З.ЦЭЦЭГ
Намар цагт хүний бие махбод эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй цаг агаарын огцом өөрчлөлттэй тулгардаг. Энэхүү улиралтай холбоотой гол эрсдэлүүдийн талаар эмгэг физиологич Сергей Степанов тайлбарласныг RT агентлаг мэдээллээ.
Түүний хэлснээр, агаарын температур буурч, чийгшил нэмэгдэх нь биеийн дулаан алдагдлыг түргэсгэж, улмаар даарах болон амьсгалын замын халдварт өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Хүйтний улиралд аденовирус, риновирус, томуу болон парагрипп вирусээр үүсгэгдсэн өвчлөл илүү түгээмэл тохиолддог аж. Мэргэжилтний тэмдэглэснээр, эдгээр өвчний үед хоолой өвдөх, ханиалгах, нүднээс нулимс гоожих, халуурах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Тэрээр даарах эрсдэлийг бууруулахын тулд цаг агаарын нөхцөл байдалд тохирсон хувцас сонгохыг зөвлөжээ.
Степанов хүн ам олноор цугларсан газарт нэмэлт хамгаалалтын арга хэмжээ болгон амны хаалт зүүхийг зөвлөв. Түүнчлэн тэрээр түргэн хоол, лаазалсан бүтээгдэхүүн рүү гэнэт шилжихээс зайлсхийж, шинэ жимс, хүнсний ногоо бүхий тэнцвэртэй хооллолтыг баримтлахын чухлыг онцоллоо. Мөн хоол хүнснээс авах амин дэмийн дутагдал үүсэхээс сэргийлэх нь чухал юм. Гэвч мэргэжилтэн дархлаа зохицуулах эм бэлдмэлийг эмчийн зааваргүйгээр дур мэдэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Бие махбодыг хүйтэнд дасгахын тулд Степанов аажмаар дасгах аргуудыг, тухайлбал, халуун хүйтэн усны ээлжит шүршүүрт орох болон бие махбод дасан зохицохын хэрээр уг үйлдлийн давтамжийг нэмэгдүүлэх зэргийг санал болгов.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 168 (7910)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn