Москва хотноо "Амьдралын төлөө" хэмээх Олон улсын хавдар, туяа эмчилгээний ес дэх удаагийн форум нээлтээ хийлээ. Хавдрын салбарын сурах бичгүүд шинэчлэгдэх хурдаас ч илүү хурдацтай хөгжиж буй өнөө үед эмч нар яагаад хоорондоо уулзаж, санал солилцох шаардлагатай байдгийг тус форумыг санаачлагч, "Российская газета" сонины байнгын нийтлэлч, шинжээч, ОХУ-ын Хөдөлмөрийн баатар, академич Андрей Каприн тайлбарласан байна.
Таван өдөр ч хангалтгүй
"Бидэнд таван өдөр хангалтгүй болжээ!" хэмээн Каприн онцлов. Есөн жилийн өмнө форум анх зохион байгуулагдаж байх үед хөтөлбөр өөр байсныг тэрээр дурслаа. Харин өнөөдөр онкологийн асуудлыг зөвхөн мэс засалч эсвэл эмнэлзүйн онкологичтой хэлэлцэх боломжгүй болсон гэж академич тэмдэглэв. Генетикч, туяа эмчилгээний эмч, эмнэлгийн физикч, цөмийн анагаах ухааны мэргэжилтэн, эмгэг судлаач, нөхөн сэргээх эмчилгээний мэргэжилтэн зэрэг олон салбарын хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай болсныг тэрээр шинэ чиглэлүүд тасралтгүй гарч ирж байгаатай холбон тайлбарлав.
Форумд шинжлэх ухааны хуралдаан, сургалт-семинар, мастер-класс, дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлгийн клуб, эмнэлзүйн нарийн төвөгтэй тохиолдлуудын шинжилгээ, хагалгааны өрөөнөөс хийх шууд дамжуулалт, үзэсгэлэн зэрэг 50 гаруй арга хэмжээ багтжээ. Уламжлал ёсоор Москва дахь Дэлхийн худалдааны төвд зохион байгуулагддаг энэ форум Обнинск хотод болох, интервенцийн радиологийн салбар дахь шинэлэг шийдлүүдэд зориулсан "Олон улсын Цыбийн уншлага" арга хэмжээгээр өндөрлөнө.
Хамтын ажиллагаа яагаад өвчтөнд хэрэгтэй вэ
Иргэдийн зүгээс "академичид цуглаад ярилцах нь надад ямар хамаатай юм бэ?" гэсэн асуулт гарч болзошгүйг Каприн хүлээн зөвшөөрсөн боловч үүнийг "хамгийн чухал асуулт" хэмээн үнэлэв. "Томоохон хэмжээний эмнэлгийн чуулга уулзалтын дараа өвчтөнийг эмчлэх явцад ямар нэгэн өөрчлөлт гарахгүй бол уг арга хэмжээ үр дүнгүй болж таарна" гэж тэрээр онцлов.
Эмч нар ийм чуулганд зөвхөн илтгэл тавих, сонсохын тулд бус, харин хамт олныхоо хийж буй нарийн төвөгтэй мэс заслыг ажиглах, эмчилгээний арга барилаа хэлэлцэх, тулгарсан хүндрэлтэй тохиолдлоо танилцуулах, шинэ технологитой танилцахын тулд оролцдог болохыг тэрээр тайлбарлав. "Анагаах ухаанд, ялангуяа онкологийн салбарт технологи нь хүнээс хүнд дамжин түгдэг онцлогтой" гэж академич хэлэв. Хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж худалдан авсан ч зохих сургалт, мэргэшсэн эмч, мэдлэггүйгээр үр дүнд хүрэх боломжгүй гэдгийг тэрээр тодотгов.
Хөтөлбөрийн хүрээнд биечлэн мэс заслын хэд хэдэн мастер-класс явагдах бөгөөд тэдгээрийн дунд "аарцгийн хөндийн эрхтнүүдийг бүхэлд нь авах мэс засал" онцгой байр эзэлнэ. Энэ нь онкологийн салбар дахь хамгийн нарийн төвөгтэй бөгөөд өргөн хүрээтэй мэс заслын аргуудын нэг юм.
Бүс нутгийн эмнэлгүүдийг бэхжүүлэх нь
Москвагаас алс хол газар дахь эмчилгээний чанарт форум хэрхэн нөлөөлж болох талаар асуухад Каприн итгэлтэйгээр хариулав. "Бид яг үүний тулд л эдгээр үйл ажиллагааг зохион байгуулдаг". Бүс нутгуудад очиж, тэндхийн багууд хэрхэн хүчирхэгжин бэхэжсэнийг өөрийн нүдээр харж байгаагаа тэрээр тэмдэглэв.
"Тэргүүлэх байгууллагын хувьд холбооны төв нь хамгийн нарийн төвөгтэй ажилбар, арга барилыг зөвхөн өөртөө хадгалах ёсгүй" гэж академич онцлов. Аргачлалыг боловсруулж, баталгаажуулах, сургалт явуулах, туршлагаа хуваалцаж шилжүүлэх нь холбооны төвийн үүрэг бөгөөд ингэснээр өвчтөнүүд асуудал гарахад Москва руу олон мянган километр зам туулах шаардлагагүй болно хэмээв.
Мэс заслыг заах арга талаар Каприн тодруулахдаа, төвийн шилдэг мэс засалчид болон уригдсан "од" мэс засалчдын удирдан явуулдаг "шууд мэс засал" буюу мастер-классуудыг форумын хамгийн чухал хэсгүүдийн нэг хэмээн тэмдэглэв. "Хэрэв эмч маань нутагтаа буцаж очоод өвчнийг эрт оношилж, илүү нарийн төвөгтэй мэс засал хийх, эсвэл шаардлагагүй эмчилгээнээс татгалзах боломжтой болж байвал энэ бүхэн үнэхээр үр дүнтэй хэрэг болсон гэсэн үг" гэж тэрээр хэлэв.
Олон улсын хамтын ажиллагаа
Энэ жил форумд ТУХН-ийн орнууд, Япон, Малайз, Хятад, Бразил, Энэтхэг, Турк улсын мэргэжилтнүүд оролцож байна. Молекул-генетикийн шинжилгээ, борын нейтрон-барих эмчилгээ, стереотактик туяа эмчилгээ, NGS, MR-Linac, зүрх-онкологи, нөхөн сэргээх технологи болон цээжний хөндийн мэс засал зэрэг сэдвүүдийг хэлэлцэнэ.
"Хавдар судлалын салбарт бусдаас тусгаарлагдан ажиллах нь туйлын аюултай" гэж Каприн онцлоод, өөр улс орны мэргэжил нэгтнүүд ямар ажил хийж буйг ойлгох, туршлага солилцох, арга барилаа харьцуулан үзэх шаардлагатайг тэмдэглэв. Оросын онкологийн салбар цөмийн анагаах ухаан, өндөр нарийвчлалтай туяа эмчилгээ, молекулын генетик, эсийн технологи, нэн нарийн төвөгтэй хавдрын мэс засал зэрэг чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа тул хэлэлцээ тэгш эрхийн үндсэн дээр өрнөж, талуудын аль аль нь өөрсдийн үр дүнг танилцуулах ёстойг тэрээр тодотгов.
Хувь хүнд тохирсон эмчилгээ
Онкологийн салбарт өнөөдөр хамгийн сонирхолтой юу байгаа талаар асуухад Каприн болгоомжтой хариулав. "Би “цоо шинэ нээлт” гэдэг үгийг хэрэглэхдээ болгоомжтой хандах байсан." Хорт хавдар нэг төрлийн өвчин биш бөгөөд өнөөдрийн сонирхолтой дэвшлүүд өөр хоорондоо ялгаатай салбаруудын огтлолцол дээр хийгдэж байгааг тэрээр тайлбарлав. Ижил онош боловч хүн бүрд өвөрмөц илэрдэг шалтгаан, эмийн үр дүн хүн бүрд адилгүй байдаг шалтгаан, туяа эмчилгээнд зарим хавдар мэдрэг байхад зарим нь тэсвэртэй байдаг шалтгаан зэрэг асуултад хариулж эхлэх үед л эмчилгээг хувь хүнд тохируулах жинхэнэ боломж бүрддэг гэж тэрээр онцлов.
"Хувьчлах" гэдэг ойлголт зөвхөн эмчилгээ зааж өгөх тухай биш гэдгийг Каприн тодотгов. Энэ нь молекулын шинж чанарт үндэслэн эм сонгох, цацрагийн тунг нарийвчлалтай хүргэх, хүндрэлийн эрсдэлийг урьдчилан тооцоолох, шаардлагагүй тохиолдолд түрэмгий эмчилгээнээс татгалзах зэргийг багтаадаг. "Орчин үеийн онкологийн гол мөн чанар нь ердөө өвчнийг бус, харин өвөрмөц онош бүхий тухайн хувь хүнийг эмчлэхэд оршдог" хэмээн тэрээр дүгнэв.
Форум эмчилгээнд төдийгүй нөхөн сэргээх эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ, ахмад настны хавдар судлал, хавдрын зүрх судас судлал, эрүүл мэндийн зөвлөн туслах үйл ажиллагаа, боловсон хүчний сургалт, хавдар судлал дахь хиймэл оюун ухаан зэрэг сэдвийг мэс засал, туяа эмчилгээ, эмийн эмчилгээтэй ижил түвшинд авч хэлэлцдэг гэдгийг Каприн онцгойлон тэмдэглэв.
Түүхэн уламжлал
Энэ жилийн форум Петр Александрович Герцений 155 жилийн ойд зориулагдсан юм. Каприний удирддаг байгууллагын салбар болох Москвагийн Онкологийн эрдэм шинжилгээний хүрээлэн түүний нэрээр нэрлэгдсэн бөгөөд энэ нь зөвхөн Орос төдийгүй Европ дахь хамгийн эртний онкологийн байгууллага юм. "Пётр Александрович бол мэс засалч, эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч байсан бөгөөд үндэсний хавдрын сургуулийг бүрэлдүүлэн хөгжүүлсэн нэрт зүтгэлтнүүдийн нэг байв" хэмээн Каприн дурсав.
"Шинжлэх ухаан, боловсрол, эмнэлзүйн үйл ажиллагаа нь бие биеэсээ тусгаарлагдмал байх ёсгүй" гэсэн сургуулийн зарчим 155 жилийн дараа ч хэвээр хадгалагдсаар байгааг тэрээр онцлов. Гагцхүү одоо робот тусламжтай мэс засал, молекулын генетик, эсийн технологи, цацраг идэвхт изотоп зэрэг дэвшилтэт боломжууд нэмэгдсэн байна.
Эцсийн зорилго хүн
Таван өдрийн турш олон арван хуралдаан, гадаадын профессорууд, мэс засал, генетик, туяа эмчилгээний сэдвээр ярилцах бүхний цаана юу байдгийг Каприн товч бөгөөд тодорхой "Амьдралын төлөө" гэж хариулав. Есөн жилийн өмнө энэ нэрийг сонгохдоо түүний ач холбогдлыг бүрэн ухаараагүй байсан байж магадгүй гэдгийг тэрээр тэмдэглэв.
"Шинжлэх ухааны гайхалтай хэлэлцүүлэг өрнүүлж, өвөрмөц хагалгааг үзүүлэн танилцуулж, эсвэл шинэ технологийг танилцуулж болно. Гэвч энэ бүхний эцэст заавал хүн байх ёстой" гэж академич хэлэв. Форумын дараа эмч гэртээ буцаж очоод, ганцхан өвчтөний хувьд ч гэсэн өвчнийг эрт оношилж, эмчилгээний илүү оновчтой арга барил сонгож, илүү нарийн төвөгтэй хагалгаа хийж, эсвэл шаардлагагүй эмчилгээнээс татгалзаж чадвал форум үнэхээр үр дүнтэй байсан хэрэг гэдгийг тэрээр тодотгов. "Анагаах ухаанд эцсийн дүндээ үүнээс өөр шалгуур гэж үгүй" хэмээн Каприн ярилцлагаа өндөрлөв.
rg.ru сайтаас орчуулж бэлтгэсэн З.Цэцэг