Л.Пүрэвжаргал

Дэлхийн ширээний теннисний чансаа тогтоох өсвөр үеийн болон залуучууд, насанд хүрэгчдийн олон улсын өндөр түвшний спортын арга хэмжээ Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж байгаа талаар Монгол Улсын ширээний теннисний холбооноос мэдээлэл хийлээ.

Энэ талаар Монголын ширээний теннисний холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Мандах “Сүүлийн жилүүдэд ширээний теннисний спорт Монгол Улсад амжилттай хөгжиж байна. Улаанбаатар хотод ширээний теннисний 60 гаруй клуб, аймаг орон нутагт салбар холбоо  клубууд ажиллаж байна. Монгол Улс ширээний теннисний спортоор Токиогийн олимп болон Лондонгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Өнгөрсөн жил Азийн ахмад мастеруудын тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулсан. Энэ жилийн тэмцээнд 26 улсын 400 гаруй дасгалжуулагч, тамирчид ирж оролцох юм. Япон болон Хятад улсын ширээний теннисний холбооны гишүүдтэй уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж зөвшилцсөн. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Солонгос мастер багш ажиллуулж байгаа юм. Өнөөдөр олон улсын тэмцээнтэй холбогдуулан Солонгос улсын спортын сайд, Солонгос улсын анхны ширээний теннисээр олимпын аварга болсон Рю Сын Мин ирж байгаа юм. Манай улсаас гурван насны ангилалд 50 гаруй тамирчин оролцож, насанд хүрэгчдийн тэмцээнд гурван баг оролцоно.Тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдана. Олон аж ахуйн нэгж байгууллагууд дэмжиж, хамтран ажиллаж байна. Мөн 21 аймагт ширээний теннисний салбар  холбоо ажиллаж байгаа юм.Ширээний теннис найман наснаас 80 нас хүртэл тэрнээс дээш насны хүн хүртэл тоглох боломжтой байдаг. Дэлхийн олон улсын тэмцээнд 101 настай эмэгтэй оролцож байсан.  Хөлбөмбөг, сагсанбөмбөг зэрэг багийн спортоос ялгаатай нь зөвхөн өөрөө тактикаа боловсруулдаг ганцаарчилсан спорт гэдгээрээ давуу талтай”  гэлээ.

WTT Youth Contender Ulaanbaatar 2026 болон WTT Feeder Ulaanbaatar 2026 тэмцээнүүд нь Монгол Улсад ширээний теннисний спортыг хөгжүүлж, залуу тамирчдад урам зориг өгөхөөс гадна олон улсын спортын салбарт хийх томоохон хөрөнгө оруулалт юм. Эдгээр тэмцээнүүдийг зохион байгуулах нь зөвхөн спортын арга хэмжээ төдийгүй залуучуудын спортын хөгжил, олон улсын хамтын ажиллагаа, спортын аялал жуулчлал, үндэсний брэндийн сурталчилгаанд чухал хэв нэмэр оруулах төсөл гэдгийг ширээний теннисний холбооноос мэдээллээ.

Энэ үеэр Монгол Улсын ширээний теннисний холбооны дэд ерөнхийлөгч, олон улсын хэмжээний мастер С.Галбадрах “Энэ тэмцээн нь Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд  долоодугаар сарын 14-17-ний хооронд өсвөр үеийн тэмцээн гурван насны ангиллаар явагдана. Долоодугаар сарын 19-23-ний хооронд залуучууд буюу насанд хүрэгчдийн тэмцээн зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнийг Монгол Улс зохион байгуулснаараа цаашид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орох эрхээ авч, Олимпын төрөлд ороход оноо цуглуулж, эрхээ авах боломж бүрдэх юм. Залуучууд болон насанд хүрэгчдийн тэмцээнд Улаанбаатар хотын шигшээ багийн тамирчид оролцоно. Гадаад улсаас  10 орчим шүүгч нар ирж шүүх юм. Ширээний теннисний спортоор хичээллэхэд биеийн хөгжил жигд хөгжиж, эвсэл хөдөлгөөнтэй болдог. Мөн хурд хүч, авхаалж самбаа, нүдний хурц хараа шаарддаг” гэв.

Түүнчлэн тус тэмцээний үеэр олон орны тамирчин, дасгалжуулагч, шүүгч, албаны төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд Монгол Улсад хүрэлцэн ирж, манай улсын соёл, зочломтгой зан, зохион байгуулалтын чадавхыг олон улсад харуулах  боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо. Монголын үзэгчид дэлхийн чансааны топ 50, топ 100 түвшний тамирчдын тоглолтыг эх орондоо үзэх боломжтой болохын зэрэгцээ монголын тамирчид олон улсын туршлагатай өрсөлдөгчидтэй нэг талбайд тоглох, суралцах, туршлага хуримтлуулах боломжтой ажээ.