З.ЦЭЦЭГ
Хэрэв Канад улс Европын Холбооны түнш гишүүн болвол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европтой хийх худалдааг "олон салбарт" зогсооно гэж сүрдүүлжээ.
"Хэрэв тэд ийм алхам хийвэл —өөрөөр хэлбэл, үүнийг би дайсагнасан үйлдэл гэж үзвэл— би маш өндөр татвар ногдуулах эсвэл Европтой хийх худалдааг олон салбарт зогсоох болно" гэж Америкийн удирдагч сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Лхагва гарагт Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Канадыг Европын Холбооны анхны хамтран ажиллагч гишүүн болгох ажлыг эхлүүлж буйгаа зарлалаа. Гэвч тэрээр энэхүү статус нь ямар үр дагавар, нөхцөлийг дагуулах талаар тодорхой тайлбарласангүй. Фон дер Ляйены мэдэгдлийн дараа "Politico" хэвлэл эх сурвалжуудаас иш татан мэдээлснээр, Канадын хамтран ажиллагч гишүүнчлэлийн тухай уг мэдэгдэл нь ЕХ-ны гишүүн орнуудын хувьд гэнэтийн явдал болсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй аюул болон хар тамхины наймааг шалтгаан болгон Канадын импортын бараанд 25 хувийн татвар ногдуулсны дараа 2025 онд АНУ, Канадын харилцаа эрс муудсан юм. Үүний хариуд Оттава харилцан хариу арга хэмжээ авчээ.
Татварын асуудлыг түр зогсоож, маргааныг шийдвэрлэх оролдлого хийсэн хэдий ч Вашингтон дараа нь татварын хэмжээг нэмэгдүүлж, ган болон хөнгөн цагаанд 50 хувийн татвар тогтоосон байна. Bloomberg-ийн мэдээлснээр, АНУ-ын Худалдааны нарийн бичгийн дарга Ховард Лутникиийн баримталсан байр сууринаас шалтгаалан худалдааны хэлэлцээний сүүлийн шат эцсийн мөчид бүтэлгүйтжээ.