“Зууны мэдээ” сонин энэ удаагийн  “Өөр зочин”-оор “Хатан” брэндийн үүсгэн байгуулагч Х.Хатаныг урьж  ярилцлаа.

 

-Гоо сайхны бүтээгдэхүүнд үндэсний хэв маягийг шингээж, бусдаас ялгарах брэнд бүтээх санаа танд хэзээ төрсөн бэ?

-2020 онд “QUEEN Center” сормуус, маникюрын бөөний төвийг байгуулж, дэргэд нь сургалт явуулж эхэлсэн. Бөөний төвөө нээснийхээ дараа “Хатан” сормуусаа гаргасан. Сормуусны бүтээгдэхүүн маань жилээс жилд сайжирсаар, өнгөрсөн жил хумсны будгийн төрлөөр бүтээгдэхүүнээ нэмсэн.

Хаана ч харсан Монголын хумсны бүтээгдэхүүн, сормуус гэдэг нь харагдаасай гэж хүсэж савлагаандаа Монголын халх хатны өмсгөл, зүүсгэлийг шингээж өгсөн. Манай салбар дэлхийн улс орон бүрд байгаа шавь нар маань бүтээгдэхүүнийг авч хэрэглэснээр хурдан түгэн дэлгэрэх боломжтой байдгаараа онцлог.

-“Хатан” гэдэг нэрийг сонгохдоо ямар утга, дүр төрхийг илэрхийлэхийг зорьсон бэ?

-Монгол Улсын маань өв соёлыг шингээсэн олон үндэсний хувцас бий. Гэхдээ халх үндэсний хувцастай брэнд хэд байдаг вэ гэж бодохоор хамгийн түрүүнд дээл, малгай орж ирдэг. Тэгвэл монгол хатдын ихэмсэг шинж, төрх яагаад гоо сайхны салбарт байж болохгүй гэж бодсон.

Гоо сайхны салбарын олон улсын тэмцээний тайзнаа монгол халх хатны хувцсаа өмсөөд, энэ хэв шинжийг шингээсэн хумсны будаг, сормуусаа бариад явж яагаад болохгүй гэж. Учир нь, Япон, Солонгос зэрэг улсад зохион байгуулагддаг тэмцээний үеэр монголчууд үндэснийхээ хувцсыг өмсөөд гарахад маш сайхнаар хүлээж авдаг.

Тиймээс “Хатан”-даа зориулан халх хатны дээл, малгай, уужийг үйлдвэрлэж байна. Гоо сайхны салбарт өв соёлоо хадгалсан, дэлхийд танигдах Монгол брэнд бүтээх мөрөөдөлдөө хөтлөгдөн энэхүү брэндийг бий болгосон.

Гэхдээ брэндийг хөгжүүлэхэд маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаарддаг. Цаашдаа юу хийх вэ гэж байнга боддог.

-Бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд  хүргэхэд эрхэмлэдэг зүйл юу байдаг вэ?

-Эрхэмлэдэг хамгийн гол зүйл бол чанар. “Хатан” сормуусны брэндийнхээ сав баглаа боодолд Монголын өв уламжлалыг шингээхээс гадна бүтээгдэхүүнийхээ чанарт илүү анхаарч ажилладаг.

Сормуусны материал нь хүний үсэнд дөхөхүйц төгс зөөлөн мөртлөө хэлбэрээ алдахгүй, хэт гялгар биш, тухайн хүний нүдэнд зөв суух ёстой.

Хумсны будгийн хувьд сав баглаа боодол гоё, үнэр багатай байх, эко бүтэцтэй байх зэрэг нэн тэргүүний шаардлагыг баримталдаг. Нэг удаа авсан хэрэглэгч дахин худалдан авдаг бүтээгдэхүүнүүд гэж итгэлтэй хэлж чадна.

Манай дэлгүүрт шинэ технологийн сормуус худалдаалж байгаа. Яарч сандарсан үедээ болон өдөр тутамдаа дөрвөн ширхэг сормуус наагаад гарахад л хөөрхөн харагдахаар өөрөө цавуутай сормуус гаргасан. Өв соёлоо хадгалсан зураг, дүрслэлтэйгээс гадна энгийн болон аниме сормуусыг нэг саванд багтааснаараа онцлог. Шинэ бүтээгдэхүүндээ маш сэтгэл хангалуун байгаа.

Сормуус, хумсны будгийн бүтээгдэхүүнээ зах зээлд нийцсэн үнээр хүргэхийг зорьдог. Түүнчлэн хэрэглэгчдэд хүргэхдээ хүргэлтийг хурдан шуурхай хийхийг хичээдэг.

Мөн “би” гэсэн үзлээс илүү энэ салбартаа чадлаараа хэнийг дэмжиж болох вэ гэж боддог. Салон байгуулах гэж байгаа хүмүүст чадлаараа тусалж, дэмжлэг үзүүлэхийг хичээдэг. Танихгүй хүн дэлгүүрээс зээлээр бүтээгдэхүүн авъя гэхэд иргэний үнэмлэхээ канондож ирээд аваарай гэдэг. Энэ нь тухайн артистын нэр хүндэд итгэж, түүнийг барьцаалж байна гэсэн үг.

-Танай дэлгүүр улсын аварга шалгаруулах  тэмцээнийг ивээн тэтгэж ажилладаг бил үү?

-Монгол Улсын аварга шалгаруулах томоохон таван тэмцээнийг ивээн тэтгэж, салбарынхаа хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Миний өөрөөрөө, хамт олноороо бахархдаг зүйл нь  тайзан дээр үг хэлээд зогсож байхад залуу хүний хувьд Монгол Улсад  зохион байгуулагдаж байгаа сүүлийн  таван том тэмцээнд оролцож байгаа, шагнал хүртсэн хүмүүс.

Миний нэг мөрөөдөл бол энэ салбарт зохион байгуулагддаг тэмцээнүүдээр дамжуулан уран бүтээлчдийнхээ хөдөлмөрийг үнэлүүлэхийг хүсдэг. Тэмцээнд оролцож эхний гурван байрт шалгарч цом, медаль хүртлээ гэхэд түүнийгээ өрөөндөө хадгалаад өнгөрөх биш, тэр шагнал нь хүнийхээ амьдралд ямар нэгэн өөрчлөлт авчраасай гэж боддог. Учир  нь  нэг хүнд сормуус хийхэд л 1 цаг 30 минут зарцуулдаг гэхээр энэ ажлын цаана ямар их хөдөлмөр байдгийг ойлгож болно.

Сормуусны  салбар одоо л үнэлэгдэж, хэрэгтэй юм байна гэдгийг  хүмүүс ойлгож эхэлж байна. Тиймээс Монгол Улсын сормуус суулгалтын аварга шалгаруулах тэмцээнээс шагнал хүртсэн хүн тэр шагналаараа юу хийж, амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт гаргаж болох вэ гэж боддог.

Тиймээс манай брэндийн сормуус, хумсны будгийг худалдан авч хэрэглэсэн хүмүүсийн мөнгөний үнэ цэнийг Монгол Улсад болон дэлхийн хэмжээнд зохион байгуулагдаж буй тэмцээнүүдээр дамжуулан салбартаа буцаан өгч байна гэж боддог.

-2026 оны дэлхийн “Нүүдэлчин” фестивальд “Хатан” брэнд мөн өв соёлоо дэлгэрүүлж оролцсон.

 -Гоо сайхны салбартаа дэлгүүр маань  ажиллаад зургаан жил болж байна. Хумс,  сормуусны том дэлгүүрүүд дотроо манайх отгон гэж хэлж болно.

Дэлхийд монголчууд хүчирхэг хэвээрээ гэдгийг харуулдаг том фестивальд энэ жил анх удаа оролцож,  наадмын нэг хэсэг  болсондоо баяртай байна. Залуу үеэ дэмжиж  урьж оролцуулж байгаад маш их баяртай  байгаа.

-Та олон улсын шүүгчээр  хэддэх жилдээ ажиллаж байгаа вэ?

-Олон улсын шүүгчээр гурав дахь жилдээ, гоо сайхны салбартаа албан ёсны багшлах эрхтэй багшаар арав дахь жилдээ ажиллаж байна. Зөвхөн сормуус, хумс заахаас гадна бүх чиглэлийг шавь нартаа аль болох сэтгэлээсээ заахыг хичээдэг.

Намайг зорьж ирж байгаа шавь нар маань сургалтаас аль болох өндөр сэтгэгдэлтэй гараасай гэж хүсдэг. Арга барилаас гадна сормуус, хумсны салбарын онолыг хэн ч асуусан мэддэг байгаасай гэж боддог.

Олон улсын тэмцээний үеэр Монголын артистууд ямар их чадвартай, хэр үнэлэгддэгийг харах үнэхээр сайхан. Мөн манайхан хаана ч очсон үндэсний хувцсаа өмсөөд тайзан дээр гарах нь бахархмаар санагддаг. Нүүдэлчин өв соёлоо хадгалж, хаана ч очсон орчиндоо дасан зохицож яваа артистуудаараа бахархдаг.

-Энэ салбар өнөөдрийн түвшинд хүрэх хүртэл олон хүний хөдөлмөр шингэсэн байх?

-Тэгэлгүй яах вэ. Энэ салбарыг хөгжүүлэхийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулсан олон хүн бий. “Гоо сайхны анхдагч холбоо” байгуулагдаад 30 жил болж байна. Энэ 30 жилийн хугацаанд сормуус урлал, хумс урлал ийм сайхан зүйл, дэлхийд гарч, Монголынхоо өв соёлыг харуулж болох салбар гэдгийг бий болгохын төлөө сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зориулсан анхдагчид, энэ салбараар овоглодог үе үеийнхэндээ талархдаг.

Сормуус урлалын анхдагч холбоо 2026 онд байгуулагдсан. Энэ цаг үеийн шилдэг 30 артистыг нэр дэвшүүлж, санал хураалтаар сормуус урлаачдынхаа хайр хүндэтгэл, итгэлийг хүлээсэн есөн гишүүнийг ТУЗ-д сонгож, хамтран ажиллаж байна. Бид 9-д дарга гэж байхгүй. Есөн хүний сэтгэл нэгдэж байж нэг шийдвэр гаргана. Нэг сэтгэлээр нэгдсэн, ардчилсан холбоо бий болсондоо баяртай байдаг.

Байгуулагдсаныхаа дараа анхны тэмцээн болох улсын аварга шалгаруулах “Алтан гар” тэмцээнийг зохион байгуулж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 179 (7921)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn