“Монголчуудын оршуулгын зан үйл: уламжлал, орчин үе, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний VII хурал өнгөрсөн есдүгээр сарын 18-нд МУИС-ийн номын санд болж, 10 гаруй эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүллээ. Энэ удаад ШУА, Философийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан докторант Х.Амантайн “Монголын казах угсаатны оршуулгын зан үйл” сэдвээр тавьсан илтгэлээс хүргэж байна.

 

“Оршуулгын газар сонгох зан үйл ба овог удмын орон зай”

Энэхүү илтгэлийн маань зорилго  Монгол казах угсаатнуудад оршуулгын зан үйл нь өөрийн гэсэн шашин, соёлын уламжлалтай, хэм хэмжээтэй дэг жаягтай бөгөөд түүнийгээ эрхэмлэж дагаж мөрддөг гэдгийг харуулах гэсэн юм.

Казах угсаатны оршуулгын зан үйлийг соёл-антропологийн үүднээс авч үзэхэд хоорондоо ялгаатай боловч бодит амьдрал дээр харилцан нэвчилцсэн хоёр үндсэн давхаргыг ялган шинжлэх шаардлагатай. Нэг талаас, казахууд исламын шашныг шүтдэг ард түмэн болохын хувьд талийгаачийн биеийг угаах, цагаан даавуугаар ороох, жаназа буюу хойдохы нь унших залбирал үйлдэх, Куран унших, Кыбла чиглүүлэн газарт оршуулах зэрэг исламын ертөнцийг үзэх үзэл, шариатын хэм хэмжээнд тулгуурласан зан үйлийг баримталдаг. Нөгөө талаас, нүүдэлчний ахуй, овог удмын зохион байгуулалт, нутаг ус, байгаль, цаг уурын нөхцөлд зохицон бүрэлдсэн казахын өөрийн соёлын зан үйлүүд мөн хадгалагдан иржээ. Иймээс илтгэлийг эхлээд исламын сургаал дахь хүний мөн чанар, үхэл, хойд нас болон оршуулгын үндсэн зарчмаас эхэлж, дараа нь Монголын казахуудын орон нутгийн зан үйлийн хэлбэр, тэдгээрийн харилцан нөлөөлөл, өөрчлөлтийг авч үзэх нь зүйтэй.

Монголын казахуудын оршуулгын газар сонгох уламжлал нь тэдний нүүдлийн мал аж ахуй, улирлын шилжилт хөдөлгөөн, овог удмын зохион байгуулалт болон өвөг дээдсийн тухай ойлголттой нягт холбоотой байжээ. ‘Монголын казахын угсаатны зүй’ бүтээлд тэмдэглэснээр казахууд хаваржаа, зуслан, намаржаа, өвөлжөөнд байх үед хүн нас барвал тухайн ‘‘бууцнаас холгүй, дэнжэрхүү хуурай газрыг сонгон оршуулдаг’’ байв. Ийнхүү нэг хүнийг оршуулсан газар он цагийн явцад тухайн айл, отог, овгийн оршуулгын газар болон өргөждөг байжээ. Энэ нь оршуулгын газар эхнээсээ төрийн болон захиргааны шийдвэрээр байгуулагдахаас илүүтэй, нүүдлийн ахуй дундаас аажмаар үүсэж тогтсон болохыг харуулна (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 244–245; Камалаш, 2000, дам эшлэв).

Хамаатан садан цөөн айлууд бууцандаа ойр орших эртний булш, хиргисүүр, пазырык оршуулгыг бараадан талийгаачаа нутаглуулах тохиолдол байжээ. Нутгийн хүмүүс үүнийг талийгаачийн сүнс өвөг дээдэстэйгээ нэгдэж, тэдний нөмөр нөөлөгт мөнх нойрсоно гэж тайлбарладаг байсан байна. Зарим тохиолдолд эртний булш, хиргисүүрийн чулууг шинэ булшны дараас болгон ашигладаг байжээ. Үүнийг зөвхөн өвөг дээдсийн ивээлд багтах гэсэн итгэлээр бус, чулуу бэлтгэх хөдөлмөрийг хөнгөвчилсөн ахуйн шийдэл гэж давхар ойлгож болно (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 245).

Оршуулгын газрын байршлыг сонгоход газрын гадарга, хөрсний тогтоц, үер усны эрсдэл чухал нөлөөтэй байжээ. Казахууд талийгаачийг тэгш тал, уулын бэл, голын эргийн өндөрлөг хэсэг, дэнж, уулын мухар, тохой, заримдаа хазгай, налуу газарт оршуулдаг байсан байна. Ялангуяа ус тогтож, булш усанд автахаас цээрлэдэг учраас хуурай, ус зайлах боломжтой налуу газрыг илүүд үздэг байжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 245).

Энд шашны бэлгэдэл болон байгаль орчинд зохицсон практик сонголт зэрэгцэж байна. Булш усанд автахыг талийгаачийн хойд насны амгалан байдлыг алдагдуулна гэж төсөөлөхийн зэрэгцээ шарил, булшны байгууламжийг бодитоор хамгаалах шаардлага байсан. К. Бихумар ч булшийг үер уснаас хамгаалахын тулд эргэн тойронд нь суваг татаж, усыг өөр чиглэлд зайлуулдаг байсан тухай тэмдэглэжээ (Бихумар, 1995, х. 69–70). Тиймээс хуурай, өндөрлөг, налуу газар сонгохыг цэвэр шашны итгэл үнэмшил эсвэл дан ганц ахуйн хэрэгцээний аль нэгээр тайлбарлах боломжгүй. Энэ нь хоёр хүчин зүйлийн нэгдэл байжээ.

Оршуулгын газрыг сонгоход талийгаачийн аман гэрээс онцгой ач холбогдолтой. Өндөр настай хүн амьд сэрүүндээ: “Би бурхан болоход өөрийн төрсөн газарт, эсвэл аав, ээжийн хажууд, манай овгийн оршуулгын газарт оршуулаарай” хэмээн захиж, мөнхөд нойрсох газраа өөрөө сонгодог байжээ. Ард үлдсэн үр хүүхэд, төрөл садан нь энэхүү сүүлчийн хүсэлтийг заавал биелүүлэхийг ёс суртахууны үүрэг гэж үздэг. Хэрэв байгалийн гамшиг, зам тээвэр, цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан гэрээслэлийг биелүүлж чадахгүй бол талийгаачийн хүслийг гүйцээгүйдээ удаан хугацаанд харамсдаг байсан тухай эх сурвалжид өгүүлжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 245–246).

Овгийн оршуулгын газраас алс хол, өөр нутагт хүн нас барсан тохиолдолд боломжтой бол шарилыг төрөл садных нь оршуулгын газарт авчирч оршуулахыг хичээдэг байв. Үүний цаана нас барсан хүн хойд насандаа (нөгөө ертөнцөд) өөрийн төрөл садантай нэгдэн оршино гэсэн ардын төсөөлөл байжээ. Ийнхүү оршуулгын газар нь зөвхөн шарил байрлуулах газар бус, овог удмын залгамж холбоог нас барсны дараа ч үргэлжлүүлдэг орон зай болдог.

Нас барсан хүн өвөг дээдсийнхээ “сүнстэй нийлж, тэдний дунд мөнх амьдарна” гэсэн ардын тайлбарыг исламын ‘barzakh’ буюу завсрын оршихуйн тухай номлолтой шууд адилтгаж болохгүй. Энэ нь исламын норматив геологиос илүүтэй казахын төрөл овогт тулгуурласан уламжлалт ертөнцийг үзэх үзлийн илрэл бөгөөд Монголын казахуудын ардын ухамсарт овог удмын харьяалал, өвөг дээдсийн нөмөр нөөлөг болон исламын хойд насны тухай итгэл зэрэгцэн оршиж ирснийг харуулна.

Их цас, хүчтэй салхи, үер ус зэрэг байгалийн саад учирч, талийгаачийг овгийн оршуулгын газарт хүргэх боломжгүй үед ахмад хүмүүсийн шийдвэрээр шинэ газар сонгон ганцаараар нь оршуулдаг байжээ. Ийм ганцаарчилсан булш хожим тухайн гэр бүл, овгийн шинэ оршуулгын газрын эхлэл болох тохиолдол байсан байна. Мөн баатар, баян, нэр хүндтэй бөө зэрэг хүмүүс өөрсдийн оршуулах газрыг зориуд бусдаас тусгаар сонгож, “ард олноо харуулдан мөнх нойрсоно”, “уудам нутаг, бэлчиж буй малаа харж хэвтэнэ” хэмээн гэрээсэлдэг байжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 246; Өмирбек, Жаргалсайхан, 2014–2015, дам эшлэв).

Энэ нь оршуулгын газрыг нүүдэлчдийн амьдралын газар зүйтэй холбон ойлгож байсныг харуулдаг. Талийгаач нас барснаар нутаг уснаасаа бүрэн тасардаггүй, харин амьд ахуйдаа харьяалагдаж байсан нутаг, мал сүрэг, овог удмаа “харж хэвтэх” байдлаар тухайн орон зайтай үргэлжлэн холбогдоно гэж төсөөлж байжээ. Иймээс оршуулгын газрын сонголт нь газар зүйн төдийгүй талийгаачийн нийгмийн байр суурь, амьдралын түүх, овог удмын харьяаллыг илэрхийлсэн бэлгэдэлт шийдвэр байв.

“Оршуулгын гадаад хэлбэр ба байгууламж”

Монголын казахуудын булш, оршуулгын гадаад хэлбэр нь цаг үе, газар нутгийн байгаль, барилгын материалын олдоц, талийгаачийн нийгмийн байр сууриас шалтгаалан харилцан адилгүй байжээ. ‘Монголын казахын угсаатны зүй’ бүтээлд эрт үеийн булш ихэвчлэн гонзгой, зуувандуу хэлбэртэй байсан бол орчин үед дөрвөлжин хашлага, байгууламж давамгайлах болсон гэж тэмдэглэсэн байна. Булшны хэмжээг нутгийн хүмүүс “хэвтсэн тэмээн чинээ”, “овоолсон чулуун чинээ” гэх мэт ахуйд ойр хэмжүүрээр тодорхойлдог байжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 246).

Б. Монголхүү булш, оршуулгын байгууламжийг хэлбэр, зориулалтаар нь ‘қабір’, ‘зират’, ‘мола’, ‘бейіт’, ‘мазар’, ‘кесене’, ‘күмбез’, ‘сағана-там’ зэрэг олон нэрээр ялган нэрлэдэг тухай тэмдэглэсэн байна. Түүний тайлбарласнаар ‘қабір’ нь энгийн шороон булш, ‘зират’ нь дөрвөлжлөн хашсан оршуулга, ‘мола’ нь чулуу өрж овоолсон булш, ‘бейіт’ нь нэг удам, төрлийн хүмүүсийн булшийг хамруулан хүрээлсэн байгууламж, ‘мазар’, ‘кесене’, ‘күмбез’, ‘сағана-там’ нь бунхны төрөл хэлбэрүүдийг илэрхийлдэг (Монголхүү, 2009, х. 87–88). Харин овог, отгийн хүмүүсийг нэг хүрээнд оршуулах зориулалттай гаднах хашлагыг ‘қорған’ буюу хоргон гэж нэрлэнэ.

Эдгээр нэр томьёо нь булшны архитектур зөвхөн нэг хэлбэртэй байгаагүйг харуулна. Энгийн шороон овгороос эхлээд чулуун хашлага, овгийн хоргон, битүү дээвэртэй бунхан хүртэл олон хувилбар байжээ. Ялангуяа хаад, ноёд, баатар, баян, шашны зүтгэлтэн болон нийгэмд нэр хүндтэй хүний булшин дээр уран хийцтэй хөшөө, бунхан босгодог байсан нь талийгаачийн амьд ахуйн нийгмийн байр суурь нас барсны дараах дурсгалын байгууламжид үргэлжлэн илэрч байсныг харуулна (Монголхүү, 2009, х. 87–88).

Монголын казахууд оршуулгын байгууламжид байгалийн гаралтай материал, ялангуяа чулууг түлхүү ашигладаг байжээ. Үүнийг “хүн өөрөө байгалийн бүтээгдэхүүн учраас эргээд байгальдаа шингэх ёстой” гэсэн уламжлалт ойлголттой холбон тайлбарладаг. Гэхдээ чулуу ашиглах нь бэлгэдлийн утгаас гадна бодит практик ач холбогдолтой байв. Чулуу нь булшны сул шороог салхинд хийсэхээс хамгаалж, нүхний ам, нуруу мод, шарилын тагийг цөмрөхөөс сэргийлнэ. Мөн мэрэгч амьтан булшинд нэвтрэх, мал гишгэх, булшийг ухаж тонох эрсдэлийг багасгадаг байжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 246).

К. Бихумар ч Монголын казахууд булшны амыг хаахад байгалийн хавтгай чулууг илүүд үздэг байсныг тэмдэглэсэн. Мод ялзардаг учраас чулууг илүү бат бөх гэж үзэж, зарим настай хүн амьд ахуйдаа булшинд хэрэглэх хавтгай чулуугаа цэвэр уулнаас сонгон авч, гэрийнхээ ойролцоо хадгалдаг байжээ. Нэг хэсэг нь үүнийг “булшны чулуу эзэндээ урт нас хүсэж байдаг” гэж тайлбарладаг бол нөгөө хэсэг нь үхэл дуудсан муу ёр гэж цээрлэдэг байсан байна (Бихумар, 1995, х. 67–68). Нэг зан үйлд эерэг бэлгэдэл болон цээрийн эсрэг тайлбар зэрэгцэн оршиж байсан нь ардын итгэл үнэмшил нэг мөр, тогтсон систем байгаагүйг харуулна.

Булшны барилгын материалын сонголт газар орны экологийн нөхцөлөөс шууд хамаарч байжээ. Мод ихтэй нутагт булшны гадна талыг модоор дарж, дөрөв, тав, зургаан талт овоохой, бунхан хэлбэрийн байгууламж босгох тохиолдол байсан. Харин мод ховор Алтайн бүсэд чулуу, ширэг, шавар, гар хийцийн шавар тоосго хэрэглэдэг байв. Шавар тоосго салхи, бороонд амархан элэгддэг тул адууны хялгас, хомоол, өвс хольж бэхжүүлдэг байсан нь нүүдэлчдийн ахуйн материалын мэдлэг оршуулгын архитектурт ашиглагдсаны жишээ юм (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 246).

К. Бихумарын тэмдэглэснээр булшин дээр нэр, овгийг нь бичсэн чулуу босгож, зарим тохиолдолд Куран судрын эшлэл болон хавирган сарын дүрс байрлуулдаг байжээ. Төрөл садан, овгийн хүмүүсийн булшийг хоргоноор нэгтгэн, малын хөл, араатан амьтан, үер уснаас хамгаалахын тулд чулуун өрлөг, төмөр хашаа, сараалж, ус зайлуулах суваг хийдэг байсан байна (Бихумар, 1995, х. 69–70).

Ийнхүү булшны гадаад байгууламж гурван үндсэн үүрэг гүйцэтгэж байжээ. Нэгдүгээрт, талийгаачийн биеийг байгаль, амьтан, хүний халдлагаас хамгаална. Хоёрдугаарт, талийгаачийн нэр, овог, нийгмийн байр суурь, шашны харьяаллыг илэрхийлнэ. Гуравдугаарт, овог удмын орон зайн хил, түүхэн ой санамжийг газар дээр тэмдэглэн үлдээнэ. Тиймээс булш, хоргон, бунхныг зөвхөн оршуулгын техникийн байгууламж бус, нийгмийн харьяалал болон хамтын дурсамжийг материаллаг хэлбэрт оруулсан соёлын дурсгал гэж үзэх боломжтой.

“Оршуулгын дотоод байгууламж ба шарилыг байрлуулах ёс”

‘Монголын казахын угсаатны зүй’ бүтээлд Монголын казахууд голдуу дөрвөлжин нүх ухаж, талийгаачийн биеийг цагаан даавуунд ороон, толгой, бэлхүүс, хөлийн орчимд цагаан даавуун уяагаар боож оршуулдаг тухай тэмдэглэсэн. Шарилыг нүхэнд байрлуулахдаа толгойн ар, хүзүүний доор ухсан шороо эсвэл ширгээр жижиг дэр хийдэг бөгөөд үүнийг казахаар ‘жастық’ буюу дэр гэж нэрлэдэг. Эх сурвалжид шарилыг эгц нуруугаар нь хэвтүүлж, толгойг баруун зүг чиглүүлдэг хэмээн тэмдэглэсэн байна (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 246–247).

К. Бихумарын тэмдэглэлд талийгаачийн нүүрийг мөргөлийн зүг буюу Меккагийн зүг харуулан хэвтүүлж, толгойн доор булшны шороогоор жижиг түшиц хийж, цагаан даавууны уяануудыг тайлдаг тухай өгүүлжээ. Үүний дараа нүхний амыг хавтгай чулуугаар хааж, дээрээс нь шороогоор дардаг байсан байна (Бихумар, 1995, х. 68).

Хоёр эх сурвалжийн мэдээлэлд тодорхой ялгаа байна. Нэг эх сурвалжид шарилыг эгц нуруугаар хэвтүүлж, толгойг баруун зүг чиглүүлнэ гэж тэмдэглэсэн бол нөгөө эх сурвалжид нүүрийг Меккагийн зүг харуулна гэжээ. Исламын норматив дэгт газар зүйн “баруун” чиглэл өөрөө шийдвэрлэх шалгуур биш. Гол шаардлага нь талийгаачийг боломжтой нөхцөлд баруун хажуугаар нь хэвтүүлж, нүүр болон биеийн урд хэсгийг Кыбла руу чиглүүлэх явдал юм. Тиймээс эх сурвалжид тэмдэглэгдсэн эгц нуруугаар хэвтүүлэх, толгойг баруун зүг харуулах хэлбэрийг исламын бүх нийтийн журам гэхээс илүү Монголын казахуудын зарим нутагт бүртгэгдсэн орон нутгийн практик гэж ойлгох нь зүйтэй.

Шарилыг байрлуулсны дараа нүхний амыг нуруу мод, таг эсвэл байгалийн хавтгай чулуугаар бүрэн хаана. Нэг том чулуу хүрэлцэхгүй бол хэд хэдэн хавтан чулууг эвлүүлэн тавьж, завсар үлдээлгүй битүүлдэг байжээ. Чулуунуудын завсрыг цагаан даавуугаар таглаж, заримдаа хавтан чулууны гадуур шинэ даавуу дэвсэнэ. Энэ нь шарил дээр шороо шууд унахаас хамгаалж, булшны доторх хөндий орон зайг хадгалах зориулалттай (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 247).

Б. Монголхүү энэхүү хэлбэрийг:  “Шарилыг шороогоор дарж булахгүй. Нүхний амыг байгалийн хавтгай чулуугаар таглаж, дээр нь гарсан шороог овоолон... хөндий оршуулна. Жинхэнэ хадан гэр гэж түүнийг хэлж болно” хэмээн дүрсэлжээ (Монголхүү, 2009, х. 88). “Хадан гэр” гэх нэршил нь булшийг талийгаачийн мөнхийн сууц мэтээр ойлгосон нүүдэлчдийн орон зайн төсөөллийг илэрхийлж байна. Амьд хүн эсгий гэрт амьдардаг бол нас барсан хүний шарил чулуугаар хамгаалагдсан “хадан гэрт” байрлана гэсэн бэлгэдэлт зэрэгцүүлэл энд харагдана.

Нүхний амыг хаасны дараа молла залбирал уншиж, талийгаачийн ойрын хүмүүс хавтан чулууны дээрээс шороо хийдэг. Эх сурвалжид нэг хүн гурваас долоон хүрз шороо хийгээд, хүрзийг дараагийн хүнд гараас гарт дамжуулахгүй, газар тавьж эсвэл хаяж өгдөг байсан тухай тэмдэглэжээ. Шороо хийх үед: “Жатқан жеріңіз жайлы болсын, иманыңыз жолдас болсын” буюу “Мөнх нойрссон газар тань өлзийтэй байж, иман тань хань болог” хэмээн талийгаачид сайн үг хэлдэг байжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 247).

Гурваас долоон хүрз шороо хийх, хүрзийг газар тавьж дамжуулах зэрэг нь исламын оршуулгын заавал биелүүлэх үндсэн журам биш, харин орон нутгийн уламжлал, тоон бэлгэдэлтэй холбоотой зан үйл гэж үзэх нь үндэслэлтэй. Харин оршуулгад оролцсон хүн булшинд шороо хийж, талийгаачид сайн сайхныг хүсэх нь хамтын оролцоо болон салах ёсны өргөн хүрээний илэрхийлэл юм.

Хүн бүр нэг атга шороо хийх зан үйлийг гурван эх сурвалж давхар баталж байна. ‘Монголын казахын угсаатны зүй’ бүтээлд нэр хүндтэй хүний оршуулгад олон хүн ирж, хүрзээр шороо хийх боломж хүрэлцэхгүй үед хүн бүр ‘бір уыс топырақ’, нэг атга шороо хийдэг байсан тухай өгүүлжээ. Харь газар нас барсан эсвэл сураггүй болсон хүний тухай “Бір уыс топырақ та бұйырмады”, “Ганц атга шороо ч заяасангүй” хэмээн харамсдаг байжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 247).

 Б. Монголхүү мөн шарилын нүхийг хаасны дараа хүн бүр нэг атга шороо хийж, үүний дараа хүрзээр шороог үргэлжлүүлэн овоолдог байсныг өөрийн ажиглалтад тулгуурлан өгүүлжээ (Монголхүү, 2009, х. 89).

Нэг атга шороохийх нь талийгаачийг оршуулах ажилд биечлэн оролцож, түүнтэй салах ёс гүйцэтгэснийг баталдаг бэлгэдэлт үйлдэл юм. Энэ нь нэг талаас талийгаачийн өмнө хүлээсэн төрөл садны болон нутгийн хүний үүргийг биелүүлсэн хэрэг, нөгөө талаас нас барагчийг хамтын нийгэмлэгийн оролцоотойгоор газарт буцаан өгч буй үйл явдал болно.

 ‘‘Оршуулгын газарт үйлддэг зан үйл ба түүний өөрчлөлт’’

‘Монголын казахын угсаатны зүй’ бүтээлд Монголын казахуудын оршуулгын газарт уламжлал ёсоор зөвхөн эрэгтэйчүүд очдог байсан тухай тэмдэглэжээ. Эмэгтэйчүүд талийгаачийн гэрт үлдэж, ‘көріс’, ‘жоқтау’ хэлэн гашуудаж, харин эрэгтэйчүүд шарилыг оршуулгын газарт хүргэж, булшлах ажлыг гүйцэтгэдэг байжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 247–248). Б. Монголхүү ч “талийгаачийг сүүлчийн замд үдэхэд газарт нь эмэгтэйчүүд очдоггүй ёстой” хэмээн тэмдэглэсэн байна (Монголхүү, 2009, х. 88).

Гэхдээ үүнийг исламын шашин эмэгтэйчүүдийг оршуулгын газарт очихыг бүх нөхцөлд хатуу хориглодог гэсэн утгаар тайлбарлаж болохгүй. Энэ бол Монголын казахуудын дунд тогтсон орон нутгийн уламжлалт хүйсийн үүргийн хуваарилалт юм. Исламын эрх зүйн уламжлалд эмэгтэйчүүд оршуулгын газар очих асуудлаар мазхаб, тайлбаруудаас шалтгаалсан ялгаатай байр суурь бий. Тиймээс угсаатны зүйн баримтыг исламын нийтлэг хоригтой адилтгалгүй, тухайн орон нутгийн зан үйл хэмээн тодорхойлох шаардлагатай.

Эрт үед оршуулгын газар очиж, талийгаачийг хаана байрлуулахыг ахмад хүмүүс хэлэлцэн сонгодог байсан бол хожим овгийн хоргон доторх сул газарт оршуулах болжээ. Нүх ухах хэд хэдэн хүнийг урьд өдөр нь томилж, оршуулгын дараа тэдний “гарыг цайлгах” зорилгоор цай болон бусад зүйл өгдөг байжээ. Үүнийг оршуулгын ‘төрт құлағы’, “дөрвөн чих” гэж нэрлэсэн байна (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 247–248).

Өндөр насалсан хүн нас барахад түүний нүүрийг бүтээсэн ‘шыт’ буюу алчуурыг оршуулгад оролцсон хүмүүст тарааж, “Жасын берсін”, өөрөөр хэлбэл “Нас сүүдрийг нь хайрлаарай” хэмээн бэлгэшээдэг байжээ. Алчуур авч чадаагүй хүн ар гэрийнхнээс нь зориуд гуйж авах тохиолдол байсан нь талийгаачийн урт насыг эд зүйлээр дамжуулан бэлгэдлийн байдлаар өвлөн авах гэсэн ойлголтыг харуулна (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 247–248). Энэ нь исламын үндсэн оршуулгын дэг бус, өндөр настны нас буян, хишгийг бэлгэдэн хүндэтгэх казахын ардын уламжлал юм.

Оршуулгын газарт хүрмэгц шарилыг хэд хэдэн хүн мөрөн дээрээ өргөж, хоргоны дотор оруулан, ухсан нүхний дэргэд байрлуулдаг. Талийгаачийн ойрын хүмүүс нүхний хэмжээ, чулуу, дотор талын бэлтгэлийг шалгасны дараа молла Куран судраас уншина. Оролцогчид чимээгүй сууж, алгаа дээш харуулан залбираад, молла нүүрээ илэх үед даган нүүрээ илдэг байжээ. Үүний дараа шарилыг нүхэнд байрлуулдаг байна (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 248).

Шарилыг нүхэнд оруулах үед дээрээс нь том бөс даавуугаар халхалж, дөрвөн хүн даавууны буланг барин зогсоно. Хивс, ширдэгт ороон авчирсан шарилыг зөвхөн цагаан даавуутай нь нүхэнд хийж, хивс, ширдгийг буцаан авдаг. Ийнхүү халхавч татах нь талийгаачийн биеийг бусдын нүдэнд ил гаргахгүй, түүний нэр төр, бие махбодын халдашгүй байдлыг нас барсны дараа ч хамгаалах зорилготой (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 248).

Эдгээр баримтаас үзэхэд оршуулгын газарт Куран унших, талийгаачийг Кыбла чиглүүлэх, залбирах зэрэг исламын элементүүд нь халхавч татах, хүрзийг газар тавьж дамжуулах, тодорхой тоогоор шороо хийх, өндөр настны нүүрний алчуурыг тараах зэрэг казахын орон нутгийн зан үйлтэй нэгэн үйл явцад зэрэгцэн хэрэгжиж байжээ.

‘‘Хэсгийн дүгнэлт’’

Оршуулгын газар сонгох, булшны гадаад ба дотоод байгууламжийг хийх, шарилыг хүргэж байрлуулах зан үйлийг бүхэлд нь авч үзвэл Монголын казахуудын оршуулгын практикт байгаль, нутаг ус, овог удмын харьяалал, нүүдлийн ахуй болон исламын хойд насны итгэл нэг дор огтлолцож байна. Газар сонголтод хуурай, өндөрлөг, ус зайлуулах боломжтой байршил зэрэг экологийн шаардлага, аав, ээж, овог удмынхаа дэргэд орших хүсэл зэрэг нийгэм-соёлын хүчин зүйлс зэрэгцэн нөлөөлжээ. Булшны материал, хэлбэр, дотоод зохион байгуулалтад тухайн газрын чулуу, мод, шаврын боломж болон “хадан гэр” гэх мэт орон нутгийн төсөөлөл илэрдэг бол цагаан даавуугаар ороох, Куран унших, Кыбла чиглүүлэх нь исламын дэгтэй холбогдоно. Иймээс эдгээр зан үйлийг бүхэлд нь исламын шаардлага, эсвэл эсрэгээрээ “бөө мөргөлийн үлдэгдэл” гэж нэг шугамаар тайлбарлах бус, нүүдлийн экологийн зохицуулалт, овог удмын нийгмийн холбоо, исламын хэм хэмжээ, эртний төсөөллийн давхарласан бүтэц гэж үзэх нь илүү оновчтой.

‘‘Адуу гаргах зан үйл’’

Талийгаачид зориулан адуу гаргах зан үйл нь казахын нүүдэлчдийн амьдрал, морин соёлтой нягт холбоотой. “Монголын казахын угсаатны зүй” бүтээлд эрт үед талийгаачийг морьтой нь оршуулдаг байсан бол хожим адууг нядалж, махыг оршуулгад оролцсон хүмүүст хүртээдэг болсон гэж тайлбарлажээ. Зарим өндөр настан амьд ахуйдаа хайртай адуугаа заан, “намайг өнгөрөхөд энэ адууг гаргаарай” хэмээн гэрээсэлдэг байсан байна (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 248–249).

Б. Монголхүү эрт үед талийгаачийн гэрийн үүдэнд алаг дээсээр ногтолсон долоогоос есөн морь хөтөлж ирэх, морь дагуулах зан үйл байсан бөгөөд хожим энэхүү өргөлийн хэлбэр өөрчлөгдсөн тухай тэмдэглэжээ (Монголхүү, 2009, х. 87). К. Бихумар мөн дурсгалын зоогийн үеэр талийгаачид зориулан эмээл хэрэглэл өмсгөсөн морь сэтэрлэдэг байсныг эртний Түрэгийн уламжлалын ул мөр гэж үзсэн байна (Бихумар, 1995, х. 68–69).

Эдгээр зан үйлийн цаана адуу нь эр хүний анд нөхөр, нийгмийн байр суурийн илэрхийлэл, нүүдэлчдийн орон зайн хөдөлгөөний гол хэрэгсэл байсантай холбоотой төсөөлөл оршино. Эртний морьтой оршуулгын зан үйл хожим талийгаачид зориулан адуу гаргаж, махыг олон нийтэд хүртээх дурсгалын зоог болон хувирсан гэж тайлбарлаж болох юм. Иймээс адуу гаргах зан үйлийг исламын шаардлага гэхээс илүү казахын нүүдэлчдийн ахуй, хүндэтгэл, зочломтгой зан болон талийгаачид буян зориулах орон нутгийн уламжлал гэж ангилах нь зөв.

Эд зүйл тараах ба дурсамжийг өвлүүлэх зан үйл

Талийгаачийн амьд ахуйдаа хэрэглэж байсан хувцас, эд зүйлийг төрөл садан болон шарилыг угааж ариусгасан хүмүүст тараах ёс байжээ. К. Бихумарын тэмдэглэснээр хувцсыг бүрэн бүтэн өгөхийг эрхэмлэж, дутуу өгвөл талийгаач нөгөө ертөнцөд хувцасгүй явна гэсэн итгэл үнэмшил байсан байна. Мөн өвлөн авах хүнгүй тохиолдолд Куран судар, хүүхдийн өлгий, морины толгой зэрэг зарим зүйлийг булшинд хамт тавьдаг байжээ (Бихумар, 1995, х. 68–69).

Б. Монголхүү талийгаачийн өмсөж, эдэлж байсан хувцсыг гэрийн хойморт ил өлгөж тавьдаг заншлыг тэмдэглэсэн байна (Монголхүү, 2009, х. 89). Настай эмэгтэй нас барсны дараа “авдрыг нь нээж”, амьд ахуйдаа хэнд өгөхөөр захисан бугуйвч, бөгж болон бусад үнэт эдлэлийг аман гэрээсийн дагуу хуваарилдаг ёс байсныг К. Бихумар мөн дурджээ (Бихумар, 1995, х. 69).

Эдгээр зан үйлийг зөвхөн талийгаачид нөгөө ертөнцөд эд зүйл хэрэгтэй гэсэн итгэлээр тайлбарлах нь хангалтгүй. Тэдгээр нь талийгаачийн өмчийг төрөл садны хүрээнд дахин хуваарилах, аман гэрээсийг биелүүлэх, оршуулгад тусалсан хүмүүст хариу барих, талийгаачийн дурсамжийг эд зүйлээр дамжуулан хадгалах зэрэг нийгмийн олон үүргийг давхар гүйцэтгэж байжээ.

Долоо, дөч, зуу хоног ба дурсгалын ас буюу цайллага

Талийгаачийг оршуулсны дараа долоо, дөч, зуу хоног, жилийн ойг тэмдэглэн Куран уншуулж, мал гарган, зоог барьж, хувцас эд зүйл тараах уламжлал Монголын казахуудын дунд өргөн дэлгэрчээ. Оршуулгад оролцож чадаагүй хүмүүс эдгээр өдрүүдэд ар гэртэй нь уулзан эмгэнэл илэрхийлж, булшинд очиж залбирдаг байсан тухай К. Бихумар тэмдэглэсэн байна (Бихумар, 1995, х. 69).

Эдгээр дурсгалын өдрүүд нь талийгаачид буян зориулахаас гадна алс холын төрөл садныг цуглуулах, ар гэрт нь сэтгэл санаа, нийгэм, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх, талийгаачийн тухай хамтын дурсамжийг үе шаттайгаар бататгах үүрэгтэй.

Гэхдээ долоо, дөч, зуу хоногийг тэмдэглэхийг исламын шашны бүх урсгалд заавал биелүүлэх үндсэн дэг гэж үзэж болохгүй. Монголын казахуудын хувьд эдгээр хугацааны зан үйлд Куран уншлага, буян, залбирал зэрэг исламын элемент шингэсэн боловч долоо, дөч, зуу хоногийг тусгайлан тогтоосон хэлбэр нь Төв Азийн ард түмнүүдийн орон нутгийн дурсгалын уламжлалтай нягт холбоотой.

Нэр хүндтэй хүн нас барахад зохион байгуулдаг “ас беру” буюу дурсгалын их зоог нь казахын нүүдэлчдийн нийгмийн харилцааг тод харуулна. К. Бихумар Бурылбайн дурсгалын асыг тодорхой жишээ болгон авч үзжээ. Бурылбай 1925 онд нас барсны дараа Шерушийн зургаан овгийн тэргүүлэгчид зөвлөлдөж, нэг жилийн өмнөөс бэлтгэл хийсэн байна. Асад зориулан 200 гэр барьж, олон хоногийн турш зочдыг дайлан, хурдан морь уралдуулж, бөх барилдуулан, домборчдыг шалгаруулжээ. Зохиогчийн тэмдэглэснээр уг асын үед 480 хурдан морь уралдаж, 200 бөх барилдсан байна (Бихумар, 1995, х. 72–73).

Ас-цайллага нь талийгаачид буян зориулах төдийгүй овгийн эв нэгдлийг бататгах, хөрөнгө баялгийг дахин хуваарилах, зочломтгой зан болон нийгмийн нэр хүндийг нийтэд харуулах, талийгаачийн дурсамжийг олон нийтийн хэмжээнд бүтээх үүрэгтэй байжээ. Гэвч оршуулга, асад зарцуулах хөрөнгийн хэмжээ тухайн айлын нэр төрийн шалгуур болж, ядуу өрхөд эдийн засгийн дарамт учруулах эрсдэлтэй байсан. Үүнийг К. Бихумарын эш татсан “Үхэл баян хүний хөрөнгийг тарааж, ядуу хүний ядууг ил гаргана” гэсэн зүйр үг маш оновчтой илэрхийлдэг (Бихумар, 1995, х. 62).

‘‘Өнгөрсөн ба одоо’’

Ийнхүү эх сурвалжуудаас үзэхэд Монголын казахуудын оршуулгын зан үйл бүхэлдээ өөрчлөгдөөгүй хадгалагдсан бус, харин зарим хэлбэр нь алдагдаж, зарим нь шинэ нөхцөлд дасан зохицож, зарим нь шашны шинэ тайлбар авсан байна.

Эрт үед шарилыг тэмээ, морь, дамнуургаар тээвэрлэдэг байсан бол автомашин хэрэглэх болжээ. Оршуулгын газрыг ахмад хүмүүс болон зарим тохиолдолд бөө сонгодог байсан тухай аман мэдээ байдаг бол хожим овгийн хоргон доторх сул газарт оршуулах болж, газар сонгох хуучин ёс хумигдсан байна. Булшны гонзгой, зууван хэлбэрийг дөрвөлжин хашлага орлох болсон тухай 2016 оны бүтээлд тэмдэглэжээ (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий салбар, 2016, х. 245–248).

Б. Монголхүү 1990-ээд оны сүүлчийн өөрийн ажиглалтад тулгуурлан оршуулгын дараа булшийг гурав тойрох, талийгаачийн гэрт дөчин зул асаах, толь болон зурагтын дэлгэцийг бүтээх зан үйл байсныг тэмдэглэсэн. Тэрээр дөчин зул асаахыг талийгаачийн ард үлдсэн гал голомт бөхөхгүй үргэлжлэхийн бэлгэдэл гэж тайлбарласан байна. Мөн молла нар уг зан үйлийг хориглодог ч ард олон тодорхой хэмжээнд үргэлжлүүлсээр байсныг өгүүлжээ (Монголхүү, 2009, х. 89). Энэ бол исламын норматив шаардлага болон нутгийн уламжлал хоорондын бодит зөрчил, зохицлын тод жишээ юм.

К. Бихумар Монголын казахуудын оршуулгын зан үйлд уламжлалт шинж хүчтэй хадгалагдсаныг ХХ зууны шашны мэдлэгийн тасалдалтай холбон тайлбарласан. Түүний үзсэнээр 1938 оны хэлмэгдүүлэлтээр шашны боловсролтой молла нар олноор өртөж, Куран унших, шашны зан үйл гүйцэтгэх явдал хязгаарлагдсанаар исламын оршуулгын нарийн мэдлэг тасалдахад хүрчээ. Гэсэн ч казахууд талийгаачаа хүндэтгэн үдэх төрөл, овгийн уламжлалаа боломжийн хэмжээнд хадгалсан байна (Бихумар, 1995, х. 67).

‘‘Дүгнэлт’’

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл нь исламын шашны норматив хэм хэмжээ, казахын нүүдэлчдийн ахуй, эртний Түрэгийн соёлын ул мөр, овог удмын зохион байгуулалт, нутаг усны харьяалал, ХХ зууны шашин, улс төрийн тасалдал болон орчин үеийн нийгмийн өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлийн огтлолцолд бүрэлдсэн нэгдмэл соёлын тогтолцоо юм. Монголын казахуудын оршуулгын зан үйл өөрийн гэсэн итгэл үнэмшил, уламжлалт, ёс жаягтай түүнийгээ алдалгүй дагаж ирснийг харуулж байгаа бөгөөд үүний цаана өөрийн гэсэн логик, хэм хэмжээ, учир зүй байдаг нь тодорхой байна.

Талийгаачийг угааж ариусгах, цагаан даавуугаар ороох, жаназа үйлдэх, Куран унших, Кыбла чиглүүлэн газарт оршуулах нь исламын оршуулгын үндсэн дэгтэй холбоотой бол гэрээс гарган үдэх, шөнө сахих, ‘көріс’, ‘жоқтау’ хэлэх, овгийн хоргонд нутаглуулах, нэг атга (хүрз) шороо хийх, адуу гаргах, эд зүйл тараах, долоо, дөч, зуу хоног болон ас хийх, өвөг дээдсийн дурсамжийг хадгалах зэрэг зан үйл нь казахын нүүдэлчдийн амьдрал, төрөл садны харилцаа, хамтын ой санамжийг илүү тод илэрхийлнэ. Гэвч эдгээр хоёр давхарга бодит зан үйлд тусгаар оршдоггүй, харин исламын ойлголтууд уламжлалт хэлбэрүүдэд нэвтэрч, уламжлалт соёл исламын зан үйлийг орон нутгийн нийгмийн бүтэц, аман зохиол, зочломтгой зан, дурсгалын практиктай холбон хэрэгжүүлснээр түүхийн явцад харилцан зохицож, заримдаа зөрчилдөж, дахин тайлбарлагдсан зан үйлийн давхаргал бий болжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026.10.1 № 185 (7927)

2026.10.2 № 186 (7928)

202610.5. № 187 (7929)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn