Базарбямбын НЯМСҮРЭН

 

Өнөөдөр Олон улсын багш нарын баярын өдөр. “Амьдралын тойрог” булангийн энэ удаагийн зочноор Монгол Улсын гавьяат багш Т.Наранцэцэгийг урилаа.

Нийтлэлийн баатрын минь баялаг намтар нэг хүний түүх биш, нэгэн байгууллагын хийгээд тэнд өсөж торнисон олон зуун хүүхдийн амьдралын түүхтэй салшгүй холбоотой. Амьдралын хатуу хөтүүг хар багаасаа амсаж, аав ээжийн хайр халамжаар дутаж өссөн хүүхдүүдэд эцэг эхийнх нь орон зайг нөхөхөд Т.Наранцэцэг багш 40 жилийн ажил, амьдралаа зориулсан. Өөрөө зургаан хүүхэд төрүүлж, 600 хүүхдийг өсгөн хүмүүжүүлсэн эрхэм багш гавьяаныхаа амралтад гарсан ч “тэр минь, энэ минь” хэмээн шавь нарынхаа төлөө санаа чилээсэн хэвээр сууна.

Ахмадын өдөр, багш нарын баяр ойрхон тохиосон эдгээр өдрүүдэд түүнийг зорих шавь нарынх нь хөл ч тасрахгүй аж. Биднийг Хандгайт дахь зусланг зорин очиход ч анхны шавь нарынх нэг Баасанжав гэргийн хамт ирчихсэн, багштайгаа хуучилж суулаа. Багадаа гараас нь хөтөлж явсан хүүхдүүд нь өнөөдөр айл гэрийн эзэн, үр хүүхдийн эцэг эх болсон ч багшийнхаа гэрт ирж, амьдралынхаа сонин сайхныг хуваалцсаар байдаг нь энэ аж.

“Өнөр бүл” хэмээх их айлын “өндөр ээж” болсон түүний тухай MNB-ийн хөрөг нэвтрүүлэг ч энэ нэрээр үзэгчдэд хүрчээ. Хүүхдүүдийн төлөө зориулсан 40 гаруй жилийнх нь амьдралынн намтрыг сөхөхөд хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагын нэгэн үеийн түүх тэр чигээрээ бий. Түүний дурсамжид цэцэрлэгийн босгоор анх орж ирсэн багачууд, тэднийг өсгөсөн багш, ажилтнууд, хүүхдүүдийнхээ төлөө хамтдаа туулсан он жилүүд багтдаг.

Арван таван жилийн өмнө би Т.Наранцэцэг багшийг “Зургаан хүүхэд төрүүлсэн зургаан зуун хүүхдийн ээж” хэмээн энэ буландаа урьж байлаа. Тэр үед тэтгэвэрт гарах нас нь болсон ч хүүхдүүд рүүгээ өдөр бүр явдаг багш байсан бол өдгөө өсгөсөн хүүхдүүд нь багш руугаа яарсаар ирдэг ахмад багш болжээ.

Аав, ээжийн амин охин Т.Наранцэцэг Ховд аймгийн Зэрэг сумын уугуул. 1952 онд малчин Тогмидын хоёр дахь хүүхэд болон мэндэлжээ. Түүнээс өмнө аав, ээж нь гурван хүүхдээ бага насанд нь алдсан учир Т.Наранцэцэгийн ганц ахыг ээжийнх нь эгчийнд төрүүлж, тэнд нь өсгөжээ. Харин охиноо гэртээ эсэн мэнд төрүүлээд, араасаа дөрвөн дүү дагуулсанд ихэд бэлгэшээн аав, ээж нь амин хайртай болсон гэдэг.

Т.Наранцэцэгийг таван нас хүрэхэд ахыг нь гэрт нь авчирч, ам бүлээрээ элэг бүтэн болжээ.

Аав, ээжийн хайр халамжинд өсч өндийсөн охин наймдугаар ангиа төгсөөд хотод суудаг авга ахынхаа хүүхдийг харахаар Улаанбаатарт ирсэнээр их хотын хүн болно. Нэг жил ахындаа хүүхэд харсны оюутан болохоор ирээдүйнь н мэргэжлээ сонгох хэрэгтэй болов. “Бага эмч болох уу, цэцэрлэгийн багш болох уу” гэсэн хоёр сонголтын өмнө залуу охин зогсч байлаа. Харин хүүхдийн арга эвийг олдог дүүгээ багш болохыг ах нь зөвлөснөөр тэр үеийн цэцэрлэгийн багшийн техникумд элсэн оржээ.

Ингэж цэцэрлэгийн багш болсон Т.Наранцэцэг ажлын гараагаа 46 дугаар цэцэрлэгээс эхэлсэн байна. Эмч болсон бол ч хүнд тус хүргэх сайхан мэргэжилтэй болох байснаа тэр мэднэ. Гэхдээ сонгосон мэргэжилдээ харамсаж үзээгүй. Түмний хүүхдийг өсгөж хүмүүжүүлэхийг амьдралынхаа том буян гэж бодож ирснээ ч Би хэмээх шүлэгтээ бичсэн байдаг.

 

Захидлаар учирсан заяаны хань

 

Хотод ирж, хүүхдийн арга эвийг олдог багш болсон Ховдын бүсгүйн амьдралд бас нэгэн учрал тохиосон нь хань Ш.Дашнямтайгаа танилцсан явдал. Тэд хоёул нэг сумын хүмүүс боловч захидлаар танилцаж байсан гэдэг.

Тухайн үед Ш.Дашням 28 настай, ажилдаа шамдсан залуу байв. Гэрийнхэн нь хүүгээ хань ижилтэй болоосой гэж хүснэ. Харин 20 гаруйхан настай Т.Наранцэцэгийг мэдэх нагац ах нь тэр хоёрын дунд зуучилжээ. Анхны захидлыг Т.Наранцэцэгийн нагац ах өөрөө хэлж өгч, Дашнямаар бичүүлсэн гэдэг. Тэр захидлаас эхэлсэн харилцаа хожим хэдэн арван хуудас дурсамж болон зузаарсан.

Залуудаа захидлаар сэтгэлээ илэрхийлж сурсан хоёр хожим ч энэ зангаа орхиогүй. Хэн нэг нь хөдөө гадаа явж, хэдхэн хоног холдоход бие биедээ захидал бичнэ. Өдөр тутам дэргэдээ хэлж амжаагүй үг, холоос санах сэтгэл нь захидалд үлддэг байж.

Захидлаар холбогдсон тэр хоёр 42 жил сайхан амьдарч, зургаан хүүхдийн аав, ээж болжээ. Ажил алба, үр хүүхдээ өсгөх өдрүүдэд хэн хэнийх нь түшиг хэрэгтэй байв. Дашням төрийн ажилд өглөө эрт гарч, оройтож ирнэ. Т.Наранцэцэг өөрийн хүүхдүүдийн хажуугаар цэцэрлэгийнхээ хүүхдүүдийг өсгөнө. Ээжийнх нь ажлыг зургаан хүүхэд нь багаасаа мэдэж, өөрсдөө ч түүний ажилладаг цэцэрлэгээр хүмүүжсэн байна.

Зургаан хүүхэдтэй айлын амьдралд ажил мундахгүй.  Т.Наранцэцэг багшийн гэртээ баримталдаг хүмүүжлийн зарчим цэцэрлэгийнхээсээ ч ялгаагүй. Өөрийн хүүхэд гээд илүү чихэр өгөхгүй, бусдаас онцлон эрхлүүлэхгүй. Заримдаа хүүхдүүдэд нь гомдолтой санагддаг байсныг хожим том болсон хойноо дурсаж ярьдагийг ч Нараа багш хуучлав.

Өөрөө улсын ажил гээд явж байхад нь ар гэрээ авч явж, үр хүүхдээ өсгөсөн хүний хөдөлмөрийг тэр үнэлж иржээ. Т.Наранцэцэг багшийн сэтгэл цэцэрлэгийнхээ хүүхдүүдээс салдаггүйг ч сайн мэднэ. Тэтгэвэртээ сууж, биеэ бодохыг зөвлөхөд хэдэн хүүхэд рүүгээ явчихна. Гэртээ амарч суухаас тэднийхээ дунд байх нь түүнд аз жаргал.

Он жил өнгөрөхөд зургаан хүүхэд нь тус тусын өрхийг татаж, өдгөө 20 гаруй ач зээтэй өнөр өтгөн  айл болжээ.

 

27 хүүхдээс эхэлсэн их айл

Т.Наранцэцэг 1974 онд 58 дугаар цэцэрлэгт ажиллахаар хуваарилагджээ. Орос цэцэрлэг байгаад монгол цэцэрлэг болон нээгдэж байсан энэ л барилгад тэрээр насан холбоотой болсон нь энэ. Тэр жил Филатовагийн санаачлагаар 58 дугаар цэцэрлэгийг төрийн асрамж, халамж шаардлагатай бага насны хүүхдүүдэд зориулан өөрчлөх шийдвэр гарсан байна.

Эхний удаа цэцэрлэгийн насны 27 хүүхэд босгоор нь орж иржээ. Дараа нь бусад газраас, хот хөдөөнөөс хүүхдүүд нэмэгдэв. Хоёр бүлэг нь гурав, гурав нь дөрөв болж, улмаар зургаан бүлэгтэй болсон байна.

Тэр үед Т.Наранцэцэг багш дөнгөж 22 настай байлаа. Өдөр нь өгөөд орой нь авдаг ердийн цэцэрлэг биш хоолох хувцаслахаас өвдөхөд нь асрах, уйлахад нь аргадах ээжийн оронд ээж болох их үүрэгтэй ажилдаа ингэж холбогджээ.

Асран хүмүүжүүлэх газар гэдэг өөрийн гэсэн онцлогтой. Энд хүүхэд бүр өөрийн түүхтэй ирнэ. Зарим нь эцэг эхээ хоёуланг нь алдсан, зарим нь аавгүй эсвэл ээжгүй. Шинэ орчиндоо дасах байдал нь ч харилцан адилгүй. Ардаа аав, ээжийнхээ аль нэгийг үлдээсэн хүүхэд санана, хүлээнэ, эргэж очихыг хүснэ. Хүүхэд бүрийн тэр сэтгэлийг ойлгож байж арга эвийг нь олох хэрэгтэй байжээ.

Тухайн үед сургуульд орсон хүүхдүүд ч цэцэрлэгтээ амьдарсаар байв. Харин дараа нь Улаанхуаранд дотуур байр баригдсаны дараа том хүүхдүүдийг тийш шилжүүлдэг болжээ.  Хүүхдүүдийг нас насанд нь зориулсан цэцэрлэг, сургуульд тусад нь байлгах нь зөв ч ахан дүүс шиг хамт өсөх орчин хэрэгтэйг Т.Наранцэцэг багш олон жилийн ажлаасаа ойлгожээ. 1995 онд Ерөнхийлөгч П.Очирбат цэцэрлэг, дотуур байранд нь ирэх үеэр нь дотуур байр, 58 дугаар тусгай цэцэрлэг, 43 дугаар яслийг нэгтгэн цогцолбор болгох тухай саналаа хэлжээ. Хүүхдүүдийг гэр бүлийн зохион байгуулалтаар өсгөж, ах дүүгийн үүрэг, мөнгө төгрөгөө зарцуулах, эд зүйлээ хайрлах зэрэг амьдралын дадалд сургахыг чухалчилсан түүний хүсэл бодит ажил болж нас насны хүүхдэд төрөөс халамж анхаарал тавих цогцолбор болох эхлэл тавигдаж, хожим 2013 онд “Өнөр бүл” нэртэй төв болон өргөжсөн байна.

Харин Т.Наранцэцэг багш 2014 онд гавьяаны амралтад гарах хүртлээ “Өнөр бүл”-дээ ажилласаар байлаа. Мөн энэ онд гавьяат багш хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн юм.

 

Хүүхдийн харцнаас сурсан хичээл

Ажил амьдралын замаа заалгаж, өдгөө өөр өөрсдийн замаар өөдлөн яваа шавь нар нь ахмад багш нараа баярын өдрөөр нь хүлээн авч нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлдэг болжээ. "Хүүхэд асран хүмүүжүүлэх төв"-ийн дотуур байрны анхны захирал Н.Болдтой хамт 2026.10.03

“Хүүхдийн харц их зүйл ойлгуулдаг юм” гэж Нараа багш надад хуучлав.

“Том хүүгээ төрүүлээд удаагүй байхдаа нэг өдөр ангидаа хөхүүлээд сууж байлаа. Гэтэл хажууд суусан охины ам хөдөлж, яг л өөрөө хөхөхийг хүсч байх шиг санагдсан. Тэр харцнаас би хүүхдүүдийн дэргэд өөрийн хүүхдийг онцлон эрхлүүлж болохгүй гэдгийг ойлгож билээ” гэв.

Асрах газрын хүүхдүүд гэдэг үнэхээр ч жирийн цэцэрлэгт хүмүүжиж багаа ээжтэй, аавтай хүүхдүүдээс тэс өөр хайраар хүмүүждэг. Нэгийг нь тэврэхэд бусад нь харж үлдэнэ. Нэгийг нь үнсэхэд нөгөө нь ч үнсүүлэхийг хүснэ. Хүүхдийн тэр хүлээлтийг багш нь анзаарахгүй өнгөрч болохгүй.  Мэдээж энэ нь тэр хүүхдүүдийг огт үнсэж, энхрийлдэггүй байсан гэсэн үг биш. Цагаан сар тэмцээн уралдааны баярын дараа гээд баяртай өдрүүдэд хүүхдүүдээ үнсэж урамшуулна. Хамгийн гол нь нэгийг нь онцолж, бусдынх нь сэтгэлд гомдох мэдрэмж төрүүлэхгүй байхыг хичээдэг байжээ.

Олон жил олон хүүхэдтэй ажиллаж ирсэн түүний амьдралын хамгийн гол зарчим шударга, үнэнч байх. Өөрийн хүүхдүүдэд ч, асран хүмүүжүүлсэн хүүхдүүддээ ч үүнийгээ хэлнэ, үргэлж сануулна. Мөн хүн өөрийн хийж буй зүйлдээ эзэн болдог байхыг дандаа захина. Хожим тэдний өмнөөс бүх асуудлыг шийдэж өгөх боломжгүй учраас багаас нь бие даах чадвар суулгах нь хамгийн чухал хэмээн ярив.

 

Хүүхдүүдийнхээ сэтгэлийг дуу болгосон нь

Хүүхдүүдийг хооллож, хувцаслан, эрүүл саруул өсгөж болно. Харин ээж, аавыгаа санах сэтгэлийг нь юугаар аргадах вэ.

Асрах газрын хүүхдүүдтэй хорь гаруй жил ажилласны дараа Т.Наранцэцэг багш тэдэндээ зориулсан дуутай болохыг хүсжээ. Өдөр бүр дэргэд нь байдаг хүүхдүүдийнхээ дотроо тээдэг хүсэл, хүлээлтийг дуунд шингээхийг бодсон хэрэг. Энэ хүслээ ханьдаа хэлэхэд Ш.Дашням нутгийн яруу найрагч, дууны шүлгийн мастер Л.Дагвадоржид хандсанаар “Эрэл хүслийн дуу”-ны шүлэг төржээ. Яг л хүүхдүүдийнх нь сэтгэлийн гүн дэх эмзэглэл, хүслийг бүтээл болгон илэрхийлсэн энэхүү шүлгийг хэрхэн дуу болгох вэ гэдгийг шүлгийн зохиолчтой ярин зөвлөлдөж хөгжмийн зохиолч Л.Галмандахад ханджээ. Л.Галмандах багш ч уриалгахан хүлээн авч дуу төрсний дараа цэцэрлэг дээр өөрөө ирж, төгөлдөр хуур тоглон шинэ дууныхаа анхны сонсогчдод хүргэжээ. Ингэж хүүхдүүдийнхээ хүлээлт, сэтгэлийг дуу болгох багшийн хүсэл биелж, монголчуудын сэтгэлд хүрсэн “Эрэл хүслийн дуу” мэндэлсэн түүхтэй.

Газар дэлхийд ганцхан өөрийнх нь аав, ээж багтаагүй юм шиг санагдах хүүхдийн гомдол, тэнгэрт хол явсан хоёрыгоо эргэж ирэх эсэхийг асуух гэнэн итгэл тэр дуунд бий. Сонсож суугаа том хүнд хариулт нь ойлгомжтой ч асууж буй хүүхдийн сэтгэлд хүлээлт үлдэнэ.

Тэр хүлээлтийг Т.Наранцэцэг багш олон хүүхдийнхээ амьдралаас харжээ. Асрах газарт ирээд тоглож, сурч, бусадтайгаа дасаж амьдарсан ч дотроо ээж, аавыгаа эрсээр байдаг хүүхэд бий. Том болж, өөрөө айл гэр болсон хойноо ч төрсөн хүмүүсийнхээ сураг сонсохыг хүснэ. Ах, дүүгээ олж уулзахыг мөрөөддөгийг тэр мэднэ. Тиймээс ч тэрээр анхны номоо “Сэтгэлийн эрэл” хэмээн нэрлэжээ. Өөрсдийг нь орхисон, эргэж ирээгүй, эсвэл хаана байгааг нь мэдэхгүй эцэг эх, ах дүүгээ хүүхдүүд сэтгэлдээ хайсаар байдгийг хүмүүст ойлгуулахыг хүссэнээ зохиогч номын өмнөтгөлдөө бичсэн байлаа. Нялх байсан болохоор юу ч мэдэхгүй, том болоод эрж хайхгүй гэж бодож эндүүрдэг ч хүүхдүүд хэзээ ямагт хүлээсээр, хайсаар, эрсээр Т.Наранцэцэг багш дэндүү сайн мэднэ шүү дээ.

 

Бага насныхаа “эрэл”-ийг багшаасаа сурагладаг

Ш.Дашнямынх зургаан хүүхэдтэй, 20 гаруй ач зээтэй өнөр өтгөн айл болжээ. 

Өсөж том болсон шавь нар нь багшдаа ирэхдээ амьдралынхаа сонин сайхныг хуваалцахын зэрэгцээ бага насаа сурагладаг байжээ. Би хаанаас ирсэн юм бол, хэн намайг цэцэрлэгт авчирч өгсөн бол, багадаа ямар хүүхэд байсан бол гэсэн асуултын хариуг тэд багшаасаа хайна.

Зарим нь бага насныхаа зургийг үзэхийг хүснэ. Өөрийнх нь мартсан, эсвэл санахад дэндүү балчир байсан тэр үеийг багш нь ярьж өгөхөд амьдралынх нь нэгэн бүдэг хэсэг тодрох мэт болно. Хамт өссөн хүүхдүүд, тоглож байсан ангиа ч сураглана.

Т.Наранцэцэг багшид тэдний гэрэл зураг, бүртгэл, захидал, дурсамж үлдсэн байв. Гэвч зураг бүхэн олон хувь биш. Шавьдаа үзүүлж, түр өгөөд явуулсан зураг эргэж ирэхгүй байх нь ч бий. Дараа нь өөр хүүхэд ирж бага насныхаа зургийг асуухад үзүүлэх зүйлгүй үлдэнэ. Он жил өнгөрөхийн хэрээр зарим хүүхдийн нэрийг мартаж эхэлснээ ч тэр номынхоо өмнөтгөлд нуусангүй. Харин илүү их асаргаа шаардсан, өвдөж эмнэлэгт хэвтсэн, эсвэл ангийнхаа хамгийн сахилгагүй, авьяаслаг хүүхдүүдийн нэр сэтгэлд нь тодхон үлджээ.

Тэтгэвэрт гарсны дараа энэ бүхнийг эмхэлж үлдээхээр шийдсэн нь ийм учиртай. Өөрийнхөө мэдэх түүхийг гэрэл зураг, баримттай нь хадгалж чадвал хожим шавь нар нь эрж ирээд хариугаа олно хэмээн тэр боджээ. Ийнхүү 2014 онд “Сэтгэлийн эрэл” номоо гаргасан байна.

Эцэг эх, ах дүүгээ эрэх хүүхдийн сэтгэлээс гадна хаанаас ирсэн, хэний гар дээр өссөн, ямар бага насыг туулснаа мэдэх хүсэл гээд олон дурсамж, архивын баримт материалууд ч энэ номд бий.

Мөн хүүхдэд зориулсан шүлгийн номоо аав Тогмид, ээж Цэвэлмаагийнхаа дурсгалд зориулан гаргасан нь ч энэ сэтгэлийнх нь илэрхийлэл юм. Цэцэрлэгт ажиллаж байхдаа багачуудын нас, хэл ярианд тохирсон шүлэг бичиж, хичээлдээ ашигладаг байсан нь ном болон хүүхдүүдэд хүрчээ. Хүүхдэд зориулсан дуу, шүлэг цөөн байсан үед өөрөө бичиж эхэлсэн тэр бүтээлүүдээ энэхүү шүлгийн номдоо багтаажээ.

Т.Наранцэцэг багшийн шавь нарын талаар ярьвал олон арван хуудас түүх болно. Өдгөө шавь нар нь зарим нь Монголдоо, зарим нь гадаадад ажиллаж амьдарч байна. Сургууль төгсөн мэргэжил эзэмшсэн, үр хүүхдээ өсгөж яваа хүмүүсийн дунд өөрийг нь өсгөсөн байгууллагадаа эргэж ирэн ажилласан шавь нар ч бий.

Асрах газарт өсөөд сувилагч болсон Т.Наранцэцэг, багшийн сургуулиа төгсөөд дотуур байрандаа ажиллахаар ирсэн Отгонбат зэрэг хүмүүс өөрсдөө хүүхэд байхдаа хүртсэн халамжаа дараагийн хүүхдүүдэд хүргэн олон жил ажиллажээ.

Хамт өссөн хүүхдүүд амьдралын туршид ахан дүүс шиг ижилдэн бие биеэ гэж дэмжиж тусалдаг болохыг Т.Наранцэцэг ярьж байна. Томчууд нь дүү нараа дэмжинэ. Амьдралд түрүүлж хөлөө олсон нь дараагийнхаа хүүхдэд тусална. Хамт амьдарч, тоглож, хоолоо хуваан идэж өссөн хүмүүсийн дунд нэг айлын ах дүүс шиг холбоо тогтдог байна.

Энэ холбоо амьдралын хүнд үед ч хэрэг болжээ. Ялангуяа нийгмийн шилжилтийн жилүүдэд сургуулиа төгсөөд гарсан хүүхдүүдийн зарим нь очих газаргүй байв. Хамаатан садан байвал тэдэнд нь хүлээлгэн өгнө. Түших хүнгүй нь өмнө нь төгссөн хүүхдүүд дээрээ очиж, нэгнийгээ дэмжин амьдралаа эхэлдэг байжээ.

Нэг чемодантай амьдралд хөл тавьсан хүүхдүүдийнхээ араас багш нь санаа зовсоор үлдэнэ. Хаана амьдрах, хэнтэй зөвлөлдөх, ажил амьдралаа яаж эхлэх нь сургуулиа төгсөхөөс дутахгүй чухал байв. Хожим зарим шавь нь бичиг баримт, лавлагаа хэрэг болоход багшдаа хандана. Т.Наранцэцэг багш хуучин бүртгэлээ шүүж, шаардлагатай баримтыг нь гаргаж өгөхөөс гадна өөрийн биеэр очиж баталгаа гаргаж байсан тохиолдол ч номынх нь өмнөтгөлд бий.

Хурим найрт нь ээжийнх нь оронд очиж сууна. Сургууль төгсөхөд нь баярыг нь хуваалцана. Зовлон тохиоход нь санаа зовж, чадах хэмжээгээрээ тусална. Эцэг эхээ үгүйлэх амьдралын чухал мөч бүрт тэд багшдаа л ханддаг.

Нэгэн цагт олон хүүхдийн түшиг болж явсан түүнийг гавьяаныхаа амралтад гарснаас хойш эргэж тойрох, багшийгаа хайрлаж халамжлах шавь нарынх нь хайр ч өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Чехэд олон жил ажиллаж байгаа нэгэн шавь нь жил бүр гутал авчирч өгдөг гэв. Байнга бэлэг авчрахад нь санаа зовсон ч алс холоос өөрт нь зориулж байгаа сэтгэлийг нь ойлгодог учир бас хүндэтгэн хүлээн авна. Гурван жилийн өмнө Америкт очиход нь зарим шавь нар нь ёстой л хөлийг нь газар гишгээгүй тухай ч талархан ярьж байлаабагшийгаа ядарчихна гэж тусад нь буудал авч, зардлыг нь төлөхөөөс гадна олон сайхан газар үзүүлжээ. Хамгийн сайхан нь хаа явсан газар нь дэргэд нь ирж налан, тэврүүлж, үнсүүлэн эрхлүүлэх болжээ. Том болсон хүүхдүүд нь багшдаа эрхэлж, бас багшийгаа эрхлүүлж байгаа нь тэр.

Асрах газраас ажил амьдралын гараагаа эхэлж, амьдрал нь тэгширсэн шавь нар нь ахмад багш нараа ахмадын баярааар хүлээн авч баярлуулдаг болжээ. Багаасаа урлаг, спортоор хичээллэсэн хүүхдүүд өөрсдөө дуулж, бүжиглэн, хөгжимдөж багш нартаа сайхан үдэш бэлэглэх нь хэчнээн бахархалтай бөгөөд тэднийгээ сайн сайхан явааг сонсох нэгэн насны жаргал гэдгийг мэдэрч сууснаа ч дурсав. Ялангуяа шавь нар нь багшийгаа гэх тэр их сэтгэл хандлага нь ээжийгээ гэх сэтгэлээс өөрцгүй байгаад ихэд баярлана. Байн байн шавь нар нь ирж толгойг нь илж, духан дээр нь үнсэхэд нүдэнд нь нулимс цийлэгнэх болсноо ч нуусангүй. Нэгэн цагт багшаасаа хайр хүсэж байсан хүүхдүүд өнөөдөр түүндээ хайр халамжаа хүртээж, сэтгэл дэвсэх тэнхээтэй болжээ.

Нараа багш зүгээр л “эрхлээд” суухыг бас бодсонгүй. “Өнөр бүл”-ийн багачууддаа нэмэр болох зүйл ч хайсаар байна. Танилуудаас нь хүүхдийн ном ирвэл цэцэрлэгтээ хүргэж өгнө. Боломж гарвал баяраар нь нэмэрлэх, шинэ зүйл үзүүлэхийг бодно. Саяхан Америкаас ирсэн зурагтай номуудыг ч хүүхдүүддээ гардуулжээ. Мөн хүүхдүүддээ аанай л хэлж ярьдагаа хэлж захисаар л сууна.

Ийнхүү нэгэн цагт багшийнхаа гараас хөтөлж явсан хүүхдүүд өнөөдөр багшийнхаа духан дээр үнсэн өөрсдийн хайранд бөмбөрүүлэн тэднийг хайрласан хайраар нь багшийгаа, “ээжийгээ” хайрласаар явна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 187 (7929)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn