Төмөрбаатарын Батсайхан
Олон түмэндээ хүлээн зөвшөөрөгдөж, нэгэн үеийнхэндээ Гааяа дарга, залуустаа “Ажаа” хэмээн хүндлэгдсэн Сүхбаатар аймгийн Ахмад багш нарын холбооны тэргүүн, Үйлчилгээний гавьяат ажилтан С.Халтарыг “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа урьж, ярилцлаа. Эрч хүч дүүрэн амьдарсан эрхэм хүний ярианаас улс, орны нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралын нэгэн үе ихэд тодхон харагдана.
Бага сургуулийн анхны эмэгтэй захирал
Амьдрал хүнийг багаас нь сорьдог. Зарим нь тэр сорилтын өмнө сөхөрдөг бол зарим нь улам хат сууж, өөрийгөө төдийгүй бусдын амьдралыг гэрэлтүүлэх хүн болон төлөвшдөг. Тэр л хүмүүсийн нэг нь С.Халтар хэмээх эрхэм багш юм. Тэрээр Сэдэнсодном болон Должин нарын тав дахь охин үр нь болж 1946 онд Хонгор сумын төв “Их өргөө”-д мэндэлжээ. Багадаа эцгээсээ, 13 настайдаа эхээсээ хагацаж өнчрөлийн зовлонг ханатал амссан ч сэтгэлийн тэнхээ, итгэлийн эрчээр аз жаргал, амьдралын сайхныг өөрийн хичээл зүтгэлээрээ олжээ. Амьдралын хатуу хувь тавилан түүнийг хугалаагүй, харин ч хүн чанар, тэсвэр хатуужлыг нь улам бэхжүүлсэн байна. 1954 онд Баруун-Уртын төвийн арван жилийн сургуульд элсэн орсон тэрээр ангийн даргаар сонгогдон долоодугаар анги хүртлээ сурагчдаа манлайлсан нь хожмын удирдах арга барилынх нь эхлэл болсон биз ээ. Долоодугаар ангиа төгсөөд ердөө 15 настайдаа Улаанбаатар хотыг зорин Багшийн сургуульд элсэн оржээ. Таних хүнгүй, мөнгө төгрөггүй өнчин охин сургуулийн захирлаасаа зөвшөөрөл авч, ахлах курсийн оюутнуудтай хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сангийн аж ахуйд ажилласан нь амьдралынх нь том сургууль болсон байна. Тэнд тэр хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгож, хамтын нөхөрлөлийн жинхэнэ утгыг мэдэрчээ. Оюутан ахуйд нь олон сайхан хүмүүс түшиг тулгуур болсон байдаг. Монгол Улсын гавьяат багш Л.Балжир зөвхөн эрдэм мэдлэг бус, амьдралын ухааныг зааж сургасан эрхэм хүн байжээ. Ангийн анд С.Өлзий-Орших нь хувцас хунараа хуваалцаж, гэртээ авчран халамжилдаг байсан нь түүнд хэзээ ч мартагдахааргүй хүний сайхан сэтгэлийн илэрхийлэл болсон байна. Энэ бүх халуун сэтгэл, итгэл найдварын хүчээр тэр багшийн мэргэжлийг эзэмшиж, 18 настайдаа төрсөн нутагтаа эргэн иржээ. 1964 онд Баянтэрэм сумын бага сургуулиас ажлын гараагаа эхэлсэн байдаг. Тэртээ 1924 онд батлагдсан Монгол Улсын анхны үндсэн хуульд эрэгтэй эмэгтэй хүний тэгш эрхийг анх удаа тунхагласан ч Сүхбаатар аймаг байгуулагдсанаас хойш 1960-аад оны сүүлч хүртэл 20 орчим жил тус аймгийн бага дунд сургуулийг эмэгтэй хүн удирдаж байсангүй. Энэ нь тэр үед эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь дутмаг, багш мэргэжлээр төгссөн эмэгтэй боловсон хүчин ховор байсантай холбоотой бололтой. Улаанбаатарын багшийн сургуулийг төгсөж ирээд багш пионерын удирдагчаар хоёр жил сайн ажилласан багш С.Халтарыг аймгийн гэгээрлийн хэлтсийн даргын тушаалаар Баянтэрэмийн бага сургуулийн эрхлэгчээр томилжээ. Ингэж томилохдоо гэгээрлийн хэлтсийн дарга Б.Лхамсүрэн “Анхны эмэгтэй захирал боллоо. Эмэгтэй хүн яаж ажилладгийг үзүүлээрэй” гэж захисан нь одоо ч түүний зүрх сэтгэлд хатаатай явдаг гэсэн.

“Итгэл хүлээвэл нэр хүнд” нийтлэлийн баатар болж байв
Амьдралын хатууг өөрийн биеэр мэдэрсэн учраас хүүхэд бүрийн сэтгэлийг ойлгож чаддаг багш болсон гэдэг. Мөн түүний амьдралын замнал нэгэн үнэнийг хэлдэг. Хүнийг хувь тавилан биш, харин тэрхүү хувь тавилантайгаа хэрхэн нүүр тулж, ямар хүн болж төлөвшсөн нь тодорхойлдог юм. Хүүхэд насандаа хүний сайхан сэтгэлийг түшиж өссөн тэрээр насан туршдаа өөрөө бусдын түшиг тулгуур болсон багш болон амьдарсан гэлтэй. Захирлаар ажилласан анхны жил Гэгээрлийн яамны шалгалт ирж, сайн шалгагдсан учир захирал С.Халтар гэгээрлийн яамны хүндэт үнэмлэхээр шагнагдсан нь төр засгаас хүртсэн анхных нь том үнэлгээ байлаа. Сургууль удирдаж байхдаа эцэг эх, багш сурагчдынхаа хүчээр тоосго цохиж пионерын танхим барьж, соёл хүмүүжлийн ажлаа явуулах байртай болж, тэргүүний анги бүлэг шалгаруулж, секц дугуйлан хичээллүүлж, сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж, концерт бэлтгэж, жүжиг найруулан тавихын зэрэгцээгээр тэр үеийн жишгээр нэгдэл нийгмийн бүхий л ажилд идэвхтэй оролцож ард олны талархлыг хүлээжээ. 1971 онд аймгийн сэхээтний зөвлөгөөнд оролцохдоо сумандаа багш нарын социалист хөдөлмөрийн бригад байгуулна хэмээн амлаж авсан амлалтаа биелүүлж 1972 онд социалист хөдөлмөрийн бригадын цол мандатаа авч байжээ. Сургуулийн ажлын амжилтыг төвийн радиогоор нэвтрүүлж, “Сүхбаатарын зам” сонинд “Итгэл хүлээвэл нэр хүнд” нийтлэл хэвлэгдэж байсан гэдэг. Багш С.Халтарын сургуулийн эрхлэгч, захирлаар ажилласан ажлын үр дүн ийм байв.

Баруун-Урт сумын ИТХ-ын анхны дарга юм
Нам, засаг боловсон хүчнээ хаана ажиллуулахаа мэддэг байсан тэр цагт 1972 оны наймдугаар сард аймгийн намын хорооноос С.Халтарыг Түмэнцогт сумын Намын хорооны орлогч даргаар томилсноор захирал С.Халтарын нам төрийн ажилтан болсон түүх эхэлсэн байна. Тэрээр багшийнхаа ажлаа намын ажлаар сольсон тухайгаа “Тэр үед Улс төрийн ганц нам МАХН байсан. Боловсон хүчнийг судлан бэлтгэх талаар онцгой үе. Намайг сургууль удирдуулж, олон сонгуульт ажил үүрүүлж сорьж үзээд, Түмэнцогт сумын намын хороонд намын ажил хийлгэж хоёр жил ажиллуулаад НДС-д элсэлтийн шалгалт өгүүлж Үндсэн дөрвөн жилийн ангид суралцуулаад, дараа нь аймгийн намын хороондоо ажиллуулсан юм. Газар тариалан, мал аж ахуй хосолсон улсын САА-н намын хорооны удирдах бүрэлдэхүүнд ажиллана гэдэг амаргүй байсан ч нам томилсон болохоор 26 насандаа залуучууд голлосон механикжсан хадлан, тариалангийн бригадуудтай, махны чиглэлийн үхэр үржүүлдэг, МАА-н бригадууд, малчдын олон суурьтай, эмнэлэг, сургууль, соёл, худалдааны зэрэг олон албан байгууллагатай энэ газар намын үзэл суртлын ажил, соёл олон түмний ажил, ухуулга, сурталчилгаа, бригадын өдөрлөг, лекц, сонсгол, улс төрийн сургалт, урлаг, спорт, намын дотоод ажил хариуцахын зэрэгцээ Ардын хянан шалгах хорооны дарга, МЗНН-ын сумын зөвлөлийн даргын сонгуульт ажлыг хавсран гүйцэтгэж, бас малчдын сууриар, хадлан тариалангийн бригад, талбайгаар явж ажилладаг байлаа” гэв. Ингээд С.Халтар 1978 онд намын дээд сургууль төгсөж төрийн удирдлагаар мэргэшээд сум аймгийн АДХ-ын депутат, ИТХ-ын төлөөлөгчөөр долоон удаа сонгогдсон Баруун-Урт сумын ИТХ-ын анхны дарга юм. Тэрээр “1992 оны аравдугаар сараас Баруун-Урт сумын ЗДТГ-ын анхны даргаар томилогдон, тамгын газраа бүрдүүлж дөрвөн жил ажиллан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийг хэрэгжүүлэн төрийн шинэ тогтолцоог төлөвшүүлэх, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих эхлэлийг тавилцаж, шинэ нөхцөлд ажиллах төрийн ажилтнуудыг сургаж дадлагажуулах их ажлын гараанд хамт олонтойгоо үүрэг, зорилгоо нэгтгэн хамтран ажиллаж, төрийн албаны тангараг өргүүлэх ажлыг зохион байгуулж төрийн жинхэнэ албан хаагчдыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж явлаа. Эхний хоёр жилд нь МАХН-аас нэр дэвшсэн Д.Даваацэрэн, сүүлийн хоёр жилд нь АН-аас нэр дэвшсэн Б.Жаргалсайхан нарын Засаг дарга, хотын захирагчтай хамт ажилласан. Шилжилтийн хүнд үеийг яаж богино хугацаанд давах вэ. Хүн ардаа ядуурал руу оруулахгүй байх вэ. Баруун-Урт хотынхоо байгууллага, орон сууц, сургууль, эмнэлгээ хөлдөөчихгүй цахилгаан дулаанаа зохицуулах вэ зэрэг тулгамдсан асуудлыг шийдэх гэж улс төржилт, намын ялгаваргүйгээр гар, санаа нийлэн зүтгэцгээсэн дээ” гэв. Түүнийг МАН-ын таван их хурал, ахмадын хорооны удаа дараагийн чуулган, Монголын бүтээлч ахмад багш нарын зөвлөгөөнд сонгон оролцуулж, зууныг бүтээлцсэн шилдэг эмэгтэйн нэрээр шалгаруулж 2022 онд Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол тэмдгээр шагнажээ.
“Ахмадын Халтар” гэх эрхэм нэрийн эзэн
Сүхбаатар аймагт түүнийг жинхэнэ нэрээр нь мэдэхээс илүү “Ахмадын Халтар”, “Халтар ажаа” хэмээн хүндэтгэн дууддаг хүн олон. Энэ ард олны хайр, итгэлээс төрсөн гэлтэй. Тэрээр Баруун-Урт сумын Ахмадын хорооны даргаар 16 жил, МАН-ын Ахмадын холбооны тэргүүнээр 18 жил, аймгийн Ахмадын хорооны тэргүүлэгчээр 24 дахь жилдээ, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчээр 36 жилийн турш сонгуульт үүрэг хүлээн ажиллажээ. Олон байгууллага, хамт олон түүнд дахин дахин итгэл үзүүлэн сонгосон нь түүний нэр хүнд, хөдөлмөрийн бодит үнэлгээ байв. Тэр өөрийгөө “ахмадуудынхаа итгэлийг зүтгэлээр хариулахыг л хичээсэн” хэмээн даруухнаар хэлдэг. Ахмад настнуудын идэвх оролцоог нэмэгдүүлж, ганцаардал, хөдөлгөөний дутагдал, сэтгэл гутралаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Бүжгийн цэнгүүн”-ийг тогтмол зохион байгуулсан нь тухайн үедээ шинэлэг санаачилга болж байв. Үүгээр ч зогсохгүй Ахмадын өдөр, шинэ жилийн баяраар шилдэг ахмадуудаа алдаршуулж, “Гэр бүлийн баяр”-аар 250 гэр бүлийг, “Мартын 8”-ны баяраар “Одонт ээж”, “Ачлал буянтай ээж” арга хэмжээгээр 188 одонт эхийг хүндэтгэн өргөмжилжээ. Түүний зорилго зөвхөн ахмадуудаа баярлуулах биш, гэр бүлийн үнэ цэнэ, ахмад үеэ хүндэтгэх ёсыг залуу үед өвлүүлэхэд чиглэж байсан юм. Мөн олон арван ахмадын хөдөлмөр зүтгэлийг төрийн одон медаль, салбарын болон төрийн бус байгууллагын шагналд тодорхойлуулж, гавьяа зүтгэлийг нь үнэлүүлэхийн төлөө уйгагүй ажиллажээ. Ахмадуудаа ажил, мэргэжлийн онцлогоор нь 30 гаруй бүлэг, зөвлөл болгон зохион байгуулж, тухайн чиглэлээр нь олон төрлийн үйл ажиллагаа өрнүүлсэн нь өнөөдөр аймагт үйл ажиллагаа явуулж буй олон төрийн бус байгууллагын үндэс суурийг тавьсан гэж хэлж болно. Тэрээр НАМЭХ байгуулагдсан цагаас эхлэн тэргүүлэгчээр ажиллаж, намын Удирдах зөвлөлийн дэргэд сайн дурын идэвхтнээр олон жил зүтгэхийн зэрэгцээ эмзэг бүлгийн ахмадуудад халамж үйлчилгээ үзүүлэх 75 сайн дурын ахмадыг бэлтгэн ажиллуулсан байна. Мөн МАН-ын ахмад гишүүний хувьд намын бага хурал, бүгд хуралд төлөөлөгч, тэргүүлэгчээр олон жил сонгогдон ажиллажээ. Эргээд бодоход тэрээр нэгдүгээр ангид байхдаа ангийн даргаар сонгогдсоноос хойш өнөөдрийг хүртэл сонгуульт ажил, олон нийтийн үүргээ нэг ч удаа таслалгүй үргэлжлүүлсэн байна.
Гэр бүлээсээ авсан түшиг, нийгэмдээ зориулсан амьдрал

Түүний амьдралын хамгийн бат бөх түшиг нь гэр бүл байлаа. Насан туршийн хань С.Батсүхтэйгээ Баянтэрэм сумын сургуульд хамт багшилж эхэлсэн тэд боловсролын салбарт мөр зэрэгцэн хөдөлмөрлөжээ. С.Батсүх Улаанбаатарын Багшийн дээд сургуулийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгсөж, аймгийн Ардын боловсролын хэлтэст байцаагч, аймгийн Засаг даргын Тамгын газар, Удирдлагын хөгжлийн хэлтэст ахлах түшмэлээр ажиллахын зэрэгцээ Д.Сүхбаатарын нэрэмжит I бүрэн дунд сургуулийн захирлын албыг ч хашиж байв. Ажил амьдралынхаа туршид нэгнийгээ түшиж, нэгнийгээ дэмжиж явсан түүний хань 2004 онд хорвоог орхисон ч гэр бүлийнхээ бүтээсэн үнэ цэн, үлдээсэн мөрийг үр хүүхдүүд нь өнөөдөр үргэлжлүүлэн авч явна. Тэд хоёр хүү, нэг охиноо боловсролтой, ажил хөдөлмөртэй, зөв хүн болгон өсгөж хүмүүжүүлжээ.
Өнөөдөр хүүхдүүд нь айл гэр болж, хүргэн, бэртэй, долоон ач, зээтэй өнөр өтгөн гэр бүл болон амьдарч байна. Харин өөрөө багшийн ажлаас гадна олон нийтийн сонгуульт ажилд идэвхтэй оролцож, ахмад үе, залуу үе, төр захиргааны байгууллагыг холбосон гүүр болж иржээ. Ихэнх нь ямар нэгэн цалин хөлсгүй ажил байсан ч тэр үүнийг хэзээ ч ачаа гэж бодож байсангүй. Түүний хэлснээр, зохион байгуулсан ажил бүрийнх нь дараа хүмүүсийн сэтгэл хангалуун, баяртай байгааг харах нь хамгийн том шагнал байдаг аж. Тиймээс ядарч цуцна гэж бараг мэдэрдэггүй гэнэ. Тэрээр сонгуульт ажлыг үндсэн ажлаасаа хэзээ ч дорд үзэж байгаагүй. Харин ч эх орныхоо хөгжил, нутгийнхаа сайн сайхны төлөө үе үеийн ахмадын туршлага, залуу үеийн эрч хүчийг холбосон “гурван үеийн алтан хэлхээ”-г үргэлжлүүлэх үйлс гэж ойлгож иржээ. Амьдралын олон сорилтыг давсан энэ эрхэм хүний баримталдаг зарчим энгийн хэр нь гүн утгатай. Тэрээр залууст хандан “Олны итгэлээр хүлээсэн сонгуульт ажлыг цалингүй гэж бүү гол. Хүмүүстэй ажиллаж сурна, мэдлэг мэдээлэлтэй болно, өөрийгөө хөгжүүлнэ. Энэ бүхэн мөнгөнөөс илүү үнэтэй хөрөнгө болдог” хэмээн захидаг.
Мөн хүмүүсийг хооронд нь талцуулдаг улс төрийн маргаан, бие биеэ доромжлох хандлагаас болгоомжлохыг сануулдаг. Сонгууль бол түр зуурын зүйл, харин хүн чанар бол насан туршийн үнэт зүйл гэдгийг тэр онцолдог. “Хэн нэгэнтэй санал зөрөхөд яаран муу үг битгий хэл. Өөрийн чаддаг мэддэг зүйлээрээ бусдад тус хүргэ. Чадахгүй бол ядаж бусдад тээр болохгүй амьдар. Ном сайн унш. Цахим ертөнцөд ухаалаг ханд” гэсэн түүний үгс амьдралынх нь туршлагаас урган гарсан үнэт сургамж юм. Хатуу бэрхээс эхэлсэн түүний амьдрал багш, сурган хүмүүжүүлэгч, нийгмийн идэвхтэй зүтгэлтэн, үр хүүхдийнхээ түшиг болсон аав, ач зээ нарынхаа үлгэр дуурайл болсон буурлын замнал болон үргэлжилжээ. Хүнийг алдар нэр, албан тушаал бус, бүтээсэн үйлс, хүмүүст үлдээсэн мөр тодорхойлдог гэдгийг түүний амьдрал тодхон гэрчилнэ. Амьдралынхаа туршид мэдлэг түгээж, хүн чанарыг эрхэмлэн, үе үеийг холбосон энэ эрхэм багшийн замнал ийм байлаа. Амь амьдралыг эцэг эх бэлэглэдэг, амьдралаа ямраар авч явахыг хүн өөрөө шийддэг гэсэн түүний үгээр нийтлэлээ өндөрлөе.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 127 (7869)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn