөх-Ирээдүй багшдаа, олон байгууллага, нутгийнхаа ард түмэнд, уул ус, хангай дэлхийдээ баярлаж явдаг.

-Бөхийн спорт удам дагах нь бий. Аав ээжийн тань  талд нь барилддаг хүн бий юу?

-Ээжийн маань ганц ах нь сумын заан цолтой байсан гэдэг. Сумандаа олон жил дараалан түрүүлсэн хүн байсан юм билээ. Аавынх нь төрсөн ах барилддаг байсан гэдэг. Түүнээс биш улсын цолтой  бөх байгаагүй. Дээр үед тэр бүр байнга бэлтгэл сургуулилт хийж,  аймаг улсад барилдах боломж ховор байсан болохоор илүү цааш явж барилдаагүй ч байж мэдэх юм.

Манайх хоёр хүүтэй. Том хүү маань аавынхаа мэргэжлийг өвлөж төрдөө тангараг өргөсөн цагдаа мэргэжилтэй. Даян аварга маань миний бага хүү. Сэлэнгэ аймгийн Орхон суманд 1998 онд төрсөн. Дөрвөн настай байхад нь Цагааннуур сумандаа ирж байсан. Багад нь хүүгээ болно гэж боддоггүй байлаа. Хүүхдийн баяраар  аав нь хүүгээ барилдуулна гээд хааяа аваад явдаг байсан. I, II байрт орлоо гээд  баярын бичиг аваад ирдэг байлаа. Хүү маань долоодугаар ангиасаа чөлөөтийн  секцэд явж, тэр үеэс бөхөд илүү дуртай болсон доо.

Аав ээж хоёр нь хүүгээ бөхөөр хичээллэж эхлэхэд  дуртай байсан. Спорт гэдэг өөрөө  хүнд зөв хүмүүжлийг олгодог,  эрүүл мэндэд ч эерэг ач тустай болохоор хүүгийнхээ сонирхлыг бид дэмжсэн. Хүүгээ ийм алдартай том бөх болно гэж бодоогүй.  Одоо бол хүүгээрээ маш их бахархаж явдаг. Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж байдаг.

-Хүүхэд багадаа ирээдүйн хүсэл мөрөөдлийн тухай ярьдаг шүү дээ. Хүүгийн тань багийн мөрөөдөл юу байв?

-Цагдаа болно гэдэг байсан. ЭЕШ өгөхөөр явахдаа Орхонбаярын ангийн 3-4 хүүхэд, аав ээжийнх нь хамт Ээж модонд очиж мөргөж байсан юм. Тэр үед “Миний хүү шалгалтаа сайн өгнө гэж залбирдаг юм шүү” гэхэд “За, ээж ээ” гэсэн.

ЭЕШ-аа өгчхөөд “Би Ээж модонд бөх болно гэж залбирчихсан шүү, ээж” гээд л биднийг инээлгэж байлаа.

-Хоёр хүүдээ хандаж ерөөлийн сайхан үг хайрлахгүй юу?

-Хүүг минь монгол бөхийн босоо цагаан  хийморь, зүлэг ногоон дэвжээ, түмэн олон нь ивээж, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байх болтугай гэж ээж нь ерөөе. Миний хүү зорьсон зорилгодоо тууштай байж монгол бөхийн оройн дээд цолонд хүрч, Монгол түмэн, уул усаа баярлуулж яваарай.

Төрдөө тангараг өргөж, аавынхаа мэргэжлийг өвлөж яваа том хүүгээрээ аав ээж нь бахархдаг. Амжилт бүтээлээр дүүрэн, эрүүл энх байх болтугай. Өглөө бүр уул ус, хангай дэлхийдээ цайныхаа дээжийг өргөхдөө зөвхөн өөрсдийгөө биш Монголын ард түмнээ даатгаж, амгалан тайван байгаасай гэж залбирдаг даа.

-Та удам дамжсан малын эмч мэргэжилтэй гэсэн. Энэ тухайгаа ярихгүй юу?

-Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул. Аав ээж минь хоёулаа малын эмч мэргэжилтэй. Би удам дамжсан малын эмч. Одоо сумандаа хувийн малын эмнэлэг ажиллуулаад 10 жил болж байна.

 Намайг аравдугаар анги төгсөхөд аав ээж минь өөрсдийнхөө мэргэжлийг өвлүүлэхээр Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн техникумын малын эмчийн ангид оруулж байсан. Аав ээжийн хэлсэн үгнээс гарах эрхгүй шүү дээ. Ажил амьдралынхаа гарааг эхлүүлж,  үр хүүхдээ аав ээжийнхээ хүмүүжлээр хүмүүжүүлээд  явж байна.

-Цагааннуур сумандаа ажил амьдралаа төвхнүүлээд хэр удаж байгаа вэ?

-Гэр бүлийнхээ хүнтэй  танилцаж, Сэлэнгэ аймгийн хүн болсон. Алтанбулаг сумаас ажил амьдралынхаа гарааг эхэлж байлаа.Манай хүн цагдаа мэргэжилтэй  болохоор олон газар руу томилолт авч нүүдэг байсан. Сэлэнгэ аймгийнхаа  7-8  суманд хэсгийн төлөөлөгчөөр ажилласан байдаг.

2012 онд Ерөө суманд шилжиж очиход  сумын Тамгын газрын дарга дуудаад  малын эмчээрээ ажиллахыг санал болгосон.Тэр үед аав минь  их баярласан.

“Малын эмчээрээ ажиллахгүй юм уу, ээж нь охиноо мэргэжлээрээ ажиллахыг хараагүй бурхан болсон” гэдэг байж билээ.

Дараа  нь Цагааннуур сумандаа ирээд 2016 онд хувийн мал эмнэлгээ нээхэд  аав маань “Аав нь охиныгоо мэргэжлээрээ ажиллахыг харлаа. Өөр хүсэх зүйл байхгүй сайхан байна” гэж хэлж байсан. Их баярласан даа.

Цагааннуур сумандаа амьдраад 23 жил болж байна. Манай сум Монгол Улсын газар тариаланг тэтгэдэг сайхан нутаг. Өвс ногоо арвин, жил бүр хангай дэлхий хишгээ хайрлаж, ургац сайхан гардаг. Хүн ард нь амгалан тайван,  сайхан энергитэй, ажил үйлс нь өөдрөг, ийм сайхан нутагт амьдарч байгаадаа бэлгэшээж явдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 191 (7933)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn