Испанийн Ерөнхий сайд Педро Санчес улсдаа ээлжит бус сонгууль явуулахаа мэдэгдлээ. Сонгуулийг арваннэгдүгээр сарын 29-нд хийхээр товлосон байна.  Ингэснээр өмнө нь 2027 оны зун болохоор товлогдсон байсан сонгуулийн хугацаа өөрчлөгдөж байгаа аж.

Би-би-сигийн орос редакцийн мэдээлснээр, Педро Санчес энэ шийдвэрээ өчигдөр Мадридад Монклоа ордноос телевизээр танилцуулсан байна.

Ерөнхий сайдын гаргасан энэхүү шийдвэр нь тус улсад өргөн цар хүрээтэй болж байгаа жагсаал цуглаантай холбоотой гарч байгааг хэвлэлд тэмдэглэжээ. Үнэ өссөнөөс болж төлбөрөө төлж чадахгүй болсон өндөр настай настай эмэгтэйг түрээсийн байрнаас нь албадан гаргасны дараа тус улс даяар эсэргүүцлийн жагсаал өрнөсөн юм.

Жагсаалаас хэд хоногийн өмнө Санчесийн Засгийн газар орон сууцны салбартай холбоотой тогтоол, хуулийг парламентаар батлуулж чадаагүй. Эдгээрт 2030 он хүртэл албадан нүүлгэхийг хориглох заалт орсон байсан аж. Засгийн газар түрээслэгчдийг хамгаалах, орон сууц худалдан авагч хөрөнгө оруулалтын сангуудын үйл ажиллагааг хязгаарлахыг зорьсон бөгөөд эдгээр санг Засгийн газрынхан "тас шувуун сан" гэж нэрлэдэг. Харин Засгийн газар парламентад олонх биш бөгөөд баасан гарагт парламент яаралтай тогтоолуудыг батлаагүй байна. Баруун жигүүрийн сөрөг хүчнийхэн үүнийг орон сууцны эздийн, ялангуяа байраа түрээсэлдэг энгийн иргэдийн өмчлөх эрхэд халдсан хэрэг гэж үзсэн байна.

Педро Санчес сүүлийн жилүүдэд Испани улс "дэлхий нийтэд энх тайван, феминизм, цэцэглэлтийн үлгэр жишээ болсон" гэж мэдэгдсэн. Засгийн газар нь эдийн засгийн өсөлтийг хангасан, гэвч түүний ололтыг "бойкотлох" оролдлого гарсан гэж үзэж байгаа аж. Мөн Засгийн газар алдаа гаргасан, төлөвлөснөө бүгдийг хийж чадаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч, иргэдийн амьдралын тэгш бус байдлыг бууруулах шаардлагатай шинэчлэлийг хэрэгжүүлэхийн тулд олон нийтийн дэмжлэгийг өргөжүүлэх хэрэгтэй гэсэн байна.

"Испанийн ард түмэн өөрсдөдөө болон улс орондоо ямар ирээдүйг хүсэж байгаагаа шийдэх цаг ирсэн"  гэж Педро Санчес хэлсэн байна.

Эх сурвалж: zms.mn