2026 оны есдүгээр сар бүх ордныхны хувьд “сорилт”-той нүүр тулах сар байх болно. Гэхдээ эдгээр сорилт нь зүгээр нэг шалгуур бус, өөрийгөө нээж, хөгжүүлэх боломжийг авчирна.
Нар, Буд гарагийн шилжилт хөдөлгөөн, мөн Дэлхийн ван /Плутон/, Ангараг гарагийн хоорондох хурцадмал байдал зэрэг нөлөөлөл нь өөрчлөлт, шинэчлэлийн уур амьсгалыг бүрдүүлж, орд тус бүрийн амьдралд тодорхой хэмжээгээр нөлөөлнө.
Энэхүү зурхайг өөрчлөгдөшгүй хувь тавилан гэж бус, харин чиглүүлэх зөвлөмж гэж хүлээн аваарай. Ухамсартай байж, алхам бүрээ няхуур сонгохын зэрэгцээ өөрийн боломж, хүсэл тэмүүллээ бүрэн дүүрэн илэрхийлэхээс бүү айгаарай.
ХОНИНЫ ОРД (03.21–04.19)

Эрэгтэйчүүд: Есдүгээр сарын эхээр Нар Охины ордод байрлах тул аливааг задлан шинжлэх, нарийн ширийн зүйлийг анзаарах чадвар тань нэмэгдэнэ. Харин есдүгээр сарын 23-нд Нар Жинлүүрийн ордод шилжсэнээр анхаарал тань бусадтай харилцах, нийгмийн холбоо, түншлэл болон дипломат харилцаанд илүүтэй төвлөрнө.
Сарын эхээр харилцааны явцад ээдрээтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй. Буд гараг тогтворгүй байгаа энэ үед тохиролцооны зарим нарийн ширийн зүйл анзаарагдалгүй өнгөрч, алдаа гарах магадлалтай. Харин сарын сүүлчээр, ялангуяа Сугар гараг Хилэнцийн ордод шилжсэний дараа сэтгэл хөдлөл нэмэгдэж, хардалт, сэрдэлт, шаардлага тавих, бусдыг хянах хүсэл зэрэг далд асуудал ил гарч болзошгүй.
Эмэгтэйчүүд: Таны эрч хүч гэнэтийн шийдвэр гаргах хүсэл болон тогтвортой байдлыг эрхэмлэх сэтгэлийн хооронд хэлбэлзэнэ. Сарын эхний арав хоногт Нар Охины ордын нөлөөнд байх тул өөрийгөө эргэцүүлэн бодож, зуршлаа шинээр үнэлэх, хувь хүний хөгжилд тань саад болж буй зүйлсээсээ салахад таатай үе.
Харин Нар Жинлүүрийн ордод шилжих үед та гадаад ертөнц, харилцаа холбоо, бусадтай санал бодлоо солилцох үйл явцад илүү татагдана. Хилэнцийн орд дахь Сугар гарагийн нөлөөгөөр хүсэл тэмүүлэл, мэдрэмж тань улам хүчтэй болж, харилцаанд сэтгэл хөдлөл ихтэй, ээдрээтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй.
Хонины ордны эмэгтэйчүүдийн хувьд есдүгээр сар өөрийгөө илэрхийлэх, бүтээлч санаагаа ажил хэрэг болгоход таатай үе байна. Энэ сард санхүүгийн асуудалд хандах хандлагаа эргэн харж, орлогоо нэмэгдүүлэх шинэ боломж эрэлхийлж болно. Нэмэлт орлогын эх үүсвэр хайх, эсвэл удахгүй ашиг авчрах боломжтой дуртай хоббигоо хөгжүүлэх талаар бодож үзээрэй.
ҮХРИЙН ОРД (04.20–05.20)

Эрэгтэйчүүд: Таны хувьд есдүгээр сар удаан ч гэлээ тогтвортой ахиц дэвшил гарах үе байна. Дэлхийн ван гарагийн нөлөөгөөр санхүүгийн амьдралд өөрчлөлт шинэчлэл эрчимжиж, орлогын эх үүсвэрээ дахин үнэлэх, өсөлт авчрахгүй төлөвлөгөөнүүдээс татгалзах шаардлага гарч болзошгүй.
Энэ хугацаанд зээл авах, санхүүгийн томоохон үүрэг хариуцлага хүлээхээс зайлсхийх нь зүйтэй. Буд болон Нар Охины ордны нөлөөнд байх тул тоо баримт, бичиг баримттай холбоотой зүйлсийг сайтар нягталж шалгаарай.
Энэ сард Ангараг гарагийн нөлөөгөөр нэмэлт эрч хүчтэй болж, биеийн тамир, сэтгэл зүйн байдал болон ерөнхий эрүүл мэнддээ анхаарахад тохиромжтой үе тохионо.
Эмэгтэйчүүд: Үхрийн ордны эмэгтэйчүүдийн хувьд есдүгээр сар гэр орон, бие махбод болон дотоод ертөнцдөө анхаарал хандуулах үе байна. Цэвэрлэгээ хийх, засвар хийх, илүүдэл зүйлсээсээ салах замаар орчин тойрныхоо эмх замбараагүй байдлыг цэгцлэх хүсэл төрж магадгүй.
Гэрийн интерьер, чимэглэлд анхаарч, өөртөө амар амгалан, тухтай орчин бүрдүүлээрэй.
Сарын эхний хагаст Сугар гарагийн нөлөө давамгайлах бөгөөд энэ нь хувийн харилцаа, нийгмийн идэвхэд таатай нөхцөл бүрдүүлнэ. Шинэ танилтай болох эсвэл хуучин хайр дурлалын харилцаагаа сэргээх боломж гарч болзошгүй.
ИХРИЙН ОРД (05.21–06.21)

Эрэгтэйчүүд: Энэ сард харилцаа холбоо, суралцах үйл явц, аялал жуулчлал гол байр суурь эзэлнэ. Өөрийн бодлоо илэрхийлэх, байр сууриа таниулах, бусдад сонсогдох олон боломж гарч ирнэ. Буд гараг Охины ордод байх хугацаанд бодлоо тодорхой илэрхийлэхэд тань тусална. Гэхдээ хэт их ачаалал авахаас зайлсхийж, амрах цаг гаргаарай.
Буд гарагийн хурцадмал нөлөө нь нарийн ширийн зүйлтэй холбоотой үл ойлголцол, алдаа дутагдалд хүргэж болзошгүй. Харин сарын дундуур Жинлүүрийн ордод шилжсэнээр дипломат чадвар, нийгмийн харилцаа тогтоох боломж нэмэгдэнэ.
Эмэгтэйчүүд: Есдүгээр сар нийгмийн хүрээгээ тэлж, шинэ холбоо тогтоох, төсөлд оролцоход тохиромжтой үе байна. Бүлэг, клуб эсвэл байгууллагад элсэх урилга хүлээн авч магадгүй. Буд гараг санаа бодол, харилцаа холбоог идэвхжүүлж, танилын хүрээгээ тэлэх, үнэ цэнтэй холбоо тогтооход тусална.
Гэхдээ энэ сард сэтгэл мэдрэмтгий болж болзошгүй. Гаригуудын хурцадмал нөлөө дотоод түгшүүр, өөртөө эргэлзэх байдлыг нэмэгдүүлж мэднэ. Өөрчлөгдөж буй нөхцөл байдалд уян хатан хандаж, дасан зохицох чадвараа ашиглаарай. Хурдан хариу үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ нөхцөл байдлыг зөв эргэцүүлэх нь чухал.
МЭЛХИЙН ОРД (06.22–07.22)

Эрэгтэйчүүд: Есдүгээр сар амьдралынхаа замыг эргэн харах боломж олгоно. Ажлын салбараа өөрчлөх эсвэл шинэ чиглэл сонирхох хүсэл төрж магадгүй. Гэвч өөрчлөлтөөс татгалзах хандлага тань саад болж болзошгүй тул нэгэн хэвийн байдалд гацахаас сэргийлээрэй.
Сарын эхний хагас харьцангуй тайван өнгөрөх ч хоёрдугаар хагаст яаралтай шийдвэр гаргах шаардлагатай гэнэтийн нөхцөл байдал үүсэж болзошгүй. Ангараг гараг эрч хүчтэй уур амьсгал бүрдүүлж, тулгарсан асуудлуудад шийдэл олоход тань түлхэц өгнө.
Эмэгтэйчүүд: Таны хайр дурлалын амьдрал, харилцаанд сэтгэл хөдлөл ихтэй үе тохионо. Харилцаагаа гүнзгийрүүлж, хамтрагчтайгаа илүү ойртох боломжтой. Энэ үед үнэнч шударга байдал, сэтгэл хөдлөлийн чин сэтгэл онцгой чухал.
Гэхдээ Хилэнцийн орд дахь Сугар гарагийн нөлөөгөөр атаархал, үл итгэх байдал гэнэт илэрч, харилцаанд зөрчил үүсгэж болзошгүй. Тиймээс илэн далангүй ярилцаж, гомдлоо дотроо хадгалахгүй байхыг зөвлөж байна.
Сарын эхэн үеийн шинэ сар өөрийгөө хөгжүүлэх, шинэ амжилтад тэмүүлэх урам зориг өгнө. Нэн тэргүүний зорилтоо тодорхойлж, ойрын ирээдүйн төлөвлөгөөгөө гарган, муу зуршлаасаа салах нь чухал.
АРСЛАНГИЙН ОРД (07.23–08.22)

Эрэгтэйчүүд: Арслангийн ордныхны хувьд есдүгээр сар хүсэл тэмүүлэл, боломжийн сар байна. Бархасбадь болон Санчир гарагийн нөлөөгөөр нөөц бололцоогоо ухаалгаар удирдах нь байр суурь, эрх мэдлээ нэмэгдүүлэхэд тусална. Томоохон төсөлд оролцох, нэмэлт үүрэг хариуцлага хүлээхээс бүү эргэлзээрэй. Ингэснээр өөрийн чадвараа харуулж, тодорхой ул мөр үлдээх боломжтой.
Ангараг, Дэлхийн ван, Буд гарагийн хоорондох хурцадмал байдал таныг бусдын зөрчилдөөнд татагдан орох эрсдэлийг нэмэгдүүлнэ. Тиймээс хэнтэй харилцаж байгаадаа анхааралтай хандаарай. Стратегийн дагуу ажиллаж, харилцаандаа өөрийн давуу талыг зөв ашиглаж чадвал бусдын хүлээн зөвшөөрсөн, урам зориг өгдөг удирдагч байх боломжтой.
Эмэгтэйчүүд: Нар Жинлүүрийн ордод шилжсэнээр сарын сүүлч гэхэд таны бусдыг татах увидас дээд цэгтээ хүрнэ. Хүмүүс танд татагдах тул энэ боломжийг ашиглан санаачилга гаргаж, бусдыг манлайлаарай. Олон нийтийн өмнө үг хэлэх, арга хэмжээ зохион байгуулах болон багийн ажилд таатай үе.
Хүндхэн үеийг туулсны дараа сарын дундаас Сугар гарагийн эерэг нөлөө аажмаар нэмэгдэж, хүмүүс хоорондын харилцаа болон хайр дурлалын амьдралд эерэг өөрчлөлт гарна.
ОХИНЫ ОРД (08.23–09.22)

Эрэгтэйчүүд: Есдүгээр сарын 11-нд таны ордод тохиох шинэ сар шинэ эхлэлийг бэлгэдэж, бат бөх суурь тавих боломж олгоно. Гэхдээ аливааг яаран эхлүүлэхгүй, автомат горимд ажиллахаас зайлсхийж, шийдвэр бүрээ сайтар бодох нь зүйтэй.
Ажил хэргээ цэгцэлж, санхүүгээ хянаж, жилийн үлдсэн хугацааны төлөвлөгөөгөө гаргахад анхаарлаа төвлөрүүл. Харилцаандаа нээлттэй, шударга байж, яарах хэрэггүй. Эрт босох, дасгал хийх, ном унших зэрэг шинэ, ашигтай дадал хэвшүүлэхэд тохиромжтой үе.
Эмэгтэйчүүд: Та өөрчлөлт хийх дотоод хүсэлтэй байх боловч Санчир гараг хариуцлагатай, төлөвшсөн хандлагыг шаардана. Энэ сард ажил, эрүүл мэнд гол байр суурь эзэлнэ.
Сарын 10-наас хойш Тэнгэрийн ван гарагийн ухрах хөдөлгөөн өдөр тутмын хэвшлээсээ гарах хүсэл төрүүлж болзошгүй. Сарын сүүлээр тохиох тэргэл сар хайр дурлалын харилцаа эсвэл хувийн хил хязгаартай холбоотой асуудлыг гаргаж ирж мэднэ.
Есдүгээр сарын турш эрүүл мэнддээ анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэг, зөв дадал, хангалттай нойрыг эрхэмлээрэй. Мөн ажлын даалгавраа эргэн хянаж, харилцаандаа тодорхой хил хязгаар тогтоох нь чухал.
Жилийн эцэс гэхэд юу хийхийг хүсэж байгаагаа жагсаан бичиж, есдүгээр сарын дундуур эхний зорилгоо хэрэгжүүлж эхлээрэй. Шинэ сар цаашдын үйл явцыг хөнгөвчлөхөд тусална.
ЖИНЛҮҮРИЙН ОРД (09.23–10.22)

Эрэгтэйчүүд: Буд гараг сарын дундуур таны ордод орж, харилцаа холбоо, стратеги, хэлэлцээрийг тэргүүлэх чиглэл болгоно. Мөн өнгөрсөн үеэ эргэн харж, дуусаагүй ажлуудаа шийдвэрлэхийг шаардана.
Есдүгээр сарын сүүлээр түншлэл эсвэл бизнесийн асуудлаас үүдэн дарамт мэдэрч болзошгүй. Бизнесийн холбоо тогтоох, харилцааны хэв маягаа сайжруулахад анхаар. Хувийн харилцаандаа ярилцаж, харилцан ойлголцох, шаардлагатай өөрчлөлтийг хийхэд нээлттэй байгаарай.
Сарын 10-наас өмнө санаа бодлоо цэгцэлж, дараа нь үйлдэл хийх нь зүйтэй. Есдүгээр сарын 26-нд тохиох тэргэл сарны үеэр яаран шийдвэр гаргах, томоохон амлалт өгөхөөс зайлсхий.
Эмэгтэйчүүд: Нээлттэй сэтгэл, чухал яриа таныг хүлээж байна. Энэ нь хувийн хүрээлэл болон гадаад ертөнцтэй харилцах харилцаанд тань аль алинд нь хамаатай. Та шинэ холбоотон олох магадлалтай.
Энэ үед үл ойлголцлоос үүдэлтэй зөрчилдөөн гарч болзошгүй тул бусдыг анхааралтай сонсож, яаран дүгнэлт хийхээс зайлсхий.
Сарын 15-наас хойш анхаарал тань санхүү болон өөрийгөө үнэлэх үнэлэмж рүү шилжинэ. Есдүгээр сарын 11-нээс өмнө долоо хоног бүр өөртөө амрах цаг гаргах нь чухал. Шинэ сарны үеэр хувцасны шүүгээ болон амьдрах орчноо шинэчлэх төлөвлөгөө гаргаж болно.
ХИЛЭНЦИЙН ОРД (10.23–11.22)

Эрэгтэйчүүд: Тэнгэрийн ван гарагийн ухрах хөдөлгөөний нөлөөгөөр харилцаа холбоо, нийгмийн хүрээллээ эргэн харах болно. Санчир гараг урт хугацааны үүрэг амлалтад анхаарлаа хандуулна. Сарын дунд үе сэтгэл хөдлөлийн хэлбэлзэл авчирч болзошгүй тул санхүү болон түншлэлийн асуудалд болгоомжтой хандаарай.
Чухал яриа хэлэлцээг шинэ сар гарсны дараа хийх нь зүйтэй. Есдүгээр сар дотоод өөрчлөлтийн сар байх болно. Таныг захирдаг Плутон гараг Ангараг, Буд гарагтай хурцадмал байрлалд орсноор хуучин хэв маягаа өөрчилж, өөрийгөө шинэчлэх боломж гарна.
Эмэгтэйчүүд: Өөрийн үнэ цэнэ болон хувийн хил хязгаараа дахин үнэлэх шаардлагатайг мэдэрнэ. Сарын сүүлчээр дотоод сэтгэлийн хямрал, эргэлзээ төрж болох ч энэ нь оюун санааны өсөлт, өөрийгөө эргэцүүлэн бодох боломжийг олгоно.
Өдрийн тэмдэглэл хөтлөх, бясалгал хийх, сэтгэл санаандаа анхаарал хандуулах нь тустай. Зөн совин, дотоод мэдрэмж тань чиглүүлэгч болох тул тэдгээрт анхаарал хандуулаарай.
Сарын 26-нд тохиох тэргэл сарны үеэр өөртөө сэтгэл санааны амралт өгөөрэй. Иллэг хийлгэх, аялалд гарах, хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх зэрэг нь сэтгэлээ сэргээхэд тустай.
НУМЫН ОРД (11.22–12.21)

Эрэгтэйчүүд: Гэр орон, гэр бүлийн асуудал чухал байр суурь эзлэх бол есдүгээр сарын 11-нд тохиох шинэ сар ажилтай холбоотой асуудлуудыг онцолж өгнө. Сарын эхээр ажлын ачаалал нэмэгдэж болох ч сарын сүүлчээр ажил, хувийн амьдралын тэнцвэр сайжрах хандлагатай.
Тиймээс цагийн хуваариа зөв төлөвлөж, ажлаа бусдад хуваарилахын зэрэгцээ өөртөө ч цаг гаргаарай.
Энэ сар амьдралын утга учрыг эрэлхийлэх, мэдлэгийн хүрээгээ тэлэх үе байна. Төрөл бүрийн төсөл, сургалт, аялал зэрэг нь таны анхаарлыг зэрэг татаж магадгүй.
Эмэгтэйчүүд: Сэтгэл зүрх тань амьдралын утга учир, шинэ боломж, хэтийн төлөвийг эрэлхийлнэ. Шинэ зүйл сурч эхлэх, гүн ухаан сонирхон судлах эсвэл аялалд гарах магадлалтай.
Гэхдээ бодит байдлаас хэт яаран хөндийрөх хэрэггүй. Тэнгэрийн ван гарагийн ухрах хөдөлгөөн өөрчлөлт хийх хүсэл төрүүлж болох ч Санчир гараг таныг нухацтай, бодолтой алхам хийхийг шаардана. Том шийдвэр гаргах гэж яарахын оронд ирээдүйн өөрчлөлтөд бэлтгэл сууриа тавих нь чухал.
Сарын 17-ноос эхлэн шийдвэр гаргахад тохиромжгүй үе байж мэднэ. Шинэ сарны үеэр, ялангуяа амралтын өдрүүдэд өөртөө “бяцхан амралт” бэлэглэх эсвэл орчноо өөрчлөх нь сэтгэлээ сэргээхэд тустай. Энэ үед сэтгэлийн хөөрлөөр худалдан авалт хийх, томоохон шийдвэр гаргахаас зайлсхий.
МАТРЫН ОРД (12.22–01.19)

Эрэгтэйчүүд: Эрүүл мэнд, өдөр тутмын зуршилдаа анхаарч, тухайн жилийн зорилгоо эргэн харах хэрэгтэй. Шинэ сар сахилга бат, системтэй хандлагыг чухалчилна. Харин ухрах хөдөлгөөнд орж буй Тэнгэрийн ван гараг дотоод итгэл үнэмшлээ дахин нягтлах боломж олгоно.
Сарын дундуур гэр бүлийн асуудал үүсэх, сэтгэл хөдлөл нэмэгдэх магадлалтай тул тайван, тууштай байх нь чухал.
Ажил мэргэжлийн хувьд томоохон ахиц дэвшил гарч, хүлээн зөвшөөрөгдөх боломжтой. Өрсөлдөөнтэй нөхцөл байдалд орвол хүч хэрэглэхийн оронд оновчтой стратегид найдаарай.
Эмэгтэйчүүд: Дотоод хүч чадал, төлөвшил энэ сарын гол сэдэв байна. Тэнгэрийн ван гарагийн ухрах хөдөлгөөн сэтгэлгээгээ өөрчлөхөд түлхэц өгөх бол Санчир гараг төлөвшихөд тань урина.
Матрын ордны эмэгтэйчүүд хувийн брэнд, дүр төрхөө хөгжүүлэхийн зэрэгцээ дотоод хүч чадал, төлөвшлөө бэхжүүлэхэд анхаарна. Сар Хилэнцийн орд руу шилжих сарын дундуур бага зэрэг түгшүүр, өөртөө эргэлзэх мэдрэмж төрж магадгүй.
Шинэ сар ашигтай зуршил бий болгох боломж олгох бол сарын сүүлчээр хувийн нөөц бололцоогоо эргэн харж, эрч хүчээ сэлбэхэд тохиромжтой.
ХУМХЫН ОРД (01.20–02.18)

Эрэгтэйчүүд: Таны хүч чадал шинийг санаачлах, уламжлалт бус арга барил ашиглах чадварт оршино. Есдүгээр сар гэнэтийн шинэ ойлголт, цоо шинэ санаа төрөх боломжийг авчирч магадгүй.
Хумхын ордны эрэгтэйчүүд харилцаа холбоо, технологи, багийн ажилд идэвхтэй оролцоно. Санчир гараг эмх цэгц, системтэй хандлагыг шаардахын зэрэгцээ өмнө нь тогтсон арга барилаа эргэн харахад хүргэж болзошгүй.
Сарын сүүлчээр бүтээлч үйл явцтай холбоотой бэрхшээл тулгарч магадгүй тул яаралгүй, аажмаар ажиллаж, үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөө боловсруулах нь зүйтэй.
Эмэгтэйчүүд: Та ямар нэгэн бүлэг, нийгмийн зорилгод татагдаж, хөдөлгөөн, байгууллагад нэгдэж магадгүй. Гэхдээ хувийн орон зайгаа хамгаалахаа мартуузай. Заримдаа ганцаараа цагийг өнгөрөөж, эрч хүчээ сэлбэх нь тустай.
Тэнгэрийн ван гарагийн ухрах хөдөлгөөн эрх чөлөөг хүсэх сэдэл төрүүлдэг бол Санчир гараг хариуцлагыг чухалчилна. Тиймээс санаа бодлоо тодорхой төлөвлөгөөгөөр баталгаажуулах нь чухал.
Тэргэл сарны үе найз нөхөдтэйгөө цагийг ая тухтай өнгөрөөхөд тохиромжтой бол шинэ сарны үе харилцааны ур чадвараа хөгжүүлэхэд таатай.
ЗАГАСНЫ ОРД (02.19–03.20)

Эрэгтэйчүүд: Есдүгээр сард зөн совин, дотоод мэдрэмж тань хурцдаж, сэтгэл санааны хувьд тогтворгүй байдал үүсэж болзошгүй. Ялангуяа Сугар болон Плутон гарагийн нөлөө хүчтэй үед бусдын сэтгэл хөдлөлийг өөртөө хэт хүчтэй тусгаж авах магадлалтай.
Санхүү болон гэр ахуйн асуудлаа цэгцлээрэй. Төсөв төлөвлөх, өр төлбөрөө шийдвэрлэх зэрэг бодит алхамд анхаарлаа хандуулах нь зүйтэй. Ажил мэргэжлийн тал дээр сахилга бат, тууштай байдал амжилтад хүргэнэ.
Харин тэргэл сарны үеэр илүү зардал гаргах, хэрэгцээгүй зүйлд мөнгө үрэхээс зайлсхий.
Эмэгтэйчүүд: Загасны ордны эмэгтэйчүүдийн хувьд энэ сар дотоод ертөнцөө эргэцүүлэн бодох, сэтгэл хөдлөлөө гүнзгий мэдрэх, өмнөх саруудад давамгайлж байсан тодорхой бус байдлаас ангижрах үе байна.
Төлөвлөгөөгөө бодит үр дүн болгон хувиргахад, ялангуяа санхүү, өөрийгөө нээх болон бүтээлч үйл ажиллагааны чиглэлд энэ сар дэмжлэг болно. Урам зориг, санаагаа бодит байдалтай хослуулж чадвал шинэ санаагаа ажил хэрэг болгоход таатай үе.
Орчуулж бэлтгэсэн З.Цэцэг
Эх сурвалж: zms.mn