Ч.ҮЛ-ОЛДОХ

 “Баяншарга”  төрийн бус байгууллагын тэргүүн Л.Бортой цаг үеийн  асуудлаар ярилцлаа.

 

-Дорноговь аймгийн  Улаанбадрах суманд хай­гуул хийдэг Арева-”Коже­говь” компанийн ураны ордын орчимд амьдардаг малчдын үхэр олноор үхсэнийг та бүхэн мэдээлж байсан. Байгаль орчны иргэний зөвлөл, иргэний нийгмийнхэн сүүлийн үеийн ямар мэдээлэлтэй байна вэ?

-Дорноговь аймгийн Улаанбадрах сумын энэ асуудал шинэ зүйл биш.

Ер нь говийн аймгуу­дад ураны уурхайн орчимд  мал хордож үхэж байна, үсгүй хурга, ишиг гарлаа гэсэн малчдын яриа байдаг. Айлууд нь дайжаад нүүгээд л явчихдаг. Эд­гээр ярианд нотлох баримт байдаггүй явж ирсэн. Одоо ч гэсэн энэ уурхайн орчим бяруу нь олноороо үхээд байгаа Норсүрэн, Э.Гэрэл-Од гээд цөөхөн айл байдаг гэсэн. Анхны мэдээг бид арванхоёр­дугаар сарын 27-нд авсан. Тэгэхээр 27-ноос өмнө үхэж эхэсэн байх 29-нд эндээс хүмүүс очиход зари­мыг нь шатаасан байж, одоо ч бяруу үхсээр бараг 20 хүрч  байгаа байх.

Цөмийн энергийн газрын дарга руу ярьж юу болж яаж байна гээд л холбоотой л байна. Н.Тэгш­баяр дарга  цацра­гийн хэмжилт, усны шин­жилгээ  хэвийн хэмжээнд гарсан бусад шинжил­гээний хариу гарахаар  олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэнэ. Наана нь та нар худал үнэн мэ­дээлэл тарааж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх юм хийлээ гээд над руу ярьж байсан шүү.  

Би ч хэлсэн, харин шуурхай мэдээллийг та нарт хүргэж төрийн ажилд тусалж, амьжиргааны хэ­дэн мал нь хордож үхээд, малынхаа мах сүүг ууж идэж амьдардаг малчид  бид ч хордох юм билүү гээд айдас түгшүүрт автаад аврал эрж байгаа малчдад тус болох үүднээс шуур­хай арга хэмжээ авахуу­лах гэж  мэдээлж байна гэсэн.

Цөмийн энергийн газраас хоёр байцаагч, “Гамшигаас хамгаалах төв”  ТББ-ын тэргүүн  Ж.Ган­баатар, Дорного­виос байгаль орчны бай­цаагч М.Батдулам нар явж  газар дээр нь очиж шин­жилгээ авсан. Тэгээд зурагнуудыг нь интер­нэтэд тавьсан  байсан.

 Малчин Э.Гэрэлт-Одтой утсаар ярихад  ингэ­нээс үсгүй ботго гарсан  манай  ингэ гурван сард л ботголох байсан гэтэл үсгүй жижигхэн ботго гарсанд  гайхаж байна гэж ярьж байна лээ.

-Тэр хавийнхан нутаг­лаж байгаа газрынхаа тухайд юу ярьж байх юм?

-Малчид “Бидний унаган   нутаг”.  Олон жил тэндээ амьдарч ирсэн, говь нутаг ус ховор  учраас өвөл нь шороотой цасаа  хүн малгүй хайлуулж уугаад хордолгүй өдий хүрсэн.  Гэтэл  “Кожеговь”  болон бусад уул уурхайн компаниуд  үйл ажиллагаа явуулсан  сүүлийн хэдэн жилээс л  ийм зүйл гарах боллоо гэж байсан.

“Арева-Кожеговь”-ийн ураны ордоос хоёр км  орчим Баруун булаг гэж гол байдаг. Мал нь тэн­дээс усаа уугаад бараг  “Кожеговь”-ийн орд бай­даг  талбайд   бэлчээрлэдэг. Тэнд нь хашаа, хамгаалалт  байдаггүй гэсэн. Саяхан  хүмүүс ирэх сургаар шинэ­хэн хашаа барьсан бололтой гэж явсан хүн ярьж байсан.

Өндөр хамгаалалттай  хариуцлагатай байх ёстой ураны уурхай ямарч стан­дарт мөрдөөгүй, энгийн  уурхайгаас ч дор  ил задгай хайхрамжгүй байсан нь харагдаж   байна. Энд ч бас цөмийн энергийн хяналт ямар байсныг харуулах биз.

 Ураны энэ компани хайгуул хийж, бас “тур­шилтын” олборлолт явуулж байгаа гээд олон газар цооног гаргаж  газ­рын гүн рүү хүхрийн хүчэл  шахаж “шар нунтаг”  гар­гаж авсан гэсэн мэдээлэл  байгаа шүү дээ.

Ураны “шар нунтаг” ялгаж авахад үлдсэн шавар шавхайд, химийн хорт нэгдэл, цацраг идэвхт бодис ч байдаг гэж онолын физикч  эрдэмэн О.Лхагва ярьж байсан.

Тэгээд гүний усыг нь хайр найргүй хортой хи­мийн бодисоор хордуулж, олгойдуулаад асгаад  байх юм бол говьд  амьдралгүй л болно.

-Монголын төрийн бай­гууллагууд арьсаа хам­гаалж аль болох, шинжил­гээний хариуг хэвийн гэж мэдээлэх нь чухал асуудал уу?

-Энэ малын үхлийг яаралтай таслан зогсоож, буруутай байгууллага хү­мүүст хариуцлага тооцож, малчдын хохирлыг бараг­дуулж, цаашид тэдний аюулгүй байдлыг хамгаа­лах, хордсон газар нутгийг цэвэршүүлэх ажил л чухал баймаар юм. Улаан­бад­рахын энэ асуудал нь уран ашиглах “шар нунтаг” ол­бор­лох эрсдэлтэй гэд­гийг харуулсан аюулын дохио биш гэж үү. Хон­горын хорд­лого  шиг болох бий гэсэн айдас нийгэмд  байна.

-“Арева-Кожеговь” ХХК  Монголд ураны хэч­нээн лиценз эзэмшдэг болон энэ компани талаар тодруулж өгнө үү?

-“Арева-Кожеговь” ХХК Монголд нийт 28 лицензийг дангаараа  эзэмш­дэг. Сүхбаатар айм­гийн ихэнх суманд 16, Дорноговьд 11, үүнээс одоо бяруу үхээд байгаа  Улаанбадрах суманд долоон лицензтэй.

“Арева-Кожеговь” ХХК-ийн захирал Тьери Плэзан гэдэг хүн бид экосистемд  учирч болох хор нөлөөллийг  “хамгийн бага төвшинд байлгах” зарчим барьдаг. Тэд шар нунтаг гаргаж авахад ямарч хоргүй гэж мана­йхан шиг хэлээгүй.

Дорноговийн Улаан­бадрах суманд “Зөөвч Овоо” орд, мөн Дарьган­гын талд их нөөцтэй орд олсон. Монатом ХХК-тай хамтран ажиллана. “Шар нунтаг” олборлох Монго­лын Засгийн газрын бод­логотой, манай компани бодлого  нийцэж байгаа учраас гэрээ хэлэлцээр удахгүй батлагдана гэж найдаж байна гэсэн ярилцлага өгсөн байдаг.

-“Арева-Кожеговь”-ийн тухайд олон улсад ямар мэдээлэл дуулддаг вэ?

-Энэ компанийн  талаар гадаад, дотоодын хэвлэлээр ихэвчлэн таагүй мэдээлэл гардаг. Тухайлбал  Нигерийн ураныг  40 жил  ашиглаж, газар нутаг хүн амыг нь хордууласан, ядуурал өвчлөл ихтэй. Тэр ч бүү хэл өөрийнхөө нутагт 25 цэгт цөмийн хог хаягдалаа ил хаячихсан байсныг   Фран­цын телевизийн III сувгаар дэлхий дахинд цацагдсан. Буурай орнуу­дад ард иргэдийнх нь  мэдээлэлгүй ядуу байдлыг ашиглаж хээл хахуульд автагдсан эрх мэдэл бүхий улс төрчидтэй нь хамтарч, баялгийг нь цөлмөдөг  байгаль болоод хүмүүст хамгийн “харгис” гэсэн номинацид “Түмний нүд” гэдэг олон улсын  ТББ-аас шалгаруулсан гээд их л муу нэртэй юм билээ.  

Ийм учраас л уран ол­бор­лохыг Байгаль орчны төрийн бус байгууллагууд, Ураны эсрэг иргэний хө­дөлгөөнүүд “Арева-Коже­говь” ХХК-д  шаард­­­лага өгсөн.

 Улаанбадрах сумын иргэд ИТХ-аараа хэлэл­цээд “Арева-Кожеговь”-д уран олборлох  зөвшөөрөл  олгохыг эсэргүүцсэн шийдвэр гаргасан гэсэн.

Мөн өнгөрсөн намар Дундговь аймгийн Өндөр­шил суманд төмрийн хүдэр олборлодог Хятадын компаниуд ураны судал­тай зөвшөөрөлгүй талбайд усны хайгуул хийснээс ундааны ус өндөр цацраг­тай гарсан гэж 400 иргэ­ний гарын үсэгтэй  гомдол Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд ирж байсан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэд ч ураны хайгуулын эсрэг хэдэн зуун хүний гарын үсэгтэй эсэргүүцэл  сонгуулийн өмнөхөн УИХ гишүүн Ч.Улаанд ирүүл­сэн, саяхан дахиж УИХ гишүүн Ж.Батзанданд ирүүлжээ.

Иргэд бид эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж үндсэн хуульд заасан эрхээ эдлэхийг төрөөс шаардах эрхтэй.

Ерөнхийлөгч маань шууд ардчиллыг хэрэг­жүү­лэх том зорилт тавиад авиваа асуудлыг иргэдээс л асууж шийдүүлнэ. Ард иргэд үгүй  гэвэл  төр мөн  үгүй гэнэ. Ард иргэд за гэвэл төр за л гэнэ гэж яриад байна. Ийм зарч­мыг шууд ардчилал гээд байгаа болохоор олон нийт уран ашиглахын эсрэг  байгааг төр-засаг анхаарах биз гэж найдаж байна.