П.ЛХАГВАЖАРГАЛ
Найртай намрын энэ л дулаахан өдрүүдэд сэтгэл хөглөх дуутай дурсамжтай үдшүүд биднийг угтсаар. "Зууны мэдээ" сонин энэ удаагийн "Өөр зочин"-оор монгол донж, чөлөөт сэтгэлгээрээ онцгойрсон залуу уран бүтээлч Лууяа буюу Э.Лувсанцэрэнг урьж ярилцлаа. Тэрээр энэ сарын 25-нд анхны бие даасан тоглолтоо “АСА арена”-д хийх гэж байна.
-“Янзага” дуугаараа монголчуудын сонорыг мялааж байсан залуу уран бүтээлч хэдхэн хоногийн дараа анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Цаг хугацаа хурдан юм аа?
-Урлагийн салбарт алдаатай, оноотой 12 жилийг өнгөрүүлжээ. Тиймээс анхны бие даасан тоглолтоо үзэгч, сонсогчдодоо барьж буй хувь уран бүтээлчийн тайлан гэж харж байгаа. Тодорхой хэмжээнд дуу, уран бүтээл минь монголчуудын сонорт хүрж, аманд нь аялагдах болсонд баяртай байна. Тоглолтынхоо хэв маягийг илүү энтертайнмент, шоу маягтайгаар буюу чөлөөтэй байлгахыг зорьж байна. Мөн дэлхийн стандартын дуугаралттай АСА аренад сонсогчдынхоо мэдрэмжийг гэрэлтсэн бугуйвчаар нэгтгэж, дурсамж дүүрэн өнгөрүүлнэ.
-Таны уран бүтээлийг нэг жанрт хайрцаглах боломжгүй санагдах юм?
-Би нэг хэв загварт баригдах дургүй. Зохиол, поп, хип хоп гээд өөрийгөө өөрөөр харуулж болох бүх боломжийг эрэлхийлсээр байна.
-Уран бүтээлээрээ үзэгч сонсогчдодоо, мэргэжил нэгтнүүддээ хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг сайхан болов уу?
-Урлагийн салбарт хөл тавьсан хүн бүрийн хүсэл зорилго нь хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж хийсэн уран бүтээлээрээ танигдах байдаг болов уу. Анхны тэр мэдрэмжүүд сорилт ихтэй боловч нандин байсан. Хүлээн зөвшөөрөөгүй харц бүрийг даван туулаад Лууяа гэх залуугийн уран бүтээл хүмүүсийн дурсамж, зүрх сэтгэлд хүрсэн болохоор сайхан.
Урлагийн хүн ч бай, эгэл жирийн эр хүн ч бай. Хийж бүтээсэн үр дүн нь түүнийг хүлээн зөвшөөрүүлэх гүүр болдог юм билээ. Авьяастай хүн олон байгаа боловч гараасаа чанартай юм гаргадаг нь цөөхөн. Тулаанд зөвхөн шонхрууд нисдэг гэдэг дээ. Тиймдээ ч хөдөлмөрлөсөн он жилүүд минь хүлээн зөвшөөрөгдөх эхлэл байсан.
Нүгэл буян, сайн муу хосолсон энэ хорвоод хүний яаж явахыг бид таашгүй. Гэхдээ энийгээ нэг засчихвал гэхчлэн бие биеэ харж, ажиглаж явах нь олонтой. Би загасны орд болоод ч тэр үү багаасаа хүмүүсийн жижигхэн санал, шүүмжүүдийг тусгаж, өөртэйгөө ажиллаж, ажигласаар ирсэн. Ер нь урлагийн хүн өөрийгөө гаднаас нь дүгнэж, дотогшоо чимээлэх мэдрэмжтэй байх хэрэгтэй санагддаг.
-“Гаригийн өдөр”, “Хархүү” гээд олон хит дуу энэ хугацаанд мэндэлжээ. Таны дуу уран бүтээл бий болдог онцлог бий юу?
-Адууны судас олж хатгадаг хүн гэдэг шиг хүмүүсийн юу сонсохыг хүсэж байгааг жаахан гадарладаг болж байгаа юм болов уу. Хархүү, Тонжоо гээд хамтралууд дээр чимэг нь болж, монгол эр хүнийг магтсан найман мөр яагаад байж болохгүй гэх мэтээр эрмэлзсэн.
Ер нь олонд хүрсэн уран бүтээл хийхэд амьдралаас ажигласан ажиглалт их чухал санагддаг. Бид нар завгүй гэж гүйгээд аз жаргалыг том зүйлээс хайгаад байдаг юм байна. Магадгүй санаа нийлдэг хүнтэй хэдхэн минут ярилцаад суухад, зөрсөн хүнд хаалга онгойлгож өгөхөөс аз жаргал мэдэрч болно. Энэ санаа “Гаригийн өдрүүд” дуунд тусгалаа олсон.
Драмын урлаг ч ялгаагүй. Ардын жүжигчин Б.Мөнхдорж багш маань дэлхийн бүх сонгодгууд амьдралаас урган гарсан байдаг учир жижиг зангилаа бүрийг ажиглаж уран бүтээлдээ тусгаж байгаа гэж хэлдэг байсан юм.
-Сүүлд цацсан “Зургаан утастай банзан гитар” дууг бас дурдахгүй өнгөрч болохгүй байх?
-Энэ дуу тодорхой зохиогчгүйгээр орцонд дуулагдахдаа нутаг нутагт өөр өөрөөр аялагдаж байсан юм билээ. Ингэхээр наймаас есөн бадаг хувилбар байгаа бөгөөд үүнээс орчин үеийн залуус сонсоход хамгийн тохиромжтой, өнөөгийн амьдрал ахуйтай нийцэж байгааг нь Beska бид хоёр дуулсан. Энэ маань ч оносон. Зургаан утастай банзан гитар гэхээр 1980, 1990-ээд оны үе төсөөлөлд бууж магадгүй. Гэхдээ энэ хэв загварт баригдахгүйгээр монгол хэв маягаараа дүрсжүүлсэн. Зургаан настай хүүхэд шанх зүүгээд “Зугаалж явахыг чинь харсан шүү” гээд дуулж байгаа нь хүүхэд залуусыг дуу уран бүтээлээрээ дамжуулж монгол ахуй соёлтой нь холбох миний нэг зорилго биелж байгаа юм.
Нөгөөтэйгөөр хүмүүс буриад зон олны “Наадам дээр” гээд дууны хэсэг байна гэхээр нь сонсож үзтэл төстэй нотууд байсан. Гэхдээ дэлхий ертөнцийн хөг эгшиг долоон нот дээр оршиж байна шүү дээ. Аливаа зүйлийг гоё гэж харвал гоёороо, муу гэж харвал муухайгаараа сэтгэлд хоногших болохоор аливаа зүйлийг тэнцвэртэй байлгаасай гэж хүсдэг.
-Тэгвэл та өөрөө ямар дуу сонсож, хүмүүжив?
-Зохиолын дуу. Зохиолын дууны үг, агуулга үнэхээр тасархай. У.Далантай ахын дуулдаг “Ийм нэгэн сэтгэл” дууны “Тэнгэрийн уудамд аялсан тэргэл цагаан сар уу даа. Тэртээ өндөр ууланд тээглээ нь үгүй сэтгэл үү дээ” мөр гэхэд ямар агуу философи вэ. Өдгөө залуучуудын дунд хит болоод дуунд үүнтэй дүйцэх зүйрлэл, агуулга байхгүй байна.
Монголчууд бид хүн ам цөөтэй. Гэхдээ агуу их түүх, соёлтой. Тэр ондоошил, ахуй соёл нь ардын болон уртын дуу, зохиолын дуундаа шингэсэн байна. Нийгэм цаг үе хувьсан өөрчлөгдөж, интернэтийн эрин үед дэлхийн ямар ч орны уран бүтээлчийн дууг шимтэн сонсож, даган дуурайж болно. Гэвч биднийг монгол хүн болгох зүйл нь тэр эрийн гурван наадам, зохиолын дуунд оршиж байна.
Залуучуудад зохиолын дуу сонсдог гэдгээсээ ичиж нуудаг үе байсан. Харин өнөөдөр залуучууд нь өөрсдөө зохиолын дуугаа хит болгож буй жишээ Л.Болбаатар ахын дуунуудаар харагдаж байна. Надад ч зохиолын дуучдаа муулж байсан үе бий. Гэтэл тэдний дуулдаг аав ээж, нутаг ус, аргал чулуунд монгол хүний философи агуулагдаж байна. Бид ойд төөрсөн сармагчин байж болохгүй. Үндэсний үзэл санаагаа мартаж болохгүй.
-Өдгөө сошиал орчинд олон дагагчтай эрхмүүдийг инфлюенсер гэх болсон. Тэгвэл олны танил уран бүтээлчид энэ ойлголтод хамаарах уу. Таны баримталдаг зарчим юу вэ?
-Олны танил, инфлюенсер хоёр нь ялгаатай байх. Өөрийн үзэл санаанаасаа гажихгүйгээр бусдад нөлөөлж байгаа хүнийг инфлюенсер гэх болов уу. Жишээлбэл, би өв соёл, үндэсний дархлаагаа дээдэлдэг гэж ярьчхаад хятад бараа сурталчлаад байвал энэ нь миний үзэл санаа зөрчилдөж буй хэрэг. Надад ийм хятад машин оруулж ирсэн юм аа гэх санал ирж байсан. Хэдийгээр би бусад шиг хүн болгонд нөлөөлдөг хүн биш ч гэлээ өөрийнхөө тархи оюун, зүрх сэтгэлд ийм зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд инфлюенсер хүний давж болохгүй шугам гэж байдаг болов уу.
Харин нөгөө талд, өөрт ашигтай бүхнийг хийж, хүүхэд залууст буруу сэдэл өгч байгаа бол энэ буруу зүйл юм.
Тоглолт дээр хамтарч ажиллахаар олон байгууллага холбогдож байна. Би продюсерууддаа миний уран бүтээлээрээ дамжуулж илэрхийлэхийг хичээдэг санааг эвдэхгүй байгууллагуудтай хамтарч ажиллана шүү. Үндэсний үйлдвэрлэгч нартайгаа илүү хамтаръя, хүүхдүүдэд зориулсан жүүсний хэсэгтэй байя. Бизнесийн зарчмаар ашиг олох гэж байгааг чинь ойлгож байна гэхдээ учир утгаа алдалгүй наанатай цаанатай байгаараа л гэдгийг хэлж байна. Миний тоглолтыг үзэх гээд 100 хүн эсвэл 1000 хүн ч ирж болно. Гэхдээ зориод ирсэн тэр хүмүүс сэтгэл хангалуун буцаж байвал болох нь тэр.
-Ярилцлагын төгсгөлийг танд нээлттэй үлдээе?
-Тоглолтын зараа хүргэхээс өмнөх Лууяа, бэлтгэл ажилдаа ороод илүү ачаалалтай ажиллаж, олон асуудалтай тулгарч байгаа боловч энэ бүхнийг даваад гарч байна. Тодорхой хэмжээнд үүрэг хариуцлага хүлээсэн монгол эр хүн учраас гоё зүйлийг хүмүүст хүргэх гэж хичээх ёстой.
Лууяагаа дэмждэг болон энэ залуу ер нь юу хийдэг юм бол гэж боддог бол зориод ирээрэй. Баярлалаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 175 (7917)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn