К.АНУ

Эд баялгийг чангаар зарладаг эд зүйлс бий. Харин цаг хугацааг ойлгодог хүмүүст л утгаа өгдөг эд зүйлс ч байдаг. Сайн арчилж, олон жил тоглосон хос самар хоёр дахь төрөлд нь яагаад хамаарч байгаа талаар “Lifestyle Renaissance” буланд Dixtionary / @dix.tionary бичжээ.

Хятадын уламжлалд эдгээр самрыг идэхийн тулд бус, гартаа атгаж эргүүлэх зориулалттай. Тэвчээр, эрүүл мэнд, дадал зуршил, нам гүмхэн таашаалын бэлгэдэл болсон энэ заншил олон зуун жилийн түүхтэй.
Би олон жил бугуйн цаг, навчин тамхи, цай, үзэг, гэрэл зургийн аппарат цуглуулсны эцэст хэрэглэгдэх тусам өөрчлөгддөг эд зүйлсийг илүү их үнэлдэг болсон. Бугуйн цаг зураастай болно. Тамхины хайрцагт үнэр шингэнэ. Цайны данх олон жилийн турш цай чанах тусам өнгө, өнгөлгөө нь өөрчлөгдөнө.
Самар ч мөн ийм төрлийн “амьд тансаглал”-ын нэг.
Тэд шуудхан гайхуулахыг бус, хүрэлцэхүй, дадал, тэвчээрийг шаарддаг.

Чимээгүй болон хэмнэлтэй тоглолт

Самраар тоглох үндсэн хоёр арга бий.
“Вэнь пан” буюу зөөлөн тоглолтын үед самрыг алгандаа чимээ гаргалгүй, жигдхэн эргүүлнэ. Энэ нь нам гүм, хянуур, дэгжин хэв маяг бөгөөд гэртээ гэр бүлийнхэндээ саад болохгүй байхыг хүссэн хүмүүс ихэвчлэн сонгодог.
Харин “У пан” нь илүү хөдөлгөөнтэй. Самрууд хоорондоо зөөлөн цохигдож, үрэлдэн, алганы дотор хэмнэлтэй хөдөлнө. Зарим хүмүүс гадаа энэ аргаар тоглох дуртай бөгөөд ур чадвараа харуулахын зэрэгцээ ижил сонирхолтой хүмүүстэй танилцах боломж гэж үздэг.
Гэхдээ энэ зан үйлийн жинхэнэ гайхамшиг нь цаг хугацааны явцад бий болдог.

Гарнаас гарсан өнгө

Хэдэн сар, хэдэн жилийн турш тоглох явцад самар хүний гарын байгалийн тосыг өөртөө шингээнэ. Анх гүн бор өнгөтэй байсан гадаргуу нь аажмаар бараан улаан, хүрэн улаан болж, хаш чулуу мэт гялалзсан өнгөлгөөтэй болдог.
Дуу ч бас өөрчлөгдөнө. Анхандаа бүдэгхэн дуугардаг байсан самар олон жилийн дараа цэвэр, шаазан цохих мэт тод өнгөөр дуугардаг байна.
“White Lion”, “Full Sky”, “Red Lion” зэрэг зарим төрлийн самар зургаан сарын дотор улаан өнгө орох нь бий. Харин “Chicken Heart”, “Southern Xinjiang Stone” зэрэг төрөлд тав болон түүнээс дээш жил шаардлагатай байдаг аж.

Самар биш, хүний амьдралын мөр

Нэг удаа дуудлага худалдааны өмнөх хувийн үзүүлбэр дээр маш ховор, үзэсгэлэнтэй нэгэн хос самар харж билээ.
Тэд өрөөнд байсан хамгийн том нь ч биш, хэлбэр дүрсээрээ хамгийн содон нь ч биш байв. Гэхдээ өөрийн гэсэн нам гүм хүчтэй.
Гадаргуу нь бараан улаан өнгөтэй, ямар нэгэн машинаар өнгөлсөн бус, цаг хугацааны эрхээр гялалзсан байлаа.
Эзэн нь уг самрыг зах зээлд гарахаас өмнө нэг л хос гар хэдэн арван жилийн турш тоглож ирсэн гэж ярьсан юм.
Энэ ганц өгүүлбэр бүхнийг өөрчилсөн.
Тэр мөчөөс хойш би тэднийг зүгээр нэг чимэглэл гэж харахаа больсон. Тэд бол сахилга бат, тэвчээрийн тэмдэглэл байлаа.
Тиймээс олон арван жил, бүр зуу гаруй жил хүний гарт эргэлдсэн хос самар зах зээл дээр асар өндөр үнэд хүрэх тохиолдол бий.
Гэхдээ үнэ цэнэ нь зөвхөн самартаа байдаггүй.
Түүний гадаргууд эзнийх нь гар, сэтгэл санаа, аялал, цайны ширээ, хүлээлгийн өрөө, намрын алхалт, бодол санаа гээд олон жилийн амьдралын ул мөр шингэсэн байдаг.

Алганд багтсан бясалгал

Өнөөдөр би самар эргүүлэхийг хуучирсан заншил гэж хардаггүй.
Харин алганд багтсан бясалгал гэж хардаг.
Навчин тамхи аажуухан асна. Шоу пуэр цай аяганд амарч байна. Харин хос самар гарын алганд удаанаар эргэнэ.
Бүх зүйл шинэ байхыг шаардаж буй энэ эрин үед энэ нь Хятадын уламжлалт тансаглалын хамгийн нарийн, гүн утгатай хэлбэрүүдийн нэг байж болох юм.
Самар байгалиас бий болно.
Харин хүний гар түүнийг дурсамж болгон хувиргадаг. 

Эх сурвалж: zms.mn