“Зууны мэдээ” сонин 1999 онд “ХХ зууны манлай” нарыг олон нийтийн санал асуулгаар тодруулж байсан билээ. “Зууны төрийн зүтгэлтэн”-ээр Монгол төрийг 40 жил удирдсан Юмжаагийн Цэдэнбал тодорч байсан билээ. Өнөөдөр Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой тохиож байна. “Зууны мэдээ” сонины “Чөлөөт хэвлэл-Нийгмийн ой санамж” булан энэ удаа тэртээ 1999 онд “Зууны төрийн зүтгэлтэн” Ю.Цэдэнбалын талаар бичиж байсныг толилуулж байна.

 

Ч.БОЛДБААТАР

Монгол Улсын төр засгийн тэргүүнээр 32 жил ажилласан Ю.Цэдэнбал агсаны амьдрал, үйл ажиллагааг нэг нүүрт бүрэн дүүрэн бичих боломжгүй юм. ХХ зууны Монголын түүхэнд асар их үүрэг рольтой байсан энэ хүний тухай хүн бүхэн өөр өөрийн дүгнэлттэй байдаг нь хэнд ч нууц биш. Түүний амьдрал магтаал, шагнал, хорслол зүхлээр дүүрэн байсан ч түүний хийсэн бүтээсэн бүхэн түүхэнд үлдэх нь тодорхой билээ.

 

Монголын төрийн хамгийн залуу сайд

Улаабаатар хотын Санхүүгийн техникумд хичээл ангийн эрхлэгчээр ажиллаж байсан Ю.Цэдэнбалыг 1939 оны хавар Сангийн яамны орлогч сайдаар тохоон томилсон нь гэнэтийн зүйл байлаа. Нас залуугаараа төрийн сайдын өндөр сэнтийд суусан энэ залуу улс төрийн амьдралын урт удаан, түүхт замыг туулж, хожим хойно хатуу үг дуулах хувь учиртай нэгэн байжээ.

Дөрвөн сарын дараа А.Амар сайдтай Ерөнхий сайдад өрсөлдөж нэг саналаар ялагдаж явсан Сангийн сайд С.Довчин хилс хэрэгт холбогдоход Ю.Цэдэнбал жинхэнэ сайд болжээ. Орос, Монголын хувь нийлүүлсэн банкны үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Ю.Цэдэнбалыг нас залуу гэж гололгүй Монголын Худалдаа аж үйлдвэрийн банкны хороон даргаар хавсруулан ажиллуулахаар энэ үед шийдсэн ажээ. Сангийн яамны шинэ сайдын анхны шалгалт Халхын гол байлаа. Халхын голын байлдааны үед Ю.Цэдэнбал Монгол, Зөвлөлтийн цэргийг хоол хүнсээр хангах Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллажээ. Энэ л үедээ тэрбээр Маршалын анхаарлыг гойд татсан гэдэг.

1940 онд хуралдсан МАХН-ын Х их хурал түүнд алдрын өндөрт хүрэх эхлэлийг тавьсан юм. Нам төрийн дадлага туршлагатай хүмүүсийг бараг цөмийг хэлмэгдүүлсэн тул намын удирдлагад шинэ залуу хүмүүсийг олноор дэвшүүлсний нэг нь Ю.Цэдэнбал байлаа. Энэ хурлаас МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэмээх албан тушаалыг бий болгож, улмаар түүнийг сонгожээ. Тун удалгүй БНМАУ-ын VIII их хурал хуралдахад шинэ Үндсэн хуулийн төслийг нягтлан үзэж найруулан засварлах комиссын гишүүний хувьд уг хуулийн төслийг нягтлан үзэж найруулан засварлах комиссын гишүүний хувьд уг хуулийн төслийг гишүүдэд танилцуулсан байна. Энэхүү шинэ Үндсэн хуульд ард түмний хөдөлмөрлөх, амрах, үнэ төлбөргүй сурах, тэгш эрхийг тунхалгалсан бөгөөд анх удаа МАХН-ын удирдан чиглүүлэх үүргийг хуульчлан тогтоосон билээ. Энэ нь нэг намын ноёрхлыг бэхжүүлэх үндэс болж өгсөн юм. Их хурлаас сонгогдсон улсын 23 дугаар бага хурлын тэргүүлэгчээр Ю.Цэдэнбал сонгогджээ.

Дайны жилүүдэд батлан хамгаалах хүчийг бэхжүүлэх шуурдлага нэн тэргүүнд дэвшигдэн гарсантай холбогдуулан түүнийг Монгол Ардын Хувьсгалт цэргийн жанжны орлогч, Бүх цэргийн улс төрийн газрын даргаар тавьсан байна. Улс төрийн удирдлагыг бүх талаар төвлөрүүлэх явдал дайны нөхцөл байдалтай уялдан улам хүчтэй тавигдаж улс төрийн тогтолцооны бүх хэсэгт намын үүрэг роль эрс нэмэгдсэн байна. Энэ үед намаас явуулах бодлого, зорилтыг Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал хичээнгүйлэн гүйцэтгэж байсан нь нууц биш ээ. Тэр 1945 оны чөлөөлөх дайнд Монголын ардын армийг командлан оролцохдоо МАХН-ыг удирдах ажлаа хавсран гүйцэтгэсэн хэвээр байлаа. Дэлхийн II дайны хүнд жилүүдэд МАХН-ын Улаанбаатар хотын ажлыг сайжруулах үүрэг хүлээж, Улаанбаатар хотын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар хоёр жил шахам ажилласныг хүмүүс төдийлэн мэддэггүй. Тиймдээ нийслэлийн амьдрал бэрхшээл, тулгамдсан асуудлыг мэддэг болсон нь хожмоо түүний санаачлага зүтгэлээр нийслэл хотоо барилгажуулах зорилтыг хэрэгжүүлж соёлын цогцолборуудыг сүндэрлэн босгох ажил явагдсан гэж хэлж болно. 1945 оны гуравдугаар сараас БНМАУ-ын Эдийн засгийн хорооны орлогч дарга бөгөөд Ардын сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, Төлөвлөгөөний комиссын даргаар долоон жил ажиллахдаа Монгол Улсын эдийн засгийг төлөвлөгөөтэй хөгжүүлэх ажлыг төлөвлөн зохион байгуулах үүргийг гүйцэтгэсэн билээ.

Бараг найман жил завсарласны дараа 1947 оны эцсээр МАХН-ын ХI их хурал хуралдав. Тус хурал дээр Ю.Цэдэнбал улс ардын аж ахуйг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөний тухай илтгэл тавьж хэлэлцүүлэн батлуулжээ. Энэ их хурал нам, төрийн удирдлагыг нэгтгэн төвлөрүүлсэн тогтолцооны тусгал болсон юм. Таван жилийн төлөвлөгөө нь олон хэвшилт (Үндсэн хуульд улс, хоршоолол, ард иргэдийн хувийн гэсэн өмчийн гурван хэлбэрт харилцан шүтэлцээг хөгжүүлэхийг заагаад, хувийн өмчийг хуулиар хамгаалахаар тунхагласан байлаа.) эдийн засгийн хэтийн төлөвлөгөөний үндсэн дээр удирдан зохицуулах гэсэн анхны оролдлого байсан юм. Энэ төлөвлөгөөний үүрэг зорилттой уялдан захиргааны байгууллагын ажлын хэмжээ үүрэг ихээхэн нэмэгдсэнийг харгалзан Ерөнхий сайдын орлогчдын орон тоог нэмэгдүүлэхэд Ю.Цэдэнбалын намын ажлын ачааллыг харгалзан Улсын төлөвлөгөөний комиссын даргаас чөлөөлж Ерөнхий сайдын орлогч сайдаар үлдээжээ.

 

Ерөнхий сайдаар 22 жил

1952 онд Ерөнхий сайд Х.Чойбалсан нас барсны дараа тавдугаар сарын 27-нд Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Ю.Цэдэнбалыг Ерөнхий сайдаар тохоон томиллоо. Ю.Цэдэнбал Ерөнхий сайдын албыг 22 жил хашихдаа эх орондоо социализм байгуулахыг зорьж, түүнийг гүйцэлдүүлэхийн төлөө хичээн ажиллахдаа алдаж онож явсан нэгэн билээ. Ямар ч атугай манай улсын 40 шахам жилийн түүх түүний нэртэй холбоотой.

Ю.Цэдэнбал удирдах өргөн дадлага туршлагатай, мэдлэг чадвартай, ажилч, өндөр шаардлага бүхий нэр хүндтэй төрийн зүтгэлтэн байжээ. Тэрбээр эрх баригч МАХН-ыг улс төрийн товчооны байгууллагын хувьд бэхжжүүлэх, үүрэг ролийг дээшлүүлэхэд ихээхэн зүйл хийсэн юм. Тэр социализм, пролетарийн интернационализм, ЗХУ-д туйлын үнэнч байж, улс орныхоо сайн сайхан ирээдүйг социализм, ЗХУ-тай холбон үздэг хатуу итгэл үнэмшилтэй нэгэн байлаа.

Улс орныхоо хөгжил байдлыг бодитойгоор үнэлж дүгнэх, хөгжлийг түргэтгэх, нам засгийн алдаатай бодлого шийдвэрийг засч залруулах, шүүмжилж байсан шинэ сэхээтнүүдийн үзэл бодлыг нугачин дарж, “сэхээтний төөрөгдөл” хэмээх нэр хоё зүүж явсан түүхэн хэрэг явдал түүнтэй холбоотой юм.

Ю.Цэдэнбал улс төрийн талаар их хардамтгай, өөрийнхөө нэр хүндийг ихэд эрхэмлэдэг нь түүний улс төрийн “тулаан”-уудаас тодхон харагддаг. Маршал Чойбалсан нас барсны дараа эхэлсэн нам төрийн дээд удирдлагын доторхи эрх мэдэл, албан тушаалын төлөө ил, далд санаархал он удаан жил үргэлжилсэн юм. 1958 онд Намын төв хорооны Бүгд хурал дээр Д.Дамыг ялж дараа жил нь өөрийн өрсөлдөгч Ц.Сүрэнжав, Б.Дамдин, Д.Ламчин нарыг намын удирдлагаас гаргаж чадсан. Удаа нь 1962 онд Л.Төмөр-Очирыг, 1964 онд Л.Цэндийг, 1964 онд Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарыг “бут цохиж” чадсанаар түүний улс төрийн амьдрал тайван үргэлжлэх бололцоотой болсон юм. Ю.Цэдэнбал, түүний хань хамсаатны ажлын арга барил, мэдлэг чадварын хоцрогдлыг шүүмжилсэн хүмүүс эдний дотор багтаж байса нь үнэн баримт.

Түүний Ерөнхий сайд байх үед болсон хүндэтгэл төрүүлэм үйл явц бол Монгол Улс НҮБ-д элссэн явдал байлаа. Түүний ЗХУ-ын удирдагчтай тогтоосон хувийн найрсаг харилцаа нь эл үйл хэрэгт тус болсо ннь маргаангүй хэрэг юм. Хоёр мянган жилийн түүхтэй Монголоо өөр гүрний харьяалалд оруулна гэж зүтгэж, газар нутгаасаа ерөөс өгөхгүй гэж тэрсэлдсэн Гадаад яамныхаа сайдыг гайд гаргаж явсан түүх ч түүнд бий. 1962 онд Бээжингийн Засгийн газартай хоёр орны хооронд хилийн гэрээ байгуулах ажил түүний үед л хийгдсэн билээ.

 

Төрийн тэргүүнээр ажилласан жилүүд

Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуай тааалал төгссөний дараа төрийн тэргүүнгүй хоёр жил болоход дээр дооргүй гайхацгааж байсан. 1974 онд Ерөнхий сайдын албаа профессор Ж.Батмөнхөд өгч өөрөө АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар сонгогдсон. Ингэж тэр нам, төрийн жолоог нэг гарт баттай атгаж авсан. Энэ л үеэс түүнийг өргөмжлөх, магтах, бялдуучлах давалгаа эрч хүчээ авсан. Түүний эргэн тойронд хуурамч бялдууч, ашиг завшааны бэртэгчин нөхөд хургаж байса ннь нууц биш. Ю.Цэдэнбалыг шадарлагчид түүнийг 60-70 онд хайрт удирдагч, 80-аад оноос Монголын ард түмний алдарт хөвгүүн, БНМАУ-ын нам төрийн гарамгай удирдагч, социализмын төлөө цогтой тэмцэгч, шалгарсан марксист-ленинист хэмээн цоллож байсан. Тэд БНМАУ-ын маршал, улсын ба хөдөлмөрийн баатар, академич цол олгож, Сүхбаатараас эхлээд бүхий л одон медалиар шагнаж байв. Түүнийг тойрон хүрээлэгчид зөвхөн Цэдэнбалыг бус түүний эхнэрт бялдуучлан зусардаж байлаа. Энэ л үеэс хайр хүндэтгэлээ илүү онцгой илэрхийлэх гэсэн дарга нарын уралдаан гараагаа эхэлсэн. Энэ хугацаанд Монгол Улсын олсон амжилт бүтээлийг дан ганц түүнтэй холбон тайлбарлах нь учир дутагдалтай хэдий ч түүний хийсэн бүтээснийг дутуу дулимаг үнэлж цэгнэх аргагүй билээ. Түүний удирдлагын жилүүдэд бурангуй хоцрогдсон Монгол орны хүн ардыг эрүүлжүүлэхийн төлөө ЗХУ-ын тусламжтайгаар анагаах ухааны салбарыг хөгжүүлж, нийгмийн халдварт өвчнийг устгах үе шаттай бодлогыг хэрэгжүүлсэн билээ. Боловсролыг төлөвлөгөөтэй хөгжүүлэн ерөнхий боловсролын 500 гаруй бага, дунд сургууль байгуулж, иргэдийг 100 хувь сургуульд хамруулан, хөдөөд бүрэн бус дунд, хотод бүрэн дунд боловсрол олгох зорилтыг амжилттай шийдвэрлэж хүн амын боловсролын амжилтаар 1970 онд ЮНЕСКО-гийн шагналыг БНМАУ авчээ. Атар газар эзэмшиж улс орныхоо гурилын хэрэгцээг дотооддоо хангах зорилтыг амжилттай шийдэж, газар тариалангийн үйлдвэрлийг өвч механикжуулж, хүчирхэг цогцолбор механикжсан, цахилгаанжсан САА, саалийн фермүүд байгуулж улс орныхоо хүнсний хэрэгцээг хангаж байлаа. Гэхдээ үүнийг марксист-ленинист үзэл суртлын ач буян хэмээн зааж сургаж байсан нь нийгмийн сэтгэхүйг энэ дагуу төлөвшүүлэх гайт үйлийг бүтээсэн юм. Ниймгийн сэтгэлгээг хааж боох, өөрсдийн хүссэнээр төлөвшүүлэх нь юу юунаас ч илүү хор урхагтай зүйл гэдгийг ухамсарлан ойлгох уншигч олон биз ээ.

Халын голын ялалтын 45 жилийн ойг тэмдэглэхээр усл орон даяар хөл хөдөлгөөн болж байх үе түүний улс төрийн амьдралын төгсгөл үетэй давхцдаг. Маршал Ю.Цэдэнбал энэ үйл явдлыг тэсэн ядан хүлээж байсан гэдэг. Зөн совингоороо ч энэ ялалтын ой түүний сүүлчийнх ч гэж бодож байсан байж болох юм. Уг нь Ю.Цэдэнбал 1979 оноос БНМАУ-ын Батлан хамгаалах зөвлөлийг толгойлж байсан бөгөөд армийнханд талтай, алдар хүндийг нь харуулсан ой ёслолд дуртай хүн байсан юм. Гэвч хүсэхэд хясна гэгчээр энэ ойд тэр оролцож чадаагүй юм. Нам төрийн өндөр албанд 46 жил зүтгэсэн энэ хүнд хүмүүс өөр өөрийнхөөрөө ханддаг байсан. Хүн бүхэн түүнийг бурхан мэтээр биширч явсан гэвэл худал. Харин үзэн ядан түүнийхээ төлөө үйл тамаа эдэлж байсан хүмүүс цөөнгүй байсан. Олон түмэндээ тустай юм шиг атлаа халгаатай, олон талаар зөрчилтэй, ойлгоход бэрх хүн явжээ. Түүний гойд сайн чанар номын ухааныг дээдлэх явдал байсан хэрнээ хүйн холбоотой үүх түүх, соёл зан заншлынхаа өв уламжлалд дайсагнан ханддаг байсан нь сонин. Үлэмж цэвэрч нямбай, хэтэрхий сэжигч гэмээр энэ хүн өрөөл бусдыг ч гэсэн цэвэрч явахыг шаарддаг байв. Тэр унд хоолоо орос тогоочоор бэлдүүлж, уух эмээ орос эмчээр хэлүүлж, орос хэлэнд ус цас шиг байж энэ хэлээр илтгэлээ бичиж, ярьж, сэтгэж явсан юм. Энэ ч чанараараа цаг хугацаанд дэндүү харам байж, үүр цайтал албан өрөөндөө ажилладаг байжээ. Харин сархад хэмээх ундаанд дуртай байсан нь нууц биш. Улс төрийн товчооны гишүүдээ ганц хоёр шил юм бариад ороход үгүй гэдэггүй, итгэж найддаг нөхдөө шөнө дөлөөр өддөг эгэл нэгэн явсан. Алив асуудал дээр өөрийнхөөрөө зүтгэж анхандаа алдаа оноогоо үүрдэг байсан гэж олон хүн ярьдаг. Гэсэн ч зөөлөн дуутай, “хатуу нударгатай” түүнээс олон хүн айж явсан нь араггүй үнэн. Таны бие нэг л тавгүй байна. Москвад шинжилгээ хийлгэхгүй болохгүй ердөө л 12 хоногийн ажил. Ялалтын ойд оролцож амжина” гээд орос эмч хэлсэн гэдэг. Ингээд 1984 оны долдугаар сарын 26-нд гэргий хүүхдийн хамт гэрээсээ явжээ. Тэрбээр Москвад амиа алдсан Ерөнхий сайд А.Амар, П.Гэндэн, Х.Чойбалсан нарын ажидл хувь заяа түүнийг хүлээж байгаа гэдгийг мэдээгүй байсан биз дээ. Дөрвөн өдрийн дараа Кремлийн эмнэлэгт хэвтүүлэхэд долоо ч хонолгүй тархинд нь хоёр ч удаа цус харваж улмаар тархины цусан хангамж муудан, судас хатуурсан гэсэн оноц тавьсан байна. Харин энэ үед гэр бүлтэйгээ ЗХУ-д амарч байсан нам төрийн удирдагчид нэг л сэжигтэй байдлаар нутаг буцаж байсныг дэргэдэх улс нь анзаарчээ. Түүний бие хамгаалах хэсгийн ахлах хурандаа Нанзад НАХЯ-ны сайд С.Лувсангомбод ирүүлсэн маш нууц мэдэгдэлдээ “Даргын бие сайн байна, эмчилгээ сувилгаа үргэлжилж байна. Даргын өвчний оношийг зориуд хүндрүүлж түүгээр ямар нэг операци зохиож магадгүй” хэмээн мэдэгдсэн байдаг. Ямартай ч үйл явц 68 настай удирдагчийн бодож байснаас өөрөөр эргэсэн нь тодорхой. Нэг өдөр Москвад суугаа Элчин сайд Гүрбадам “Батмөнх, Моломжамц хоёрыг Москвад хэзээ ирэснийг лавласан” нь хэргийн учгийг ах дүү, амраг саданд нь таниулж өгчээ. Тэд огт өөр газар буудллаж ЗХУКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Горбачев болон бусад хүмүүстэй чимээгүйхэн уулзжээ. Түүнээс хэдхэн хоногийн дараа ЗХУ-ын Эрүүлийг хамгаалах яамны дөрөвдүгээр газрын дарга Е.Чазов тусгай онгоцоор Улаанбаатарт ирж, Улс төрийн товчооны хурал дээр Цэдэнбалын эрүүл мэндийн талаар мэдээлэл хийсэн гэдэг. Даан ч удалгүй Төв хорооны ээлжит бус хурал хуралдаж Ю.Цэдэнбалыг нам төрийн ажлаас нь чөлөөлжээ. Бүгд хурал дээр ажлаас чөлөөлөх тухай саналаа өөрийн биеэр оруулъя гэсэн түүний хүсэлт нь ч талаар болсон юм. Одоо тэр хүмүүс ХХ зууны Монгол Улсын түүхийн 40 гаруй жилийн түүхийг бүтээлцсэн энэ хүний тухай нэгдсэн нэг ойлголт байхгүй. Элдэв янзаар зарим нэг нь харааж зүхэж байхад нэг хэсэг нь ивээл өмгөөлөлдөө авах гэж зүтгэж тэмцсэн ч бий. Ямартай ч энэ хүний ухамсарт амьдрал бид бүхний өнөөгийн амьдралын ололт амжилт, алдаа оноо, брэхшээл зовлонгийн үндэс болсон гэж хэлж болох юм. Ю.Цэдэнбал 74 насан дээрээ Москвад Кунцевийн эмнэлгийн гурван давхрын жижиг өрөөнд таалал төгссөн юм. Амьдад нь магтаж, харааж байсан ч эх нутгийн хөрс шороонд нь түүнийг нутаглуулсан нь монголчууд ХХ зуунд өөрсдийн нь түүхийг бүтээсэн тэр их хүнд хүндэтгэл үзүүлсний баримт биз ээ. Харин үхсэн хүний тухай нэг бол дуугүй бай эсхүл сайныг нь дурс (de mortius nil nisi bene) гэдэг эртний латин үг түүний амьдралыг бичигсдийн мөрдлөг болох ёстой гэж хувьдаа би боддог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин. 1999 он