Д.Дарамбазар
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө. Барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, "Увс Нуур" дэвжээ, "Сүлд" спорт хороо, "Хемон Констракшн" ХХК-ийн бөх Монгол Улсын Дархан аварга Н.Батсуурь Увс аймгийн Ховд сумын харьяат "Увс Нуур" дэвжээ, "Алдар" спорт хорооны бөх Улсын начин Л.Энхсаруулаар найм давлаа. Ингэснээр дархан аварга Н.Батсуурь Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны бага болон дунд шөвөгт НЭГ удаа, их шөвөгт ЗУРГААН удаа үлдэж, НЭГ үзүүрлэж, ДӨРӨВ түрүүлсэн амжилттай болж байна. Тэрбээр 2004 оноос хойш Үндэсний их баяр наадамд нийт 20 удаа барилдаж, 13 удаа шөвгөрсөн амжилт үзүүллээ.