-Шинжээч В.Егоров: Шотланд, Уэльс улсууд салан тусгаарлах нь Их Британийн нэр хүндэд цохилт болох болно-
Шотланд, Уэльс, Хойд Ирланд улс Их Британийн бүрэлдэхүүнээс гарах магадлалтай байгаа нь тус улсын нэр хүнд болон олон улсын тавцан дахь байр сууринд ноцтой цохилт болох юм. Энэ талаар Их Британийн улс төрийн асуудал хариуцсан шинжээч, "Westminster" телеграм сувгийг хөтлөгч Василий Егоров "Lenta.ru" сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.
“Нэр хүнд, имижийн хувьд энэ нь гарцаагүй том цохилт болох болно” гэж Их Британийн улс төрийн асуудлаар мэргэшсэн шинжээч, "Westminster" телеграм сувгийн зохиогч Василий Егоров хэлсэн байна.
Есдзгээр сарын 14-ний өдөр Шотланд, Умард Ирланд, Уэльсийн тэргүүн сайд нар болох Жон Суинни, Мишель О’Нил, Рхун ап Иорверт нар үндэстнүүдийн өөрийн хувь заяаг өөрөө шийдэх эрхийг баталгаажуулсан харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү үйл явдал Уэльсийн Кардифф хотод болсон Их Британийн бүрэлдэхүүнд багтах Кельт үндэстнүүдийн дээд хэмжээний уулзалтын үеэр болсон юм. Тухайлбал, бүс нутгийн удирдагчид "харьяа нутаг дэвсгэр тус бүрд Үндсэн хуулийн өөрчлөлт хийх бэлтгэл хангах, төлөвлөх, уг өөрчлөлтийг баталгаажуулах"-ыг уриалсан байна.
Эдгээр арга хэмжээний зорилго нь Их Британиас гарах асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулах боломжийг бүрдүүлэхэд оршино. Мөн тус гурван бүс нутгийн удирдагчид "Лондоны эрин үе төгсгөл болсныг" зарлалаа.
"Sunday Telegraph" сонин эх сурвалжуудаас иш татан мэдээлснээр, гурван бүс нутгийн удирдагчид Их Британиас гарах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах эрхийг шаардаж байна.
Шотландын Үндэсний Намын удирдагч Жон Суинни хэлэхдээ "Түүхэнд анх удаа Шотланд, Уэльс, Хойд Ирланд улсууд тусгаар тогтнолыг дэмжигч Тэргүүн сайд нарын удирдлага дор ажиллаж байна. Одоогийн нөхцөл байдал цаашид оршин тогтнох боломжгүй бөгөөд Лондон дахь засгийн газар Их Британи задарсны дараах ирээдүйд бэлтгэх ёстой гэдгийг үүнээс илүү тодорхой нотлох баримт үгүй" гэжээ.
Тэд тусгаар тогтнох боломжоос гадна ирээдүйн гадаад бодлогын асуудлыг ч хөндсөн байна. Шотланд, Уэльс улсууд Европын Холбооны бүрэн эрхт гишүүн болох, харин Умард Ирланд нь тус холбооны гишүүн болоод буй Ирландын Бүгд Найрамдах Улстай нэгдэх хувилбарыг тооцоолж байна.
Шотланд, Уэльс улсууд тусгаар тогтнож чадах болов уу?
Егоровын тэмдэглэснээр, Британийн бүс нутаг ойрын хугацаанд Нэгдсэн Вант Улсаас салан тусгаарлах боломжгүй юм. "Вант улс задрах эсвэл "Беловежийн хэлэлцээр"-тэй төстэй шинэ гэрээ байгуулах тухай ярихад арай эрт байна. Юутай ч тусгаар тогтнолын асуудлыг шийдэх гол түлхүүр нь Лондонгийн гарт хэвээр үлдэж байна" гэж шинжээч хэлэв.
Тухайлбал, улс төрийн шинжээч 2014 онд болж, амжилтгүй болсон Шотландын тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулгыг дурдлаа. Шотландын тусгаар тогтнолыг дэмжигчид хожим нь 2019 онд дахин санал асуулга явуулахаар оролдсон ч энэ оролдлого мөн л амжилт олоогүй юм. Иймд шинжээч Нэгдсэн Вант Улсын бүс нутгууд одоогоор тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөнийг эхлүүлэхэд бэлэн биш байна гэж үзэж буйгаа илэрхийлэв.
“Тэгэхээр, энэ бол ойрын ирээдүйд шийдэгдэх асуудал биш. Лондонтой харилцах хурцадмал байдлыг эрс нэмэгдүүлэхүйц эрс шийдэмгий алхам хийхэд аль ч бүс нутаг одоогоор бэлэн биш байна” Василий Егоров үзэж байна. Тухайлбал, Ирландын үндсэрхэг үзэлтнүүд болон Британийн засаглалыг дэмжигчдийн хооронд гучин жил үргэлжилсэн ширүүн мөргөлдөөнд цэг тавьсан 1998 оны Белфастын хэлэлцээрийн дагуу, Умард Ирландыг тусгаарлах асуудлаарх бүх нийтийн санал асуулгыг зөвхөн Британийн Засгийн газрын шийдвэрээр л явуулах боломжтой байдаг.
Егоров энэ нь Лондон хотод өөрийн харьяаны тогтворгүй байдалтай бүс нутгуудад шахалт үзүүлэх боломжийг олгодог болохыг онцолсон байна.
АНУ болон Израиль энэ асуудалд хэрхэн холбогдсон бэ?
Есдүгээр сарын 12-нд Ирландад айлчлах үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улс арлынхаа хойд хэсэгтэй дахин нэгдэхийг харахыг хүсэж буйгаа илэрхийлжээ. "Би асуудал үүсгэхийг хүсэхгүй байна, гэхдээ үүнийг нэгдсэн байхыг харахыг үнэхээр хүсэж байна гэдгээ хэлье. Энэ нь эцэстээ болох л зүйл... Энэ бол гайхалтай хэрэг болно гэж би бодож байна" хэмээн Америкийн удирдагч сэтгүүлчдэд ярьсан байна.
Тэрээр мөн Их Британид энэ талаар "хэлэх үг" байж болохыг дурдсан ч "Энэ бол маш сайн хэрэг болно гэж бодож байна" хэмээн дахин онцолжээ.
Эдгээр мэдэгдэл нь Умард Ирландыг (Их Британийн бүрэлдэхүүнээс) гаргах асуудлаарх бүх нийтийн санал асуулга явуулах асуудал "хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй" гэсэн Их Британийн шинэ Ерөнхий сайд Энди Бернхэмийн саяхан хийсэн мэдэгдлийн хүрээнд гарч ирэв.
Үүний зэрэгцээ Израиль улс Их Британид шахалт үзүүлж эхэллээ. Есдүгээр сарын 8-нд тус улсын Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир эрх баригчдыг Фолклендын арлууд дээрх Аргентины бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөхийг уриалсан байна.
Егоровын тэмдэглэснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Их Британид хэд хэдэн шалтгаанаар сэтгэл дундуур байгаа аж. Тухайлбал, Ерөнхий сайд Кир Стармерын Засгийн газар Ирантай мөргөлдөөн үүсгэхийг дэмжээгүйгээс гадна Диего Гарсиа дахь өөрийн баазыг ашиглахыг америкчуудад зөвшөөрөхөөс татгалзсан байна. Энэхүү бааз нь Энэтхэгийн далай дахь Их Британийн хяналтад байдаг Чагост байрладаг юм.
“Трампын Ирландын талаарх мэдэгдэл нэлээд цочирдмоор зүйл боллоо. Тэрээр Ираны асуудлаас болж Их Британид сэтгэл дундуур байгаа нь илт бөгөөд талуудын хооронд нийтлэг байр суурь тун ховор байна. Энэ нь мөн Баруун эрэг дэх суурингуудын асуудлаарх Лондонгийн байр сууринд туйлын сэтгэл дундуур байдаг Израилийн лобби бүлгийн нөлөө илэрч буйн шинж юм” Василий Егоров тэмдэглэжээ.
Их Британи задрах магадлалтай нөхцөл байдал нь Украинд үзүүлэх тусламжид хэрхэн нөлөөлөх вэ?
Егоровын үзэж буйгаар, Нэгдсэн Вант Улс задрах таамаглал биеллээ олсон ч Лондонгоос Украинд үзүүлэх тусламжид дорвитой нөлөөлөхгүй аж. Үүний шалтгаан нь салан тусгаарлах үзэлтэй бүс нутгуудын чадавхи хязгаарлагдмал байдагт оршино. Тэрээр хэлэхдээ “Эдгээр бүс нутгийн эдийн засаг сул бөгөөд төв засгийн газрын дэмжлэгтэйгээр оршин тогтнодог” гэсэн байна. Гэсэн хэдий ч гадаад бодлоготой холбоотой өөр асуудлууд үүсэж болзошгүйг тус эх сурвалж тэмдэглэжээ.
"Энэтхэгийн далайд орших алслагдсан Чагос арлуудыг шилжүүлэн өгөх асуудал хүртэл хуучин шархыг сэдрээж байна. Гэтэл энэ удаад бид Их Британийн өөрийнх нь нутаг дэвсгэрийн асуудлыг хөндөж байна. Тэдгээрийн хооронд хатуу хил тогтох магадлал бага бөгөөд Британийн фунт стерлинг мөнгөн тэмдэгт хэвээр үлдэх болно. Гэсэн хэдий ч энэ нь таагүй үйл явц бөгөөд Шотланд, Уэльс улсууд Европын Холбоонд нэн даруй элсэх гэсэн оролдлого нь нөхцөл байдлыг улам бүр төвөгтэй болгох болно" гэж шинжээч дүгнэн хэлэв.
Шотланд, Уэльс, Хойд Ирланд зэрэг бүс нутгууд Их Британиас салан тусгаарлахыг оролдсон явдал Оросын зүгээс ч мөн хариу үйлдэл авахад хүргэв. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний гадаад улс орнуудтай хөрөнгө оруулалт, эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах асуудал хариуцсан тусгай төлөөлөгч бөгөөд Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев "X" олон нийтийн сүлжээнд Их Британийг "эв нэгдэлгүй вант улс" хэмээн нэрлэжээ.
Орчуулж бэлтгэсэн З.ЦЭЦЭГ
Эх сурвалж: zms.mn