С.МӨНХ-ГЭРЭЛ
COP17-ийн Цэнхэр бүс дэх Монголын павильонд “Онги–Цагаан бургастай”, “Хэрлэн–Тооно” усны төслүүдийг танилцуулж, Монгол орны усны нөөцийн зохистой ашиглалт, говийн бүсийн өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хэрхэн тогтвортой хангах талаар хэлэлцэв. Тус арга хэмжээ COP17-ийн хүрээнд Монгол Улсаас дэвшүүлж буй газар, усны нөөцийг уялдуулан удирдах бодлогын томоохон шийдлүүдийг олон улсын оролцогчдод танилцуулснаараа онцлог байлаа. “Хэрлэн–Тооно” төслийн үндсэн зорилго нь Хэрлэн голын урсцыг тохируулан гадаргын усыг хуримтлуулж, зүүн болон говийн бүсийн суурин газар, иргэд, үйлдвэрлэлийн усны хэрэгцээг урт хугацаанд хангах боломж бүрдүүлэхэд чиглэж байна.Төслийн хүрээнд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Тооно уул орчимд усан сан байгуулж, хуримтлуулсан усыг урт дамжуулах хоолойгоор говийн бүс рүү хүргэхээр төлөвлөсөн. Төслийн одоогийн судалгаанд далан, усан сан, ус дамжуулах хоолой, өргөлтийн насос станцууд болон тэдгээрийг эрчим хүчээр хангах байгууламжууд багтаж байна. Сүүлийн үеийн судалгааны мэдээллээр усан сангийн багтаамжийг ойролцоогоор 920 сая шоо метр, дамжуулах системийг 809 орчим км байхаар авч үзсэн хувилбар бий.
Төслийн гол ач холбогдол нь говийн бүсийн усан хангамжийг зөвхөн газрын доорх усанд тулгуурласан өнөөгийн тогтолцооноос аажмаар өөрчлөхөд оршино. “Эрдэнэс Монгол”-ын стратегийн баримт бичигт “Орхон–Онги”, “Хэрлэн–Тооно” төслүүдийг хэрэгжүүлснээр газрын доорх уснаас хамаарах түвшнийг 95 хувиас 68 хувь хүртэл бууруулах боломжтой гэж тооцжээ.
COP17-ийн хүрээнд төслийг танилцуулж байгаа нь усан хангамжийн асуудлыг цөлжилт, газрын доройтолтой шууд холбон авч үзэж буйтай холбоотой. Говийн бүсэд усны хүртээмж багасах нь зөвхөн ахуйн хэрэглээний асуудал биш. Усны хомсдол нь бэлчээрийн ашиглалтын дарамтыг тодорхой цэгүүдэд төвлөрүүлэх, малчдын нүүдэл, суурьшлын хэв маягийг өөрчлөх, экосистемийн эмзэг байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Иймээс гадаргын усыг хуримтлуулах, газрын доорх усны хэрэглээг бууруулах бодлогыг газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн менежмент, орон нутгийн хөгжилтэй хамтатган авч үзэх нь төслийн урт хугацааны ач холбогдлын нэг хэсэг болж байна. Нөгөөтээгүүр, ийм хэмжээний ус шилжүүлэх төсөл өөрөө байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ шаарддаг. Хэрлэн голын сав газрын экосистем, доод урсац, нутгийн иргэд болон малчдын ус ашиглалт, бэлчээр, амьжиргаанд үзүүлэх нөлөөллийг төслийн эдийн засгийн үр өгөөжтэй эн тэнцүү авч үзэх шаардлагатайг судлаачид тэмдэглэж байна.
Ил,далд хөв цөөрөм олон байх тусам гадаргын усаа тогтооно
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Сэддорж хэлэхдээ “Манай улс Төв Азийн өндөрлөг бүсэд оршдог учир гадагш урсах голуудаа хашиж нөөцлөх, бэлчээрийн усан хангамжид ашиглахгүй бол улам хурдацтай цөлжиж байна. Хэрэв бид ойрын арван жилд шаардлагатай арга хэмжээ авахгүй бол хожимдох болно. Тиймээс хөрш орнууд болон олон улсын байгууллагуудтай хамтран усны хоолой татах, усны үнэ цэнийг нэмэгдүүлж, уул уурхайд нийлүүлж буй усны тарифыг эргэн харах зайлшгүй шаардлагатай байна. Өнөөдөр уул уурхайн салбарт ашиглаж буй усны үнэ иргэдийн ахуйн хэрэглээний уснаас хямд байгаа. Уул уурхайд усыг үнэ цэнтэй болгож, тарифыг нь нэмэх хэрэгтэй. Бид үерийн усыг хашиж хамгаалах, улсын эдийн засагт ашиглах зорилгоор “333 нуур” төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Ил хөв цөөрмийг ихэвчлэн хангайн бүсэд байгуулдаг. Харин манай орны хуурай бүс нутагт ууршилтаас сэргийлсэн далд хуримтлуурын төслүүд тохиромжтой. Гүний усаа хэт ашигласнаас болоод өнөөдөр уснаас үүдэлтэй зөрчил тэмцэл ч гарах боллоо. Гүний усаар зэс, хүдэр угаахыг нэн даруй болиулахгүй бол аль хэдийн цөлжилтөд өртсөн нутаг орнуудад аюул нүүрлэнэ. Иймд үерийн усыг хашин хамгаалж, үйлдвэрлэлд ашиглах нь чухал юм. Гүний усаараа алт, жонш, зэсээ угаадаг орон Монголоос өөр бараг байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Мөн “Оюу толгой" компанийн Байгаль орчны менежер Т.Самданжигмэд далд хөв цөөрмийн талаар тайлбарласан юм. Тэрээр “Хөв цөөрөм байгуулах нь ач холбогдолтой ч хэд хэдэн анхаарах зүйл бий. Нэгдүгээрт задгай байдлаар усыг тогтооход ууршилт их явагдана. Хоёрдугаарт, цөөрөмд янз бүрийн тунадас, шороо хуримтлагдсанаар ус хадгалах багтаамж багасдаг тул байнга цэвэрлэх шаардлагатай болдог. Гуравдугаарт, цуглуулсан усаа яг ямар зориулалтаар ашиглах вэ гэдэг нь тун чухал. Хойд бүсэд энэ арга тохиромжтой байж болох ч говьд бол тохиромжгүй. Учир нь говьд орох хур тунадаснаас илүү ууршилтын хэмжээ нь өндөр байдаг. Элсэн далангийн шийдэл нь шинэ зүйл биш юм. Ханбогд хайрхны хажуугийн сайран дээр хоёр метр орчим өндөртэй, таван метр орчим өргөнтэй далан барьсан. Далангийн ард цуглах элсэнд ус хуримтлагдах доод хэсэгт нь цорго гаргаж, хэрэгцээтэй үедээ усаа авах боломжтой. Бургас гол үерлэх бүрд үерийн усаар зөөгдөн ирэх элс далангийн ард хуримтлагддаг. Жилд хоёр удаа үерлэнэ гэж тооцоход дөрвөөс таван жилийн дараа хоёр метр өндөр далангийн ар тал бүхэлдээ элсээр дүүрнэ. Тэр хуримтлагдсан элс нь усны чийгийг агуулан хадгалж, илүүдэл үерийн ус дээгүүр нь урсаж өнгөрнө. Далангийн суурь хэсэгт жижиг усны цорго хийсэн тул шаардлагатай үед усаа нээж ашиглана. Хавар гурав, дөрөвдүгээр сард сайрын усны түвшин багасахад цоргыг нээж, малчдын усан хангамжийг тогтвортой барьдаг. Намар үер болоход далангийн усны нөөц эргээд дүүрдэг. Одоогоор энэхүү туршилтын төсөвт 200 орчим сая төгрөг зарцуулагдаад байна. Загвар нь батлагдаж, технологи нь сайжрах тусам өртөг нь буурах боломжтой. Элс бүрэн хуримтлагдсан үед 70 мянган куб метр ус хадгалах багтаамжтай болно. Олон жилийн явцад элс бүрэн хуримтлагдах ажээ. Энэ нь бага зардлаар үр ашигтай ажиллах шийдэл юм. Үүнийг хаана ч хэрэгжүүлэх боломжтой” гэсэн юм.
Тэгэхээр ил, далд хөв цөөрөм нь газар нутгийн онцлогоос хамаарч байгуулах боломжтой хувилбарууд ажээ. Гүний усыг хуримтлуулах далан гэдэг нь газрын доорх усны нөөцийг нэмэгдүүлэх, усны төвшнийг тогтвортой байлгах зорилгоор барьдаг инженерийн байгууламж юм. Гол, сайр, хуурай голдирол дагуу бороо, цасны ус урсах үед тэр усыг шууд алдахгүйгээр тогтоон барина. Ус аажмаар хөрсөнд шингэж, газрын доорх усны үеийг тэжээдэг. Ингэснээр худгийн усны түвшин нэмэгдэх, булаг шанд сэргэх, хуурайшилт буурахад дэмжлэг болдог хэмээн Хэрлэн тооно төслийн мэргэжилтэн танилцуулгадаа онцолж байв. Өөрөөр хэлбэл, даланд болон хөв цөөрөмд хуримтлагдсан бороо, үерийн ус хэсэг хугацаанд тогтож, хөрсөөр аажмаар шүүрнэ. Шүүрсэн ус газрын доорх усны давхаргад хуримтлагдана. Дараа нь тэр усыг худаг, булаг, эсвэл ус хангамжийн зориулалтаар ашиглах боломжтой болдог. Түүнчлэн ил хөв цөөрөмд ан амьтан, жигүүртэн шувууд ундаалах боломжтой.
Австрали, Энэтхэг, Кенийн туршлага монголд тохиромжтой
Австралид MAR-ийг усны аюулгүй байдлыг хангах үндсэн шийдлүүдийн нэг гэж үздэг. Борооны болон голын илүүдэл усыг тусгай нэвчилтийн сан руу оруулж, газрын доорх усны үеийг "цэнэглэдэг". Ингэснээр ус газар доор хадгалагддаг учир ил задгай усан сан шиг ууршилтаар их хэмжээгээр алдагддаггүй. Засгийн газар сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуй болон алслагдсан бүсүүдэд хэрэгжүүлэх хэд хэдэн MAR төслийг санхүүжүүлж байна. Энэтхэгт олон мянган check dam буюу жижиг ус тогтоох далан барьжээ. Эдгээр нь муссоны улирлын үерийн усыг тогтоож, аажмаар хөрсөнд шингээдэг. Үүний үр дүнд худгийн усны түвшин нэмэгдсэн, тариалангийн усалгааны боломж сайжирсан, гангийн үед усны хомсдол багассан байна. Зарим мужид хэдэн арван мянган ийм байгууламжийг байгуулсан нь газрын доорх усны төвшнийг сэргээхэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлжээ.
Кени улсын хуурай бүсэд улирлын чанартайгаар гол дээр элсэн далан байгуулдаг. Борооны дараа урсаж ирсэн элс далангийн ард хуримтлагдаж, элсний завсар их хэмжээний ус хадгалагдана. Энэ нь хиймэл газрын доорх усан сан шиг ажиллаж, жилийн турш худгаар ус авах боломж бүрдүүлдэг бөгөөд ууршилтын алдагдал маш бага байдаг.
Өмнөд Африкийн хуурай бүсийн жижиг хотуудад борооны илүүдэл усыг худгийн систем, жижиг далан, нэвчилтийн байгууламжаар дамжуулан газрын доорх усанд оруулдаг. Судалгаагаар зарим бүсэд газрын доорх усны түвшин 10 метрээс илүүгээр нэмэгдсэн бөгөөд усны чанар ч сайжирсан байна.
Нидерланд байгалийн шүүлтүүрийн аргыг өргөн ашигладаг. Гол мөрний болон цэвэршүүлсэн усыг элсэрхэг хөрсөнд шингээж, байгалийн аргаар цэвэршүүлсний дараа ундны ус болгон ашигладаг. Энэ нь MAR-ийн хамгийн амжилттай жишээнүүдийн нэг гэж тооцогддог.
Монголын хувьд хамгийн тохиромжтой туршлага нь Австрали, Энэтхэг, Кенийн туршлага юм. Учир нь Монголд, ялангуяа говийн бүсэд богино хугацаанд их хэмжээний үерийн ус урсаж өнгөрдөг боловч түүний ихэнх нь ашиглагдахгүй алдагддаг. Тиймээс тэр усыг тогтоон хөрсөнд шингээж газрын доорх усны нөөцийг нэмэгдүүлэх нь олон улсын туршлагаар үр дүнтэй арга гэж үздэг талаар хэлэлцүүлэгт оролцсон бусад улсын төлөөлөгчид ярьж байсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 159 (7901)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn