Ц.МЯГМАРБАЯР
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид,шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц,боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлэгч “BIB Discovery Energy” компанийн ерөнхий захирал С.Болорбайгалийг урьж ярилцав.
СОР17-д технологио нэвтрүүлж, НҮБ-ын анхаарлыг татсан

-Энэ технологитой учирсан түүх маань их энгийн. Би эрчим хүчний инженер биш, барилгын инженер ч биш. Харин “Хүний амьдралд нэг их зүйл хэрэггүй” гэдэг шиг тэтгэвэрт гараад үр хүүхэд болон бусдаас ямар нэгэн байдлаар хамааралгүй, тайван амгалан амьдрах тухай боддог байлаа. Гэвч энэ бодолд нэг зүйл саад болох мэт санагдсан.
Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт гараад авах хэдэн төгрөг маань тог, цахилгааны төлбөрөө төлөхөд хүрэлцэх болов уу гэсэн хамгийн наад захын бодол төрсөн. Нөгөө талаас, улс даяараа эрчим хүчний хомсдолтой байгаа энэ үед өөрт олдсон боломжоо бусадтай хуваалцахгүй, ганцаараа ашиглах нь дэндүү амиа хичээсэн хэрэг мэт санагдсан. Ингээд уг технологийг судалж эхэлсэн юм.

Хэдийгээр Монгол Улс ногоон эрчим хүчийг түлхүү ашигладаг орон болох зорилт тавьж байгаа ч хэрэгжилт хангалтгүй байна. Хот даяараа хөлдөх эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа энэ үед ийм технологийг нэвтрүүлэх шаардлагатай гэж үзсэн. Тиймээс энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн. Банк, санхүүгийн салбарынхан, тэр дундаа Монгол банкныхан уг технологийг хамгийн түрүүнд ойлгож, хүлээн авч, олон нийтэд танилцуулах арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн. Ингэснээр технологийнхоо үр шимийг СОР17 олон улсын арга хэмжээг зохион байгуулах үеэр бодитоор харуулах боломж бидэнд олдсон. Бид энэ технологи нь ногоон санхүүжилт босгох боломж гэдгийг жил гаруй хугацаанд ярьж, таниулсан. Ялангуяа энэ үед СОР17 хуралдсан нь технологийн давуу талыг мэдрүүлж, бодитоор ойлгуулах боломж, тохироо бүрдсэн гэж болно. Энэ томоохон арга хэмжээнд манай компани эрсдэлээ өөрсдөө үүрч, барилгын гадна фасадыг энгийн фасадын төсөвт өртгөөр нийлүүлэх хүсэлт тавьсан. Ингэснээр бидэнд технологио бодитоор харуулах боломж олдсон юм. Манай байгальд ээлтэй технологи энгийн фасадаас хэд дахин өндөр өртөгтэй. Гэхдээ бид үүнийг өөрсдөө санхүүжүүлснээр дэлхийн 196 оронд технологийнхоо давуу талыг сурталчлахад гарах зардалтай харьцуулахад харьцангуй бага зардал гаргасан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, СОР17-ын ариун цэврийн байгууламжийн 420 метр квадрат талбайтай барилгын 40 хувийг 36 ширхэг шилээр хангасан. Ингэснээр дэлхийн олон орны зочид, төлөөлөгчид төдийгүй Монголын шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд, сайд нарт технологийнхоо давуу талыг биеэр мэдрүүлж, бодитоор харуулах боломжтой болсон.
Төрийн худалдан авах ажиллагааны техникийн нөхцөлд технологио тусгуулсан
-Ингэснээр энэ технологийг дэлхийн бусад улс оронд нэвтрүүлэх, санхүүжилт босгох эхлэл тавигдаж, НҮБ-ын анхааралд хүргэж чадсан. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын төлөөлөгчид энэ технологи Монгол Улсад нэвтэрч, ISO стандарт нь MNS болж байгаа үйл явцыг анзаарч, тухайн технологийг ашигласан ариун цэврийн байгууламжид орж, биечлэн хэрэглэж үзээд дүгнэсэн. Улмаар Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын яамтай хамтран салбар хуралдаан зохион байгуулж, уг технологийг Монгол Улсын стандарт буюу MNS болгох боломжийг бүрдүүлэх чиглэлээр ажиллахаар болсон. Түүнчлэн төрийн худалдан авах ажиллагааны техникийн нөхцөлд технологийг тусгаснаар хөрөнгө оруулагч талд ашигтай, бүтээн байгуулалтыг төрийн хөрөнгөөр бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх ТЭЗҮ боловсруулах боломж бүрдсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, жишээлбэл, нэг компани төрийн цэцэрлэг, сургууль барих тендерт оролцохдоо тухайн барилгын төсөвт өртгөөс арай илүү хөрөнгө оруулалтыг өөрсдөө хийж болно. Харин нэмэлтээр оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх боломжийг тухайн барилгыг тодорхой хугацаанд ашиглах эрхээр олгох шийдэл юм. Тухайлбал, таван жилийн хугацаанд ашиглах эрх өгч болно. Учир нь цэцэрлэг, сургуулийн ашиглалтын зардал буюу тог, цахилгаан, халаалтын зардал өндөр байдаг. Үүнийг өнөөдөр улсын төсөв, өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлдэг. Нэг ёсондоо ашиггүй зардал гэсэн үг. Тэгвэл энэ технологийг ашиглан сургууль, цэцэрлэгийг, нэг үгээр хэлбэл, эрчим хүч үйлдвэрлэдэг барилга болгон хувиргаж болно. Ингэснээр тухайн барилгыг барьсан компани төсөвт өртгөөс илүү гаргасан хөрөнгө оруулалтаа таван жилийн дотор нөхөж авах боломжтой болно.
Ингэснээр сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлыг бууруулж, барьсан компанид оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх боломжийг олгоно. Үүний зэрэгцээ ширээ, сандал, тоног төхөөрөмжийн хомсдолыг арилгаж, боловсролын чанарт бодит өөрчлөлт авчрах боломжтой. Сонирхол татах нэг жишээ дурдъя. Нэг цэцэрлэг сард урсгал зардалдаа улсын төсвөөс 50 сая төгрөгийн татаас авдаг гэж бодъё. Үүний 30 сая төгрөг нь дулаан, халаалт, цахилгааны зардалд зарцуулагддаг. Үлдсэн 20 сая төгрөг нь 20 ажилтны цалин болж очдог. Тэгэхээр нэг ажилтан нэг сая төгрөг хүрэхгүй цалин авч байна гэсэн үг. Тэгвэл тэнд хэн багшлах вэ. Харин Боловсролын салбар бидний санал болгож буй шийдлээр сургууль, цэцэрлэгээ барьж чадвал өнөөдөр өгч байгаа 50 сая төгрөгийн татаасыг хэвээр олгох хэрэгтэй. Ингэснээр багш, ажилчдын цалинг бараг хоёр дахин нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Тиймээс Засгийн газар, Сангийн яам болон холбогдох салбарын яамд өмнө нь олгож байсан татаасны хэмжээг бууруулахгүй байх зохицуулалтыг төсвийн хуульд тусгах шаардлагатай. Урсгал зардал буурсан шалтгаанаар 50 сая төгрөгийн татаасны 20 саяыг нь өгч, 30 саяыг нь танавал багш, ажилчдын цалин нэмэгдэхгүй. Ийм нөхцөл үүсгэхгүй байх үүднээс хууль, дүрэм журмынхаа уялдаа холбоог эргэн харах хэрэгтэй.
Энэ шийдлийг өнгөрсөн наймдугаар сарын 22-нд болсон салбар хуралдаанаар хэлэлцэж, Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй холбоотой зургаан саналыг хуульд тусгаж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтан бэлтгэх зэрэг боловсролын салбарт олон талын ач холбогдол бүхий хөрөнгө оруулалт хийх эерэг нөхцөлийг бий болгох боломжтой. Ингэснээр нэг талаас эрчим хүчний зардлыг бууруулж, нөгөө талаас сэргээгдэх эрчим хүчний салбарт шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх суурийг тавих боломжтой.
Барилгын фасад, сургууль, цэцэрлэгийн цонхыг эрчим хүч үйлдвэрлэгч болгох боломжтой
-Барилгын фасад, сургууль, цэцэрлэгийн цонхыг хүртэл эрчим хүч үйлдвэрлэдэг цахилгаан станц болгон ашиглах боломжтой гэсэн үг. Ингэснээр улсын төсвөөс барилга байгууламжийн урсгал зардалд зарцуулдаг хөрөнгийг хэмнэх боломж бүрдэнэ. Анхны хөрөнгө оруулалт өндөр хэдий ч ISO 23237:2023 буюу Ногоон барилгын А зэрэглэлийн стандартыг нэвтрүүлснээр ирээдүйд бий болох мөнгөн урсгал, ашиг, үр өгөөжийг тооцох хэрэгтэй. Энэ нь тухайн барилга, цэцэрлэг, сургуулийн урсгал зардлыг урт хугацаанд бууруулах боломжтой гэсэн үг. Эцсийн дүндээ энэ нь бидний амьдралын чанарыг сайжруулна.Байрныхаа урсгал зардлыг төлөхгүй амьдрах тусам таны орлого өөрт тань үлдэнэ гэж бодоод үз дээ. Цалин, орлогоосоо нүүрс, түлш, дулаан, халаалт, цахилгааны төлбөрт зарцуулах зардал буурч чадвал айл өрхийн амьжиргаанд төдийгүй нийт эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Хамгийн гол нь төрөөс нэг ч төгрөгийн нэмэлт хөрөнгө гаргалгүйгээр энэ асуудлыг шийдэх боломжтой. Төр худалдан авах ажиллагаа, тендерийн нөхцөл, зураг төсөл, техникийн даалгавартаа энэ стандартыг тусгахад хангалттай. Ингэснээр хувийн хэвшил хөрөнгө оруулалт хийх сонирхолтой болно. Жишээлбэл, сургуулийн фасадыг өнөөдөр ихэвчлэн металл фасадаар хийдэг. Металл фасадын үнэ 500-800 мянган төгрөг орчим байдаг бол манай эрчим хүч үйлдвэрлэдэг шилэн фасад энгийн фасадаас хоёр дахин өндөр өртөгтэй. Цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэдэг энэ фасадыг энгийнээр тайлбарлавал, үйлдвэрээс гарсан хагас ганжуулсан шилэн дээр газрын ховор элементийг шивж байгаа мэт технологиор суулгаад, бүхэлд нь ламинаторлодог. Өөрөөр хэлбэл, ламинаторлосон шил юм. Хамгийн нимгэн хувилбар нь хоёр давхар, цонхны зориулалтаар ашиглах бол гурван давхар ламинатор хийдэг. Стандарт хэмжээний нэг шил буюу хоёр метр квадрат талбайтай шил Хятадад хамгийн багадаа нэг киловатт цахилгаан үйлдвэрлэдэг бол манай нөхцөлд дунджаар хоёр киловатт/цагийн цахилгаан үйлдвэрлэх боломжтой. СОР17-ын ариун цэврийн байгууламжийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хариуцан ажиллаж байна. Ингэснээр жилийн дөрвөн улиралд ашиглахад шаардагдах урсгал зардлыг хэмнэх боломжтой.
Ийм байгууламжийн халаалт, цахилгааны хэрэгцээг 100 хувь хангах хэмжээнд шийдэж болно. Цаашлаад өөрийн хэрэгцээнээс давсан хэмжээний эрчим хүч үйлдвэрлэхээр илүү олон фасад суурилуулж болно. Ингэснээр илүүдэл цахилгаанаар тухайн орчинд байрлах хоёр монгол гэрийг цахилгаан, халаалтаар хангах боломжтой. Өөрөөр хэлбэл, 36 киловаттын хүчин чадлаар өөрийн хэрэгцээг бүрэн хангаад, илүү гарсан эрчим хүчийг борлуулах боломж ч бий. Эсвэл төвийн шугамаас 60 хувийг, манай фасадаас 40 хувийг хангах зэргээр хосолсон системээр шийдэж болно. Мөн hybrid буюу батарей хуримтлууртай системээр шийдэх боломжтой. СОР17-ын ариун цэврийн байгууламжийн хувьд бид нийгмийн хариуцлагын хүрээнд эрчим хүч хуримтлуулах батарейтай системийг давхар суурилуулсан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 172 (7914)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn