П.ЛХАГВА
Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой, Улсын Драмын Эрдмийн Театрын түүхт 95 жилийн ойд зориулан Оросын нэрт зохиолч, драматург Михаил Рощины “Валентин, Валентина хоёр” жүжгээс сэдэвлэсэн саунд драма үзэгчдийн хүртээл болоход бэлэн болж байна. Тэгвэл тус бүтээлийн ерөнхий найруулагчаар Э.Билгүүн ажиллаж байна.
Тэрээр 2020 онд СУИС-ийн Бадмаараг ахлах сургуулийн Хөгжимт театрын жүжигчний ангийг төгсөж, ОХУ-ын Театр урлагийн институт ГИТИС-ийг саунд драма найруулагч чиглэлээр 2025 онд дүүргэжээ. Ийнхүү ОХУ-ын Москва хотын Ленком театрт жүжигчин, хөгжмийн удирдаачаар ажиллахын сацуу Москва хотын Зохиолч, найруулагчдын театрт жүжигчин, найруулагч, удирдаачаар ажиллаж байсан туршлагатай нэгэн аж. Түүний авьяас чадвараас онцолж дурдахад, хоёрдугаар курсийн оюутан байхаасаа өөрийн найруулж буй жүжигт хөгжим бичиж, өдгөө найман жүжгийн 80-аад хөгжмийн бүтээл туурвисан гэнэ. Харин УДЭТ-т энэ оны нэгдүгээр сараас ажиллаж байна.
-Саунд драма гэж юу вэ?
-Владимир Панков гэж хүний 20 жилийн турш боловсруулж, туршлага хуримтлуулж, үзэгчдийн хүртээл болгож буй төрөл жанр юм. Саунд драма жанраар Монголдоо мэргэшсэн анхны хүн нь би болж байна.
Энэ жанрт үндсэн гурван элемент байдаг. Нэгдүгээрт, хөгжмийг жүжгийн нэг дүр гэж үздэг. Хоёрдугаарт, хөгжимчид, жүжигчдийн төгс зохицол, уялдаа холбоо. Гуравдугаарт, ансамблийн асуудал буюу хувь жүжигчнийг үзэх гэж бус ансамблийн үндсэн өнгө, дуугаралтыг үзэх гэж ирдэгт гол онцлог нь оршино. Мөн урьдчилан бичсэн аудио ашиглахгүйгээр амьд дуу, дуулалттайгаар хөгжмийн эффект бүр бодитой байдаг гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 172 (7914)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn