Улаанбаатарчууд цэвэр усаа хэрхэн зөв хэрэглэх вэ?

Крантаа нээхэд ус гарч ирэх ёстой гэдэг бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг.  Харин тэр усыг гүнээс олборлож, шугамаар дамжуулж, цэвэршүүлээд гэрт хүргэхэд  ямар зам туулж, хэр их зардал гардаг вэ. УСУГ-ын Инженерийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн төлөвлөлтийн эдийн засагч Х.Отгонбаяр “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа усны өртөг, тариф, хэрэглээний талаар сонирхолтой тоо баримт дурджээ.

Ус хүргэх үйлчилгээний үнэ

Ус бол байгалийн баялаг. Харин түүнийг олборлох, цэвэршүүлэх, хэрэглэгчид хүргэх үйлчилгээний зардал бодитой байдаг. Х.Отгонбаяр “Одоо нэг төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүн гэж байхгүй” гэдгийг сануулж байна.

Одоогийн байдлаар нэг литр цэвэр усны үйлчилгээний дундаж тариф, өртөг дараах байдалтай байна.

-Орон сууц: тариф 1.39 төгрөг, өртөг 1.91 төгрөг

-Гэр хороолол: тариф 2 төгрөг, өртөг 74.94 төгрөг

Өөрөөр хэлбэл иргэдийн төлж буй төлбөр усны үйлчилгээний бодит өртгийг бүрэн нөхөхгүй байна. Нийтийн аж ахуйн салбар, тэр дундаа усны салбар олон жил алдагдалтай ажилласаар ирсэн гэж тэрээр онцолжээ.

Орон сууц, гэр хорооллын хэрэглээний ялгаа

Ярилцлагад дурдсанаар орон сууцанд амьдардаг нэг хүн өдөрт дунджаар 120 литр ус хэрэглэдэг. Гэр хороололд амьдардаг хүн өдөрт ердөө 8 литр ус хэрэглэдэг байна.

Гэр хорооллын хэрэглэгчдэд ус хоёр замаар хүрдэг. Нэг нь төвлөрсөн системээр, нөгөө нь усны машинаар буюу зөөврөөр түгээх хэлбэр. Зөөврийн үйлчилгээ хамгийн их зардалтай. Тиймээс УСУГ ухаалаг ус түгээгүүр рүү шилжиж байна. Ухаалаг түгээгүүрт иргэд картаараа 24 цагийн турш ус авах боломжтой. Мөн ус түгээгч гэж тусгай хүн цалинжуулах шаардлагагүй болсон байна.  Мөн дүүргүүдийн ойролцоо ачилтын цэг нээснээр шатахууны зарцуулалт буурч байгаа аж.

Өртгөө нөхөх тариф яагаад чухал вэ?

Улаанбаатар хотын шугам сүлжээ нэлээд хуучирчээ. Техник технологийн шинэчлэл, шугам хоолойн засварт хөрөнгө шаардлагатай байна. УСУГ-ын Инженерийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн төлөвлөлтийн эдийн засагч Х.Отгонбаяр усны салбарын тогтвортой байдлыг хангах гурван боломжийг дурдсан байна. Үүнд:

-Тарифыг өртгөө нөхөхүйц түвшинд тогтоох

-Тарифыг инфляцтай уялдуулан итгэлцүүрээр нэмэх

-Алдагдлын зөрүүг татаасаар нөхөх.

Мөн жил бүр үнэ тарифыг цаг үетэй нийцүүлэн шат дараатай нэмбэл салбар тогтвортой ажиллах боломжтой гэж үзэж байна. Үүнтэй зэрэгцэн УСУГ бусад орлогоо нэмэгдүүлж, зардлыг  багасгах талаар олон ажил хийж байна. Цаасан тайлан мэдээг онлайн болгож, усны төлбөрийг e.us.mn системээр авч байна. Энэ бүхэн бол зардлыг багасгах талаар хийж байгаа ажлын жишээ юм.

Хэрэглэгчийн хувьд юу анхаарах вэ?

Усны үйлчилгээний өртөг өндөр, шугам сүлжээ хуучирсан, алдагдал үргэлжилж байгаа нөхцөлд цэвэр усыг үр ашигтай хэрэглэх нь нийт хотын усан хангамжийн тогтвортой байдалд нөлөөлнө. Өдөр тутам дараах зүйлийг анхаарч болно.

-Кран, бие засах газрын гоожсон усыг түргэн засуулах

-Шүдээ сойздох, аяга таваг угаах үед байнга ус гоожуулахгүй байх.

-Усны хэмжүүрийн заалтыг тогтмол хянаж, хэрэглээгээ мэдэж байх

-Төлбөрөө e.us.mn системээр цаг тухайд нь төлөх нь чухал гэж мэргэжлийн хүн зөвлөж байна.

УСУГ-ын Инженерийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн төлөвлөлтийн эдийн засагч Х.Отгонбаярын “Зууны мэдээ” сонины Leaderships forum буланд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь унших линк: https://www.zms.mn/a/105202 энд байна.

Эх сурвалж: zms.mn