Д.АРИУН
Одоогоос яг 50 жилийн өмнө, 1976 оны есдүгээр сарын 18-нд Хятад улсын Коммунист намыг 30 шахам жил тэргүүлж байсан удирдагч Мао Зэдунтай салах ёс гүйцэтгэжээ. Улс орноо удирдаж байсан намын толгойд бараг гурван арван жилийг үдсэн удирдагч Мао Зэдун 1976 оны есдүгээр сарын 9-нд 82 насандаа зүрхний өвчнөөр нас баржээ. Харин түүнийг оршуулах ёслол есдүгээр сарын 18-нд нь Тяньаньмэний талбайд болсон байна. Оршуулах ёслолын үеэр хятад орон даяар гурван минут чимээгүй хүндэтгэл үзүүлсэн гэдэг. Мао түнийг нас барсны дараа чандарлахыг хүсэж байсан гэдэг. Гэхдээ хүссэнээр нь болоогүй гэж түүний талаар бичсэн олон намтарт тэмдэглэсэн байдаг. Удирдагчийн биеийг занданшуулж, дараа жил нь Тяньаньмэний талбай дэх дурсгалын танхимд байрлуулсан нь өнөөг хүртэл олон нийтэд нээлттэй байдаг.

Мао Зэдуныг нас барснаас хойш нэг сарын дараа Коммунист нам дотор эрх мэдлийн төлөөх тэмцэл эрчимжжээ. Хэдийгээр Хуа Гофэн нь Мао Зэдуныг амьд сэрүүн байхад түүнийг залган гарч ирэх гол дүр болж байсан. Гэхдээ тэр үеийн америкийн Нью Йорк Таймс сонины бичиж байсанчлан “...Түүний харьяат албан хаагчдын дунд 800 сая хятад хүн түүнийг хүндэтгэдэг шиг бишрэл хүндэтгэлийг төрүүлсэн хүн байгаагүй” аж. Нам доторх эрх мэдлийн төлөөл тэмцэл дунд Хуа Гофэн тэргүүтэй бүлэг нь "дөрөв”-ийн бүлэглэлийн удирдагчдыг баривчилснаар соёлын хувьсгал бодитоор дуусгавар болжээ. Гэсэн ч Хуа-гийн байр суурь бэхжиж чадаагүй ба удалгүй Дэн Сяопин намын удирдлагад эргэн орж, эдийн засгийн шинэчлэл, нээлттэй бодлогын эрин эхэлсэн түүхтэй.
Мао Зэдун бол орчин үеийн Хятадын түүхэнд гүнзгий ул мөр үлдээсэн хүмүүсийн нэг. Орчин үеийн Хятадад Маогийн өвийг хоёр талтайгаар тайлбарладаг. Нэг талаасаа соёлын хувьсгалын үеийн алдааг хүлээн зөвшөөрдөг. Гэвч нөгөө талаасаа хувьсгал, коммунист нам байгуулахад оруулсан хувь нэмрийг тэргүүлэх ач холбогдолтой гэж тооцдог. Үүнийг "70 хувь амжилт, 30 хувь алдаа" гэсэн Дэн Сяопины алдарт томьёогоор товчлон илэрхийлдэг байна.
Эх сурвалж: zms.mn