К.АНУ

БНСУ-Төв Азийн орнуудын анхны дээд хэмжээний уулзалт есдүгээр сарын 16-17-нд болж өндөрлөлөө. Ингэснээр БНСУ болон Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан улс Сөүлд анх удаа дээд хэмжээний уулзалт хийж, "Сөүлийн тунхаглал"-ыг баталлаа.

Энэхүү тунхаглал ирэх 30 жилийн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, хоёр жил тутам удирдагчдын дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар тогтоожээ. Хамтын ажиллагаа нь ханган нийлүүлэлтийн сүлжээ, ховор металл, эрчим хүч, худалдаа-хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи зэрэг олон салбарыг хамарч байгаа гэж koreaherald мэдээлсэн байна.

5+1 гэсэн формат бүхий дараагийн уулзалтыг 2028 онд Казахстаны нийслэл Астанад хийхээр төлөвлөж байна. Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён "Шинэ торгоны зам" байгуулах санаачилга дэвшүүлж, худалдааг автомашин, эрчим хүчний хүрээнээс гадуур биотехнологи, дижитал салбар руу өргөжүүлэх шаардлагатайг онцолсон. Тэрээр мөн Төв Азийн орнуудаас литий, уран зэрэг ховор металлыг Солонгосын батарей, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн технологитой хослуулах замаар хамтарсан үнэ цэн бүтээх сүлжээ байгуулах саналыг тавьжээ. Түүнчлэн Төв Азийн удирдагчид БНСУ-ын зүгээс явуулж байгаа хойд Солонгостой харилцаагаа сэргээх, энхийн замаар холбоо тогтоох чармайлтад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

Дээд хэмжээний энэхүү уулзалтын хүрээнд энэ сарын 16-нд Солонгос-Төв Азийн бизнесийн дээд хэмжээний уулзалт болсон. Түүнчлэн есдүгээр сарын 14-16-ны хооронд БНСУ-ын Ерөнхийлөгч Ли нь таван орны төрийн тэргүүнтэй тус тусад нь хоёр талт уулзалт хийсэн билээ.

Эх сурвалж: zms.mn