З.ЦЭЦЭГ
Германы Олимпийн Спортын Холбоо Баден-Баден хотод нууц санал хураалт явуулсны дараа тус улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер 2036, 2040 эсвэл 2044 оны Зуны Олимп, Паралимпийн наадмыг зохион байгуулах үндэсний нэр дэвшигч хотоор Мюнхенийг сонгосноо зарлалаа.
Герман улс хамгийн сүүлд 1972 онд Зуны Олимпийн наадмыг зохион байгуулж байсан бөгөөд тухайн наадам мөн л Мюнхен хотод болж байв.
Германы Олимпийн Спортын Холбооны гишүүд Олимпийн наадмыг зохион байгуулах хотыг сонгох санал хураалтын дүнг зарлах үеэр Штайнмайер "Мюнхен хот ялагч боллоо" хэмээн мэдэгдэв. Энэхүү ёслолыг ARD телевизийн сувгаар дамжуулан үзүүлжээ.
Германы Ерөнхийлөгч Зуны олимпийн наадмыг зохион байгуулах улсыг сонгох олон улсын өрсөлдөөнийг Герман улсын хувьд "асар том боломж" хэмээн тодорхойлсон байна.
Мюнхен хот Герман улсад олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Кёльн-Рейн-Рур бүс нутгийн хамтарсан саналтай өрсөлджээ.
Берлиний эрх баригчид Олимпийн наадмыг зохион байгуулах хүсэлтээ санал хураалт болохоос ердөө хоёр хоногийн өмнө албан ёсоор татан авсан байв. Энэхүү шийдвэрт нөлөөлсөн шалтгаануудын нэг нь 9-р сарын 20-нд болсон Берлиний Төлөөлөгчдийн танхимын сонгуульд ялалт байгуулсан "Зүүний нам"-аас уг санаачилгыг дэмжихээс татгалзсан явдал байлаа.
Олон улсын Олимпийн хороо 2027 оны 3-р сард олон улсын сонгон шалгаруулалтын эхний үе шатанд оролцогчдын жагсаалтыг эцэслэн гаргах юм. Харин 2036 оны Зуны олимпийн наадмыг зохион байгуулах хотыг 2029 оны дундуур сонгох төлөвтэй байна.
Эх сурвалж: zms.mn