Т.БАТСАЙХАН
Дуурийн дуучин Х.Мягмарсүрэнтэй ярилцлаа.
- Таны дуулсан “Арын сайхан хангай” дуу сонсогчдод сайхан хүрч байна. Нутгийнхаа уул ус, аав ээж, төрсөн нутагтайгаа холбож бүтээсэн энэ уран бүтээл хэрхэн төрсөн талаар яриагаа эхэлье?
-Би Архангай аймгийн Өлзийт сумд төрж өссөн. Аав, ээжтэйгээ хамт тэнд бага насаа өнгөрүүлж, 10 жилийн сургуулиа төгсөөд 2010 онд СУИС-д элсэн орж, 2015 онд төгссөн. Ерөнхийдөө багаасаа, бүр нэгдүгээр ангид орсон цагаасаа л дуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, 2000 оноос хойш дуулах нь миний хувьд зүгээр нэг сонирхол биш, багаасаа дуртай байсан зүйл минь болсон.
Тэр замаараа явсаар өдий хүрлээ. СУИС-ийг 2015 онд төгсөөд Монголын Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрт 2024 он хүртэл ажилласан. Дараа нь Бельгийн Хаант Улсад очиж, Бельгийн Хааны театрт ажиллаж байгаад эх орондоо ирсэн. Одоохондоо Монголдоо ирээд байгаа энэ цаг хугацааг өөрийн гэсэн сайхан уран бүтээлүүд хийхэд зориулах бодолтой байна. Ноднингоос хойш ганц нэг уран бүтээл хийж эхэлсэн. Тэдгээрийн нэг нь бараг л миний анхны хувийн уран бүтээл гэж хэлж болох “Арын сайхан хангай” дуу юм. Нутгийнхаа уул ус, ижий аавыг магтан дуулсан сайхан бүтээл гаргавал цаашдын зам мөр нь сайхан байна. Нутаг орондоо ерөөгдөж, уул ус нь баясаж явдаг юм гэж МУГЖ, Чингис хаан одонт Г. Ариунбаатар ах маань нэг удаа надад хэлж байсан юм. Энэ үг ч надад их урам өглөө.
- Урлагийн хүн өөрөөсөө өмнөх үеийнхнийхээ үг, зөвлөгөөг сонсож, туршлагаас нь суралцаж явах нь чухал байдаг байх. Та энэ тал дээр үлгэр дуурайл болсон уран бүтээлчид хэн бэ?
-Ерөнхийдөө ойр дотно, байнга тэмцээн уралдаанаар гадагшаа, дотогшоо явдаг хүмүүс болохоор ах нараасаа их сайхан зөвлөгөө авдаг. Амартүвшин, Ариунбаатар, Анхаа, Бадрал гээд мэргэжлийнхээ чиглэлээр, ялангуяа дуурийн дуулаачаар явж байгаа хүмүүсийн хувьд зам мөрийг маань сайхан гаргаж өгсөн олон сайхан ах нар бий. Сүүлийн үед монгол дуучид маань олноороо гадаадад гарч, мэргэжлээрээ ажиллаж эхэлж байгаа нь сайхан санагддаг. Ах нараасаа зөвлөгөө авч, ярилцаж, туршлагаас нь суралцдаг. Мөн Монголдоо байгаа энэ хугацаандаа өөрийн гэсэн сайхан уран бүтээлүүд хийхийг зорьж байгаа.
- Дуу гэдэг хөгжим, яруу найраг, дуучин гэсэн гурван жигүүртэй гэж ярьдаг. “Арын сайхан хангай” дууны аялгуу, үг нь ч их сайхан сонсогдож байна?
-Би дуурийн дуулаачийн замыг хөөгөөд хэсэг хугацаанд явсан. Тиймээс хувийн уран бүтээл гаргаж, олон нийтэд зориулсан сайхан монгол дуунуудыг дуулах боломж төдийлөн гардаггүй байсан. Мэргэжлийн урлагаа хөөгөөд сүүлийн жилүүдэд нэлээд явлаа. Тэгээд Хөвсгөл нутгийн дуучин О.Баянмөнх ах маань “Ах нь дүүдээ монгол сайхан дуу зохиож өгье. Монгол сайхан дуунууд дуулах хэрэгтэй. Хувийн уран бүтээл гаргаж, цаашдаа Монголдоо нэг сайхан тоглолт хий” гэж хэлсэн. Тэгээд ах маань миний анхны уран бүтээлд зориулж сайхан нутгийн дуу зохиож өгсөн. Шүлгийг нь О.Баянмөнх ахын маань гэр бүлийн хүн зохиосон. Нэг гэр бүлийн эрхэм уран бүтээлчид бүтээсэн гэдгээрээ мөн онцлог гэх үү дээ.
Уран бүтээлийн маань аялгуу, шүлэг наадмын өмнөхөн бэлэн болсон. Аялгуугаа сонссон даруйдаа ганц хоёр хоногийн дараа студид бичүүлж, Баянмөнх ахтайгаа сууж байгаад хөгжмийн найруулга, бүх ажлаа хийсэн. Дуугаа бичүүлээд л шууд нутаг руугаа гарсан. Тэр үедээ үнэхээр бөөн баяр байсан даа.
- Анхны уран бүтээл гэдэг уран бүтээлчийн хувьд мартагдашгүй дурсамж үлдээдэг. Тэр дундаа төрж өссөн нутгийнхаа тухай дууг анх удаа дуулж, дүрсжүүлсэн тэр мөч ямар мэдрэмж төрүүлсэн бэ?
-Дуугаа бичүүлчихээд хамгийн эхлээд Цахир сум орсон. Цахираас Тариат руу, тэгээд замаараа явсаар Архангайн төвд ирээд, Цэнхэр рүү орж, цаашлаад хойшоо Өлзийт рүү явсан. Ингээд л төрж өссөн нутгаа тойрон дүрсжүүлсэн.Төрсөн нутгийнхаа тухай дууг дуулж байгаа хүн өөрийн эрхгүй их бахархдаг юм байна лээ. Шүлгээ дахин дахин сонсож, дуулж, клипээ хийж байх үед нүдэнд нулимс цийлэгнэх үе ч байсан. Үнэхээр сайхан мэдрэмж төрсөн.
-Нутгийнхан болон үзэгчдийн хүлээж авч буй сэтгэгдэл танд урам өгч байгаа байх?
-Би дандаа мэргэжлийн уран бүтээлүүд дээр ажилладаг байсан болохоор хүмүүс төдийлөн сайн таньдаггүй байлаа Харин сая “АРА фестиваль”-ийн сүүлийн өдөр, Бөхбилэгт дэвжээнийхээ 30 жилийн ой дээр уригдаж ирээд дуугаа дуулж, тойрон алхаж байхад хүмүүс нэлээд таньдаг болсон байна лээ.
“Сайхан дуу бүтсэн байна. Нутгаа сайхан дуулж, сайхан дуутай болгосонд баярлалаа” гэж хүмүүс хэлж, баяр хүргэж байсан. Мөн хамт зургаа авахуулж, уран бүтээлийг маань сайхан хүлээж авч байгаа нь надад маш их урам зориг өгч байгаа.
- Анхны уран бүтээлээсээ ийм сайхан урам авч, сонсогчдын дэмжлэгийг мэдэрсэн энэ үед дараагийн уран бүтээлийн зорилго, төлөвлөгөө тань юу байна вэ?
-Ар араасаа гарах дөрөв, таван дуу бараг бэлэн болчихсон байгаа. Одоо ганц нэг дууныхаа клипийг үргэлжлүүлэн хийж, наймдугаар сарын 19-н гэхэд багтааж дуусгах санаатай, төлөвлөчихсөн байгаа. Цаашдаа энэ оны өмнө юм уу, эсвэл оны дараа нэг сайхан, сонгодог өнгө аястай тоглолт хийх бодолтой байна. Тэгээд уран бүтээлүүдээ ар араас нь гаргаж, өөрийн өнгө төрхтэй уран бүтээлч болохыг зорин ажиллана.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 149 (7891)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn