Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн дарга З.Ган-Очиртой уул уурхайн салбарын цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Ассоциацийн үйл ажиллагааг аль чиглэлд түлхүү төвлөрүүлж, ямар асуудлуудыг нэн тэргүүнд авч үзэх вэ?

-МУУҮА сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа тогтворжуулж, салбарын оролцогч талуудыг нэгтгэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, салбарын талаарх зөв ойлголтыг олон нийтэд хүргэх чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн. Цаашид энэ байр суурийг улам бэхжүүлэхийн зэрэгцээ Ассоциацийн институцийн чадавхыг нэмэгдүүлэх, гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг бодлогын түвшинд бодитой, үр дүнтэй төлөөлөхийг зорьж байна.

Өнөөдөр салбарын аж ахуйн нэгжүүдэд хууль, эрх зүйн орчны тогтворгүй байдал, хөрөнгө оруулалт, татвар, орон нутгийн харилцаа зэрэг олон асуудал тулгарч байна. Эдгээрийг салбарын нийтлэг эрх ашгийн хүрээнд судалгаа, бодит мэдээлэлд үндэслэн төр, хувийн хэвшлийн түвшинд хэлэлцэж, шийдэлд хүрэх нь чухал. Үүний зэрэгцээ салбарын бодит мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэж, хариуцлагатай уул уурхайг дэмжих замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарна.

- Монголын уул уурхайд өнөөдөр хайгуул хийх, ашиглалт олборлолтыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хийх зайлшгүй шаардлагатай. Хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлснээр зарим улс орны эдийн засагт ач холбогдолтой том төслүүдийг зогсоосон нь ч бий. Мэдээж нэмж хайгуул хийж эрдэс баялгийн  нөөцөө нэмэгдүүлэхгүйгээр энэ хэвээр байвал цаашид энэ салбарын хөгжил явахгүй л болох байх. Энэ тухайд таны байр суурийг сонсвол?

-Өнөөдөр Монголын уул уурхайд нэн түрүүнд хөгжүүлэх салбар хайгуул. Өөрөөр хэлбэл, хайгуулын  салбар эрдэс баялгийн нөөц бололцоог уул уурхайн салбарын хөгжилд хамгийн их оруулах бүрэн боломжтой. Мөн уул уурхай болон хайгуулын салбарт хиймэл оюун ухаан, технологийн шийдлүүдийг хөгжүүлж  геологийн эрдэс баялгийн нөөцийг баялаг болгохын тулд хууль эрх зүйн илүү оновчтой бодлого хэрэгжүүлж илүү нээлттэй байснаар дэлхийн зах зээлд гарч өөрийнхөө замыг бий болгож байр сууриа эзлэх шаардлагатай байна.Түүнчлэн энэ салбарт үндсэн гурван асуудал чухал байна. Нэгдүгээрт, татварын орчин, хоёрдугаарт хууль эрх зүйн тогтвортой орчин, гуравдугаарт, геологийн нөөц, бололцоо гэсэн. Байгалаасаа бид өгөгдөл сайтай ч бид эдгээр гурван зүйлийг илүү нээлттэй, ойлгомжтой, тогтвортой болговол гадаадын гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчид уул уурхайн салбарыг дараагийн түвшинд авчирна. Тиймээс хайгуулын салбарт томоохон  хөрөнгө оруулалтыг хийснээр дэлхийн зах зээлд Монгол Улс байр сууриа эзлэх боломжтой.

-Уул уурхай бол манай эдийн засгийн тулгуур салбар. Салбарын оролцогч талууд, хөрөнгө оруулагчдыг нэг дор цуглуулж, асуудал, шийдлээ хэлэлцдэг гол индэр нь “Mining Week & MinePro” болжээ. Энэ жилийн арга хэмжээ юугаараа онцлог вэ?

-“Mining Week & MinePro” тав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ хугацаанд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллага, ханган нийлүүлэгчид нэг дор цуглаж, салбарын асуудал, цаашдын чиг хандлагыг хэлэлцдэг нэгдсэн талбар болон өргөжсөн. Энэ жилийн арга хэмжээ “Тогтвортой хөгжлийн төлөө Ногоон ирээдүй ба олон улсын түншлэл” гэсэн үндсэн чиглэлийн хүрээнд есдүгээр сарын 16–18-нд Налайх дүүргийн “Тайж” хайрхны бэлд зохион байгуулагдана.

Дэлхийн эрчим хүчний шилжилт, геополитикийн өөрчлөлттэй холбоотойгоор эрдэс түүхий эдийн эрэлт, хөрөнгө оруулалтын чиглэл өөрчлөгдөж байна. Ийм үед Монгол Улсад ямар боломж байна, тэр боломжийг ашиглахын тулд бодлого, хөрөнгө оруулалтын орчноо хэрхэн сайжруулах вэ гэдэг нь энэ жилийн чуулганы гол агуулгын нэг. Мөн үндсэн хуралдаануудаас гадна уул уурхай, эрчим хүчний уялдаа, нүүрсний салбарын ирээдүй, геологи, хайгуул, хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүний нөөц, “Ирээдүйн инженер” хөтөлбөр зэрэг сэдвээр 15 салбар хуралдаан, хэлэлцүүлэг, дугуй ширээний уулзалт зохион байгуулна. Тиймээс энэ жилийн “Mining Week & MinePro” нь салбарын өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэхээс гадна цаашдын чиглэл, шаардлагатай өөрчлөлт, шийдлээ хамтдаа тодорхойлоход чиглэж байна.

-Та Монголын уул уурхайн салбарын өнөөгийн өрсөлдөх чадварыг хэрхэн харж байна вэ?

-Бидний хамгийн том давуу тал бол эрдэс баялгийн нөөц. Гэхдээ нөөцтэй байх нь өөрөө өрсөлдөх чадвар өндөр гэсэн үг биш. Тэр нөөцийг хайгуулаар илрүүлж, хөрөнгө оруулалт татаж, төсөл болгон хөгжүүлэхэд таатай бодлого, хууль эрх зүй, бизнесийн орчин бүрдсэн байх ёстой. “Fraser Institute”-ийн 2025 оны судалгаагаар Монгол Улс хөрөнгө оруулалтын сонирхол татах байдлын үзүүлэлтээр 68 оролцогчоос 48 дугаарт, бодлогын орчны үнэлгээгээр 56 дугаарт, эрдэс баялгийн нөөцийн боломжийн үзүүлэлтээр 23 дугаарт эрэмбэлэгдсэн. Үүнээс манай эрдэс баялгийн боломж болон түүнийг эдийн засгийн бодит үр өгөөж болгох бодлого, бизнесийн орчны хооронд зөрүү байгааг харж болно. Ялангуяа татварын орчин, дэд бүтэц, орон нутгийн харилцаа, хууль эрх зүйн орчны тогтвортой, тодорхой байдал өрсөлдөх чадварт шууд нөлөөлж байна. Бид хөрөнгө оруулалтын төлөө зөвхөн дотооддоо бус, бүс нутаг болон олон улсын түвшинд өрсөлдөж байна. Тиймээс Монгол Улсын бодлого, хууль эрх зүй, татварын орчин бусад улстай харьцуулахад хэр өрсөлдөх чадвартай байгааг анхаарч үзэх шаардлагатай юм. Бидэнд боломж байгаа ч тэр боломжоо бүрэн дүүрэн ашиглахын тулд бодлого, зохицуулалтаа илүү тогтвортой, ойлгомжтой болгох хэрэгтэй. Мөн хөрөнгө оруулалт татах өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд бодлогын хэрэгжилт, засаглалыг сайжруулах  болон байгаль орчны бодит үзүүлэлтийг сайжруулах шаардлагатай байна.

-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэлээс хөрөнгө оруулагчид, салбарынхан юу  хүлээж байна вэ?

-Манай улсыг сонирхож буй хөрөнгө оруулагчид хууль, эрх зүйн орчин цаашид ямар чиглэлд өөрчлөгдөхийг анхааралтай ажиглаж байна. Төв Азийн бусад оронтой харьцуулахад Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчин, ялангуяа татварын өрсөлдөх чадварыг сайжруулах бодит хэрэгцээ бий.

Салбарынхны хувьд хуулийн шинэчлэлээс хүлээлт өндөр байгаа. Уул уурхайн төсөл урт хугацаанд хэрэгждэг, их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг учраас хууль, эрх зүйн орчин тогтвортой, ойлгомжтой, урьдчилан тооцоолох боломжтой байх ёстой.

Ассоциацийн зүгээс хуулийн төсөлд хайгуулын үйл ажиллагааг нээлттэй болгох, АМНАТ-ийг бодитой тогтоох, АМНАТ-ийн орлогын тодорхой хэсгийг орон нутагт илүү хүртээмжтэй хуваарилах зэрэг саналыг удаа дараа хүргүүлж ирсэн. Ялангуяа хайгуулын асуудал маш чухал. Манай улсын хайгуулын үйл ажиллагаа нэлээд хугацаанд зогсонги байдалтай явсан. Нэг ордыг нээн илрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах хүртэл 10-20 жилийн хугацаа шаардагдаж болно. Өнөөдөр хайгуул хийхгүй бол арван жилийн дараа хөгжүүлэх шинэ төсөл хомсодно гэсэн үг. Тиймээс хуулийн шинэчлэл зөвхөн одоо ажиллаж байгаа уурхайнуудын үйл ажиллагааг зохицуулахаас гадна шинэ хайгуул, шинэ орд, шинэ төсөл бий болох эрх зүйн суурийг бүрдүүлнэ гэж үзэж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 169 (7911)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn