А.ЭНХ-УЧРАЛ
Өглөө ажилдаа явах хүмүүсийн замд тод өнгийн зураг, бичигтэй хана харагддаг. Зарим хүн зүгээр өнгөрдөг бол зарим нь зогсож зураг авах нь бий. Гэхдээ тэр зургийн цаана уран бүтээлчийн олон цагийн хөдөлмөр, туршилт, өөрийн гэсэн санаа байдаг. Street art буюу гудамжны урлаг Улаанбаатарын орчинд сүүлийн жилүүдэд илүү танил болж байна. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өөр зочин” буландаа "street art"-аар хичээллэдэг уран бүтээлчтэй И.Түдэвдоржийг урьж, ярилцлаа.
-Та "street art"-ыг хэрхэн тодорхойлох вэ?
-Street art бол хоттой ярилцах нэг хэл. Хүмүүс хотыг ихэвчлэн зам, барилга, гэрлэн дохио, дэлгүүр гэсэн зүйлсээр нь хардаг. Харин street art тухайн орон зайд өөр нэг өнгө, өөр нэг түүх нэмдэг. Зарим бүтээл инээлгэж болно. Зарим нь бодолд автуулна. Зарим нь бүр маргаан үүсгэж ч болно. Гэхдээ хамгийн чухал нь хүн зогсоод харах шалтгаан өгч байвал тэр бүтээл ямар нэгэн зүйл хийж чадсан гэсэн үг.
-Тэгвэл таны хувьд “гоё зураг” болон сайн "street art” хоёрын ялгаа юу вэ?
- Маш их ялгаатай. Гоё зураг байж болно. Өнгө нь сайхан, техник нь сайн, харахад үнэхээр үзэсгэлэнтэй байж болно. Гэхдээ ямар ч санаа, мэдрэмж төрүүлэхгүй бол би хувьдаа сайн street art гэж хэлэхгүй. Сайн street art хүнийг нэг секунд ч гэсэн зогсооно. “Яагаад ингэж зурсан юм бол?”, “Энэ юу хэлэх гээд байна вэ?” гэж бодогдуулна. Заримдаа тэр хариултыг уран бүтээлч өөрөө ч шууд хэлэх шаардлагагүй.
-Таны бүтээлүүдийн санаа хаанаас төрдөг вэ?
-Надад нэг л эх үүсвэр байдаггүй. Хотын амьдрал, хүмүүсийн харилцаа, залуусын амьдрал, нийгэмд болж байгаа зүйлс, хөгжим, кино, ном, бүр гудамжаар явж байхдаа харсан жижиг зүйл хүртэл ураан бүтээлийн санаа болж буух нь бий.
Заримдаа нэг дүрс хараад л “Үүнийг ингэж өөрчилбөл ямар бол” гэж бодогдоно. Хэдэн сарын турш толгойд явж байгаад л эцэст нь ханан дээр буудаг бүтээл ч байдаг.
- Зургаа зурахаас өмнө хийхээсээ өмнө хамгийн түрүүнд юун дээр анхаардаг вэ?
- “Энэ зураг хаана байх вэ?” гэж. "Street art"-ийн нэг чухал зүйл нь тухайн орчноо мэдрэх. Зүгээр нэг гоё зураг зурчхаад ханан дээр тавих биш, тэр зураг тухайн орчинтойгоо хэрхэн зохицох вэ гэдгийг бодно. Ханын хэмжээ, хэлбэр, эргэн тойрны барилга, хүмүүсийн хөдөлгөөн, гэрэл сүүдэр гээд олон зүйл нөлөөлдөг.
- Тэгэхээр хананы өөрийнх нь хэлбэр хүртэл бүтээлийн нэг хэсэг болдог гэсэн үг үү?
-Тийм ээ .Заримдаа бүр хананы эвдрэл, цонх, хаалга, шугам, багана зэргийг зургийнхаа нэг хэсэг болгох боломжтой. Энэ нь street art-ийн хамгийн сонирхолтой талуудын нэг. Зотон дээр зураг зурахдаа зотон өөрөө тогтсон хэмжээтэй байдаг. Харин гудамжинд орчин өөрөө танд нөхцөл тавьж өгдөг.
-Улаанбаатарын гудамжийг уран бүтээлчийн нүдээр харахад юу хамгийн их анзаарагддаг вэ?
-Манай хотод зураг, өнгө нэмэх шаардлагатай олон орон зай бий. Зарим барилгын хана маш том мөртлөө хоосон байдаг. Зарим хэсэг нь саарал, нэгэн хэвийн харагддаг. Гэхдээ нөгөө талаас Улаанбаатар өөрийн гэсэн дүр төрхтэй хот. Тиймээс гаднын street art-ийг шууд хуулж хийхээс илүү Монголын хотын орчин, бидний амьдрал, соёлтой холбож хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог.
-Монголын "street art"-д хамгийн их дутагдаж байгаа зүйл гэвэл?
-Уран бүтээлчдэд бүтээл хийх зориулалтын ханын талбай олон байвал сайн. Мөн street art болон зөвшөөрөлгүйгээр хана дээр юм бичих хоёр өөр зүйл гэдгийг хүмүүс илүү сайн ялгаж ойлгоосой гэж хүсдэг. Нөгөө талдаа уран бүтээлчид өөрсдөө ч хариуцлагатай байх хэрэгтэй. Хотын орчин бол хэний ч хувийн зотон биш. Тиймээс тухайн газрын эзэн, оршин суугчид, олон нийттэй ойлголцох нь чухал.
-"Street art" таны уран бүтээлчийн ертөнцөд ямар өөрчлөлт авчирсан гэж боддог вэ?
-Харах өнцгийг өөрчилсөн. Өмнө нь зүгээр л нэг ханын хажуугаар өнгөрдөг байсан бол одоо “Энэ хананд юу хийж болох вэ?”, “Энэ барилгын хэлбэрийг яаж ашиглаж болох вэ?” гэж боддог болсон.
-Хэрэв танд Улаанбаатарын хүссэн газартаа нэг том бүтээл хийх боломж олдвол хаана байх бол?
-Хүмүүсийн өдөр бүр хардаг боловч анзаардаггүй газар сонгоно. Тухайн газрыг зүгээр нэг зурагтай болгох биш, тэр орчныг өөрөөр харахад хүргэх бүтээл хийхийг хүснэ. Мөн Монголын онцлогийг орчин үеийн хэлбэрээр харуулахыг хүсдэг. Үндэсний уламжлалт дүрслэлийг шууд хуулбарлахгүйгээр орчин үеийн залуусын амьдралтай холбож шинэ хэлбэрээр илэрхийлэх сонирхолтой.
-Таны бүтээлийг хараад хүмүүс яг ямар мэдрэмжтэй үлдээсэй гэж хүсдэг вэ?
-Заавал нэг тодорхой мэдрэмж гэж хэлэхэд хэцүү. Инээмсэглэсэн ч болно. Бодолд орсон ч болно. Бүр дургүйцсэн ч болно.Хэрэв хүн миний бүтээлийн өмнө түр зогсоод, хэдэн секунд ч гэсэн өөрийнхөө амьдрал, хот, хүмүүсийн талаар бодсон бол тэр бүтээл миний хувьд зорилгодоо хүрсэн гэсэн үг.
-Таны хувьд хамгийн хэцүү зүйл нь зураг зурах уу, эсвэл өөрийн санааг хүмүүст ойлгуулах уу?
-Санаагаа хадгалж үлдэх нь илүү хэцүү. Зурах техник бол хөдөлмөрлөж байгаад сайжруулж болно. Харин юу хэлэх вэ гэдэг нь илүү чухал. Өдөр бүр шинэ зураг харж, шинэ зүйл үзэж байгаа болохоор өөрийн гэсэн дуу хоолойгоо алдахгүй байх хэрэгтэй. Бусдыг дагаж болох ч эцэст нь өөрийнхөөрөө ярьж чаддаг байх нь чухал.
-"Street art"-аар хичээллэж эхлэх гэж байгаа залууст хамгийн түрүүнд юу хэлэх вэ?
-Эхлээд маш их үз,судал. Бусдын бүтээлийг хараад яагаад гоё санагдаж байгааг, яагаад зарим бүтээл сэтгэгдэл төрүүлж байгааг өөрөөсөө асуу. Тэгээд байнга зур. Алдаа гаргахаас айх хэрэггүй. Анхны бүтээлүүд төгс байх албагүй. Өөрийнхөө хэв маягийг олох хүртэл маш олон удаа туршиж үзэх хэрэгтэй.
-Та ирээдүйн зорилгоо хэрхэн тодорхойлсон бэ?
-Өөрийн гэсэн танигдахуйц хэв маягтай уран бүтээлч болох. Мөн Монголын "street art"-ийг илүү олон хүнд таниулахыг хүсдэг. Монголд маш олон авьяастай залуус байгаа. Тэдэнд бүтээлээ хийх орон зай, боломж, дэмжлэг байвал илүү олон сонирхолтой бүтээл төрнө.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 155 (7897)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn