П.АМГАЛАН

 

Намар намуухан энэ өдрүүдийг чимэх нэг тод өнгө нь яах аргагүй хөгжим, хэмнэл. Тэгвэл хоёрхон хоногийн дараа буюу энэ сарын 19-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд уран бүтээл нь бүх насныхны аманд аялагдаж, чихэнд хоногшсон сайхан дуунуудын эзэн, гавьяат жүжигчин Л.Болдбаатарын “Монголоо дуулна” тоглолт болох гэж байна. Энэ үдэш Л.Болдбаатарын үгээр урлаж, аялгуугаар хөглөж, намуухан уянгалаг хоолойгоороо амилуулсан сайхан дуунууд эгшиглэнэ.

 

Намрын үдэш Монголоо дуулж, Монголоороо түрцгээе

 

Л.Болдбаатар  энэ тоглолтыг арван жилийн өмнөөс бодож, төлөвлөж, мөрөөдөж ирсэн бөгөөд үзэгчдийнхээ сонсох дуртай дуунуудыг нэг тайзнаа хүргэхээр бэлтгэлээ хангаж байна. Тоглолтын ард 1000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг  ажиллаж байгаа аж. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тайзнаа дуу бүрийг тусгай найруулгатайгаар хүргэхээр зорьж, монгол ахуй, үндэс угсаа, эх орон, хүний сэтгэлийн үнэ цэнийг илэрхийлэх агуулгыг тоглолтын бүтцэд шингээжээ.

Л.Болдбаатар тоглолтынхоо тухай “Төв цэнгэлдэх хүрээлэн хэмээх сайхан газар тоглолтоо хийх гэж байгаадаа туйлын их баяртай байна. Намайг ийм олон хүн ирж үзэх болов уу гэсэн эргэлзээ төрж байсан. Үзэгчид маань их сайхан хүлээж авч байна.  Хамтран ажиллаж байгаа баг хамт олондоо маш их баярлалаа.Хүн бүрийн тус дэм их байна даа. “Муу уран бүтээл хийгээгүй юм байна, дууны уран бүтээлдээ үнэнч явжээ” гэж өөрөөрөө жаахан ч гэсэн бахархах сэтгэл төрж байна.

Тоглолтын бэлтгэл сайн хангагдсан. Хувийн бэлтгэлээ ч сайн хангасан, сэтгэл өндөр байна. Мөн үзэгчдэд зориулсан олон сюрприз байгаа. Энэ удаагийн тоглолтоор хүмүүсийн сонсох дуртай дуунуудыг түүж, оруулахыг хичээж байна. Тэр үдэш ирсэн хүн болгон дагаж дуулах, найр болох болов уу. Энэ удаагийн тоглолтын онцлог нь “Монголоо дуулна” нэртэйгээ уялдана. Монголоо дуулна, Монголоороо ярина, Монголоороо түрнэ. 2000 оноос эхлэн дуулж, түмэнд хүргэсэн бүх дуугаа багтаавал цаг хүрэлцэхгүй учраас 33-43 дуу эгшиглэнэ. Дуунууддаа их ач холбогдол өгч байгаа. Уран бүтээлийг минь сонсдог залуу үеийнхэн маань нэмэгдэж байна. Тиймээс  цаашид “Хун цагаан хайр”, “Итгэл юм шүү дээ” зэрэг дуунууд шигээ уран бүтээлүүд хийнэ” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Түүнчлэн энэ тоглолт өөр нэгэн уран бүтээлчийн тоглолттой давхацсан талаар “Адилхан уран бүтээл юм чинь хоёулаа сайхан тоглолт болох байх аа. Тоглолт давхацсан ч гэсэн монголчууд маань Монголоо л дуулах байх аа” хэмээн ярьсан юм.

 

“Л.Болдбаатар ахын олон сайхан дуунаас сонголт хийх  хамгийн хэцүү нь байсан”

Харин ерөнхий найруулагч н.Маргад-Эрдэнэ “Найруулагчийн хувьд хамгийн хэцүү зүйл нь Л.Болдбаатар ахын олон сайхан дуунаас сонголт хийх байлаа. Бүх дуу нь хит учраас үзэгчдэдээ хүргэх шилдэг бүтээлүүдийг сонгон хөтөлбөртөө оруулсан. Мөн тоглолтыг бүх насныханд зориулан бэлтгэж байна.

Дуу бүрд тусгай найруулга хийж, монгол үнэр, монголоороо бахархах сэтгэл, үндэс угсаа, хүнийг хайрлах, эх орноо хайрлахын утга учрыг уран бүтээлээрээ илэрхийлэхийг зорьж байгаа” гэлээ.

 

“Үзэгчид аюулгүй, тав тухтай орчинд тоглолтоо үзнэ гэдэгт итгэлтэй  байж болно”

 

Харин тоглолтын зохион байгуулалтын талаар гүйцэтгэх продюсер Отгонбаяр “Энэ жилийн хамгийн сүүлийн тоглолт  болох гэж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд олон хүн цугларна. Тиймээс үзэгчдийн аюулгүй байдал, тав тухыг нэн тэргүүнд тавьж зохион байгуулалтын тал дээр маш сайн анхаарч ажиллаж байгаа.300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хамгаалалтын баг ажиллаж байна. Цагдаагийн алба хаагчид, онцгой байдал, түргэн тусламжийн байгууллагуудтай хамтран үзэгчдийн аюулгүй байдлыг хангахаар ажиллана. Олон чадварлаг баг, хамт олон ажиллаж байгаа учраас үзэгчид аюулгүй, тав тухтай орчинд тоглолтоо үзнэ гэдэгт итгэлтэй  байж болно.

Тоглолтын өдөр хаалга 15:00 цагт нээгдэж, 19:00 цагт эхэлнэ. Өмнө нь Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэгчдийг гурван хаалгаар нэвтрүүлдэг байсан бол энэ удаа зургаан хаалгаар оруулна. Мөн гарах хаалганы тоог нэмэгдүүлж, үзэгчдийн урсгалыг зохицуулахаар бэлтгэл хангасан. Тасалбарын 90 хувь нь борлуулагдсан” гэв.

 

“Налгар өдрүүдэд ийм аялгуутай дуу сонсох нь монгол хүний сэтгэлд ойрхон байх болов уу”

Гитарчин, ая зохиогч Д.Өлзий-Орших “Монголоо дуулна” тоглолтыг намрын налгар өдрүүдтэй холбон ярилаа. Тэрээр “ Намар найр хурим их  болдог. Ах дүү найрлан суудаг хамгийн сайхан улирал шүү дээ. Энэ намрын задгай талбайн сүүлчийн тоглолт болох “Монголоо дуулна” тоглолт монголоороо дуулж, монголоороо хөглөгдсөн сайхан үдэш болно гэж бодож байна. Налгар өдрүүдэд ийм аялгуутай дуу сонсох нь монгол хүний сэтгэлд ойрхон байх болов уу” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Мөн тэрээр  “Чи над шиг дурлаж чадах уу” дууны талаар “Намуухан хэмнэлээр сонсох юм сан гэж боддог байсан. Цаг үе нь ч ингэж таарлаа. Дууг хэн ч дуулж болно. Ямар ч жанрын дуучин ямар ч дууг дуулсан жишээ дэлхийд  олон байдаг. Миний хувьд Л.Болдбаатар энэ дууг их сайхан дуулсан” хэмээн ярив.

 

“Олон төрлийн бүжгийн хэлбэр Болдоогийн гайхалтай ая, аялгуунд шингэж, тоглолтыг чимнэ”

 

Харин урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч, найруулагч Д.Баярбаатар тоглолтын бүжгийн шийдлийн талаар “Монголын ард түмний зүрх сэтгэлд хоногшсон, хүн бүрийн дуулж, аялдаг сайхан дуунууд нэгэн үдэш эгшиглэх гэж байна. Олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн нүсэр том тоглолт болох гэж харж байгаа.

Миний хувьд баг хамт олон, залуу найруулагч, продюсеруудтайгаа хамтран Болдбаатарынхаа уран бүтээлүүдийг бүжгийн бүтээлээр баяжуулах, хөгжүүлэх, зохиомжлох тал дээр ажиллаж байна. Орчин үеийн, үндэсний, балет, ардын бүжиг зэрэг олон төрлийн бүжгийн хэлбэр Болдоогийн гайхалтай ая, аялгуунд шингэж, тоглолтыг чимнэ” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 175 (7917)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn