М.ХҮСЛЭН
Спорт хүнд тэсвэр хатуужил, хүмүүжил, төлөвшлийг суулгаж өгдөг. Тэр дундаа багийн спорт нь зөвхөн бие бялдрын бэлтгэлээс гадна бусдыг ойлгох, хамт олонтойгоо нэг зорилгын төлөө зүтгэх, хариуцлага хүлээх, ялалт, ялагдлыг хамтдаа даван туулах чадварыг бий болгодог. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Дугаарын зочин”-оор “Натур бакс” клубын залуу тамирчин Ё.Батбаярыг урьж, ярилцлаа.
-Мэргэжлийн тамирчны гараагаа хэзээнээс эхлүүлсэн бэ?
-Анх 14 наснаасаа волейболын спортыг сонирхож эхэлсэн. Эхэндээ зүгээр л сонирхож, тоглож үздэг байсан бол дараа жилээс нь сургуулийнхаа бэлтгэлд тогтмол явж эхэлсэн. Ингэж явсаар энэ спортод улам дуртай болж, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй болсон. Надад энэ спортыг анх зааж байсан багшийг Баттөгөлдөр гэдэг. Тухайн үед багшийн зааж, чиглүүлж өгсөн зүйлс миний хувьд их чухал байсан. Волейболын үндсэн техник, тоглолтын ойлголтоос эхлээд спортын сахилга бат, бэлтгэл сургуулилтын ач холбогдлыг ойлгож эхэлсэн үе маань тэр. 2022 онд “Залуу Монгол” клубт элсэж, Отгонбаяр багшийн удирдлага дор хичээллэж эхэлсэн. Энэ үеэс илүү системтэй, мэргэжлийн түвшинд бэлтгэл хийх боломжтой болсон. Харин 2024 онд “Натур бакс” клубт орсноор мэргэжлийн тамирчны гараагаа эхлүүлсэн. Одоо багийнхаа хамгаалагчийн байрлалд тоглодог.
-Энэ хугацаанд хамгийн их дэмжлэг, урам зоригийг хэнээс авч байсан бэ?
-Анх энэ спортыг сонирхож, хичээллэж эхэлсэн цагаас эхлээд ээж, аав хоёр маань намайг хамгийн ихээр дэмжсэн. Хэрэгтэй бүх зүйлээр минь тусалдаг. Сэтгэлээр унасан, шантарсан үед маань урам зориг өгч, ард минь түшиж, тулсаар өдий зэрэгт хүргэсэн. Тамирчны хувьд бэлтгэл хийх, тэмцээнд оролцохоос гадна сэтгэл зүйн хувьд тогтвортой байх нь чухал байдаг. Зарим үед өөртөө эргэлзэх, хэцүү санагдах үе гарна. Тэр үед гэр бүлийнхэн маань намайг ойлгож, хүсэл, зорилгыг маань дэмждэг байсан нь хамгийн том дэм болсон. Намайг хамгийн их ойлгож, хүсэл, зорилгыг маань дэмжиж өгдөгт нь маш их баярладаг.
-Хамгийн их дурсамжтай тэмцээн гэвэл?
-2024 онд Волейболын үндэсний дээд лигт тоглохоор болоход би багийнхаа дундаас насны хувьд хамгийн бага нь байсан. Тэр үед анх талбай дээр гарахад маш их сандарсан. Өмнө нь бэлтгэл дээр тоглож байсан ч олон хүний өмнө, өндөр түвшний тэмцээнд талбайд гарах мэдрэмж өөр юм билээ. Өөртөө итгэлтэй болох, талбай дээр тайван байх, багийнхантайгаа зөв ойлголцох зэрэг олон зүйл дээр туршлага хуримтлуулсан.
-Тэр үеийн сандрал, түгшүүрээ хэрхэн давсан бэ?
-Багийнхан болон эргэн тойрны хүмүүс, найз нөхөд гээд намайг дэмжиж, үргэлж тусалж, ойлгодог хүмүүсийнхээ өгсөн урмын үг, сэтгэлийн дэмээр давж байсан даа.
-Сайн багт байх хамгийн чухал чанарыг юу гэж боддог вэ?
-Нэг баг гэдэг бие биеэ ойлгож, ямар ч үед нэг цул болж байх нь хамгийн чухал. Ялалт болон ялагдлын цаана хэн ямар их тэсвэр тэвчээр гаргаж, хэн ямар их цаг хугацаагаа зориулж явааг хажуугаас нь харж, хамт зүтгэж явдаг хүмүүс шүү дээ. Тиймээс хожил, хожигдлын дараа ч нэг баг гэдгээ хүн бүр ойлгож байх нь хамгийн чухал гэж боддог. Нэг тоглогчийн гаргасан алдаа бүх багт нөлөөлж болно. Үүний адил нэг тоглогчийн сайн тоглолт ч бүх багт урам өгдөг. Бие биеэ буруутгахаас илүү ойлгож, дэмжиж, дараагийн тоглолтод илүү сайн байхын төлөө хамтдаа хичээх нь сайн багийн гол чанар байх.
-Сэтгэл зүйгээ тогтвортой байлгахын тулд юу хийдэг вэ?
-Дан ганц тамирчид гэлтгүй ер нь хүн бүр өөрсдийн хувьд чухал үйл явдлын өмнө эсвэл дараа нь, тухайн цаг мөчид ч гэсэн баяр, гуниг, сандрал, айдас, түгшүүр гээд олон мэдрэмжийг авдаг шүү дээ. Тэр бүх мэдрэмжээ яг байгаа чигээр нь хүлээж авч, өөртэйгөө ойлголцож ярилцах нь сэтгэл зүйгээ тогтвортой байлгахад их нөлөөлдөг байх. Би тэмцээнд орохын өмнө өөртэйгөө ярилцаж, дуртай дуугаа сонсох гэх зэргээр сэтгэл зүйн хувьд тайван, тогтвортой байдлаа хангадаг.
-Үзэгчдийн дэмжлэг тамирчдад хэрхэн нөлөөлдөг вэ?
-Ямар ч тэмцээний үеэр биднийг дэмжиж байгаа үзэгчдийн дэмжлэг маш их урам зориг өгдөг. Талбай дээр тоглож байх үед гаднаас дэмжиж, нэрийг дуудан, алга ташиж байгаа нь мэдрэгддэг. Нөгөө талаараа гэр бүл, эргэн тойрны хүмүүсээс гадна волейболын спортод хайртай тэр хүмүүсийн итгэл, дэмжлэг маш их хариуцлага юм шиг санагддаг. Тиймээс үзэгчдийнхээ итгэлийг алдахгүй, өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийхийг хичээдэг.
-Волейболын спортын хамгийн сайхан нь юу вэ?
-Волейболын спортын хамгийн сайхан зүйл нь ганцаараа биш, багаараа амжилтыг бүтээдэгт байдаг. Нэг хүний алдаа, нэг хүний амжилтыг бүх баг хамтдаа үүрч, дэмжиж явдаг нь энэ спортын хамгийн үнэ цэнтэй тал. Талбай дээр өнгөрч байгаа нэг секунд бүрд хурд, ухаан, харилцаа, итгэлцэл хэрэгтэй. Тэр бүх зүйл нэг хүнээс шалтгаална гэдэг хэцүү шүү дээ. Тиймээс багийн бүх тоглогч бие биеэ ойлгож, нэгнийхээ хөдөлгөөнийг мэдэрч тоглох шаардлагатай болдог. Амжилттай довтолгоо эсвэл хамгаалалт бүрийн ард бүх тоглогчийн хөдөлмөр байдаг. Тийм ч учраас нэг оноог авах биш, тэр оноогоо хамтдаа бүтээдэг нь аливаа багийн спортын хамгийн сайхан чанар байх.
Мөн спорт хүнээс маш их тэсвэр хатуужил шаарддаг. Үүний зэрэгцээ хүмүүжил, төлөвшилд ч их нөлөөлдөг гэж боддог. Бэлтгэлдээ цагтаа ирэх, өөртөө тавьсан зорилгоо биелүүлэх, бусдыг хүндлэх, багийнхаа төлөө хариуцлага хүлээх гээд өдөр тутамдаа олон зүйлд суралцдаг.
-Ирээдүйн зорилгоо юу гэж тодорхойлж байна вэ?
-Ирээдүйд өөрийгөө улам хөгжүүлж, өндөр түвшний тамирчин болохыг зорьж байна. Одоогийнхоосоо илүү сайн тоглогч болохын тулд бэлтгэл сургуулилтаа сайжруулж, өөрийнхөө сул талуудыг засаж, давуу талуудаа улам хөгжүүлэхийг хүсдэг. Мөн багтайгаа хамт улсын болон олон улсын тэмцээнд амжилт гаргаж, Монголын волейболын нэр хүндийг өсгөх нь миний хамгийн том зорилго. Цаашдаа илүү олон тэмцээнд оролцож, туршлага хуримтлуулан, өөрийгөө улам сорьж үзэхийг хүсэж байна. Тиймээс одооноос хичээл зүтгэл гаргаж, бэлтгэл бүрээ үр дүнтэй хийх нь хамгийн чухал гэж боддог. Мөн тамирчин хүнд бэртэл гэмтэл хамгийн том бэрхшээл болдог. Тиймээс аль болох бэртэл гэмтэл авахгүйгээр бэлтгэлээ сайн хийж, зорилгодоо хүрнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 153 (7895)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn